| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/172 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/172
2024 02 19 2024/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Э.Уранчимэг,
шүүгдэгч Ч.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч цагдаагийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч.Б нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Сүхбаатар дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” караокены гадна 2023 оны 03 дугаар сарын 25-ны шөнө Д.Э-той үл ялих зүйлээс болж маргалдан харилцан цохиж Д.Э-н биед нь дагз, зүүн шанаа, хацар, дээд, доод зовхинд цус хуралт, доод баруун 2-р шүдний булгаралт, баруун 1-р шүдний сулрал, буйл, доод уруулын салст цус хуралт, доод уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх хэлтсээрээ “..........” караокед орсон. Тэр өдөр П гэх хүн Солонгосоос ирсэн байсан. Тэр өдөр Д.Э намайг пизда гэсэн. Бид хоёр гараад тамхи татаж байхдаа би “чи бусдынхаа хажууд намайг доош нь хийгээд байж боломгүй байна, би чамаас ах, би Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ахлах байцаагч гэж явж байгаа, бусдадаа буруу үлгэр дуурайлал үзүүлж болмооргүй байна” гээд гадаа ярилцаад зогсож байтал “чамайг чи гэхээр яадаг юм” гэхээр нь “чи ингэж болохгүй, бусад шинэ байцаагч нартаа буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” гэж хэлсэн. Тэгтэл намайг шууд цохиод авсан. Тэгээд үргэлжлүүлээд намайг цохиод байсан, доор ороод хөлөөрөө толгой хавчаад байсан. Би Д.Э-н үйлдлийг таслан зогсоох, өөрийгөө хамгаалах зорилгоор түүний нүүрэнд 2 удаа цохьсон нь үнэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ч.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Прокуророос шүүгдэгч Ч.Б-ыг буруутгах болсон дүгнэлт, саналын үндэслэл болгосон нотлох баримтуудыг шүүх дараах байдлаар няцаан үгүйсгэж байна.
Д.Э-н биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг хохирогч Д.Э, гэрч Б.Х , С.М , Э.Ц нарын мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ....... дугаартай дүгнэлтээр тогтоосон гэж үзжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э-од хууль сануулан хохирогчоор тогтоож удаа дараа мэдүүлэг авахад эрс зөрүүтэй мэдүүлжээ.
Тухайлбал ...Б над руу хандаж “Чи надтай чи гэж харьцдаг. Би чамаас насаар ах “өөрийгөө ахлах албан тушаалтай болсон зэргээр над руу дайраад байсан. Тэгээд Б байж байгаад 20-30 минутын дараагаар гараад ир гэж намайг дуудсан. Б над руу дайрч удаа дараа ингэж байгаа шүү. Аятайхан байгаарай бацаан минь гэх зэргээр над руу уурлаж байсан. Тэгж байгаад надтай зууралдаж аваад нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн миний доод 1 шүд хугарчихсан. Шүд хугарчихлаа гэж хэлээд нүүрээ дарж доошоо суутал толгой руу нилээн хэдэн удаа цохьсон. Би шүдээ дараад толгойгоо хамгаалж суутал дээрээс өшиглөсөн үү, цохьсон уу нилээн олон удаа намайг цохиж зодсон “ / хх 28 /
...Б гараараа нүүр хэсэгт шүдийг цохьсон. Тэгээд би нүүрээ дараад хэвтсэн. Тэгэхэд дээрээс гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн / хх 30 / гэж,
...Би Б-ыг 2-3 удаа л оновчтой цохьсон. Бусдад нь дандаа хий цохих буюу оноогүй. Байна лээ. Б нь намайг өшиглөж цохиж байгаа нь хуулагдаагүй байна лээ. Караокены зөөгч залуу нь ирж салгасан гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ. Хохирогч мэдүүлэгтээ шүүгдэгч түүнийг өшиглөсөн болохыг тодорхой мэдүүлээгүй, өшиглөсөн болох нь бүрэн нотлогдоогүйн гадна шинжээчийн дүгнэлт дүрслэл оношилгооны хариу зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Б уг гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг бус харин хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, шалтгааныг тогтоосон баримт юм.
Гэрч Б.Х нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ / хх 41-42 / “...нэг харахад Ч.Б, Д.Э нар гараад явчихсан байхгүй байсан. Хэсэг хугацааны дараа Ч.Б ах ганцаараа түрүүлж орж ирснээ Д.Э зүгээр зогсож байсан чинь түрүүлээд цохиод авлаа гэж яриад зогсож байтал араас нь Д.Э орж ирээд Ч.Б чинь сая цохиод шүд хөдөлгөөд хаячихлаа, би чамд гомдолтой шүү, би эхнэрийгээ дуудчихсан гэж хэлсэн. ...Д.Э, Ч.Б хоёр нь кароакены үүдэнд гарч бие биенийгээ цохиж зодсон гэдгийг нь өөрсдөөс нь сонсож мэдсэн. Тухайн зодоон болох үед нь хажууд нь байгаагүй учраас хэн хэнийгээ хэрхэн яаж цохиж зодсоныг мэдэхгүй...” гэж,
гэрч С.М нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ / хх 44 / “...би гэртээ харихаар гараад явчихсан. Маргааш Д.Э, Ч.Б хоёрыг зодолдсон гэдгийг сонсож мэдсэн...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг гарахад байгаагүй болох нь тэдгээрийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдсон дээрх мэдүүлгүүд шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлөн өгсөн мэдүүлгийг үгүйсгэж чадахгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан хэргийн газрын бичлэгээр хохирогч Д.Э нь эхэлж шүүгдэгчийг 7-8 удаа цохиж, газар унасан үедээ шүүгдэгчийг цохих, хөлөөрөө ороох зэргээр үйлдэл нь үргэлжилсээр байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон байхад хохирогчийн зүй бус, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын эрүүл мэндэд аюултай аргаар довтлох болсноос үүдэн энэ хэрэг гарсан гэснийг хүлээж авахгүй байх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, өөрөөсөө насаар ах, албан тушаалаар илүү хүний хэлсэн үгийг үл тоон халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон.
Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.
Шүүгдэгч Ч.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх боловч өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн, нийгмийн хор аюул нь үгүйсгэгдэх үйлдэл байх тул гэмт хэрэгт тооцохгүй.
Хохирогч Д.Э-н зүгээс эхлүүлсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийсэн шүүгдэгч Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ч.Б-од Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Б-ыг цагаатгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт баримтаар 582.500 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хохирол төлбөрт 4.500.000 төгрөг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Ч.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
3. Шүүгдэгч Ч.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ