Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

2024                         01                    02                                               2024/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Б.И,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нарыг оролцуулан эрүүгийн   хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа лангуу ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн О.Д нь:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, .........замын уулзварын явган хүний гарцан дээр унадаг дугуйтай явж байхдаа Тоёота приус маркийн .........улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, улмаар машин жолоодож явсан хохирогч Б.И-ыг машинаас буух үед нь машины хаалгаар хавчиж, шахан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн асуудал хоромхон зуур болоод өнгөрсөн учир би өөрийгөө хохирогчийг цохиогүй гэж бодож байсан юм. Шүүх хуралдаанаар бичлэгийг үзээд хохирогчийг цохьсон болохоо харлаа. Эмчилгээний зардал 200.000 төгрөгийг төл гэж надад хэн ч хэлээгүй. Одоо өгье. Ослын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.И мэдүүлэхдээ: “...Би гарцан дээр иртэл унадаг дугуйтай хүн урдуур орж ирээд мөргөсөн. Намайг буухын завдалгүй тэр хүн хаалга онгойлгоод зүүн шанаанд 2-3 удаа цохьсон. Хаалгаар хавчсан. Миний 1 шүд тэр дороо унасан. Нэг нь хөдөлсөн. Би толгойн зураг авахуулж, хөдөлсөн шүдээ авахуулахад 200.000 төгрөг төлсөн. Мөн 2 шүд хийлгэхэд 5.000.000 төгрөг болно гэсэн учир 5.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Иын мэдүүлэг / хх 20 /, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 12-14 /, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ....... дугаартай дүгнэлт / хх 33-34 /, О.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг / хх 06-07 /, О.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд / хх 40-47 /, хохиролтой холбоотой баримтууд / хх 56, 58 / зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Д нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, .........замын уулзварын явган хүний гарцан дээр унадаг дугуйтай явж байхдаа Тоёота приус маркийн .........улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж улмаар машин жолоодож явсан хохирогч Б.Иыг машинаас буух үед нь машины хаалгаар хавчиж, шахан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...

хохирогч Б.И-ын / хх 20 / “...Би 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг 55 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ....... урдаас .... дугаар сургуулийн талаас уулзвар гарахаар .........замын уулзвараар хойшооо гарсан чинь явган хүний гарцаар дугуйтай хүн орж ирээд би тухайн хүнийг өөрийн .........улсын дугаартай цагаан өнгийн приус-41 маркийн машинаараа мөргөсөн чинь тэр хүн дугуйтайгаа хажуу тийшээ унахаар нь би сандраад машинаасаа буухаар хаалгаа нээгээд гарах гэтэл тэр хүн хүрч ирээд машины хаалгаар намайг хавчиж түлхээд тэр ирмэг нь 2 удаа миний нүүр хэсэгт цохигдсон юм. Тэгээд тэр залуу намайг заамдаад зүүн шанаа руу 2 удаа цохьсон чинь миний зүүншанаа мэдээгүй болоод ирэхээр нь би гараа тосоод харсанчинь миний шүд унасан юм. Тэгээд юм зардаг хүмүүс хашгираад болиулсан юм. Тэгсэн тэр залуу дугуйруугаа явсан. Тэгээд замын цагдаа дуудаад хэмжилт хийлгээд замын цагдаа дээр мэдүүлэг өгсөн чинь таны зодуулсан гэх асуудал нь эрүүгийн асуудал учраас цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиж мэдүүлэг өг гэхээр нь очиж өргөдөл гаргаж өгсөн. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна ” гэх мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 12-14 /

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .......... дугаартай дүгнэлтэд: 1. О.И-ын биед дээд доод уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 4, баруун доод 3-р шүдний булгарал, зүүн завжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх гэх цаг хугацаанд үүсэх боломжтой / хх 33-34 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч О.Д-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруут үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирч, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулсан, шүүгдэгч нь хэдийгээр хохирогчид 200.000 төгрөг нөхөн төлсөн боловч, хохирол хор уршиг бүрэн арилаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

Хэдийгээр шүүгдэгч О.Д нь зүрхний байнгын аппараттай гэх боловч хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарыг хэрэгт хавсаргуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д “ ...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй “ гэж хуульчилсан тул хуульд харшлахгүй гэж үзнэ.

Шүүх О.Д-д тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шинжээч хохирогчийн биед зүүн дээд 4, баруун доод 3-р шүдний булгарал гэмтэл учирч, энэ нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулахыг тогтоосон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь толгойн томограф хийлгэсэн 150.000 төгрөг, булгарсан шүдийг авахуулсан 50.000 төгрөг, дээрх 2 шүдийг хийлгэх 5.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд эдгээрээс нотлох баримтын шаардлага хангасан 200.000 төгрөгийг / хх 56 / шүүхийн шатанд шүүгдэгч нөхөн төлсөн тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь 2 шүдээ хийлгээгүй, “ 24, 33-р шүдний имплант хийлгэхэд 1 шүд 2.500.000 төгрөг болно. Эмч О.Э “ / хх 58 / гэсэн баримтыг үндэслэн хохирлыг гаргуулах боломжгүй байна.

Иймд шүдээ хийлгэсэн баримтаа бүрдүүлж, иргэний журмаар хохирлоо гаргуулан авах боломжтой тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1ш сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан тайлбарыг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1.Прокуророос өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянаад хуульд заасан хугацааны дотор хариу өгсөн / хх 62-63 / байх бөгөөд дээрх хариуг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байна.

2.Хохирогч нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зодуулсан талаараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан / хх 09 / ба шүүгдэгч О.Д нь хохирогчийг цохьсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт: “...зүүн дээд 4-р шүд унасан, буйл шархалсан, доод 3 дугаар шүд сул хөдөлгөөнтэй, буйлнаас цус гарсан, буйл шархалсан “ гэж тэмдэглэсэний гадна дүгнэлт хэсэгт, “ ...зүүн дээд 4, баруун доод 3 дугаар шүдний булгарал ... гэмтэл тогтоогдсон / хх 33-34 / гэжээ.

Мөн хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт: ... тэр хүнд цохиулаад миний 1 шүд тэр дороо унасан. 1 шүд суларч хөдөлснийг авахуулсан гэж / хх 20 / мэдүүлсэн.

Шүүгдэгч О.Д яллагдагчаар мэдүүлэхдээ: ...нөгөө хүн машин руугаа ороод юм хайж байгаад миний шүд уначихлаа. Чамаас шүднийхээ хохирлыг тултал нь гаргуулж авна гээд байсан / хх 07 / гэж мэдүүлжээ.

Дээрх баримтуудаар хохирогч Б.И-ын ...зүүн дээд 4, баруун доод 3 дугаар шүд булгарсан буюу унасан болох нь нотлогдсон байна.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан хэргийн газрын камерын бичлэг бүхий сидиг шинжлэн судалсан бөгөөд дээрх бичлэг нь энгийн нүдээр үзэх боломжтойн гадна шүүгдэгч дээрх бичлэгийг үзээд хохирогчийг цохьсон болохоо хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд өмгөөлөгчийн гаргасан дээрх бичлэгийг удаашруулсан байдлаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн хэлтсээр дахин дүгнэлт гаргуулах хүсэлт үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНЧИМЭГ