Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/75

 

 

 2025            02              25                                         2025/ШЦТ/75                    

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Х.Ууганбат,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430004450011  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (регистрийн дугаар *******,

******* овогт *******.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” баарны гадна ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “ зүүн талын 5 дугаар хавирганд хугарал, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өгсөн мэдүүлгээс өөр мэдүүлэг яллах дүгнэлтэд дурдагдаж байна. Төгөлдөр, Анхбаяр хоёрын өгсөн мэдүүлэг худал байна. Төгөлдөр өөрөө очоод зодсон, би салгасан, Тэгээд над руу дайрахаар нь би өшиглөсөн нь үнэн, би мэдүүлэг өгөхдөө үйлдсэн үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гэдгээ хэлсэн. Хохирогчийн биед учруулсан гэмтлийг би учруулсан. Хөлөөрөө, зүүн талаас нь нэг удаа өшиглөсөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн 92,005 төгрөгийн төлбөрийг төлнө.  Сарын орлого 2,200,000-2,800,000 төгрөг. Үйлдсэн хэрэг,гэм бурууаа хүлээн зөвшөөрч байна. 

Эрүүгийн 2430004450011 дугаартай хэргээс:    

- Яллагдагч *******ын: Би 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз Төгөлдөрийн гэрт байхад манай найз Анхбаяр Төгөлдөр рүү утсаар залгаад ******* энд явж байна гэхээр нь Төгөлдөр бид хоёр хамт “Биллион” баар руу очсон. Бид хоёрыг очиход “Биллион” баарны хойд талд Анхбаяр, ******* хоёр тамхи татаад зогсож байсан. Тэгээд Төгөлдөр уулзъя гэж хэлээд баарны хойд тал руу аваад гарсан. Тэгэхэд ******* нь Төгөлдөр рүү томроод байхаар нь Төгөлдөр шанаа руу нь 2-3 удаа алгадаад би хажуу талаас нь нэг удаа хөлөөрөө жийж өшиглөсөн. Тэгээд бид нар салцгаасан...гэх мэдүүлэг (хэргийн 46-47 дугаар хуудас),

-  Хохирогч *******ийн: Би 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 00 цагийн үед Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” бааранд ганцаараа ороод 1 лаазтай пиво уучхаад гарах гэж байхад зүс мэдэх Анхаа  гэх залуутай тааралдсан. Анхаа надтай юм ярьж сууж байгаад хүнтэй утсаар яриад Эрдэнэбилэг Сүхбаатар аймагт ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би баарнаас гараад явах гэж байхад миний зүс мэдэх Төгөлдөр гэх залуу нэрийг нь мэдэхгүй хоёр хүнтэй хамт ирээд надад ойлгогдохгүй зүйл хэлснээ намайг дагуулж баарны зүүн хойд талд байх харанхуй буланд очоод Төгөлдөр нь шууд миний зүүн чих рүү гараараа цохиод, хамт явж байсан хоёр хүнийх нь нэг нь миний цээжний зүүн талаас хөлөөрөө жийж өшиглөсөн. Би газарт унахад хажуу талд байсан танихгүй хүмүүс боль хашхирахад тухайн хүмүүс больсон. Тэгээд би гэр рүүгээ очоод унтах гэхэд миний цээж өвдөөд, амьсгаа авч болохгүй байхаар нь би яаралтай түргэн тусламжид хандаж биеийн байдлаа үзүүлэхэд миний хавирга хугарсан байна гэж эмч хэлсэнТухайн хүмүүст зодуулснаас болж миний зүүн талын хавирга хугарсан...гэх мэдүүлэг (хэргийн 11-12 дугаар хуудас),

- Гэрч : 2024 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө 00 цагийн үед Төгөлдөр гэх дүүтэйгээ хамт Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Биллион баар руу орсон. Баарны 00-д өөрийн танил Эрдэнэбилэгтэй тааралдсан юм. Тэгээд “чи Төгөлдөрийг юу юу гээд хэлчихсэн юм бэ” гэхэд Эрдэнэбилэг нь “Төгөлдөрийгөө дуудчих, би өөрөө учраа олчихъё” гэж хэлсэн. Би Төгөлдөр рүү утсаар холбогдоод нөгөө Эрдэнэбилэг чинь энд ирчихсэн явж байна гэж хэлэхэд удалгүй 10 орчим минутын дараа Төгөлдөр, Өсөхбаяр хоёр Биллион бааранд ирсэн. Төгөлдөр, Эрдэнэбилэг хоёр учраа олчихъё гэж хэлээд Биллион баарны хойд тал руу явцгаасан. Араас нь Өсөхбаяр очсон.  Би очиход Эрдэнэбилэг нь уйлчихсан “намайг уучлаарай” гэж хэлээд газарт сууж байсан. Өсөхбаяр хажуу талд нь зогсож байсан. Тэгээд Төгөлдөр Эрдэнэбилэгийн шанаа руу нь гараараа 2-3 удаа алгадаж байсан. Харин Эрдэнэбилэгийг цохих гэхэд Төгөлдөр хориглосон. Тэгэхээр нь би цааш яваад өгсөн. Удалгүй дахиад очиход Эрдэнэбилэг гараараа цээжээ дараад сууж байсан. Тэгээд Эрдэнэбилэг, Төгөлдөр хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад салцгаасан...гэх мэдүүлэг (хэргийн 15-17 дугаар хуудас),

- Гэрч : 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед манай найз Анхбаяр над руу утсаар холбогдоод Эрдэнэбилэг энд явж байна гэж хэлсэн юм. ******* нь 2023 онд намайг Төв аймагт амьдарч байхад над руу утсаар холбогдоод надтай маргалдаж, тухайн үед миний үерхдэг байсан найз охиныг хэл амаар доромжилсон чат явуулж байсан юм. Тэгээд Анхбаярыг байлгаж байгаарай гэж хэлээд хуурай дүү *******ыг дагуулаад Биллион баар руу очсон. Тэгэхэд *******, Анхбаяр хоёр Биллион баарны гадна талд зогсож байхаар нь би Эрдэнэбилэгтэй учраа олчихъё гэж хэлээд баарны хойд талын харанхуй хэсэг рүү дагуулж явсан. Тэгээд би Эрдэнэбилэгт хандаж урьд өмнө болсон асуудлын талаар хэлээд зүүн шанаа руу нь баруун гараараа 2 удаа алгадсан. Тэгэхэд ******* нь газарт суусан. Гэнэт хажуу талаас манай хуурай дүү ******* нь *******ийн цээжний зүүн талаас нь гутлынхаа хоншоор хэсгээр нэг удаа жийж өшиглөсөн. Тухайн өшиглөлт нь нэлээд хүчтэй болчихсон болсон ******* цээжнийхээ зүүн хэсгийг гараараа дараад газарт хэвтсэн. Тэгээд би *******ыг хориглож болиулаад бид хоёр явсан... гэх мэдүүлэг (хэргийн 20-22- дугаар хуудас), 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай “. *******ийн биед зүүн талын 5-р хавирганд хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 30-31 дүгээр хуудас),

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.14-ний өдрийн 23/06 дугаартай албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт (хэргийн 06-07 дугаар хуудас),

- Сэтгэц учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 29 дүгээр хуудас,)

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлаагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 51-54 дугаар хуудас),

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 57 дугаар хуудас)  зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 26-нд шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Биллион” баарны гадна ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний цээжин тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “ зүүн талын 5 дугаар хавирганд хугарал, зөөлөн эдийн гэмтэл ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Би 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз Төгөлдөрийн гэрт байхад найз Анхбаяр, Төгөлдөр рүү утсаар залгаад “******* энд явж байна” гэхээр нь Төгөлдөр бид хоёр хамт “Биллион” баар руу очсон. Бид хоёрыг очиход “Биллион” баарны гадна Анхбаяр, ******* хоёр тамхи татаад зогсож байсан. Тэгээд Төгөлдөр нь *******ийг уулзъя гээд баарны хойд тал руу аваад гарсан. Тэгэхэд ******* нь Төгөлдөр рүү томроод байхаар нь Төгөлдөр шанаа руу нь 2-3 удаа алгадаад би хажуу талаас нь нэг удаа хөлөөрөө жийж өшиглөсөн. Тэгээд бид нар салцгаасан” гэх,

хохирогч *******ийн “Би 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 00 цагийн үед Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” бааранд ганцаараа ороод 1 лаазтай пиво уучхаад гарах гэж байхад зүс мэдэх Анхаа гэх залуутай тааралдсан. Анхаа надтай юм ярьж сууж байгаад хүнтэй утсаар яриад “Эрдэнэбилэг Сүхбаатар аймагт ирчихсэн байна” гэж хэлсэн. Би баарнаас гарахад миний зүс мэдэх Төгөлдөр гэх залуу нэрийг нь мэдэхгүй хоёр хүнтэй хамт ирээд надад ойлгогдохгүй зүйл хэлснээ намайг баарны зүүн хойд талд байх харанхуй буланд авч очоод шууд миний зүүн чих рүү гараараа цохиод, хамт явж байсан хоёр хүнийх нь нэг нь миний цээжний зүүн талаас хөлөөрөө жийж өшиглөсөн. Намайг газар унахад хажуу талд байсан танихгүй хүмүүс боль хашхирахад тухайн хүмүүс больсон. Би гэртээ очоод унтах гэхэд миний цээж өвдөөд, амьсгаа авч болохгүй байхаар нь түргэн тусламжид үзүүлэхэд миний хавирга хугарсан байна гэж эмч хэлсэн.Тухайн хүмүүст зодуулснаас болж миний зүүн талын хавирга хугарсан” гэх,

гэрч “ 2024 оны 11 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 00 цагийн үед Төгөлдөр гэх дүүтэйгээ Биллион баар руу орсон. Би баарны 00-д өөрийн танил Эрдэнэбилэгтэй тааралдсан юм. Тэгээд “чи Төгөлдөрийг юу юу гээд хэлчихсэн юм бэ” гэхэд Эрдэнэбилэг нь “Төгөлдөрийгөө дуудчих, би өөрөө учраа олчихъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгөлдөр рүү утсаар холбогдоод нөгөө Эрдэнэбилэг чинь энд ирчихсэн явж байна гэж хэлэхэд 10 орчим минутын дараа Төгөлдөр, Өсөхбаяр хоёр бааранд ирсэн. Төгөлдөр, Эрдэнэбилэг хоёр учраа олчихъё гэж хэлээд баарны хойд тал руу явцгаасан. Араас нь Өсөхбаяр очсон. Би хойноос нь очиход Эрдэнэбилэг уйлчихсан “намайг уучлаарай” гэж хэлээд газарт сууж байсан. Төгөлдөр Эрдэнэбилэгийн шанаа руу нь гараараа 2-3 удаа алгадаж байсан. Би дахиад очиход Эрдэнэбилэг гараараа цээжээ дараад сууж байсан” гэх,

гэрч “2024 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн үед манай найз Анхбаяр над руу утсаар холбогдоод “Эрдэнэбилэг энд явж байна” гэж хэлсэн. ******* нь 2023 онд намайг Төв аймагт амьдарч байхад над руу утсаар холбогдоод надтай маргалдаж, тухайн үед миний үерхдэг байсан найз охиныг хэл амаар доромжилсон чат явуулж байсан юм. Тэгээд би Анхбаярыг байлгаж байгаарай гэж хэлээд хуурай дүү *******ыг дагуулаад Биллион баар руу очсон. *******, Анхбаяр хоёр баарны гадна талд зогсож байхаар нь би “Эрдэнэбилэгтэй учраа олчихъё” гэж хэлээд баарны хойд талын харанхуй хэсэг рүү дагуулж явсан. Би Эрдэнэбилэгт хандаж урьд өмнө болсон асуудлын талаар хэлээд зүүн шанаа руу нь баруун гараараа 2 удаа алгадсан. Тэгэхэд ******* нь газарт суусан. Гэнэт хажуу талаас ******* *******ийн цээжний зүүн талаас нь гутлынхаа хоншоор хэсгээр нэг удаа жийж өшиглөсөн. Тухайн өшиглөлт нь нэлээд хүчтэй болчихсон болсон. Тэгтэл ******* цээжнийхээ зүүн хэсгийг гараараа дараад газарт хэвтсэн” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 11 дугаартай “1. *******ийн биед зүүн талын 5-р хавирганд хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

2. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******ийн цээжин тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******аас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 11 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг өшиглөж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

6. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний өшиглөснөөр эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогчийг өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

7. Шүүгдэгч *******ын, хохирогч *******ийг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, прокуророос түүнд холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

1.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 92,005 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025.01.14-ний өдрийн 23/06 дугаартай албан бичиг, хавсралт (хэргийн 6-7-р хуудас)-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******аас 92,005 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

4. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтийг  баталжээ.  

Дээрх “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон бөгөөд хохирогч ******* нь шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулахгүйгээр тогтоолоо.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

Иймд хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өөрт учирсан хохиролтой холбоотойгоор нотлох баримтыг гаргаагүй бөгөөд түүнд учирсан хохирол, гэм хор бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Х.Ууганбатаас “ Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах тухай”  дүгнэлтийг гаргав.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.  

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 92,005 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН