| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/1279/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/652 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Мянган нарыг оролцуулан эрүүгийн 2406027371925 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” худалдааны төвийн орчим насанд хүрээгүй хохирогч У.С-ын эзэмшлийн “Самсунг А14” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.920 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн “Айфоне 15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.542.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Э.М-ын эзэмшлийн “Самсунг Эс-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Б дүүргийн прокуророос Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” худалдааны төвийн орчим насанд хүрээгүй хохирогч У.С-ын эзэмшлийн “Самсунг А14” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.920 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн “Айфоне 15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.542.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Э.М-ын эзэмшлийн “Самсунг Эс-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ын дээрх үргэлжилсэн үйлдлээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.619.420 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт “…Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Хэрэг гарсны маргааш 3 байцаагч ирээд гэрт нэгжлэг хийчихээр явсан. Надад нэг урт куртик үзүүлээд танд ийм куртик байгаа юу гэж асуусан. Тэгээд би байхгүй гэж хариулахад байцаагч гарахдаа Орсоо биш юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд 6 сарын дараа байцаалт өг гэж дуудсан. Би бичиг үсэг мэдэхгүй учраас гарын үсэг зурсан. Гэтэл намайг хорих тогтоол байсан...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ буюу Ч дүүргийн ** дүгээр хороо Н-00-00 тоотод амарч байгаад өглөө 08 цагийн үед сэрээд гэрээссээ гараад явсан бөгөөд гадуур хувийн ажилтай явж байгаад эргээд гэртээ 13 цагийн үед гэртээ ирээд амарсан буцаад гараагүй. 10 цагийн үед Б урд талд байрлах 1 дүгээр эмнэлэг дээр 10 цагт очоод тухайн газраасаа 11 цагт гараад С дүүргийн Х худалдааны төв орсон. Д.М- гэж хүнийг би танина. Аль хуучин цагаас хойш нэгнийгээ мэднэ. Би Д.М-тай 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг орчимд утсаар ярьсан. Би өөрийн 00000000 дугаараас Д.М-ын 00000000 дугаарт холбогдсон. Харин Д.М- 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн ... дээр 17 цаг орчимд уулзаад хоол идэх гэж байгаад гэртээ харьсан. Энэ өдрөөс хойш уулзаагүй байна...” гэх мэдүүлэг 1хх-ийн 104/,
Насанд хүрээгүй хохирогч У.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би өчигдөр өөрийн төрсөн эгч У.С-гийн хамт Б дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” дэлгүүрээр үйлчлүүлчхээд 3,4 дүгээр хороолол явах гээд “И” худалдааны төвийн автобусны буудал дээрээс нийтийн тээврийн автобусанд суугаад Монгол Улсын Багшийн их сургуулийн буудал дээр ирээд халааснаасаа өөрийн эзэмшлийн Самсунг А14 загварын гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. Автобусанд суух гэж байхад миний өмдний баруун халаасанд байсан. …Тухайн үед “И” худалдааны төвийн автобусны буудал дээр шар царайтай, 40 орчим насны ах намайг хараад байсан ба автобусанд суух үед араас шахаад байсан. Гар утсаа алдсанаа мэдээд эгчийнхээ утаснаас өөрийн дугаар луу залгахад сөөнгө хоолойтой ах аваад “Утсаа Сандей дээрээс ирээд авчих” гэж хэлээд салгаад, шууд унтраачихсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 20/,
хохирогч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 20-ны өглөө ажил руугаа гараад Б дүүргийн 00 дугаар хороо, ... н яамны автобусны буудал дээр автобус хүлээж зогсоод гар утасныхаа цагийг харахад 07 цаг 58 минут болж байсан бөгөөд гар утсаа цүнхнийхээ ард талын цахилгаантай халаасанд хийгээд автобусанд суух гээд шахцалдсан. Миний араас 2-3 хүн шахаж байсан бөгөөд автобусны жолооч хөдөллөө гэж хэлэхэд миний араас шахаж байсан 2-3 хүн суухаа болиод яваад өгсөн. 1 буудал орчим яваад цүнхнээсээ гар утсаа гаргах гэхэд гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 101/,
хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 07 цаг 20 минутын үед ажил руугаа явах гээд Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан. 07 цаг 21 минутын үед ажлынхаа хүн рүү ярьчхаад гар утсаа куртикнийхээ баруун талын халаасанд хийсэн. Тэгээд удалгүй Ч00 дугаартай автобус ирэхээр нь маш олон хүн суух гэж шахалдсан ба энэ үед миний араас үл таних 2 залуу шахаад байхаар нь эргээд харахад орос маягийн царайтай залуу байсан. Тухайн автобус хүн ихтэй болохоор нь би сууж чадалгүй хаалган дээрээс нь буцаад халаасандаа гараа хийтэл гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 49/,
хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-н 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн НЦУГ-24-39 дугаартай хөрөнгийн үнэлгээний “…Самсунг А14 загварын гар утас 551.920 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 24-27/,
хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-н 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн НЦУГ-24-08 дугаартай хөрөнгийн үнэлгээний “…Айфоне 15 загварын гар утас 2.542.500 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 114-117/,
хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-н 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн НЦУГ-24-09 дугаартай хөрөнгийн үнэлгээний “…Самсунг Эс-20 загварын гар утас 525.000 төгрөг” гэх тайлан /2хх-ийн 56-58/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-14, 2хх-ийн 6-7, 67-72/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 8-10, 2хх-ийн 61-64/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 7, 96, 2хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” худалдааны төвийн орчим насанд хүрээгүй хохирогч У.С-ын эзэмшлийн “Самсунг А14” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.920 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн “Айфоне 15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.542.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Э.М-ын эзэмшлийн “Самсунг Эс-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийх ялын найман цагаар тооцож, түүний энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 цагийн хугацаагаар тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б-ын үйлдлийн улмаас хохирогч нарт 3.619.420 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс нийт .619.420 төгрөгийг гаргуулж, хохирогч У.С-ад 551.920 төгрөг, хохирогч Л.Ц-д 2.542.500 төгрөг, хохирогч Э.М-д 525.00 төгрөг олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сиди, хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг сиди, нийт 4 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Б.Б ас 3.619.420 төгрөг гаргуулж, хохирогч У.С-ад 551.920 төгрөг, хохирогч Л.Ц-д 2.542.500 төгрөг, хохирогч Э.М-д 525.00 төгрөгийг тус тус олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг сиди, нийт 4 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Б д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР