Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/02658

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 13 өдөр Дугаар 101/ШШ2018/02658 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Засгийн газрын автобаазын хашаанд байрлах УБТТС ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь эх 24 дүгээр гудамж, 1529 тоот хаягт оршин суух, Тайжууд овогт Банхын Ц /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

1,380,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч УБТТС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр УБТТС ХХК болон Б.Ц нарын хооронд Автомашины санхүүгийн түрээсийн ТТ-17-182 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрэгээр түрээслүүлэгч нь 1291 УНМ улсын дугааратй Хьюнтай Элэнтра маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглах, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, автомашиныг эзэмших ашиглахад бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр акт үйлдсэн байдаг.

Гэтэл хариуцагч Б.Ц нь түрээсийн гэрэнэд заасан төлбөр төлөх үүргээ нээмэлт хугацаа тогтоосон боловч биелүүлэхгүй нийт 14 хоногийн 350,000 төгрөгийн түрээсийн өртэй болсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 13.2.9-д заасны дагуу 2018 оны 4 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийг байлцуулан хүлээлцэх акт үйлдэн автомашиныг түр саатуулж, үзлэг оношлогоонд оруулан холбогдох засвар үйлчилгээг Монгол Хьюндай автомотив ХХК-иар хийлгүүлсэн.

 

Мөн хариуцагч нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан торгуулийн 60,900 төгрөгийн өртэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Засвар үйлчилгээний зардал 1,049,930 төгрөг,

2.    Гэрээний түрээсийн төлөгдөөгүй төлбөр 350,000 төгрөг,

3.    ЗХД зөрчсөн торгууль 60,900 төгрөг,

4.    Бусад авлага буюу пүрш суудаг гар, урд таван бул, урд босоо тэнцүүлэгч, салоны агаар шүүгч 319,500 төгрөг

Нийт 1,780,330 төгрөгөөс хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа барьцаа төлбөр болгож өгсөн 400,000 төгрөгийг хасч тооцож 1,380,330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Харицуагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 рэы 11 дүгээр сарын 11-нд УБТТС ХХК-д жолоочоор ажилд орсон. Машинаа авахад 2010 онд орж ирсэн 8 жил явсан 2 машин үзүүлж нэгийг нь ав гэхэд нь УНИ 12-91 дугаартай, Элэнтра маркийн автомашиныг инженер Мөнхбат, менежер Ариунболд ирж гаражаас гаргаж өгсөн. Гараад явахад 1 дүгээр араа орохгүй, таван бул нь дуугарсан, ард талд нь хүнд юм дуугарсан байдалтай байсан. Гэвч инженер Мөнхбат дараа нэг засвар оношлогоонд оруулчих, харин мөнгө төгрөгөө өөрөө хариуцна шүү гээд тэргээ өгсөн. Ингээд хашаанаас гараад явахад араа орохгүй хэд хэд унтарсан. Маргааш өглөө нь очиж оношлогоонд ороход 1 дүгээр араа орохгүй 5 булны сальник тос гоожсон, 5 бул нь дуугарсан, руль нь салганаж, втулк, амортизаторууд нь дуугарсан гэсэн дүгнэлт гарсан учир менежер Ариунболдод хэлэхэд бидэнд хамаагүй манай засварын газар засуулаад өөрөө мөнгөө төл гэж тулгасан. Ингээд шууд засварт оруулж 730,000 төгрөгийн засвар хийж би өдрийн орлого 25,000 төгрөг+10,000 төгрөгөөр 3 сар төлөөд дуусгасан. УБТТС ХХК-ийн жолооч нараас асууж үнэтэй засвар болохыг мэдээд өөрөө нэмж 500,000 төгрөгийг 5 бул, хороопны сальник, бүх өндгөн тулгуур, втулк зэрэг зүйлсийг Өгөөмөр захаас аван хувиараа сольж засвар хийж 3 сар унасан. Эцэст нь энэ их өрөө бүрэн төлж машинаа хураалгасан. Хотоос гадна хүн хүргэж явтал помп нь эвдэрч хөдөө айлын гадаа орхиж ирж, өөрийн компаниас помп авч очиж асааж авч ирсэн. Энэ хугацаанд цагаан сар таарсан байсан. ГЭтэл 7 хоногийн мөнгө төлөөгүй гээд хурааж авсан. Иймд иргэн миний хувьд гомдолтой байна. Учир нь ажилд орохдоо барьцаа 500,000 төгрөг, оношлогоо 40,000 төгрөг, татвар 70,000 төгрөг бэлнээр төлсөн. УБТТС ХХК-иар засвар хийлгэсэн 730,000 төгрөг, хувиараа хйисэн 500,000 төгрөг, нийт 1,840,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иргэн би 1 өдөр хүрээгүй хугацаанд 8 жил орчим явсан машиныг эвдээгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УБТТС ХХК нь хариуцагч Б.Цт холбогдуулан, автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 1,380,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч нь УБТТС ХХК-иар засвар хийлгэсэн 730,000 төгрөг, хувиараа хйисэн 500,000 төгрөг, нийт 1,840,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтэй хэмээн хариу тайлбартаа дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч УБТТС ХХК нь такси үйлчилгээ эрхлэх, БНСУ-ын Хьюндай компанид 2011 онд үйлдвэрлэсэн, Элентра маркийн, 12-91УНМ улсын дугаартай, суудлын автомашиныг түрээслэгч Б.Цт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 33 сарын хугацаатай түрээслүүлж, нэг сарын түрээсийн төлбөр 550,000 төгрөг, нэг сарын түрээсийн хүү 2 хувь, гэрээний нийт үнэ 17,774,896.69 төгрөг байхаар тогтоож, хугацааны эцэст автомашины өмчлөлийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. 312.4.Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно. гэж тус тус заасан бөгөөд талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Цын эзэмшилд байсан Элентра маркийн, 12-91УНМ улсын дугаартай, автомашиныг засахад зарцуулсан зардал 1,049,930 төгрөг, гэрээний түрээсийн төлөгдөөгүй төлбөр 350,000 төгрөг, ЗХД зөрчсөн торгууль 60,900 төгрөг, бусад авлага буюу пүрш суудаг гар, урд таван бул, урд босоо тэнцүүлэгч, салоны агаар шүүгч 319,500 төгрөг, нийт 1,780,330 төгрөгөөс хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа барьцаа төлбөр болгож өгсөн 400,000 төгрөгийг хасч тооцож 1,380,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ., мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус зааснаар түрээслүүлэгч нь автомашинд учирсан элэгдэл, засвар болон түрээслэгчийн буруугаас өөрт учирсан хохирлыг түрээслэгчээс шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сүүлийн төлөлтийг төлсөн байх бөгөөд түрээслүүлэгч нь мөн оны 02 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг түрээслэгчээс хураан авсан болох нь түрээслэгчээс түрээлүүлэгчид автомашин хүлээлцсэн актаар тогтоогтож байх тул түрээсийн төлбөрт 350,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул 13-ны өдрөөс 23-ны өдрийг хүртлэх 9 хоногийг гэрээнд заасан 1 өдрийн түрээсийн төлбөр 25,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

Автомашиныг түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгөхөд, хүлээлцэх акт, автомашины оношлогоо, үзлэгийн хуудсыг үйлдэж, зөв хойд крыло, зөв хойд халга, зүүн урд, хойд крыло, буруу хормой, баруун урд хаалга, хойд буфер, км заалт, багаж, усны хаялга, булан, урд буфер сэвтэйг тэмдэглэсэн, хөдөлгүүрийн тос, тосны шүүр, агаар шүүгч, А/С шүүр, свеча, катушка /4х2/, оврын гэрэл, салоны нүүр, урд таван бул болон гармошка резин /1ш/, урд хойд босоо тэнцүүлэгч /2 ш/, зүүн урд цапны шарик /1ш/, цапны болон тохиргоотой гарны втулк /2ш/ тус тус солих, глушитель гагнах талаар тэмдэглэжээ.

УБТТС ХХК-ийн 12-91УНМ улсын дугаартай, автомашинд Монгол хьюндай автомотив ХХК-иас хийсэн засвар үйлчилгээний баримтуудаас үзэхэд дээр дурдсан засварууд хийгдсэн байх боловч 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр усны насос, силькон гэсэн утгаар 118,200 төгрөгийн зардал, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр пүрш суудаг гар хэмээн 93,000 төгрөгийн зардал гаргасан нь тухайн автомашиныг түрээслэж байсан хариуцагч Б.Цт хамаарахгүй байна.

12-91УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2 удаа, мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэг удаа тус тус 20,000 төгрөгийн торгууль, нийт 60,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн баримт, зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь торгуульд 60,900 төгрөг гаргуулахаар шаардсаны 900 төгрөгт холбогдох хэсэг нь нотлогдсонгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 541,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 838,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Цаас 838,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 541,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,040 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас 24,679.52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА