Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2018/02646

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 09 өдөр Дугаар 101/ШШ2018/2646 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байр, 11 давхар, 1110 тоотод байрлах, АБЧБАА /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Их тойруу, Дугуйбулант, өөрийн байранд байрлах БХ Т ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д холбогдох,

 

Газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 7,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уламбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ч.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АБЧБАА шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтанбулаг чөлөөт бүс нь /2002 оны чөлөөт бүсийн тухай хуулиар худалдааны гэж байсан/ 2008 оны 02 дугаар сард БХ Т ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15 дугаартай Эрх олгох тухай, 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 16 дугаартай захирамжаар 1 га газрыг Гадаад худалдаа, үйлчилгээний барилга байгууламж-ийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан.

Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 08/20 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 34 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулсан.

Гэвч 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/78 дугаартай захирамжаар Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан.

Алтанбулаг чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын байдлаар аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрөөс нийт 756,789,400 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр өр үүсээд байна.

Иймд БХ Т ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд хугацаанд нь төлөх, 4.3-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 209,000 төгрөг, 2011 онд 2,240,000 төгрөг, 2012 онд 2,240,000 төгрөг, 2013 онд 2,240,000 төгрөг, 2014 онд 911,000 төгрөг төлөөгүй, нийт 7,840,000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянхангай трейд ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 12 дугаар сард иргэн Ш.Түмэнтөгс нь манай компанид хандан, Алтанбулаг эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах гэж байна, танай компани хөрөнгө оруулаач, хамтарч ажиллъя гэдэг санал тавьсан. Ш.Түмэнтөгсийг холбогдох материалуудыг судлах, чөлөөт бүсийн төлөвлөлтийн зургийг хийлгэх, ашигтай байрлал сонгож газрын дуудлага худалдаанд оролцох, дэд бүтцийг судлаж холбогдох зөвшөөрлийг авсны дараа хөрөнгө оруулж болох юм гэж ярилцсан. Гэвч чөлөөт бүсийн ажил хэт удаашралтай, ажил хариуцсан хүмүүс нь хариуцлагагүй, нэгдсэн төлөвлөлт байхгүй, ямар газар дээр юу хийгдэх нь тодорхойгүй, эд хөрөнгө хадгалах, тээвэрлэх хангалттай зай талбайгүй, дэд бүтцийг хангалттай шийдвэрлээгүй байсан учраас манай зүгээс энэ төсөлд хөрөнгө оруулахаас татгалзсан.

Ш.Түмэнтөгс нь манай компанийг төлөөлөх эрхгүй, манай компанийн ажилтан ч биш юм. 2008 оны 01 дүгээр сарын №34 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ, 2008 оны 02 дугаар сарын №08/11 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээг манай компани байгуулаагүй. Энэхүү гэрээ байгуулах эрхийг хэн нэгэн этгээдэд олгоогүй. Ийм учраас эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Компанийн хуулиар компанийн төлөөлөн удирдах зөвлөл эсвэл компанийн гэрчилгээнд заасан захирал компанийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах, бусад этгээдэд уг эрхээ шилжүүлэх ёстой гэж ойлгож байна.

Манай компани нэхэмжлэлд хавсаргасан газрын төлбөрүүдийг төлж байгаагүй. Уг газрын төлбөрүүд нь манай компанийн санхүүгийн тайланд зардалд огт тусгагдаж байгаагүй. Энэхүү төлбөрийг Ш.Түмэнтөгс хувиасаа төлж байсан гэж ойлгож байна. Учир нь газрын төлбөр төлсөн баримтад зурсан гарын үсэг, гэрээнд байгаа гарын үсэг ижил байгаагаар энэ нь нотлогдоно. Харин манай компанийн тамгыг хэзээ, хэрхэн дарсныг ойлгохгүй байна. Энэ хүн уг газрыг авах, манай компанитай эсвэл өөр этгээдтэй хамтрах сонирхол өндөр байсан. Холбогдоогүй олон жил болж байна.

2011 оны намар газрын төлбөрийг төлөөгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй учраас танай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байна гэж утсаар мэдэгдэж байсан. Бид энэ талаар албан бичгээр тус байгууллагад хандаж байсныг хавсаргаж хүргүүллээ.

Тухайн үед Алтанбулаг чөлөөт бүсэд газрын үнэ өндөр болж газар худалдах, худалдан авах явдал их байсан. Маш олон хүн манай компанийн нэр дээр Алтанбулаг чөлөөт бүсэд газар байгаа тухай хэлж худалдах сонирхол байгаа эсэх тухай асуудаг байсан. Бид газар эзэмших эрхийг цуцлах тухай мэдэгдэл авсан учир уг газрыг манай нэр дээр байхгүй цуцлагдсан гэж ойлгож газар худалдан авах тухай асуусан хүмүүст ч манай компанид газар байхгүй гэж хэлдэг байсан. Гэтэл энэ үеэс хойш буюу 6, 7 жилийн дараа манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Бид энэ газарт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, нэг шон ч зоогоогүй, огт ашиглаагүй, төрийн байгууллагыг хохироогоогүй, гэрээ ч байгуулаагүй байж гэнэт хэдэн жилийн дараа газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас манай компанид хамааралгүй гэдгийг тогтоож шийдэж өгөхийг хүсье.

Мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АБЧБАА нь БХ Т ХХК-д холбогдуулан Газар эзэмшүүлэх гэрээ-ний үүрэгт 7,840,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, түүнчлэн Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаартай Эрх олгох тухай захирамжаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар хүсэлт гаргасан БХ Т ХХК-тай хөрөнгө оруулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрх олгож, мөн оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжаар, Алтан булаг худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт гадаад худалдаа, үйлчилгээний барилга байгууламж барихад зориулан БХ Т ХХК-д 1 га газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Улмаар дээрх захирамжуудыг үндэслэн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 08/20 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 34 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ-г талууд байгуулсан байх бөгөөд дээрх гэрээнүүд нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар ...газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй үндэслэлээр Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээ-г цуцалжээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээг цуцалснаас хойш БХ Т ХХК-иас газрын төлбөр нэхэмжилсэн, шаардаж байсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй, нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй тул хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргаж байгаагүй нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг баримтлан нэхэмжлэгч АБЧБААны нэхэмжлэлтэй, хариуцагч Баянхрайрхан трейд ХХК-д холбогдуулан гаргасан Газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 7,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч БХ Т ХХК-д холбогдох, Газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 7,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч АБЧБААны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч АБЧБАА нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА