Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2296

 

МАГАДЛАЛ

 

2018.11.14                                                        Дугаар 2296                                           Улаанбаатар хот

 

 

 

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Б-т холбогдох,

 

Зээлийн гэрэээнүүдийн үлдэгдэл төлбөр 3 680 364 298.60 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: КБ ХХК болон Ж.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 86 тоот зээлийн гэрээ байдаг. Энэхүү зээлийн гэрээний 3.13 дахь хэсэгт “гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээлийн өр төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ, гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж заасан байна. Мөн тухайн гэрээний 3.14 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралтад заасан эргэн төлөлтийн хувиарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс зээлийн үлдэгдлээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлж, хүүг тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж зээлийн гэрээн дээр тодорхой заагаад талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаа нь авсан зээлээ эргүүлэн төлөх хуваарьт гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээнүүдэд тусгайлан зааж өгсөн байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэж авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гээд хуулиар зохицуулсан байна. Ийм болохоор КБ ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн дүн болох 3 680 364 289.62 мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зөв зүйтэй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлдээ 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 автомашин зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байсан. Эдгээр барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг зөвшөөрч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар барьцаалуулагч нь өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Автомашины хувьд Капитал банкны нэр рүү шилжигдээд зээл нэмж авахдаа үүнийг давхар барьцаалж 12 дугаартай зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй учраас 86 болон 12 дугаартай зээлийн гэрээний дагуу хийгдсэн барьцааны гэрээнүүдэд дурдагдсан гэр доторх гэр ахуйн цахилгаан бараа, тавилгыг барьцааны зүйлээс чөлөөлөх үндэслэл болно гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт “дараах нөхцөлд банк зээлийн хүүг өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хураамж, хохирлыг шаардана” гээд тодорхой заасан байгаа. 2016 оны 05 дугаар сараас хойш эргэн төлөлт огт хийгдээгүй явдал нь гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.7, 8.3.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд үүссэн байхад, мөн шүүхэд нэхэмжлэл гаргалгүй бүхэл бүтэн 11 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч тал өөрсдөө зохих ёсоор эрхээ хэрэгжүүлээгүй гэдгийг харуулж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлдэгч хугацаандаа төлөөгүйн төлөө үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө л нэмэгдүүлсэн хүүний асуудал яригдаж байгаа. Иргэний хуульд хүүг багасгах боломжийн талаар заасан байдаг. Нэгэнт банк зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт заасан үүргээ өөрсдөө биелүүлээгүй явдал нь хүүг багасгах боломжийг харуулж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байгаа. Бага хэмжээний мөнгө биш, 2 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байгаа тул маш их хэмжээний хүү төлөх эрсдэлд хүргээд байна. Тухайн үедээ зээлийг эргэн төлөх асуудал хүндрэлтэй болж улс орон даяар эдийн засгийн хямралт байдал үүссэн, энэ хүн байшин барилга барьж зардаг. Гэтэл ямар ч байр зарагдахгүй байдал үүссэнээс асуудал хэцүү байдалд орсон. Энэ талаар хариуцагч өөрөө Капитал банкинд бодит байдлаа хэлж байсан байдаг. Үүнийг эрхэм шүүгч харгалзан үзээд хэтэрсэн хугацааны хүүг бүхэлд нь хасч, нэмэгдүүлсэн хүүг багасган тооцож үзнэ үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-аас зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 3 051 847 401.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 628 516 896.89 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Ү-2206022885 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 байр, 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 байр, 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн 72-58 УНП улсын бүртгэлийн дугаартай, WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, BenzG550 маркийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 559 771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-аас 15 417 187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу зээлийн гэрээнүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх тухай үүргийг тодотгон зааж өгсөн байна. Хариуцагч тал болох Ж.Б-т "Зээлийн гэрээ-ний хугацаа цуцалсан, дуусгавар болсон тухай ямар нэгэн мэдэгдэл, албан бичгээр нэхэмжлэгч талын зүгээс мэдэгдээгүй байх төдийгүй гэрээний талууд 2 удаа гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгө хүлээн авсан эсэх дээр анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсанчлан маргаагүй болно. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн дүнг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 3 680 364 298.60 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 1 500 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн нөхцөл өөрчлөх гэрээгээр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 3 сараар сунгаж, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч Ж.Б нь 500 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр 1,6 жилийн хугацаатай зээлж, энэ гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3 сараар сунгаж, дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлд орон сууц, автомашин барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд талууд зээлийн гэрээнүүдийн дагуу гүйцэтгэх үүрэг буюу төлбөрийн мөнгөн дүнд маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Иймээс хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг дээрх гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг 8 сар буюу 240 хоног хэтрүүлсэн байхад банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгоогүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үеэс эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай...” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Ж.Б нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай. Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хариуцагч Ж.Б зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх буюу шүүх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч буруутай гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг зөвтгөх боломжтой юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын      24-ний өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-аас 3 680 364 298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...15 417 187 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...18 559 771 төгрөгийг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3 300 534 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

 

                                             ШҮҮГЧИД                                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                               М.НАРАНЦЭЦЭГ