Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0748/З |
Дугаар | 221/MA2017/0312 |
Огноо | 2017-04-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 221/MA2017/0312
2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаарh221/МА2017/0312 | Улаанбаатар хот |
Л.Өлзийбуянгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээд Ш.Болорчимэгийн өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Өлзийбуянгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Өлзийбуяны “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжуудын Ш.Болорчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түмбаяр давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэргийн нөхцөл байдал, хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэж чадсангүй.
Нэхэмжлэгч Л.Өлзийбуян нь миний төрсөн дүү бөгөөд бид гэр бүлээрээ нийлж, 2010 онд Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 26 хэсэг, Төмөр замын 131 тоотод байршилтай, маргаан бүхий газарт дүүргийн Газрын албанаас зааж өгсөн, хур хог бүхий хүн амьдрах боломжгүй газрыг цэвэрлэж буусан. Дүүргийн Газрын албанаас зааж өгсөн учир бид тус газрыг өөр хүнд өгсөн гэж бодоогүй. Тэгээд ч хур хогтой байсан газрыг ямар нэг хүнд өгөх боломжгүй байсан.
Буусан даруйдаа нэгэнт бидний гэр бүлийн газар учир Л.Түмбаяр би гэр бүлээ төлөөлж, газраа хуулийн дагуу авахаар өргөдөл гаргасан. Гэвч шийдэгдэхгүй явсаар гэнэт Ш.Болорчимэг гарч ирж, миний газар гэж маргаан үүсгэсэн.
Өнгөрсөн 6 жил гаруй хугацаанд бид газартаа амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд Ш.Болорчимэг гэж хүн нэг ч удаа харагдаагүй. Хүн өөрийн газраа арчилж, хашаа барих, эргэж тойрох, гадны хүн буусан байвал холбогдох газарт мэдэгдэх гээд асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байхад Ш.Болорчимэг нэг ч удаа ирж байгаагүй.
Гэтэл тус газраа амьдарч байсан мэтээр шүүхэд худал хэлж, газартаа хашаа барьсан, хашааг бид нурааж буусан мэтээр төөрөгдүүлж, шүүх ч энэхүү худал хэлж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
Маргаан бүхий газрын хаяг, байршил маргаантай, тодорхойгүй. Ш.Болорчимэгт олгосон захирамж дахь 10 дугаар хороо, Хангамжийн АОС-14 гэсэн хаяг нь төв замын ертөнцийн зүгээр хойд хэсэгт, манай газар буюу Төмөр замын хэсэг нь төв замын урд хэсэгт буюу төмөр замын дагуу байрлалтай.
Ш.Болорчимэгт анхнаасаа байхгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хоосон газрыг олгосон мэт хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Гэтэл шүүхээс газрын хаягжилтын асуудалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Л.Өлзийбуянгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо, Хангамж АОС-14 тоот 400 м.кв газрыг гуравдагч этгээд Ш.Болорчимэгт эзэмшүүлсэн, улмаар түүний уг газраа өмчлөхөөр гаргасан хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрх олгосон байна.
Нэхэмжлэгч Л.Өлзийбуянгаас дээрх захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар “...2010 онд хур хог бүхий, хүн амьдрах боломжгүй газарт буусан, уг газраа хуулийн дагуу баталгаажуулж авахаар удаа дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргасан боловч шийдвэрлээгүй, маргаан бүхий газрын хаяг, байршил маргаантай, тодорхойгүй” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Ш.Болорчимэг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрх нь 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0188343 дугаартай “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ээр баталгаажсан байх ба үүнээс өмнө нэхэмжлэгчээс маргаж буй газрыг эзэмших тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн ах Л.Түмбаяр гэр бүлээ төлөөлж, 2010 онд маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албанд гаргасан гэх боловч түүний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Монгол Улсын иргэн нь газрыг тухайн шатны Засаг даргын шийдвэрийн дагуу гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээ эзэмших эрхтэй болох учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2010 онд уг газрыг дүүргийн Газрын албанаас зааж өгсөн, хур хог бүхий, хүн амьдрах боломжгүй газрыг цэвэрлэж буусан” гэх гомдол үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчээс “маргаан бүхий газрын хаяг, байршил тодорхойгүй” гэх боловч гуравдагч этгээд Ш.Болорчимэгийн нэгж талбарын 18651309658537 дугаар бүхий 400 м.кв газар нь нэхэмжлэгчийн маргаж буй газартай давхцалтайн улмаас маргаан үүссэн байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж заасан, нэхэмжлэгч нь маргаж буй газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, ашиглаагүй тул маргаан бүхий актуудын улмаас түүний газар эзэмших эрх зөрчигдөөгүй байна.
Иймээс Л.Өлзийбуянгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны актуудын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Харин шүүх гуравдагч этгээд Ш.Болорчимэгт газар өмчлөх эрх олгосон нийслэлийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт дээрх үндэслэл болгосон хэм хэмжээг баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1” гэснийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН