| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2017/02714/И |
| Дугаар | 101/ШШ2017/02943 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2017/02943
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Н, Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 04-р сарын 22-ны өдөр төрсөн охин Б.А-г эх Д.Н-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар 2000-04-22-ны өдөр төрсөн Б.А-г 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Б-с тэтгэлэгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Д.Н, эцэг Д.Б нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.3 дах хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн тоот 4 өрөө орон сууцыг Д.Н , Б.А нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Д.Н-гээс 58.033.070 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Б-д олгосугай.
6. Нэхэмжлэгч Д.Н-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, үл хөдлөх хөрөнгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 1028446 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хариуцагч Д.Б-с 448.115 төгрөг, 70200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, тэтгэлэгт ноогдох 50528 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА