Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2250

 

МАГАДЛАЛ

 

2018.11.05                                                 Дугаар 2250                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Ч.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗД холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн засаг даргаас Б/52 тоот захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Тус сургуулийн төгсөгчдөөс нийт 25 220 053 төгрөгийн хандивийг хувийн дансаар авч үйл ажиллагаа зохион байгуулсан, үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгийн орлогыг сургуулийн данс бүртгэлд тусгадаггүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулсан, байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэж үзсэн. Миний захирлаар нь ажиллаж байсан Баянгол дүүргийн 73 дугаар сургууль 1953 онд байгуулагдсан, 470 хүүхдийн суудалтай, 3 ээлжээр хичээллэдэг сургууль байсан. 2012 онд манай сургуулийн барилга Улсын мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурах аюултай гэсэн акт тавигдсаны үндсэн дээр би сургуулийн захирлын хувьд шинэ байртай болохын тулд Нийслэлийн боловсролын газар, Боловсрол соёл, шинлэх ухаан, спортын яаманд санал хүргүүлсний эцэст эхний ээлжинд 640 хүүхдийн суудалтай сургууль баригдахаар шийдвэрлэгдсэнийг сургуулийнхаа хүчин чадал, нөхцөл байдлын талаар зохих албан тушаалтнуудад дахин санал хүргүүлсний дүнд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийг концессийн гэрээгээр бариулж 2017 оны 09 дүгээр сарын 15-нд хүлээн авч сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинэ сургуулиа хүлээж авахад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай наад захын боловсролын байгууллагад хэрэглэгдэх ямар ч хэрэглэгдэхүүн байгаагүй, хөндий хоосон байшин хүлээж авсан бөгөөд Боловсрол соёл, шинлэх ухаан, спортын яамнаас 17 ангийн ширээ, сандал, самбар, шкаф олгож, бусад анги танхим, мэргэжлийн кабинетууд, коридор, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж багш, сурагч хүүхдүүдэд эрүүл аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх нүсэр их ажил бидэнд үлдсэн. Шинэ барилгыг хүлээн авах, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсгийнхэн маань бүгд үйл ажиллагаа маш сайн зохион байгуулж хандиваар цугларсан 25 220 053 төгрөгийг цэвэр сургуулийнхаа үйл ажиллагаанд зарцуулж тайлан мэдээгээ багш ажилчид, эцэг, эх, төгсөгчид болон ахмад багш ажилчиддаа нэг бүрчлэн тайлагнаж бид урам зоригтойгоор ажил үйлсээ үргэлжлүүлж байсан. Миний хувьд байгууллагынхаа эд зүйл болгоныг өөрийнхөө гэр оронтой адилтган үзэж үндсэн хөрөнгө болон бусад эргэлтийн зүйлсийг арвижуулж нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласнаас биш үрэгдүүлж өөртөө ашиглах гэсэн сэтгэл зүйгээр огт хандаж ажиллаж байгаагүй билээ. Иймд хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалинг нэг сарын 988 907 төгрөг, нэг өдрийн 44 950 төгрөгөөр бодож нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн Баянгол дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирал Ч.Ч нь ажил олгогчийн итгэлийг алдаж, байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирал Ч.Ч-д  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/52 дугаар захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 73 дугаар сургуулийн захирал Ч.Ч нь хандив цуглуулж авахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно, 17.3 Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна заалтуудыг зөрчсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3-т Сургуулийн захирал ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ, 5 дугаар хэсгийн 5.1-д Ажилтан тухайн сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, энэхүү гэрээ болон дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй", 6 дугаар хэсгийн 6.2.6-д “...ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон, 7 дугаар хэсгийн 7.1 Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтын 3-т үйл ажиллагаандаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, зарлиг, захирамж, тогтоол, тушаал шийдвэр, албан даалгавар, албан шаардлага, заавар журам, зөвлөмж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, Г хэсгийн 2-д Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, Нийслэлийн Засаг дарга болон Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлын байранд тавигдсан шалгуур шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.” гэж тодорхойлсон. Захирал Ч.Ч хувийн дансаар 25 000 000 төгрөгийн хандив авах ажиллагааг зохион байгуулсан, спорт заал, мухлаг, бүжгийн заалыг түрээслэж орлого олсон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар буюу зочдод, ахмадуудад гэх мэтээр зарцуулсан, Нийслэлийн өмчийг түрээслэх журмыг мөрдөөгүй, бусдаас хандив хүсэж болохгүй тухай зөвлөмжүүдийг мөрдөж ажиллаагүй. Иймд Ч.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ч.Ч-ыг Нийслэлийн Баянгол дүүрэг дэх ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 73 дугаар сургуулиас 2 300 830,48 төгрөгийг гаргуулж Ч.Ч-д  олгож, Ч.Ч-д  олгох 2 300 830,48 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 51 763,28 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хандивын мөнгөөр авсан зүйлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт 20 626 000 төгрөгийн эд хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэх зөвшөөрлийг хүсэж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга уг зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны тушаалаар олгож, данс бүртгэлд тусгасан. Бусад самбар, жаазтай зураг хиймэл цэцэг, тууз, ваар зэргийг сургуулийн давхрын үйлчлэгч нарт хүлээлгэн өгч хариуцуулсан зэрэг үйлдлийг тоочин үнэлсэн мөртлөө хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан тогтоогдохгүй гэсэн нь үнэхээр ойлгомжгүй гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн нь нотлох баримтуудыг баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

“Захирал хийх ажлаа дүрэм, журам зөрчиж хийсэн ба түүнийг эрх мэдэл хэтрүүлж хийсэн гэж үзэхгүй болно” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д "Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан тул сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа өөрт ногдуулсан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дүрмийг зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй учраас сахилгын зөрчил гэж үзнэ. Сургуулийн захирал нь сургуулийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эд хариуцагч бөгөөд тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгө эзэмших, ашиглах эрх мэдлийг Нийслэлийн өмчийн газартай гэрээ байгуулан авсан удирдах албан тушаалтан юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалт нь цаг хугацааны хувьд үр дүнгийн гэрээ дүгнэснээс хойш шалгаж зөрчлийг илэрүүлсэн байхад өмнөх онд дүгнэгдсэн үр дүнгийн гэрээний үнэлгээ урамшуулал олгогдсон гэдгээр бодит байдлыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ч.Ч нь хариуцагч НЗД холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Ч-ыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/52 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн, түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.14, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалтыг үндэслэсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ч.Ч-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар ногтолж чадаагүй гэж үзнэ. Учир нь Ч.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх, мөн хуулийн 40.1.5-д зааснаар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна. Харин шүүх нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хйилгэх шаардлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ч-ыг Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 2 300 830,48 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж, шийдвэрийн дугаарыг 1 дугаараар урагшлуулан, шийдвэрийн 2 дахь заалтад “...Ч.Ч-д  олгох” гэсний өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ