Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/03962

 

 

 

 

 

 

                              2021        12          01

                      101/ШШ2021/03962

           

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “И ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ч

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,007,715.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, С.М, хариуцагч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И ББСБ“ ХК нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр В17019062636 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 2,762,910 /Хоёр сая долоон зуун жаран хоёр мянга есөн зуун арван/ төгрөгийг, сарын 3.9% хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “Сайн Интернэшнл” ХХК-с Samsung S10 plus загварын rap утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь  тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 2,223,300 /Хоёр сая хоёр зуун хорин гурван мянга гурван зуун/ төгрөг төлсөн ба 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.4; 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгууллага ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар cap хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүгийн авлагаас хөнгөлөхөөр ший нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа болно.

Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгчийн,

-       Үндсэн зээлийн үлдэгдэл 1,423,618.90 /Нэг сая дөрвөн зуун хорин гурван мянга зургаан зуун арван найман төгрөг есөн мөнгө/төгрөг

-       Төлөх ёстой хүү 541,875.21 /Таван зуун дөчин нэгэн мянга найман зуун далан таван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг

-       Нэмэгдүүлсэн хүү 33,221.41 /Гучин гурван мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг

-       Нотариатын зардал 9,000 /Есөн мянган/ төгрөг нийт 2,007,715.52 /Хоёр сая долоон мянга долоон зуун арван таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Тиймээс дээрх төлбөр болох нийт 2,007,715.52 /Хоёр сая долоон мянга долоон зуун арван таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мөнхзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2019.6.26-нд хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан. 2,223,300 төгрөг буцаан төлсөн. 2020 оны 7 сарын төлөлт хийгээгүй. 2021.9.25-ны байдлаар үндсэн зээл 1,423,618.90 төгрөг, хүү 541,875.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,221.41 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,007,715.52 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч Д.Ч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашдэлэг овогтой Ч миний бие нь нэхэмжлэгч И ББСБ-аас гаргасан 2,007,715,52 /хоёр сая долоон мянга долоон зуун арван таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэлийг 2021 оны 11-р сарын 14-ны өдөр хүлээн авсан. Дашдэлэг овогтой Ч миний бие нь 2018 оны 06 сарын 26-ны өдөр 2,762,910 /хоёр сая долоон зуун жаран хоёр есөн зуун арван мянган/ төгрөгийн зээлээр Samsung маркийн утас гаргуулж авсан нь үнэн болно. Үүнээс хойш тус утсыг 2018 оны 7-р сарын 04-ны өдөр гээгдүүлсэн. Гэвч тус байгууллагад төлбөрөө төлж явсаар нийт 2,223,300 /хоёр сая хоёр зуун хорин гурван мянга гурван зуун мянган/ төгрөг төлсөн байна. 2020 оны 03 сараас хойш ковидын шалтгаанаас ажилгүй болсон тул 2020 оны 7 сараас хойш төлбөр төлөх боломжгүй болсон. Нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн хүү болох 2,007,715,52 /хоёр сая долоон мянга долоон зуун арван таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг төлөх боломжгүй харин тус байгууллагаас авсан мөнгөн дүнгийн зөрүү болон хүүгийн үлдэгдэл 1,059,000 /нэг сая тавин есөн мянган /төгрөгийг 5 сарын хугацаатай хуваан төлөх болно.

1,060,000 зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчээс 2,762,910 төгрөгийн хэрэглээний зээл авсан. Үүний 12 сарын дүн нь 3,360,000 гаран мянга байсан. Би 2,223,300 төгрөг төлсөн. Ингэхээр зөрүү нь 1,060,000 төгрөг болно. Би гар утсыг аваад 14 хоноод гээгдүүлсэн.  2020 оноос цар тахлаас болоод орлогогүй болсон. 7 сараас төлөөгүй энэ талаар хэлэхэд 1,900,000 төгрөг нэхсэн тул төлөөгүй. Нэхэмжлэгч нь өөрсдийн эрх ашгийг тайлбарлаж байна. Бэлэн мөнгө зээлээгүй гар утас авсан. Утсаа алга болгоход даатгал байх байсан. Гэтэл энэ талаар хэлэхэд төлөх ёстой л гэсэн. Би төлье гэхэд заавал хүү авна гэдэгт гомдолтой байна. Би хэрэглээгүй утсаа алга болсон байхад нэхэж байгаад гомдолтой байна. 1,060,000 өгөхөд нэхэмжлэгч хохиролгүй болно. Би авсан мөнгөнийхөө 90 гаруй хувийг төлсөн байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхжин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 1,060,000 төгрөг зөвшөөрч байгаа үндэслэл нь эргэн төлөлтийн хуваариар ярьж байна. Энэ нь хуваарь зөрчөөгүй бол ийм дүн гарах байсан. Энэ нь 2020 оны 6 сарын тооцоо юм. Гэтэл хүү гэдэг нь зээл ашигласан хугацааны төлбөр юм. Энэ нь зээлийн гэрээний хугацаанд биш ашигласан хугацаанд төлнө. 1 жил 5 сар гаран төлөөгүй. Бид Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны гаргасан журмаар төлөлтийн хугацааг хойшлуулсан. Хуульд зааснаар хугацаа дууссанаар хүү нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,007,715.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Ч нь зээлийн гэрээний дагуу 2,762,910 төгрөг авч, уг мөнгөн хөрөнгөөр гар утас худалдан авсан талаар маргаагүй боловч уг гар утсыг алга болгосон бөгөөд цар тахлын улмаас орлогогүй болсон гэх үндэслэлээр 1,060,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх ёсгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2,762,910 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 7-9 дүгээр тал/

            Зээлийн гэрээг хэрэглээний зээл гэсэн зориулалтаар байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг Самсунг маркийн гар утас худалдан авах зориулалтаар олгосон гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь гэрээ байгуулсан өдөр хариуцагчийн гаргасан хүсэлт, бараа хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байна. /хэргийн 14, 13 дугаар тал/

            Хариуцагч нь дээрх үйл баримтыг зөвшөөрсөн.

 

            Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгөөр авсан гар утсыг алга болгосон гэж тайлбарласан боловч энэ нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Мөн цар тахлын улмаас иргэдийн мөнгөн орлого буурсантай холбогдуулан аливаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх тухай хууль болон журам батлагдаагүй байна.

            Иймд хариуцагчийн тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх буюу хөнгөлөх үндэслэл биш юм.

 

            Зээлийн гэрээгээр сард 3.9 хувийн хүү төлөх бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.78 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэж байна.

 

Улмаар зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцвол:

Хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гар утсыг хүлээн авсан байх тул мөн өдөр зээл олгогдсон гэж үзнэ.

Зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд тооцож гарсан байх тул зээл олгогдсоноос хойш 2 жил 2 сар 29 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

Энэ хугацаанд тооцогдох хүү нь 1 сард 107,753.49 төгрөг, 26 сард 2,801,590.74 төгрөг, 1 хоногт 3,542.58 төгрөг, 29 хоногт 102,734.82 төгрөг, нийт 2,904,325.56 төгрөг тооцогдоно.

Иргэний хуульд зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн тооцох эрхтэй бөгөөд зээлийн гэрээний 3.1.4-т сард 0.78 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан байна.

Зээлийн гэрээний хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэлд тооцсон 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жил, 2 сар, 29 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Энэ хугацаанд тооцогдох нэмэгдүүлсэн хүү нь 1 сард 22,653.74 төгрөг, 14 сард 317,152.36 төгрөг, 1 хоногт 744.78 төгрөг, 29 хоногт 21.598.62 төгрөг, нийт 338,750,98 төгрөг тооцогдоно. Энэхүү нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй.

 

Улмаар хариуцагчид зээлийн гэрээний дагуу үүссэн нийт үүрэг нь 5,903,251.72 /2,762,910+2,904,325.56+338,750.98/ төгрөг юм.

Зохигчид зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нийт 2,223,300 төгрөг төлсөн талаар маргаагүй тул үүссэн үүргээс төлсөн төлбөрийг хасвал 3,679,951.72 төгрөг төлөх үүрэг гүйцэтгэгдээгүй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн В17019062636 дугаар зээлийн гэрээний дагуу нийт 2,007,715.52 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Д.Чгоос 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн В17019062636 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 2,007,715.52 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,074 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД