Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00166

 

   

   

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч М.Цэрэнбадам,

Иргэний хариуцагч Э.Болдбаатар,

Шүүгдэгч Г.Содномдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Гэндэнгийн Содномдоржид холбогдох эрүүгийн 201722000109 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Авга хариад, Гэндэнгийн Содномдорж, 1986 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан регистрийн РУ86031015 дугаартай,

         Шүүгдэгч Г.Содномдорж нь 2017 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд согтуугаар мотоцикль жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7А, 2.5Б, 2.5В-д заасан заалтуудыг зөрчсөнөөс М.Гэлэгнямыг мотоциклиор дайрч амь насыг нь хохироосон, зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, дээрхи хэргүүдэд

шалгагдаж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 26 хоногийн хугацаагаар мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Содномдорж нь 2017 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд согтуугаар мотоцикль жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас М.Гэлэгнямыг мотоциклиор дайрч амь насыг нь хохироосон, зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, дээрхи хэргүүдэд шалгагдаж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 26 хоногийн хугацаагаар мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Содномдоржийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Бинзен клонкоос бинзен аваад өргөн гудамж руу би мотоциклийг бариад араараа Болдоо, Батаа ах хоёрыг суулгаад давхиад ортол өргөн гудамжны зүүн талын үзүүрээс гараа алдалсан хүн урдаас гараад ирсэн. Би зүүн тал руугаа мотоциклио дартал урдуур гүйгээд орчихсон. Тэгтэл мотоциклийн урд дугуй хэсгээр талийгаачийн салтаа хэсэг рүү хоёр хөлний завсараар мөргөж мотоцикльтойгоо унасан. Намайг босоод иртэл Батаа ах босчихсон мотоциклийн хажууд байж байсан. Мотоциклийг унтраасан байсан. Намайг босч ирэхэд Болдоо ах мотоциклийн зүүн талд маягтай хэвтэж байсан. Талийгаач мотоциклийн баруун урд хэсэг рүү дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд Батаа ахыг хоёулаа явъя гээд хаяад яваад өгсөн...Би хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / ХХ-ийн 5-10 дугаар хуудас/,

Зам тээрийн ослын схем зураг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 17-19 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тогтоол /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 105-106, 111-115 дугаар хуудас/,

       Хохирогч М.Цэрэнбадамын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”...Цэцэгмаа эмч надруу залгаад өргөн гудамжинд Гэлэгням өөд болчихсон юм шиг байна гэхээр нь нөхрийн хамт хэргийн газарт очиход өөд болчихсон байсан...Би маш их гомдолтой байна. Талийгаач ахын маань ажил явдлын нийт зардалд 3.409.870 төгрөг гарсан энэ зардлаа нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг,

     Иргэний хариуцагч Э.Болдбаатарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”... Батсайхан гэж хүний гадаа байхад Содномдорж надаас түлхүүр авсан юм шиг байгаан, надад ямар ч санах зүйл байхгүй. Мядагмаагийн дэлгүүрийн үүднээс хэн мотоцикль бариад явсан юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа уг нь клонк орж бинзен авна гэж ярьж байсан. Би шөнө таг харанхуй болчихсон байхад өргөн гудамжинд унтаж байсан. Тэгээд сэрээд босоод иртэл мотоцикль данхараадсан байдалтай ганцаараа хэвтэж байсан. Мотоциклийнхоо түлхүүрийг хайгаад олоогүй учраас мотоциклио түлхээд клонк дээр аваачиж тавиад Батсайханы ээж Хоролоогийн гэрт очиж хоносон юм. Содномдорж миний эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой явж байгаад осол гаргасан учраас намайг иргэний хариуцагчаар татсантай холбоотой ярих зүйл алга...Би хохирлыг Содномдоржтой хувааж хариуцахыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг,

Гэрч С.Лхагвамядагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2017 оны 02-р сарын 12-ны өдрийн 12 цагийн үед хүзүү хочит Болдоо гэдэг манайхаас 0,75 грамын Их монгол нэртэй архийг аваад явсан. Тэгээд харагдаагүй байж байгаад орой харанхуй болчихсон байхад яг хэдэн цагийг нь мэдэхгүй байна, манай дэлгүүрт Содном гэж залуутай Батаатай хоёулаа орж ирээд ишигний мөнгө авна гээд зогсоод байсан юм. Хоёр ишигний мөнгө гээд
надаас 40.000 төгрөг аваад 0.75 грамын Ерөөл архи нэгийг аваад 500 грам чихэр аваад
бинзен хийнэ гээд гараад явсан. Энэ үед Гэлэгням, Болдоо нар дэлгүүрийн гадаа
ирчихсэн байсан. Талийгаач Гэлэгням манай дэлгүүрт хальт орж ирсэн чинь Содном
гарч бай одоохон дүү нь гарлаа гээд гаргачихсан. Содномдорж нь надад мотоциклийн түлхүүр үзүүлээд энэ мотоциклиор гарлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Д.Долгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2017 оны 02-р сарын 13-ны шөнийн 05 цагийн үед гэрийн хаалга нүдэхээр нь хаалгаа онгойлгож өгтөл Содномдорж, Батаа гэх хүнтэй орж ирээд хонох айл байдаггүй хөлдөж үхэх гэж байна гээд унтаад өгсөн. Батаа, Содномдорж хоёрыг орж ирэхэд би утасныхаа цагийг харсан юм тэгтэл 05 цаг болж байсан. Содномдоржийн баруун билүү зүүн хацар дээр зурагдчихсан юм шиг шалбархай харагдаж байсан, өөр зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Д.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Содномдорж шөнийн 01 цагийн үед орж ирэхдээ Батаатай орж ирсэн. Манай гэрт нэг их удаагүй гараад явсан. Манай гэрт орж ирээд Содномдорж Батаа хоёр надаас хүзүү Болдоо хаана байгаа бол олж аваад гарах гэсэн юм гээд хүзүү Болдоогийн очдог айл болох талийгаач Гэлэгнямын гэрийг заалгаж аваад явсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч О.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Өглөө нь 11 цагийн үед хүзүү Болдоо, Батаа, Содномдорж гурав мотоцикльтой ирсэн. Ирэхдээ шар тайлах юм байна уу? гэхээр нь би хүү Бандиагаа нэг пивонд явуулсан. Пивыг хувааж гараад явцгаасан. Манай гэрт ирэхдээ мотоциклийг хэн унаж ирсэнийг мэдэхгүй байна. Манайхаас явахдаа хэн мотоциклийг унаад явсаныг мэдэхгүй байна, би гэртээ үлдсэн. Бооёоо ах өглөө манай гэрт орж ирэхдээ мотоциклиос унасан гээд нүүр нь шарх болчихсон орж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Х.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Өглөө би ээж Хорлоогийн гэрт орж гал түлэх гээд 07 цаг өнгөрөөд ороход Болдоо ээжийн гэрт унтаж байсан. Болдоо манай гэрт орж ирэхэд Болдоогийн нүүр ам нь цус нөж болчихсон байсан. Тэгээд манай гэрт нүүрээ халит усаар норгож арьчсан. Болдоогийн мотоциклийг хаана хоносоныг мэдэхгүй 08 цаг өнгөрч байхад манайхаас гарч яваад мотоциклио түрж хашааны үүдэн дээр авч ирсэн. Болдоо мотоциклио клонк дээр түлхүүр олдохгүй хаячихсан гээд түрж ирсэн юм. Болдоог мотоциклио авч ирсэний дараа удаагүй Содномдорж Батаа хоёр ирээд сундалдаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Ч.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2017 оны 02-р сарын 13-ны өдрийн шөнийн 04 цаг 30 минутын үед манай эрүүл мэндийн төвийн жижүүрийн сувилагч Я.Бямбасүрэн төв гудамжны замын ойролцоо хүн нас барсан байдалтай танихгүй хүн хэвтэж байна гэж хэлсэн. Эрүүл мэндийн төвийн сувилагчид аймгийн төвөөс ирж байсан пурганы жолооч Пүрэвдалай мэдэж хэлсэн юм билээ. Би хэргийн газарт 04 цаг 40 минутанд эрүүл мэндийн жолооч, жижүүрийн сувилагчийн хамт очиход гар нь дээшээ өргөгдөж хөшисөн байдалтай байсан. Нүүрийг нь хартал Гэлэгням байсан судас пульсыг нь үзэхэд нас барсан байсан…” гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч Э.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Болдбаатар надад хэлэхдээ өргөн гудамжаар Болдбаатар, Батсүх, Содномдорж гурав мотоцикльтой явж байхад нь талийгаач Гэлэгням зам хаагаад гараа алдлаад зогсохоор нь дайралтай нь биш хажуу тийш нь дараад унасан гэж хэлсэн. Болдбаатар нэг мэдэхэд өргөн гудамжинд унтаж байсан. Сэрээд мотоциклио асаах гэсэн түлхүүр байхгүй байхаар нь түлхээд ШТС дээр мотоциклио орхиод Хорлоо гэж айлд очиж хоносон гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2017 оны 02-р сарын 12-ны өдрийн 11 цагийн үед манай нөхөр Болдбаатар телевизийн антени тааруулана гээд ноцолдож байгаад тааруулж чадахгүй хүргэн Баттөмөрийг авч ирж тааруулна гээд доошоо Уст гэдэг газар луу өөрийнхөө Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклиор ганцаараа явсан. Тэр шөнөө манай нөхөр Болдбаатар ирээгүй. Бинзен клонкын хүнтэй уулзсан чинь 23 цаг өнгөрч байхад танай нөхөр Болдбаатар Батаа, нэг танихгүй залуутай ирээд бинзен авсан. Тэр танихгүй ногоон дээлтэй залуу нь мотоциклийг барьж явсан гэж хэлсэн...Манай нөхөр Болдбаатар Монхоо гэдэг хүнээс 1.600.000 төгрөгөөр Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-58 дугаар хуудас/,

Гэрч Г.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2017 оны 02-р сарын 12-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад шатахуун түгээх станц дээр мотоцикльтой хүн бинзен авах гээд ирсэн. Тэгээд цонхоор харахад нэг мотоцикль дээр сундалдаж суусан гурван хүн байсан. Тэгээд өөрийн суудаг байрнаасаа гараад бинзен өгөх гээд очиход нэрийг мэдэхгүй ногоон өнгийн дээлтэй манайхаас хаяа ирж бинзен аваад байдаг зүс таних залуу мотоциклийг нь жолоодсон, араар нь хүзүү Болдоо, Батаа хоёр суучихсан ирсэн байсан. Ногоон өнгийн дээлтэй залуу жолоодож ирээд мотоцикльноосоо буухгүй бинзен хийлгэсэн. Тэр ногоон өнгийн дээлтэй залуу мотоциклийг бариад явсан байх гэж бодож байна. Тэгээд шөнийн 03 цагийн үед хүнд бинзен өгөх гээд байрнаасаа гарахад манай хойд талын бинзен клонкын талбай дээр нь улаан өнгийн мотоцикль зогсож байсан. Тэгээд өглөө 09 цаг өнгөрч байхад ажил хүлээлцээд байж байхад хойд клонк дээр байсан улаан өнгийн мотоциклийг хүзүү Болдоо түрээд манай зүүн талаар түрээд уруудаад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/,

Гэрч П.Эрдэнэзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Талийгаач хадам ах М.Гэлэгням нас барахынхаа урд орой манайд 21 цагийн орчим бага зэрэг халамцуу ирээд манайд хоол идээд дараа нь телевизор үзэж байгаад 2 цаг орчим болоод дэлгүүр хаах болж байна уу, гарч тамхи авна гээд манайхаас гарсан. Маргааш өглөө 05 цагийн үед намайг гэртээ унтаж байхад Наранхүү ах манай цонхыг тогшиж би босч хаалгаа онгойлгож өгөхөд Гэлэгням ах шөнө гудамжинд нас барсан байна гэхээр эхнэр бид хоёр босч талийгаачийн нас барсан газар очсон, очиход сумын их эмч жолоочийн хамт байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 75 дугаар хуудас/,

Гэрч Д.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Тухайн үед Батаа надтай тааралдаад Маань гэж хүн өөд болчихсон гэхээр нь яагаад юунаас болоод өөд болчихвоо гэсэн чинь Содномоо, Болдоо, Маань бид дөрөв архи уусан. Тэгээд кпонк орж бинзен авна гээд Болдоо, Содном, Батаа гурав мотоциклиор клонк орсон. Мотоциклийг Содном барьж явсан гэсэн. Маанийг болохоор гэртээ харьж бай танай гэрт очино гээд үлдээсэн гэсэн. Тэгээд клонк орж бинзен авсан. Болдоо архи уугаад тасарчихсан Маанийн гэрт очино гээд байсан. Тэгээд клонк орчихоод өргөн гудамжаар өгсөөд явсан чинь Маань гэдэг хүн урд нь зам дээр гараа сарвайгаад зогсож байхад нь очоод мөргөчихсөн. Мотоциклийг Содном жолоодож явсан гэж надад Батаа хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 77-79 дүгээр хуудас/,

Гэрч Б.Чимэддоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Содномдорж дүү маань 2017 оны 04 дүгээр сарын дундуур Шинэ-Идэр сумын 3-р багийн нутаг Бүгдгээн гэдэг газар манай хотонд Нэргүй гэдэг айлд ирчихсэн байсан. Нэргүйтэй хамт ямаа самнах гэж байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Намайг Архангай аймаг руу ямаа самнаж явчихаад ирэхэд хүү Содномдорж маань хэрэгт холбогдчихсон байсан. Надад согтуу мотоцикльтой явж байгаад хүн дайрчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 85-86 дугаар хуудас/,

Гэрч Д.Хасбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2017 оны 04 дүгээр сард намайг ямаа самнаж байхад Содномдорж, Нэргүйтэй хамт явж байсан. Бүгдгээнд байдаг Чимэддорж ахынд очиж ямаа самнана гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 87-88 дугаар хуудас/,

Гэрч Л.Пүрэвдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2017 оны 04-р сард л хэдэн байсныг санахгүй байна. Үд болж байхад Нэргүй, Болдоо нартай хамт Пүүжээ гэдэг жолоочоор хүргүүлж очсон юм. Нэргүй, Болдоо, Содномдорж гурав ямаа самнах гэж л очсон юм байна лээ. Содномдоржоос цагдаагийн асуудаллаа яасан талаар асуухад асуудал шийдвэрлэгдсэн гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 89 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтооосон шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт: “2017 оны 02-р сарын 12-13-нд шилжих шөнө Төмөрбулаг сумын төв гудамжны замд Мустанк-5 маркын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Содномдорж нь: МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.7А-Д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдалыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн “МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.5Б-Д “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллага аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзэж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх “МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.5В-Д “Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагын ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж авах осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. Уг осол нь жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоноос осол гарсан гэж үзэв. Осол гархад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзсэнгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 102 дугаар хуудас/,

  Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч  Ц.Нандинцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай дүгнэлтэд:

         1. М.Гэлэгнямын биед гэмтэл тогтоогдлоо.

         2. М.Гэлэгнямын биед дагз, зулай ясны заадас салалт, дагз зулай хэсгийн хуйхны цус хуралтууд, нойр булчирхайн гялтан доорхи болон эд дэх цус хуралтууд ба няцрал цээжний хэнхэрцгийн 7, 8-р хавирганы далд хугарал гялтан эд дэх цус хурал, цээжинд цус хуралт, тохой шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

         3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        4. Дээрхи дагз, зулай ясны заадас салалт, дагз зулай хэсгийн хуйхны цус хуралтууд, нойр булчирхайн гялтан доорхи болон эд дэх цус хуралтууд ба няцрал зэрэг хавсарсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн болно.

       5. М.Гэлэгнямын цогцост архаг хууч өвчин шинжилгээгээр тогтоогдсонгүй.

       6. М.Гэлэгням нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

  1. Дээрх    шалтгаанаар нас барсан гэх нь онош хэсгээр батлагдаж байна.

       8. М.Гэлэгнямын цусанд 1,3% этилийн спирт илэрсэн ба энэ нь хөнгөн зэргийн согтолтын хэмжээ болно гэх дүгнэлт /ХХ-ийн 107-108 дугаар хуудас/,

       Оргодол эрэн сурвалжилсан тухай эрэн сурвалжлалт /ХХ-ийн 176-178 дугаар хуудас/,

        2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /ХХ-ийн 182 дугаар хуудас/,

       Мөрдөн байцаагчийн даалгавар /ХХ-ийн 183, 184,185,186 дугаар хуудас/,

       2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганболд, харуулын цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.Даваацэрэн нарын илтгэх хуудас /ХХ-ийн 133 дугаар хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Содномдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000109 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан ба иргэний хариуцагч Э.Болдбаатарын эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг Д.Содномдорж нь жолоодох явахдаа зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон байх тул тээврийн хэрэгсэлийн жинхэнэ эзэмшигч буюу иргэний хариуцагч Э.Болдбаатараар хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна. Хохирогчид учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Д.Содномдорж, иргэний хариуцагч Э.Болдбаатар нар нь тавь, тавин хувиар хуваан хариуцах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч М.Цэрэнбадам нь нийт 3.409.870 төгрөгний хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Содномдорж, иргэний хариуцагч Э.Болдбаатар нар нь хохирогчийн нэхэмжилсэн 3.409.870 төгрөгний хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Г.Содномдорж, иргэний хариуцагч Э.Болдбаатар нараас тус бүр 1.704.935 төгрөгийг гаргуулж хохирогч М.Цэрэнбадамд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Содномдорж нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 100 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 159,160,162-167 дугаар хуудас/-аар тогтоогдож байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Г.Содномдорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.      

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзлээ.

Эрүүгийн 201722000109 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн эд анги болох дөрөө, шаврын хаалт, саарал өнгийн ноосон малгай зэргийг устгах нь зүйтэй байна.

      Энэ хэрэгт битүүмжилсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжлэх тухай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгч Э.Болдбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.

     Шүүгдэгчийн цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авга хариад Гэндэнгийн Содномдоржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Гэндэнгийн Содномдоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд нь тус тус багтааж, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Содномдоржид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Содномдоржийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Г.Содномдорж, иргэний хариуцагч Э.Болдбаатар нараас тус бүр 1.704.935 /нэг сая долоон зуун дөрвөн мянга есөн зуун гучин тав/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух М.Цэрэнбадамд тус тус олгосугай.

       7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хуульч ёсны өмчлөгч Э.Болдбаатарт буцаан олгосугай.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн эд анги болох дөрөө, шаврын хаалт, саарал өнгийн ноосон малгай зэргийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

       9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содномдоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР