Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/180

 

      2021           2              18                                           2021/ДШМ/0180                           

 

 

     М.Дд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Дд холбогдох эрүүгийн 2006000002711 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Б овгийн М-ын Д, Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухааны их сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн 5 дугаар курсийн оюутан, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,

 

          Шүүгдэгч М.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн автобусны буудлын урд талд байрлах Хаан банкны АТМ-ын хажууд Ц.Дын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, М.Дыг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Д давж заалдах гомдолдоо: “... аав маань 2010 онд автомашины осолд орсны улмаас тархи, нурууны хүнд гэмтэлтэйгээр 70 хувиар 5 жилийн хугацаанд группд байсан. Миний бие Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 5 дугаар курсын оюутан бөгөөд эхнэр А.Стай 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэр бүл болсон. Миний эхнэр 1 жилийн өмнө 5 сартай жирэмсэн байх үедээ өсөлтгүй ураг тээж эмнэлгийн журмаар ургийн өсөлтийг зогсоосон. Одоо миний эхнэр 2 сартай жирэмсэн, ганцаараа үлдсэн. Миний гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэмтэл учруулсандаа маш их харамсан гэмшиж байна. Хохирогч болон түүний гэр бүлээс чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Цаашид сургуулиа төгсөн мэргэжлээ эзэмшиж, хөдөлмөр эрхлэн гэр бүлийнхэнтэйгээ амьдрах боломжийг олгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

 

Тухайн хэрэг гарсан газрын буюу банкны талд байрлах камерын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүрс бичлэгийг мөрдөгч бэхжүүлэн авч, хэрэгт хавсаргаагүй нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Шинжээч эмч нь “Травма мед” эмнэлгийн дүгнэлтэд тулгуурлаж дүгнэлт гаргасан гэдгээ дүгнэлтдээ бичихээс гадна шүүх хуралдаан дээр энэ талаараа мэдүүлсэн ба гэмтэл авсан цаг хугацааг огт тодорхойлоогүй нь уг гэмтлийг хэзээ ч авсан юм билээ гэх эргэлзээг мөн төрүүлж байна.

 

Ц.Д нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд зодуулсан гэх 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “эмнэлэгт үзүүлээгүй, шүүх эмнэлэгт үзүүлмээр байна”, “зүүн нүд хавдаад, хамрын хэсэг тэр чигээрээ хөхрөөд, толгой өвдөөд байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэсэн нь цагдаа руу очихдоо өөрт нь учирсан гэмтлийн талаар огт мэдээгүй байсан үг. Тэгэхээр мөн өдрөөр огноолсон Травма мед эмнэлгийн дүгнэлтийг хэзээ, яаж гаргуулсан болох нь тодорхойгүйгээс гадна хуулийн шаардлага хангахгүй байдлаар хэрэгт хавсаргагдсан уг баримтыг үндэслэн шинжээч эмч дүгнэлт гаргасан байна.

 

Ц.Д нь “манай найз Ө ... үсээ дээрээ боочихсон, цагаан өнгийн футболктой залуутай маргалдаад зогсож байсан. ... тэр залуу цохисон” хэмээн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн. Гэвч энэ дүрслэл нь М.Дын гадаад байдалтай огт тохирохгүй байх бөгөөд өөрийнх нь мэдүүлгээр өөрийг нь яллаж байгаа явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

 

Шийтгэх тогтоолд “... оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг нь огт тайлбарлаж өгөөгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл ... өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэсэн эрхийг нь эдлүүлээгүй зэрэг зөрчил байхад ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд АТМ руу орж ирж байгаа дүрс бичлэгийг нь үзүүлээд “чи энэ мөн биздээ”, “хүн зодсон тухайгаа ярь” гэж байгаад М.Даас гэрчийн мэдүүлэг авсан талаар тэрээр шүүх хуралдаан дээр мэдүүлсэн.

 

Хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан бөгөөд М.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна. Ц.Д нь “гомдол саналгүй, 480,000 төгрөг хүлээн авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ бичиж өгсөн ба шүүхэд мөн энэ талаараа мэдэгдсэн. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан нь гэрч Б.Өын “... АТМ-д байсан хүнийг өшиглөж, түүнчлэн өөрт нь шаардлага тавьсан М.Дыг цохиж гэмтээгээгүй бол маргаан үүсэхгүй байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Зүүн тал руу нэг удаа цохисон гэдгээ хүлээсэн ба мөнгө шилжүүлэхдээ “уучлаарай” хэмээн бичсэн байгаа.

 

Иймд бусдыг цохисон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл болон төгсөх ангид суралцаж байгаа, 3 сарын өмнө хуримаа хийсэн, эхнэр нь бие давхар зэрэг байдлыг харгалзан үзэж М.Дд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.Д нь хохирогч Ц.Дын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа мөрдөн байцаалтын эхнээс хүлээн зөвшөөрч гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Ц.Д нь гомдолгүй болохоо илэрхийлсэн байх /хх 53/ бөгөөд шүүгдэгч М.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ эхнээс нь үнэн зөв мэдүүлсэн зэрэг ял оногдуулахад зайлшгүй харгалзан үзвэл зохих, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан байна гэж үзэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих болон торгох ялыг сонгон хэрэглэх боломжтой байх ба дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох талаар мөн шийтгэх тогтоолд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв” гэж тодорхойлсноор бүрэн нотлогдож байна. Мөн тогтоолд “хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтээ бичгээр өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв” гэж дүгнэсэн байна.

 

Шүүгдэгч М.Д нь хувийн байдлын хувьд 2020 оны 9 дүгээр сард хэрэгт холбогдох үедээ өөрийн гэргий Анхбаярын С /РД:АЮ97062823/-тай хуримаа хийсэн, эхнэр А.С нь одоо 3 сартай жирэмсэн оюутан бүсгүй байгаа ба өөрөө Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тавдугаар курсын оюутан бөгөөд энэ хавар төгсөж өөрийн мэргэжлээрээ ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, үйлдсэн хэргээ чин сэтгэлээсээ хүлээн гэмшиж, харамсаж байгаа, цаашид дахин гэмт хэрэг зөрчилд оролцохгүй байх ёс суртахуун болон аж байдал, мэргэжил, мэдлэгийн бүрэн боломж чадвартай жирийн нэг иргэн байна.

 

Хэдийгээр хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгэл хүлээх нь гарцаагүй боловч дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан торгох ялыг сонгон хэрэглэх боломжтой байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж, энэхүү хүсэлт гомдлыг давж заалдах журмаар гаргаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгох ялыг биелүүлэх боломжит хугацаа тогтоож үүрэг хүлээлгэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж өгнө үү.” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн автобусны буудлын урд талд байрлах Хаан банкны АТМ-ын хажууд Ц.Дын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Дын “... 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 04 цаг 13 минутад мөнгөө аваад гадаа гараад ирэхэд манай найз Б.Ө үл таних 20-25 насны туранхай, 170 орчим см-ийн өндөртэй, бор царайтай, үсээ дээрээ боочихсон, цагаан өнгийн футболк өмссөн залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь “боль” гээд дундуур нь ортол үл таних залуу хамар хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон. Би газар тонгойсон чинь хамраас цус гараад нүд хавдаад эхэлсэн. Тэр залуу зугтаагаад яваад өгсөн. Гайгүй байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй байсан чинь зүүн нүд рүү хавдаад, хамрын хэсэг тэр чигээрээ хөхрөөд, толгой өвдөөд байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” /хх 6-10/,

 

гэрч Б.Өын “... Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлын орчимд Хаан банк руу ороход хогийн уут барьсан өвөөгөөс өмхий үнэртээд байхаар нь би орох үедээ “чи гараач дээ” гэж хэлээд өвдөг хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө түлхсэн. Гарах үедээ би тэр өвгөний хөлийг нь дахин түлхтэл тус бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан үл таних хүн намайг “чи болиоч, наад хүн чинь ядарсан настай хүн байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр залууд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд тэр залуу надад “ууж идсэн юмаа зөв шингээгээч” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэр үед манай найз Ц.Д нь бид хоёрыг салгаад банкнаас гарсан. Тэр залуу бид хоёрыг маргалдаж байхад манай найз Ц.Д салгах гэж оролдсон бөгөөд тухайн үед Дыг тэр үл таних залуу нэг удаа цохисон. Тэгээд би тэр залуутай барьцалдаж аваад маргалдаж байгаад салаад явсан” /хх 13-14/,

 

М.Дын яллагдагчаар өгсөн “... тэр хоёр үл таних залуугийн нэг нь нөгөө ядарсан өвгөнийг өшиглөөд байсан. Тэгээд би гарах үедээ “чи болиоч” гэж хэлэхэд тэр залуу миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж надаас хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд би тэр залуутай маргалдсан. Тэгээд би анх надтай муудалцаж байсан буюу АТМ-ын дотор өвгөнийг өшиглөөд байсан залууг баруун гараараа нүүр хэсэгт нь алгаараа түлхсэн. Тэгтэл жижиг туранхай нь миний толгойн орой дух хэсэгт гараараа цохисон. Тухайн үед миний духнаас их хэмжээний цус гоожсон, тэгээд би зөрүүлээд Д гэх залуугийн зүүн нүдний доод хэсэгт нь өөрийн баруун гараараа нэг удаа цохисон. Мөн над руу нөгөө жижиг залуу нь дайраад ирэхээр нь би тэр залуугийн шилэн хүзүүнээс дарж байгаад зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би маргалдаж байгаад тэр залуугаас салаад гэртээ харьсан” /хх 38-39/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 11127 дугаартай шинжээчийн “Ц.Дын биед дух ясны далд хугарал, хамар яс, баруун, зүүн нүдний ухархайн дотор ирмэг, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны урд ханын далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн /хх 18-19/ дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байх ба шүүгдэгч М.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.Дын иргэн Ц.Дын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дух ясны далд хугарал, хамар яс, баруун, зүүн нүдний ухархайн дотор ирмэг, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны урд ханын далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар “... анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” заасан байх бөгөөд шүүгдэгч М.Д нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 5 дугаар курсийн оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, оногдуулах торгуулийн ялыг төлж чадах эсэх нь тогтоогдохгүй байх тул М.Д болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан, хохирогчийг гомдол, саналгүй болгосон зэрэг нь давж заалдах журмаар гаргасан гомдол болон түүнд хавсаргасан бэлэн мөнгө тушаасан баримт, хохирогчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул эдгээр байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан гурван жилийн хорих ялыг ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр буюу нэг жилийн хорих болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын:

 

 -тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

 

                                    ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ