Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/00740

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ЭХХК -д холбогдох

 

Гэрээт хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн хохиролд 65,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, харуул хамгаалалтын ажлын үлдэгдэл хөлс 12,195,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гэрч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ӨХХК нь Э ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, уг гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу манай компанийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг харж хамгаалах хулгай болон хууль бус болзошгүй үйлдлээс сэргийлэх зорилго бүхий гэрээг байгуулсан болно. Гэтэл хариуцагч компани нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн болно. Тухайлбал манай компанийн барилгад байгаа барилга буюу харуул хамгаалалтын объект болох Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар паласын зүүн талд баригдаж байгаа 16 давхар 107 айлын орон сууцны барилгын жижүүрийн өрөөнд байсан манай компанийн хөдлөх хөрөнгө болох бараа материал 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдрийг шилжих шөнө хулгайд алдагдаж манай компанид 15,064,499 төгрөгийн хохирол учирсан болно. Тус алдагдсан материал нь БНХАУ-аас авч ирээд удаагүй, барилгад яаралтай хэрэглэх сантехникийн материалууд байсан. Ийнхүү материал алдагдсанаар 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улсын комисс ажиллахаар байсан боловч тус материал алдагдсан сангийн материалуудыг дахин худалдан авч мөн 15,000,000 төгрөгийн хохирол нийт 30,000,000 төгрөгийн хохирол учирсан болно. Энэ бол харуул хамгаалалтын компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэнээс болж барилгын материал хулгайд алдагдсанаас манайх хохирсон болно. Иймд манай компани харуул хамгаалалтын компаниас дээрх хохирлоо нэхэмжлэх эрхтэй тул ийнхүү хохиролоо шаардаж байна. Мөн тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж харуул хамгаалалтын объектоо тогтмол эргэж тойрох, бүрэн бүтнийг нь шалгах үүргээ зөрчсөний улмаас 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр барилгын гражид компанийн ажилтан тогонд цохиулсан байдалтайгаар нас барсан байсан бөгөөд маргааш өдрийн орой нь талийгаачийн ар гэрийхэн барилга дээр ирж мэдсэн. Харамсалтай нь хэдийгээр талийгаачийн өөрийнх нь болгоомжгүй байдлаас болсон ч хяналтын камераас үзэхэд харуул хамгаалалт, манаачаас тогонд цохиулсан хүнийг аврах, эмнэлэгийн яаралтай анхан шатны тусламж үзүүлэх бүрэн боломжтой байсан боловч харуул тухайн газраа эргэж тойрох үүргээ зөрчсөний улмаас харамсалтайгаар хүний алтан амь нас үрэгдсэн болно. Манай компанийн зүгээс энэ явдалд ар гэрийнхнээс нь уучлалт гуйж хоёр өрөө байрыг бид 100 хувь гаргаж өгсөн болно. Энэ нөхцөл байдал эцэстээ харуул хамгаалалтын компанийн буруутай эс үйлдэхүйгээс болсон болно. Иймд манай компанийн хувьд харуул хамгаалалтын компаний ажлаа хангалгүй биелүүлсэнээс болж дээрх хохиролууд гарсан тул хохирлыг талууд тэгш хувааж төлөх нь шударга болно. Харин бидний хувьд хоёр өрөө байр хохирогчийн ар гэрийнхэнд өгсөн бөгөөд хүний амь нас эрсдэхэд Э ХХК-ийн үндсэн үүргээ зөрчсөний улмаас гарсан тул хоёр өрөө байрны тал хувийг хариуцах шаардлагатай. Хоёр өрөө орон сууц нь 70,000,000 төгрөг бөгөөд тал хувь нь 35,000,000 төгрөг болно. Иймд гэрээний үүргээ зөрчсөн Э ХХК-иас хохирогчийн ар гэрт өгсөн орон сууцны тал хувь 35,000,000 төгрөг, хулгайд алдагдсан материалын үнэ 30,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Э ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн хохирол 65,000,000 төгрөг нэхэмжилсэн ӨХХК-ийн нэхэмжлэл огт үндэслэлгүй. Манай Э ХХК нь тус компанитай хамтран ажиллаад харуул хамгаалалтаар хангаж үйлчилгээ үзүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны ажлын хөлсөө аваагүй хохирч, тус хөлсийг нэхэмжилж Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ 2018 онд 2 удаа гаргасан боловч бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаасан. Ингээд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаад дахиад өгөх гэж байтал манай компанид холбогдуулан манай ажил үүрэгт хамааралгүй хулгайн хэрэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа алдагдсаны улмаас хүн нас барсан хэрэгт хамааруулан хохирол нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй бөгөөд өөрсдөөсөө шалтгаалсан буруутай үйлдэл болон зохиомол хулгайн хэрэгт сэрдэж үлдэгдэл хөлс төлөхөөс зайлсхийж хамтын гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал ӨХХК нь манай компанид өгөх ажлын хөлсөө өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 21-нээс 22-ны шөнө жижүүрийн өрөөнд байсан бараа материал алдагдсан гэх боловч тухайн үед хаалга цоожтой  хамгаалалттай байхад алдсан нь үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаар шалгуулахад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2906 дугаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын тогтоолоор Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Иймд тус нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хариуцагч ӨХХК-ийн хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, УБ паласын дэргэдэх 12 давхар объектыг харуул хамгаалалтаар хангахаар 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 15/002 дугаартай Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 3 пост нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй гаргаж сарын хөлс 4,500,000 төгрөгөөр тооцохоор тохирсон. Тус гэрээний 3.2-т заасны дагуу гэрээ тус хугацаагаар сунгагдаж гэрээний аль нэг тал гэрээг цуцлах тухай саналыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ирүүлээгүй тул талуудын байгуулсан гэрээний дагуу ажиллаж байсан. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 20-ноос 2016 оны 01 сар хүртэлх 9 сарын хугацаанд 3 постоор ажиллуулж, нэг сарын 4,500,000 төгрөгөөр тооцон 2015 оны 9 сар ажиллаж нийт ажлын хөлс 38,400,000 төгрөг болсон үүнээс манайд 29,205,000 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны үлдэгдэл хөлс 9,195,000 төгрөг, 2016 оны 01 сараас 12 сар хүртэл нийт 12 сарын 2 постоор ажиллаж, ажилласан хөлс 37,600,000 төгрөг болсон үүнээс 30,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны үлдэгдэл хөлс 7,600,000 төгрөг, 2017 оны 01-08 сар хүртэл 2 постоор ажиллаж, 8 сарын хөлс 24,500,000 төгрөг болсон үүнээс манайд 14,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны үлдэгдэл хөлс 10,400,000 төгрөг тус тус төлөөгүй. Иймд нийт үлдэгдэл хөлс 27,195,000 төгрөг болсноос 15,000,000 төгрөгт граж тооцон авсан боловч үлдэгдэл хөлс 12,195,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг үндэслэн ӨХХК-ийн дээрх объектыг харуул хамгаалалтын үйлчилгээгээр хангасан үлдэгдэл хөлс 12,195,000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Э ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ӨХХК-иас 12,195,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь харуул хамгаалалтын гэрээний үлдэгдэл хөлс гэжээ. Манай компанийн хувьд гэрээний үлдэгдэл төлбөр байхгүй бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөний улмаас үйлчлүүлэгч манай компанийн хувьд 65,000,000 төгрөгийн бодит хохирол гарсан болно. Иймд бид Э ХХК-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй бөгөөд харин гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй тул хохирлоо шаардсан болно. Э ХХК-ийн гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ӨХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол хулгайд алдсан барилгын материалын үнэ, барилгын материал дахин худалдан авсан үнийн хамт 30,000,000 төгрөг, барилгын талбайд хүн нас барсны улмаас талийгаачийн ар гэрт авч өгсөн 2 өрөө орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийн 50 хувь буюу 35,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч ӨХХК-д холбогдуулан гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,195,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн талаар;

Зохигч талууд 2015 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Э ХХК-ийн Э Секурс гэрээт харуул хамгаалалтын алба нь ӨХХК-ийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө үйлдвэрийн тоног төхөөрөмж эд хөрөнгийг харж хамгаалах хулгай болон хууль бус болзошгүй үйлдлээс сэргийлэх, харуул хамгаалалтыг зохион байгуулан ажиллах, харуул хамгаалалтын зардал төлөх журмыг талууд гэрээгээр тохиролцож, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай гэрээ байгуулжээ. /хх 6-8 тал/

Нэхэмжлэгч тал уг гэрээний 2.1-т зааснаар компанийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, барилгын эд хөрөнгийг харж хамгаалах, хулгай болон хууль бус болзошгүй аюулаас сэргийлэх үүргээ хариуцагч тал зөрчсөний улмаас барилгын материал хулгайд алдагдаж компанид 15,064,499 төгрөгийн хохирол учирсныг дахин 15,0 сая төгрөгөөр худалдан авч 30,0 сая төгрөгийн хохирол учирсан, мөн харуул хамгаалалтын ажилчид ажлаа хүлээлцэхдээ обьектоо хүлээлгэн өгч, бүрэн бүтэн байдлыг шалгаагүй улмаас 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр барилгын авто зогсоолд барилгын туслах ажилтан Ойдовжунай тогонд цохиулан нас барсны улмаас хохирогчийн ар гэрт компанийн зүгээс 2 өрөө орон сууцыг 70,0 сая төгрөгөөр худалдан авч өгсөн тул орон сууцны үнийн 50 хувь буюу 35,0 сая төгрөг, нийт 65,0 сая төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

Хариуцагч тал барилгын талбайд хулгайн хэрэг гарсан нь тогтоогдоогүй, хүн нас барсны улмаас хохирогчийн ар гэрт өгсөн орон сууцны үнийг манай компани хариуцан төлөх үндэслэл байхгүй гэж маргажээ.

Талуудын байгуулсан Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

1. Хулгайд алдагдсан барилгын материалын үнэ, түүнийг дахин худалдан авсан үнэ нийт 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа барилгын дотроос сантехникийн эд зүйлүүд алдагдсан гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгасан материалыг хянахад Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоол гарсан байна. /хх-43 тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цагдаагийн байгууллага уг хулгайн хэргийн эзэн холбогдогч нь олдоогүй тул хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлаж, ӨХХК-ийн барилгын даамал ажилтай, Г.Б гэрчийн мэдүүлэг өгч, сантехникийн материалыг хулгайд алдсан талаар мэдүүлж байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь прокурорын тогтоолоор үгүйсгэгдэж байгаа ба ӨХХК-ийн зүгээс прокурорын тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна. /хх-78-81 тал/

Иймээс цагдаагийн байгууллага зохих журмын дагуу шалгаж хулгайн гэмт хэрэг гарсан гэдэг нь тогтоогдоогүй байхад хулгайд алдсан барилгын материалын үнэ, түүнийг дахин худалдан авсан үнэд нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Барилгын талбайд хүн нас барсны улмаас талийгаачийн ар гэрт авч өгсөн 2 өрөө орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийн 50 хувь буюу 35,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;

ӨХХК-ийн барьж байсан гэх Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, УБ паласийн хажууд шинээр баригдаж байгаа барилгад 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр барилгын авто зогсоолд барилгын туслах ажилтан цахилгаанд цохиулсны улмаас ам нас хохирсон хэргийг шалгасан материал, нас барсны гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, иргэний бичиг баримтын хуулбар, лавлагаа зэрэг нас барсан этгээдтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй, амь нас хохирсон иргэний овог, нэрийг мэдэхгүй, нэрийг Ё, О гэж зөрүүтэй тайлбарлаж, нэхэмжлэгч талын өгсөн мэдээллийн хэмжээнд шүүгчийн захирамжаар талийгаачийн амь нас хохирсон талаар шалгасан материалыг харъяа цагдаагийн байгууллагаас шаардахад түүнтэй холбоотой хэрэг бүртгэгдэн шалгагдаагүй гэсэн хариу ирсэн боловч талууд барилгын талбайд цахилгаанд цохиулсны улмаас хүн нас барсан талаар маргаагүй, амь нас хохирсон ажилтны цахилгаанд цохиулж байгаа камерийн бичлэгийг нотлох баримтаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд Тийн О, Д-ын М нарын гэрлэлтийн баталгааг эх хувиар шинжлэн судлуулж уг баримтыг үндэслэн амь нас хохирсон ажилтныг Тэрбишийн Огэж тайлбарлаж, Ойдовжунайгийн эхнэр Далхжавын Мт 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж тайлбарлаж, хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээний хуулбар, улсын бүртгэлийн Мэдүүлгийн буцах хуудас зэргээр нотлогдоно гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч талууд гэрээ дуусгавар болгох цуцлах санал гаргаагүй тул уг гэрээний гуравдугаар зүйлийн 2-т заасны дагуу гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэж, гэрээ дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлэх хүртэл гэрээний талууд гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, ӨХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Э ХХК-д хүргүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөр гэрээг дуусгавар болгох мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Барилгын ажил дуусаж улсын комисст хүлээлгэж өгөх болсонтой холбогдуулан 2017 оны хавар 2 байгууллага хурал хийж, орон сууцны барилгын орц хаалганы түлхүүр, хяналтын камерын хянах дэлгэц зэргийг нэхэмжлэгч ӨХХК өөрсдийн мэдэлд авч хариуцагч Э ХХК гадна талбайн харуул хамгаалалтыг хариуцаж байсан гэж гэрч Г.Б, А.Б нар мэдүүлж байгаа боловч цаг хугацааны хувьд уг хурал болсон хугацааг тодорхой мэдэхгүй, өөр өөр цаг хугацаагаар гэрчилж байгаа ба ийнхүү хуралдсан талаар хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр, заавар зөвлөмж, ажил үүрэг хуваарилсан талаар болон гэрээ дүгнэсэн талаар бичгийн баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч ӨХХК-ийн барилгын ажил гүйцэтгэж байсан туслах ажилтан Т.Огийн амь нас хохирсонд хариуцагч Э ХХК-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн гэрээ цуцлах мэдэгдлээс үзэхэд гэрээний үүргийн зөрчилтэй холбоогүй, барилга бүрэн ашиглалтанд орох болсонтой холбоотойгоор гэрээний харилцааг дуусгавар болгох буюу гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгч ӨХХК нь гаргасан байна гэж үзлээ.

Иймд талийгаачийн ар гэрт олгосон гэх 2 өрөө орон сууцны үнийн 50 хувийг хариуцагч Э ХХК хариуцан төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар;

Хариуцагч Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2015, 2016 онууд, 2017 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл нийт ажлын хөлс 27,195,000 төгрөг болсноос 15,000,000 төгрөгт авто зогсоол тооцож өгснийг хасч, үлдэх 12,195,000 төгрөгийг ӨХХК-иас нэхэмжилсэн ба сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцооны үлдэгдэлгүй гэж маргажээ.

 

Э ХХК нь харуул хамгаалалтын ажлын хөлсийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар шаардах эрхтэй боловч талууд 2015 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-гээ дүгнээгүй, он онд үүсч байсан тооцооны үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүй, 2015, 2016, 2017 онуудад тооцооны үлдэгдэлтэй, авлагатай талаар тухайн байгууллагын санхүүгийн тайланд тусгагдсан баримт авагдаагүй тул төлбөрийн үлдэгдэл нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч ӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар нь үндэслэлгүй байгааг дурьдав.

Иймд хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 65,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч ӨХХК-д холбогдуулан Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 12,195,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ӨХХК-ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч ӨХХК-иас 12,195,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч талын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн сиди-1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/00698 дугаартай захирамжийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” заалт нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ЦЭРЭНДУЛАМ