| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03364/И |
| Дугаар | 101/ШШ2017/02719 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2017/02719
| 2017 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/02719 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХХКийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ц-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 14,629,264 төгрөг, хүү 2,597,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,542 төгрөг, нийт 17,746,516 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ц нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2054000128 тоот зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Б.Ц нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүний төлөлтийг төлөхгүй 490 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл хүүний төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байна. Зээлдэгч Б.Ц нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 5,370,735 төгрөг, зээлийн хүүд 4,706,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 143,852 төгрөг, нийт 10,220,763 төгрөгийг төлсөн, өөр төлөлт хийгдээгүй өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү төлөхийг шаардуулж байна. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлөлт хийсэн. Б.Ц нь манай Говьсүмбэр аймгийн салбараас зээлийг авсан бөгөөд оршин суух хаягтаа байхгүй байсан, мөн утсаар болон биеэр мэдэгдэл өгч байсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцалсан. Зээлийн гэрээний 2.9-д зааснаар эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн сар бүр нэмэгдүүлсэн хүү тооцсон.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 14,629,264 төгрөг, хүү 2,597,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,542 төгрөг, нийт 17,746,516 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ц шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 14,629,264 төгрөг, хүү 2,597,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,542 төгрөг, нийт 17,746,516 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Цд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр 8 дугаар сарын 11-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болон татгалзаж байгаа эсэх талаарх тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл бий болох хэдий ч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар К болон Б.Ц нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2054000128 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 20,000,000 төгрөгийг, сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл олгогдсон болох нь Цалингийн барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хариуцагч Б.Ц нь үндсэн зээлд 5,370,735 төгрөг, зээлийн хүүд 4,706,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 143,852 төгрөг, нийт 10,220,763 төгрөгийг төлж, уг хугацаанаас хойш төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоор байх бөгөөд зээлдэгч Б.Ц зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээгээ цуцалж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалттай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 14,629,264 төгрөг, хүү 2,597,710 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд дээрх гэрээний 2.9-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу тооцох нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өнгөрсөнөөс хойш хугацаанд буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоосон хариуцлагын хэлбэр бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцож байсан, одоо нэхэмжилж буй нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүд төлсөн 143,852 төгрөгийг болон нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн 519,542 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн хугацаа хэтэрсэн сар бүр нэмэгдүүлсэн хүү тооцож байсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн дээрх заалт, зохицуулалтад нийцэхгүй байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 14,629,264 төгрөг, хүү 2,597,710 төгрөг, нийт 17,226,974 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд төлсөн 143,852 төгрөгийг хасч тооцон 17,083,122 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 663,394 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Цд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр түүний 99124938 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 7/6487 дугаартай албан бичгээр Б.Цы өмчлөлд эд хөрөнгийн бүртгэлийн цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Цаас зээлийн гэрээний үүрэгт 17,083,122 /арван долоон сая наян гурван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 663,394 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Кны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 243,365 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Б.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ