| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0232/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/561 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/561
2024 05 31 2024/ШЦТ/561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Б нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “...................” ХХК-д нягтлан бодогчоор ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр компаниас түүнд хүлээлгэн өгсөн кассын бэлэн мөнгөнөөс “бусдад төлөх зээлийн төлбөрт зориулан” 1.400.000 төгрөгийг хувьдаа завшсаны улмаас “...................” ХХК-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, мөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...................” цамхгийн ...... давхарт ..... тоот “...................” .....оффист нягтлан бодогчоор ажиллаж байхдаа байгууллагын данснаас итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 22.000.000 төгрөг өөрийн данс руу шилжүүлэн завшсан, мөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “...................” .....гүйцэтгэх захирал Т.Э-аас “дансандаа мөнгө байршуулаад маргааш буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...................” ажлаасаа гарч явж байхад нь шилжүүлэн авсан, үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.........” ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөг залилан авч нийт 30.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “...................” ХХК-д нягтлан бодогчоор ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр компаниас түүнд хүлээлгэн өгсөн кассын бэлэн мөнгөнөөс “бусдад төлөх зээлийн төлбөрт зориулан” 1.400.000 төгрөгийг хувьдаа завшсаны улмаас “...................” ХХК-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, мөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...................” цамхгийн ....... давхарт ...... тоот “...................” ..... оффист нягтлан бодогчоор ажиллаж байхдаа байгууллагын данснаас итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 22.000.000 төгрөг өөрийн данс руу шилжүүлэн завшсан, мөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “...................” .....гүйцэтгэх захирал Т.Э-аас “дансандаа мөнгө байршуулаад маргааш буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...................” ажлаасаа гарч явж байхад нь шилжүүлэн авсан, үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.........” ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөг залилан авч нийт 30.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч ““...................” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ын / хх 6-7 /: “...Миний бие “...................” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүний нөөцөөр ажиллаж байна. Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай компанийн хуучин нягтлан бодогч халагдах өргөдлөө өгсөн учраас манай компани сонгон шалгаруулалт зарлаж 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.Б гэх хүнтэй уулзаж ажилд авахаар болж 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажлыг нь хүлээлгэн өгсөн. 2023 оны 08 дугаар сарын 24-ний 18 цагийн үед орой ажил тараад явж байхад Б.Б эгч ..... дугаараас залгаж “нэг сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” гэж асуухаар нь би “зээлэх боломжгүй” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өглөө ажилдаа ирэхэд зөвхөн надаас биш өөр хүнээс мөн мөнгө асуусан байсан. Захирал Ц.Х нь шинээр ажилд орсон Б.Б нь хүмүүсээс мөнгө асуусан учраас өчигдөр хүлээлцсэн кассыг өглөө дахин хүлээлцэж тоолохыг шаардсан. Иймд ажлаа хүлээлгэн өгч байсан нягтлан М.Н касс тоолоход 1.400.000 төгрөг дутчихсан байсан. Энэ талаар М.Н нь хамгийн түрүүнд надад хэлсэн учраас би Б.Б-тэй уулзаж “та авсан юм уу?” гэж асуухад компанийн кассаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Компанийн хуучин нягтлан бодогч М.Н нь ажлаа хүлээлцэж өгч байсан бөгөөд ажил хүлээлцэхэд ойролцоогоор 10 орчим хоног болох ёстой байсан учраас өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нягтлан бодогч М.Н , Б.Б нар нь хамт ажиллаж байсан. Манай компани орой ажил тарахад тооллого хийдэг бөгөөд өчигдөр компанийн кассанд хэдэн төгрөг байсныг М.Н Б.Б нар нь мэднэ...” гэх мэдүүлэг, Б.Б-ийн ажлын тушаал, анкет, байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээ / хх 13, 21-22, 26-35 /, Б.Б-т нийт кассын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт / хх 23-25 /,
Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн / хх 41-42 /: “...Миний бие “.......” ХХК-д ажилд орох хүсэлтээ өгөөд туршилтын хугацаандаа явж байхад миний өр зээлтэй хүн өрөө нэхээд байхаар нь “.......” ХХК-ийн бэлэн мөнгөний касснаас 1.400.000 төгрөг аваад өгчихсөн. Би бэлэн мөнгөний кассанд буцаагаад мөнгийг нь хийчихнэ л гэж бодож байсан. Би тухайн өдрөө Т.Ц-оос 1.000.000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлчих гэж асуусан нь бэлэн мөнгөний кассанд мөнгө буцаан хийх гээд асуусан боловч надад мөнгө зээлээгүй. Маргааш өглөө нь ажил дээр очиход касснаас 1.400.000 төгрөг дутсаныг хүмүүс мэдчихсэн байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч “...................” .....итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын / хх 141-142 /: “...Манай байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нягтлан бодогчоор орсон Б.Б нь өөрт нь хариуцуулсан санхүүгийн эрх мэдлийг ашиглан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нийт 5 удаагийн гүйлгээгээр 22.000.000 төгрөг өөрийн Голомт банкны ....... тоот төгрөгийн данс руу шилжүүлэн манай байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан. Мөн Б.Б нь манай байгууллагад хулгай хийх зорилготойгоор орж байж болзошгүй бөгөөд манай байгууллагын захирал Т.Э-аас 2.000.000 төгрөгийг, манай толгой компани болох “.........” ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүүхдийн сургалтын төлбөр гэж 5.000.000 төгрөгийг зээлэн авсан бөгөөд бусад ажилчдаас мөн мөнгө зээлэх тухай олон санал тавьсан зэрэг нь нэг cap ч болоогүй туршилтын хугацаанд ажиллахдаа нийт 29.000.000 төгрөгийн хохирол учруулсныг энэ оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын дансны хуулгыг шалгахад 5 удаагийн гүйлгээгээр Б.Б өөр лүүгээ мөнгө шилжүүлсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,
“...................” ТББ-н Б.Б-тэй байгуулсан туршилтын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын гэрээ, ажил олгогчийн анкет / хх 85-94 /, “...................” ТББ-н дансны хуулга / хх 103-107 /, “.........” ХХК-ийн дансны хуулга / хх 79 /, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 113-119 /,
Хохирогч Т.Э-ын / хх 146-147 /: “...надад худлаа хэлж хүүхдээ гадагшаа сургуульд явуулах гэж байгаа ажлын газрын тодорхойлолт гэх зэргийг хүссэн тэрийг нь биелүүлж өгсөн. Дараа нь байгууллагаас түр 5.000.000 төгрөгийг дансандаа байршуулаад маргааш өгч болох уу захирлаа гэж хэлсэн. Би үгүй гэдгийг хэлсэн. Тэгээд өөрийн дансанд байсан 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ....... дугаарын данснаас Б.Б-ийн Голомт банкны ....... дугаарын данс руу ажлаасаа гарч явж байхдаа 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Цалингийн зээл авсан мөнгө байсан. Тэгээд товлосон өдрөө мөнгөө өгөхгүй болохоор нь гайхаад өглөө холбогдоход ийм асуудал үүссэн байсан. ...Нийт 2.000.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг, Т.Э-ын дансны хуулга / хх 102 /,
Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг / хх 165-166 /: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Б.Б-н гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, хохирогч нараас албан ажлын шаардлагын дагуу түүнд эд хөрөнгийг шилжүүлж өгсөн болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, шүүгдэгч нь эд хөрөнгийг дур мэдэн өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон, хууль бус захиран зарцуулалт хийсэн, мөн хохирогч Т.Э нь шүүгдэгчийн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчоос худал хэлж мөнгө авснаа мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ дансны хуулгаар тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлүүд нь буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй болсон зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчид мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 3000 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан дээрх торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.
Шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч “...................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-ээс “...Б.Б нь 1.400.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул цаашид гомдол саналгүй...” гэх хүсэлтийг, хохирогч “...................” .....итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-аас “...Б.Б нь нийт 29.000.000 төгрөгийг бүрэн төлсөн, ...өөр гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Б-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн, “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ