Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/02404

 

 

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/02404

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххххххх тоотод оршин суух, Ц.Мын /РД: ............./ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоотод оршин суух, Л.Гт /РД: ........./ холбогдох

36.933.713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.М нь Л.Гт 16.216.500 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай зээлэн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр сарын 5 хувийн хүү төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон.

Энэ 16.216.500 төгрөг бол Ц.Маас Л.Г бараа бүтээгдэхүүн буюу гурил зээлээр худалдан авсаны төлбөр бөгөөд талууд Л.Гийн гурилын үнэд хэдэн төгрөг төлөх талаар тооцоо нийлээд Л.Гийн өөрийнх нь хүссэний дагуу зээл болгон зээлийн гэрээ байгуулсан. Ц.М нь Таван Богд ХХК-ийн Улаанбаатар гурилын гэрээт борлуулагч бөгөөд өөрөө компаниас гурил аваад цааш нь тодорхой хэмжээгээр үнэ нэмээд Нарантуул худалдааны төвийн лангуу түрээслэгч нарт зээлээр борлуулдаг байсан.

Гэрээ байгуулснаас хойш Л.Г нь харилцан тохиролцсон хугацаандаа зээлээ төлөөгүй бөгөөд байнга хойшлуулан 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд цувуулан нийт 5.210.000 төгрөг төлсөн.

Л.Г нь 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөг хүртэл хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад төлөөгүй тул түүнээс зээлээ нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр нэхэмжлэлд дурьдсан хаягт оршин суудаггүй тул Л.Гийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5507 тоот шийдвэрээр эрэн сурвалжилсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу Л.Гийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжилж Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш амины орон сууц, 51 тоот хаягт оршин суугааг нь тогтоосон.

Л.Г нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 11.356.500 төгрөг, гэрээнд заасны дагуу хүүг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцон 16.898.963 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 5.678.250 төгрөгийн алданги тооцсон.

Мөн Л.Г нь н.Амаржаргал гэж хүнд өгөх ёстой 3.000.000 төгрөгөө н.Амаржаргалын хүсэлтээр Ц.Мд төлөхөөр тохирсон тул энэхүү төлбөрийг дээрх төлбөрт тооцон нийт 36.933.713 төгрөгийг түүнээс нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 4.423.963 төгрөгөөр багасган дараахь байдлаар тодруулсан.

Үүнд гэрээний дагуу төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлбөр 11.006.500 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон алданги 5.503.250 төгрөг, зээлийн хүү 13.000.000 төгрөг, н.Амаржаргалын авсан барааны үнийг Ц.Мд Л.Г төлөх төлбөр болох 3.000.000 төгрөг, нийт 32.509.750 төгрөгийг Л.Гээс гаргуулж өгнө үү.

Зээлийн хүүг зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөрөөс сарын 5 хувиар хүү тооцож 12 сараар үржүүлээд 365 хоногт хувааж 1 хоногийн хүүг тооцсон. 1 хоногийн хүүг тухайн сард зээлийн үлдэгдэл төлбөрийг ашигласан хоногоор үржүүлэн зээлийн хүүг тооцсон ба хүү 16.949.541 төгрөг болж байгаа хэдий ч 13.000.000 төгрөгийг нэхэмжилсэн гэв.

 

Хариуцагч Л.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ц.М, Л.Г нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсаны дагуу Ц.М зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байна. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд гэрээ байгуулсан өдөр гэрээгээр тохирсон 16.216.500 төгрөгийг зээлдэгч Ц.Мд хүлээлгэн өгөөгүй.

Уг 16.216.500 төгрөг нь зээлийн гэрээний төлөлт биш бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.М нь Таван Богд ХХК-ийн гэрээт борлуулагч бөгөөд Л.Г нь Нарантуул худалдааны төвд гурил борлуулдаг байсан. Л.Г нь 2009 оноос 2014 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд Нарантуул худалдааны төв дээр худалдаа эрхэлж байсан. Ц.Маас зээлээр авсан гурилаа цаашаа хүмүүст зээлээр тараасан байсан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа больсон учир хүмүүсээсээ мөнгийг нь аваад Ц.Мд шилжүүлж байсан.

Үйл ажиллагаа явуулахаа болиод төлөлт багасаад Ц.Мтай 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан ба энэ нь зээлээр авсан гурилын үнэ бөгөөд Ц.М нь одоо ийм хэмжээний барааны үнэ төлөх юм байна, үүн дээрээ гэрээ байгуулья гэхэд нь гарын үсгээ зурсан.

Л.Гийн тухайд Ц.Мд зээлээр худалдан авсан гурилын үнэ төлөх ёстой ч хэдэн төгрөг төлөх талаар тооцоо нийлээгүй. н.Амаржаргал гэж хүн мөн адил зээлээр гурил авсан ба түүний авах ёстой мөнгийг Ц.М шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн биелэлт бус худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт шаардах ёстой байх гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Л.Гт холбогдуулан 36.933.713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4.423.963 төгрөгөөр багасгаж 32.509.750 төгрөгийг хариуцагч Л.Гээс нэхэмжилсэн байна.

/Үндсэн зээл 11.006.500 төгрөг, зээлийн хүү 13.000.000 төгрөг, алданги 5.503.250 төгрөг, мөн н.Амаржаргалын Ц.Мд төлөх ёстой 3.000.000 төгрөг, нийт 32.509.750 төгрөг/

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Л.Гт холбогдуулан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11.006.500 төгрөг, зээлийн хүү 13.000.000 төгрөг, алданги 5.503.250 төгрөг, мөн н.Амаржаргалын Ц.Мд төлөх ёстой 3.000.000 төгрөг, нийт 32.509.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлээ дэмжиж байна.

 

Хариуцагч Л.Г нь зээлийн гэрээ бодитоор байгуулж уг гэрээний дагуу мөнгө аваагүй, харин худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу түүнд тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой хэмээн маргасан ба нэхэмжлэгч нь уг 16.216.500 төгрөгийг Л.Г нь түүнээс худалдах, худалдан авах гэрээний дагуу гурил зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөр, Л.Г нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу зээлээр худалдан авсан Улаанбаатар гурилын үнэд 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 5.210.000 төгрөг төлсөн хэмээн нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласныг дурьдлаа.

 

Хариуцагч Л.Гийн н.Амаржаргалд өгөх ёстой 3.000.000 төгрөгийг н.Амаржаргалын хүсэлтээр Ц.Мд төлөхөөр тохирсон тул түүнээс нэхэмжилсэн гэх бөгөөд эдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй, н.Амаржаргалын өмнөөс Ц.М ямар нэг гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэх талаарх баримт хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй.

Н.Амаржаргалд өгөх ёстой 3.000.000 төгрөгийг түүний хүсэлтээр Ц.Мд төлөх нь үнэн болно гэх Л.Гийн бичгийн тайлбар нь Ц.Мд н.Амаржаргалын өмнөөс ямар нэг гэрээний үүргийг шаардах эрх олгосон гэсэн ойлголт биш.

/ХХ-ийн 17-18 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ц.М нь зохигчдын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 16.216.500 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үндсэн зээл 2.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 4.264.825 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 4.087.125 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3.909.425 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3.731.700 төгрөг тус тус төлөх, үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож шаардаж байгаа ба хариуцагч Л.Г зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч харин гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлж аваагүй гэж тайлбарлаж байгаа болно.

ХХ-ийн 2 дугаар тал/

 

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдэгч нь 16.216.500 төгрөгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно, мөн талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний 6-д Зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

/ХХ-ийн 2 дугаар тал/

 

Зээлдэгч зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.

Иймд зохигчдын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Л.Гт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй болохыг дурьдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Гт холбогдох 32.509.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342.620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН