Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/224

 

     2021           3              4                              2021/ДШМ/0224                               

 

 

     Д.Х, Д.Д, Ж.У,

Д.Б нарт холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг,

шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ц.Батзаяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2021 оны 1 дүгэр сарын 18-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Х, Д.Д, Ж.У, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1902007630171 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Ц овгийн Д-ийн Х,

 

          Ж овгийн Д-ы Д,

 

          Б овгийн Ж-ы У,

 

          М овгийн Д-ын Б,

 

          Шүүгдэгч Д.Х нь Нийслэлийн Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “албан тушаалтан, өөрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.”, 17.4 дэх хэсэгт “энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага 2 жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.”, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-т заасан “Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” гэсэн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг тус тус зөрчин Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын хавсралтаар баталсан Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг тухайн цэцэрлэгт элсүүлэн суралцуулах хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж,

          2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П.Уаас 100,000 төгрөгийн,

          2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Х.Аоос 300,000 төгрөгийн,

          2016 оны 9 дүгээр сард С.Чаас 100,000 төгрөгийн,

          2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Дээс 300,000 төгрөгийн,

          2018 оны 9 дүгээр сард Д.Бээс 200,000 төгрөгийн,

2018 оны 10 дугаар сард Ж.Угаас 200,000 төгрөгийн хахууль авсан буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 1,200,000 төгрөгийн хахууль авсан,

 

          шүүгдэгч Д.Б нь өөрийн охин Ц.Эг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 9 дүгээр сард 200,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

          шүүгдэгч Д.Д нь өөрийн охин Д.Ег Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

          шүүгдэгч Ж.У нь өөрийн ач охин Д.Үг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Нийслэлийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Д.Д, Ж.У, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Бийг гэм буруугүйд тооцон цагаатгаж, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Д.Бээс 200,000 төгрөгийг хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Д.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авсан” гэмт хэргийг буюу шүүгдэгч Д.Д, Ж.У нараас хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Д, Ж.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийг буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Д.Хд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Ж.У нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан 2 жилийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагны шатанд цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Д.Хын төрсөн хүүхдүүд болох бага насны Бүдрагчаагийн Баярбаясгалан, Бүдрагчаагийн Маралаа нарыг тэдгээрийн эцэг С.Бүдрагчаад асран хамгаалуулахаар даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Д.Д, Ж.У нарт зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, энэ шийдвэрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Ж.У нар нь зан үйлээ засах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Д.Хын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Д.Д, Ж.У нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг харгалзахгүйгээр гэм буруугийн талаар маргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, мөн өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүй тул торгуулийн ял төлөгдөх боломжгүй, ар гэрт санхүүгийн дарамт учруулж болзошгүй” гэх зэргээр намайг хэт яллах байр суурьтайгаар миний эрх зүйн байдлыг дордуулж ялласанд гомдолтой байна. ... Өмгөөлөгч Д.Оросоогоос 2019 оны 10 дугаар сараас эхлэн хууль зүйн туслалцаа авсан боловч хахууль биш, хийсэн ажил нь байгаа тул ойлгуулж нотлох нь чухал гэж байсан тул хоосон найдвар тээж явсан байна. Өөрөөр хэлбэл, надад гэм бурууг маань хуулийн талаас тайлбарлаж бодит үнэнийг ойлгуулсангүй гэж үзэж байна. Өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгоогүйгээс үүдэн дэлхий нийтийг цочроогоод буй цар талын энэ цаг үед хүүхдүүдийнхээ дэргэд байж чадахгүй байгаадаа маш их харамсаж, тэднийхээ аюулгүй байдал, ирээдүйд нь маш их санаа зовж байна.

Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг минь, хэрэгт холбоотой 1,000,000 төгрөгийг улсын орлого болгон төлж барагдуулсан байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, боловсролын салбарт 25 жил тасралтгүй ажилласан байдал, хөхнөөс гараагүй 2 настай балчир хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Түүнчлэн, өмгөөлөгч Д.Оросоогоос татгалзсан болохыг үүгээр мэдэгдэж байна” гэв.  

 

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ц.Цэлмэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Хыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү оногдуулсан хорих ял хүндэдсэн учир хөнгөрүүлж торгох ялаар сольж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзнэ” гэжээ.

Анхан шатны шүүх нь Д.Хыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдсан атлаа 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заагдсан нөхцөлүүдийг нэг бүрчлэн авч үзье.

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар:

Д.Хын хувьд хууль зүйн болон бодит байдлын андууралд орсон нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хууль зүйн андуурал нь тухайн этгээд өөрийн үйлдлийг гэмт хэрэг биш гэж бодож, ухамсарласан шинжтэй байдаг бол бодит байдлын андуурал нь халдлагын зүйл, нөхцөл байдлыг андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн шинжтэй байдаг.

Д.Х нь өөрийгөө хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хандив авч цэцэрлэгийн үйл ажиллагаандаа зарцуулж байна гэж ойлгоод байдаг. Гэтэл бодит байдал дээр буюу объектив талын хувьд хахууль авах гэмт хэргийн бүрдлийг хангасан байгаа нь бодит байдлын андуурлын шинжийг агуулж байна гэж үзнэ.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д цэцэрлэгийн эрхлэгч нь “... хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй” гэсэн заалтыг Д.Х нь ойлгохдоо би нэгэнт эрхлэгч юм чинь хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх эрхтэй гэж өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн дүгнэж төөрөгдөж үйлдсэн. Д.Хыг цахим бүртгэлийн элсэлтгүйгээр дур мэдэн элсүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнээд байгаа хэдий ч цахим бүртгэл нь 2018 оны 8 дугаар сараас эхэлсэн гэдгийг тодруулах шаардлагатай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ гэснийг давж заалдах шатны шүүхээс анхаарч Д.Хд оногдуулсан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү.

 

Хоёр: Хор уршиг, хохирлын талаар.

Д.Хын гэм буруутай үйлдлийн улмаас 1 сая төгрөгийн хохирол учирсан нь авлигын хэргүүдтэй харьцуулахад бага тоо гэдэг нь шүүхийн шийдвэрийн санд оруулсан шийдвэрүүдээс харагдаж байна. Д.Хыг гэм буруугаа хүлээхгүйгээр мэтгэлцсэн гэж анхан шатны шүүхийн шүүгч үзэж 2 нялх хүүхэдтэй эмэгтэй хүнийг 2 жилийн хорих ялаар шийтгэнэ гэдэг нь хүндэдсэн ял гэж үзэж байна.

 

Гурав: Хувийн байдал, эд хөрөнгийн байдлын талаар.

Л.Хын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 2 хүүхэдтэй, нэг нь 8 настай бол нөгөө нь хөхнөөсөө ч гараагүй 2 настай нялх хүүхэдтэй юм. Хувийн зан байдлын хувьд тэрээр ажилч, хичээнгүй, дайчин хөдөлмөрч байдал нь зарим хүмүүст түрэмгий зан байдал шиг ойлголт төрүүлдэг бөгөөд шүүх хурал дээр өөрийгөө хамгаалж мэтгэлцсэн нь хорих ял оногдуулах нэг шалтгаан болсон болов уу.

Гэр бүлийн хүн болох С.Бнь Төмөр замын эмнэлэгт агуулахын нярав хийдэг бол түүний ах, дүүс хувиараа бизнес эрхэлдэг, боломжийн орлоготой, компанитай, торгуулийн мөнгийг төлнө гэдгээ илэрхийлээд албан бичиг өгсөн. Түүнчлэн түүний эцэг Д нь ходоодны хорт хавдрын улмаас ходоодоо тайруулан эмнэлэгт хэвтэж байгаа зэрэг шалтгаануудыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Д.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан учраас ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан. 6 үйлдэлтэй гэж анх зүйлчилсэн байхад 3 үйлдэл дээр нь хууль зүйн дүгнэлт өгөөд 1 үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон 3 үйлдлийг нь гэм буруутай гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учраас ойлгомжгүй байдал үүсч байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Эсхүл шүүгдэгч Д.Хын ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Х нь бага насны хүүхэдтэй. Хэрвээ хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаахаар бол таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэл байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаа бичигдсэн” байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт

“Шүүгдэгч Д.Хыг 2015 оноос 2018 оны хооронд нэр бүхий 6 эцэг, эхээс үргэлжилсэн үйлдлээр 1,200,000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. ... Иймд дээрх Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн бол тогтоох хэсгийн 3 дахь заалтад

“Д.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг буюу шүүгдэгч Д.Д, Ж.У нараас хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд ... тооцсон” нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт тогтоох хэсгээс эрс зөрүүтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Д.Бийг Д.Хд хахууль өгсөн гэх хангалттай нотлох баримт шүүхэд шилжиж ирсэн хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Х, шүүгдэгч Д.Б нарын мэдүүлгээр эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, яллах үндэслэл болгосон нотлох баримтуудаар хахууль өгөх, хахууль авсан гэмт хэрэг үйлдэгдсэн байдал бүрэн нотлогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, ... хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг дурдаагүйн дээр шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, яллах нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулж, хууль зүйн ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг нотолсон нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж няцаасан, аль нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулан, бусдад нотлох баримтаас дээгүүр үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

           

Прокуророос Д.Хыг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгч болон цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тухайн цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг элсүүлэн суралцуулахаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П.Уаас 100,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Х.Аоос 300,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард С.Чаас 100,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Дээс 300,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард Д.Бээс 200,000 төгрөг, 2018 оны 10 сард Ж.Угаас 200,000 төгрөгийн хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, Д.Б, Д.Д, Ж.У нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “... Шүүгдэгч Д.Бийг өөрийн охиныг харьяаллын бус цэцэрлэгт элсүүлэхийн тулд шүүгдэгч Д.Хд 200,000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Д.Хыг шүүгдэгч Д.Бээс хахууль авсан зэрэг үйлдлүүд нь хангалттай нотлох баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Б, Д.Х нарын хоорондын хахууль өгсөн, авсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

 

Хахууль авах гэмт хэрэг нь тодорхой үйлдлийг хийх, эсхүл хийхгүй байхаар урьдчилан амлаж хахууль авсан тохиолдолд тохиролцсон үр дүндээ бодитойгоор хүрсэн, эс хүрснээс үл шалтгаалж “хээл хахууль авсан”-аар төгсөх, эсхүл “тодорхой үр дүнг бий болгосны төлөө хээл хахууль авсан”-аар гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцно.

 

Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.

 

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор Д.Бийн яллагдагчаар өгсөн “... Манайх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 16-698 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3-23 тоотод түрээслэн амьдардаг учир ойрхон байрлах цэцэрлэгт хүүхдээ оруулахыг хүссэн юм. Тэгээд манай нөхөр өөрийн таньдаг хүнээрээ дамжуулж уг цэцэрлэгийн эрхлэгчид хандсан байсан. ...Үүнээс хойш хэд хоногийн дараа эрхлэгчид баярласан сэтгэлээ илэрхийлж 200,000 төгрөг өгсөн. ... Цэцэрлэгийн эрхлэгч намайг дуудаад “харьяаллын бус хүүхдүүдийг цэцэрлэгээс гаргана, хандивын ангийн хүүхэд бол авна” гэж хэлэхээр нь би “хандив өгсөн” гэж бичиж өгсөн. Үнэндээ хандив гэж мөнгө өгөөгүй, харин хүнээр дамжуулан гуйхад хүүхдийг маань элсүүлэн авсан учир дараа нь “баярлалаа” гэж тус мөнгийг эрхлэгчид бэлнээр өгсөн. ...” /2хх 190/ мэдүүлэг, Д.Бийн тус цэцэрлэгийн захиргаанд гаргасан өргөдөл /1хх 47/,хүүхэд нь уг цэцэрлэгт элсэн суралцсан байдал зэргийг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байдал нь цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр дан ганц гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймээс Д.Х, Д.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийсний эцэст гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Прокурорын эсэргүүцэлд дурдсан шүүгдэгч Д.Хыг гэм буруутайд тооцохдоо хахууль авсан холбогдогч бүрийн нэрийг дурдах ёстой гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг заахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь ямар гэмт хэрэг үйлдсэнийг үйлдэл бүрээр нэг бүрчлэн тусгах шаардлагагүй юм.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох нийтийн албан тушаалтан гэх шинжээр гэм буруутайд тооцоогүй болохыг давж заалдах шатны шүүхээс буруутгаж байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Д.Х, Д.Д, Ж.У, Д.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин  хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Хын бага насны хөхүүл хүүхэдтэй, ар гэрийн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэв.

 

Мөн тус хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Д.Х болон түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х, Д.Д, Ж.У, Д.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д-гийн Х /РД:ЧК74102703/-ыг нэн даруй сулласугай.

 

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ