| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/00280/И |
| Дугаар | 101/ШШ2018/01079 |
| Огноо | 2018-03-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2018/01079
| 2018 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2018/01079 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ХХКийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ут холбогдох
Хохирол 4,275,480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.У нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус компанид гүйцэтгэх захирлын жолоочоор ажилд орсон бөгөөд жолооч Б.У нь ажиллаж байх хугацаандаа тус компанийн эд хөрөнгө болох улсын дугаартай лексус 470 маркийн автомашинаар осол аваар гаргаж улмаар түүнийгээ компанид мэдэгдэлгүй ажил хаяж явсан. Бид Б.Уыг ажил хаяж явснаас хойш Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгаас манай компанийн өмчлөлийн улсын дугаартай лексус 470 маркийн автомашин нь 2016 оны 01 дүгээр сарын 04-нд, 2016 оны 01 дүгээр сарын 13-нд тус тус осол аваар гаргасан болохыг мэдэгдсэн. Бид дээрх осол аваарын улмаас иргэнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан боловч манай компанийн өмчлөлийн улсын дугаартай лексус 470 маркийн авто машинд их хэмжээний эвдрэл гэмтэл үүсч, хохирол учирсан. Б.Уыг машинд эвдрэл гэмтэл үүсгэсэн төдийгүй өөрийн итгэмжлэн хариуцсан машиныг хариуцах эзэнгүй гадаа орхиж явсан үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан боловч зам тээврийн осол гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгээгүй. Б.У нь зам тээврийн осол гаргасан нь үнэн гэхдээ машиныг өөрөө засварласан гэсэн байна. Бид уг тээврийн хэрэгслийг компанийн мөнгөөр бүх засвар үйлчилгээг хийсэн бөгөөд Б.У нь компанийн машиныг осол аваар хийчихээд өөрийн гаражид ч тавилгүй, гадаа хаяад явсан байсан учир тухайн үед бид хүн авчирч машиныг асааж, засварын газарт өгсөн. Дээрх машиныг асаасан, засварт өгсөн, үнэлгээ хийлгэсэн, засварын зардал гаргасан бүх баримт 2016 оны санхүүгийн баримтад байгаа болно.
0 улсын дугаартай автомашинд засварын үнэлгээний хөлс 112,000 төгрөг, машиныг н.Ж гэдэг хүнээр асаалгахад 50,000 төгрөг, Б.Уын зам тээврийн улмаас бусад иргэн буюу Г.Мын машинд учруулсан хохиролд төлсөн 500,000 төгрөг, Д ХХК-иар автомашин засварласан зардалд 1,736,000 төгрөг, баруун талын их гэрэл /ком/ 250,000 төгрөг, Д ХХК-иар засварлуулах боломжгүй эд ангийг засварласан 1,520,000 төгрөг, их гэрлийн ламп солиулсан 19,000 төгрөг, Багануур явсан томилолтын зардлын тооцоог хийгээгүйтэй холбоотой 109,680 төгрөг, нийт 4,296,680 төгрөгийн хохирлыг Б.У нь компанид учруулсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сард түүнд бодогдсон цалин 21,200 төгрөгийг хасч 4,275,480 төгрөгийн бодит хохирлыг учруулаад байна.
Иймд бид Б.Уаас хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид болон бусад учруулсан хохирол төлбөр болох 4,275,480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.У, түүний өмгөөлөгч Г.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие тус байгууллагад жолоочоор ажиллаж байсан нь үнэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зам тээврийн осол гаргасан нь үнэн. Гэхдээ би уг ослоос 0 улсын дугаартай машинд учирсан эд ангийн гэмтлийг өөрийн мөнгөөр бүрэн засварлаж өгсөн. Би МХХК-д ямар нэг өр төлбөргүй тул 4,275,480 төгрөгийн нэхэмжлэл огт үндэслэлгүй байна.
МХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой бөгөөд 0 лексус 470 маркийн автомашин нь тус компанийн нэр дээр байсан эсэх нь нотлогдохгүй байна. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу машиныг хүлээлгэн өгсөн акт байдаггүй, тухайн үед машин нь ямар эрхийн доголдолтой байсныг мэдэх боломжгүй байна. Хэний ямар машинд хохирол учруулсан нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Б.Ут холбогдуулан хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотойгоор компанид учруулсан хохиролд 4,275,480 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Лексус470 маркийн 0 улсын дугаартай автомашинд засварын үнэлгээ тогтоолгосны хөлсөнд 112,000 төгрөг, уг машиныг н.Ж гэгчээр асаалгахад төлсөн 50,000 төгрөг, Б.Уын зам тээврийн улмаас бусад иргэн буюу Г.Мын машинд учруулсан хохиролд төлсөн 500,000 төгрөг, Д ХХК-иар автомашин засварласан зардалд 1,736,000 төгрөг, баруун талын их гэрэл /ком/ 250,000 төгрөг, Д ХХК-иар засварлуулах боломжгүй эд ангийг засварласан 1,520,000 төгрөг, их гэрлийн ламп солиулсан 19,000 төгрөг, Багануур явсан томилолтын зардлын тооцоог хийгээгүйтэй холбоотой 109,680 төгрөг, нийт 4,296,680 төгрөгийн хохирлыг Б.У нь компанид учруулснаас 2016 оны 01 дүгээр сард түүнд бодогдсон цалин 21,200 төгрөгийг хасч 4,275,480 төгрөгийн бодит хохирлыг учруулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нь МХХК-д ямар нэг өр төлбөргүй тул 4,275,480 төгрөгийн нэхэмжлэл нь огт үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
МХХК нь Б.Утай 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 006 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Захиргааны албанд захирлын жолоочийн албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцож, мөн өдрөө Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г байгуулж, лексус470 маркийн 0 улсын дугаартай автомашиныг Б.У хариуцаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
МХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай Б.Уыг ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйл, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.5, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг үндэслэн гүйцэтгэх захирлын жолооч ажилтай Б.У нь удаа дараа зөрчил гаргаж, өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох 0 улсын дугаартай МХХК-ийн эзэмшлийн лексус470 маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүсгэн компанид хохирол учруулсан, мөн өөрийн эцэг н.Болдбаатарыг нас барсан гэж худал хэлж компанийг болон ажилчдыг залилан мэхэлсэн ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна.
Эдгээрээс үзэхэд лексус470 маркийн 0 улсын дугаартай автомашин нь МХХК-ийн эзэмшилд байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Б.Утай Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан бөгөөд Б.У нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх буюу МХХК-ийн захирлын жолоочийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 0 улсын дугаартай лексус470 маркийн автомашиныг барьж яваад зам тээврийн осол гаргаж, ослын улмаас уг автомашинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү Б.У нь зам тээврийн ослын улмаас 0 улсын дугаартай лексус470 маркийн автомашинд хохирол учруулсны дараа ажлын байраа орхиж явсан, улмаар ажил олгогч нь машиныг асаалгах, эвдрэл гэмтлийг засварлуулж, зарим эд ангийг сольсон болох нь автомашиныг асаасаны төлбөрт иргэн И.Жд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50,000 төгрөг төлсөн Бэлэн мөнгөний зарлагын баримт, Ашид билгүүн ХХК-иар автомашин техникийн үнэлгээний тайлан гаргуулсаны хөлсөнд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 112,000 төгрөг төлсөн Бэлэн мөнгөний зарлагын баримт, Д ХХК-иар машины засварын төлбөрт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,736,000 төгрөг төлсөн Бэлэн мөнгөний зарлагын баримт, автомашины баруун талын их гэрэл /ком/-ийг худалдан авсаны төлбөрт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 250,000 төгрөг төлсөн Бэлэн мөнгөний зарлагын баримт, автомашины их гэрлийн ламп солиулсан зардалд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 19,000 төгрөг төлсөн Бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Харин Г.М гэгчид хохирлын төлбөрт 500,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нь шилжүүлсэн байх боловч Б.Уын 0 улсын дугаартай лексус470 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргасны улмаас бусдад учруулсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Г.М гэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд ямар хохирол учирсан, уг этгээд нь МХХК-д хэрхэн хандсаны дагуу Б.Уын учруулсан хохирлын төлбөр гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Дельта авто сервис ХХК-иар автомашиныг засварлуулах боломжгүй байсан эд ангийг Ариун Алтан овоо ХХК-иар засварлуулсаны хөлсөнд 1,520,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нь шилжүүлсэн байх боловч уг төлбөрийн шилжүүлсэн утгаас харахад 0 улсын дугаартай лексус470 маркийн автомашиныг завсарласаны төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Б.Уын ажил үүргээ гүйцэтгэж байх үед 2015 оны 11 дүгээр сард Налайх, Багануур дүүрэг рүү явсан томилолтын зардлын тооцоо хийгээгүй тул 109,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба ажил олгогчийн зүгээс хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хохиролд тооцон нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Б.Уын буруутай ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.У нь МХХК-д ямар нэг өр төлбөргүй тул 4,275,480 төгрөгийн нэхэмжлэл нь огт үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь ажил олгогчийн зүгээс 0 улсын дугаартай лексус470 маркийн автомашиныг ажилтанд хүлээлгэн өгсөн акт, баримт байхгүй, тухайн үед машин нь ямар эрхийн доголдолтой байсныг мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч зохигчдын тайлбараар уг автомашинаар Б.У нь ажил үүргээ гүйцэтгэж, улмаар осол гаргаж, ажлаа орхиж явсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Уыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү иргэний журмаар нэхэмжилж буй компанид учруулсан хохирлын асуудал шийдвэрлэгдээгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,167,000 /112,000 + 50,000 + 1,736,000 + 250,000 + 19,000/ төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Б.Ут шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар түүнийг байлцуулахгүйгээр хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 136 дугаар зүйлийн 136.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Уаас 2,167,000 /хоёр сая нэг зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч МХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,108,480 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 49,622 төгрөгийг гаргуулж, МХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ