| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 197/2025/0006/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/637 |
| Огноо | 2025-03-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Г.Гармаа,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э ,
шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2411002641733 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн хүртэл Ч дүүргийн 00 дугаар хороо, ...-ийн 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Р ХХК”-ийн билетийн кассад ажиллаж байхдаа орлого болох иргэдийн тийзийн мөнгө буюу өөрийн хариуцан хүлээн авсан орлогыг тухай бүрд нь өгөхгүй өөрийн Х-ны 51******** дугаарын дансаар шилжүүлэн авч уг мөнгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж тус компанийн орлогыг зөвшөөрөлгүй авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч “Р ХХК”-д нийт 4.139.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокуророос Т.Л гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн хүртэл Ч дүүргийн 00 дугаар хороо, ...-ийн 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг “РХХК”-ийн билетийн кассад ажиллаж байхдаа орлого болох иргэдийн тийзийн мөнгө буюу өөрийн хариуцан хүлээн авсан орлогыг тухай бүрд нь өгөхгүй өөрийн Х-ны 51******** дугаарын дансаар шилжүүлэн авч уг мөнгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж тус компанийн орлогыг зөвшөөрөлгүй авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч “РХХК”-д н ийт 4.139.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Л гийн дээрх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:
Шүүгдэгч Т.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн. 09, 10 сарын турш хэвийн ажиллаж байсан боловч гол асуудал нь 10 сарын сүүлээс цалин бодохоос эхэлсэн. Миний үндсэн цалингаас гадна бонус цалингийн дүн дээр маргаж эхэлсэн. Чамд ийм дүнгийн цалин өгч чадахгүй гэсэн. Өгч чадахгүй шалтгаан нь орлого, зарлага хэцүү байна, түрээс хэцүү байна гэсэн. Аман байдлаар ярилцахад миний саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед надад энэ асуудлыг сунжруулах хүсэл байгаагүй. Ерөнхийдөө миний цалинг өгөхгүй байсан. Тайланг 10 сарын сүүлийн өдрөөс эхлэн Э ын эхнэр, нягтлан болон Ргийн нэг ажилтан зэрэг 3 хүнтэй тайлан тооцоог тулгасан. 4.100.000 төгрөг гээд байгаа боловч 2.479.000 төгрөгийн асуудал байгаа. Яагаад 4.100.000 төгрөг болсныг ойлгохгүй байна. Банкны хуулга гээд байгаа дүнгүүд Э- бид хоёрын өмнөх тооцооны асуудал байгаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн тухайд миний ажил орлогод нөлөөлөөд байсан тул тийм шийдвэр гаргасан байсан...” гэв.
шүүгдэгч Т.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Р” ХХК-д 2023 оны 09 сарын 01-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 сарын 15-ны өдөр байгуулж байсан. Ингээд цалингаа тохирохдоо тийз борлуулалтын 40 хувийг би авч 60 хувийг нь байгууллага авах, Нэмэлт орлогын 100 хувийг би өөрөө авахаар тохирсон. Ингээд би 09 сарын цалин гэж 150.000 орчим мянган төгрөг авсан. Яагаад ийм бага цалин авсан бэ гэхээр ажиллах систем эрх нээж өгөөгүй удсан. Ингээд 10 сард миний систем эрх нээгдээд хэвийн ажиллаж байгаад 10 сарын 29-с тайлан гарах болоход тайлангийн дүн нь зөрөөд байсан. Намайг анх ажилд орох үед уг байгууллага нь нягтлангуй байж байгаад 11 сарын 10-ны үеэр нягтлантай болсон. Сар болгоны сүүлийн өдөр тайлангаа тулгаад цалингаа тавих ёстой байдаг боловч 10 сард хугацаандаа цалингаа тавьж чадаагүй. Ингээд 11 сарын эхний 7 хоног нь тайлан тулгасан. Дараа нь уг байгууллага нь гэрээнд заасан 40 хувь үүн дээр олгох нэмэлт ашгийн мөнгийг маань өгч чадахгүй гэсэн. Хамгийн эхэнд 09 сарын цалин 150.000 орчим төгрөг, 10 сарын цалин гэж 8.586.851 төгрөгийн цалинг авсан. Энэ цалин дээр нэмэлт ашгийн мөнгийг олгоогүй. Ингээд надад дутуу цалин өгсөн. Харин 11 сарыг дуустал би ажлаа үргэлжлүүлэн захиалга хийж байсан. Гэхдээ цалингаа тавих болсон боловч цалин өгөх хугацаандаа өгөхгүй мөн үнийн дүн дээрээ маргасан. Тэгээд цалинг маань өгөхгүй байхаар нь би тийзний захиалга хийсэн 4 хүний мөнгө буюу 4.139.600 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан. Тэгээд энэ мөнгөнөөс би өөрийн авах ёстой байсан 10 сарын цалингийнхаа үлдэгдэл буюу нэмэлт ашгийнхаа 20 хувийг нь аваад үлдэгдэл 10 хувь болон тийзний илүү төлбөр болох 1.863.762 төгрөгийг би байгууллагын данс руу шилжүүлсэн. Байгууллагын данс руу шууд шилжүүлнэ гэсэн заалттай байдаг. Тэгээд уг байгууллагаас өөрсдөө цалинг маань өгөхгүй гэрээгээ зөрчөөд байсан юм. Ингээд би тулгасан тайлангийнхаа дагуу үлдэгдэл цалингаа тийз бичүүлсэн хүний мөнгөнөөс авсан. Би тайлан тооцоогоо харж байж хэлэхгүй бол сайтар мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар 3 сарын хугацаанд 180-200 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн гэж бодож байна. Энэ нь ажлын бус цагаар, шөнийн цагаар, яаралтай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай VIP үйлчлүүлэгчийн нэмэлт хөлсийг л хэлж байгаа юм. Уг нэмэлт хөлсийг 40 хувийн цалин дээрээ нэмж авах ёстой мөнгийг хэлж байгаа юм. Гэтэл уг компани нь дээрх нэмэлт хөлсийг нэг ч удаа өгч байгаагүй юм. Нэмэлт ашгийн мөнгөн дээрээ маргаад гэрээгээ шинэчилнэ гээд нэмэлт ашгийн мөнгийг өгөхгүй удаан хүлээлгэж байсан юм. Мөн энэ хугацаанд системээ хааж намайг нэвтрэх эрхгүй болгосон учраас анх хийсэн гэрээнийхээ дагуу би нэмэлт орлогын мөнгөө авсан юм. Миний бүх цалинг барьцаалаад гэрээгээ шинэчилж хийе гэж байсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 36/,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Чингэлтэй дүүргийн цагдаа дээр өгсөн өргөдлийн тухайд Л манай байгууллагад ажиллаж байх үедээ 4 хүний тиизний мөнгийг өөрийнхөө данс руу авсан. Манай компанийн данс руу орох ёстой мөнгө байсан...”
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгууллага нь аялал жуулчлал, онгоцны тийз бичилтийн үйл ажиллагаа явуулдаг “Р” гэх нэртэй байгууллага байгаа юм. Тус байгууллагад 2023 оны 09 сарын 15-ны өдөр Л гэх эрэгтэй тийз бичигчийн албан тушаалд ажиллахаар болж манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд үүнээс хойш Л нь ажлаа хэвийн хийж гүйцэтгээд явж байсан боловч 2023 оны 11 дугаар сарын 05-ны өдөр Б.Э- гэх хүний явах тийзийг 1.186.422 төгрөг, буцаж ирэх тийзийг 961.516 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр О.Б- гэх хүнийг явах тийзийг 1.328.197 төгрөгт бичсэн байсан боловч байгууллагын данс руу эдгээр тийзийн мөнгө ороогүй ба Л гийн дансанд орсон байсан гэсэн. Энэ талаар бид нар хэрхэн мэдсэн юм бэ гэхээр манай байгууллага нь 7 хоног бүр нийт бичсэн тийзийнхээ тооцоог А ХХК руу шилжүүлдэг юм. Гэтэл манай нягтлан М.О- нь тооцоогоо бодож үзээд Л гийн бичсэн дээрх тийзийн мөнгө манай байгууллагын дансанд ороогүй байсан. Л сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй гэрээсээ байсан. Л 11 асуудлын талаар Л д манай нягтлан хэлээд тооцоогоо хий гэхэд ирэхгүй байсан юм. Ингээд 11 сарын сүүлээр би өөрөө Л рүү яриад ирж тооцоогоо хий мөнгөө шилжүүл гэтэл 2023 оны 12 сарын 04-ний өдөр 1.306.100 төгрөг, 1.353.600 төгрөгийг тус тус байгууллагын данс руу шилжүүлсэн байсан. Үүнээс хойш үлдсэн 2.479.900 төгрөгийн тооцоог шилжүүлээгүй ба утсаар залгахаар утсаа авахгүй байгаад байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,
“Р” ХХК болон Т.Л нарын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 18-20/,
“Р” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар тооцоо нийлэхэд Т.Л 2023 оны 11 дүгээр сард бичсэн тийзийн дутуу тооцооны баримт /хх-ийн 21/,
“Р” ХХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Т/15 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан байгууллагын дотоод журам /хх-ийн 23-28/,
Т.Л гийн эзэмшлийн Х-ны **********, ********** дугаарын дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 47-51/,
Т.Л гийн эзэмшлийн Голомт банкны **********, ********** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-56/,
Б.Э-ын эзэмшлийн Х-ны 50******** дугаарын дансны хуулга /хх-ийн 77/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн хүртэл Ч дүүргийн 00 дугаар хороо, ...-ийн 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Р ХХК”-ийн билетийн кассад ажиллаж байхдаа орлого болох иргэдийн тийзийн мөнгө буюу өөрийн хариуцан хүлээн авсан орлогыг тухай бүрд нь өгөхгүй өөрийн Х-ны 51******** дугаарын дансаар шилжүүлэн авч уг мөнгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж тус компанийн орлогыг зөвшөөрөлгүй авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч “Р ХХК”-д нийт 4.139.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Т.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Л д 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Т.Л нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Т.Л гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч “Р” ХХК-д 4.139.600 төгрөгийг хохирол учирсан бөгөөд Т.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Л г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Л г 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь энэ тогтоолоор оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР