Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,    

улсын яллагч Б.Тогтох, 

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** холбогдох, эрүүгийн 2410005930795 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “*** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***ыг “архи уусангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, 1 шүдний паалангийн эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2410005930795 дугаартай хэргээс:

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

3. Хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

4. Хохирогч ***ын дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1642 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

6. Шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

7. Хохирогч ***ын сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,  

8. Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 46-58, 65-70 дугаар хуудас/,

11. Хохирогч ***аас гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

12. Хохирогч ***ын Эрүүл мэндийн даатгалын сангаас 168,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан мэдээлэл /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *** нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “*** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***ыг “архи уусангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, 1 шүдний паалангийн эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийны тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, 1 шүдний паалангийн эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***гийн гэмт үйлдлийн улмаас үүссэн ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Хохирогч ***, шүүгдэгч *** нар нь хамтран амьдрагч байсан тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасанд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний бие махбодод халдсан үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдохоор хуульчилсан. 

 

Прокуророос шүүгдэгч ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэрээр уг гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь баримтаар тогтоогджээ.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч ***гийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд, шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч *** нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хамтран амьдрагч ***д ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргаж илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул ***ын уг эрхийг хангах үүднээс цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэхтэй холбоотой, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг түүнд нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Мөн хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 168,000 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан боловч уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээдийг тогтоогоогүй хэргийг шүүхэд ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч *** нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 168,000 /нэг зуун жаран найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, улсын яллагчаас энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, мөн хохирогч *** нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн ***гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

   7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДАВААДОРЖ