Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2316

 

МАГАДЛАЛ

 

2018.11.19                                                 Дугаар 2316                                    Улаанбаатар хот

 

 

 

 

М.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01816 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТЕГ-т холбогдох,

 

Албан тушаалаас халсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас хууль бусаар халагдсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс ТЕГ-ын даргын Б/140 тоот тушаалаар ТЕГ-ын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчаар томилогдон ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулан цаашид үргэлжлүүлэн сунган ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б/146 дугаартай ТЕГ-ын даргын тушаалаар Авилгатай тэмцэх газраас ирсэн төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшигчийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичгийг үндэслэн төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Миний бие төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаад төрийн жинхэнэ албан хаагч болохоор Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, Хураагчийн мэргэшүүлэх шалгалт, Татварын улсын байцаагчийн эрх олгох шалгалтуудыг амжилттай өгч ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст Эрдэс баялгийн асуудал хариуцсан Татварын улсын байцаагчаар томилогдохоор Авилгатай тэмцэх газарт Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг-ийг гаргасан. Уг мэдүүлэгтээ би өөрийн хувьцаа эзэмшиж байсан болон ах нарын компаниудын талаар шударгаар, дэлгэрэнгүй мэдүүлсэн бөгөөд уг компаниудтай холбоотой аливаа шийдвэр гаргах шаардлага гарвал ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй тул ийнхүү үнэнчээр мэдүүлсэн билээ. Хэрэв ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл бий болвол үүсэх нөхцлийг мэдүүлээд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах боломжтой байсан гэж үзэж байна. Миний хоёр ах болон би өөрөө геологи хайгуулын мэргэжилтэй, тус мэргэжлээрээ хувь хувьдаа амьдралаа залгуулан ажиллаж, амьдарч байна. Гэтэл миний болон ах нарын маань эзэмшсэн мэргэжлээс болж намайг өөрийн сонгон эзэмшсэн мэргэжлээрээ төрийн ямар ч байгууллагад ажиллаж болохгүй, чадахгүй, мөн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож байна. Авилгатай тэмцэх газраас ирсэн төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшигчийг ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичгийг үндэслэн миний ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан ТЕГ-ын дарга гэсэн албан тушаалтан нь түр орлон гүйцэтгэгч байгаа юм. Иймд намайг төрийн үйлчилгээний албан тушаалаас халсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас хууль бусаар халагдсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ТЕГ-ын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын хураагчаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс томилогдон ажилласан. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилийн туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа татварын ажилтанг хураагч гэнэ гэж заасны дагуу хураагчаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр татварын улсын байцаагчийн эрх олгох шалгалтанд тэнцэж байцаагч болох боломжтой болсон. Гэтэл Авилгатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05/1087 албан тоот бичгээр М.Ө нь нэр дэвшсэн албан үүргийг       гүйцэтгэх нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй болно гэсэн шаардлагыг ирүүлсэн болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/146 тушаалаар дуусгавар болгож албан тушаалаас нь чөлөөлсөн. Хураагчаар 1 жил ажиллаад татварын байцаагч болох ёстой. Манайд харин энийг мөрдөхгүй түүнээс илүү хугацаагаар ажиллуулаад байсан тохиолдол бий. Үүнийг одоо журамлаж байгаа. Хураагч бол ер нь татварын улсын байцаагч л гэсэн үг, ажлын байрны тодорхойлолт нь зөвхөн нэг зүйлээр ялгаатай. Нэхэмжлэгчтэй удаа дараа уулзаж, сонсох ажиллагааг явуулсан. Өөрөө Авилгатай тэмцэх газарт гомдлоо гаргана гэж салсан. Өөр ажил өгнө гэхээр орон тоо байхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2 дахь хэсгийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан М.Ө-ыг ТЕГ-ын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчийн (хөдөлмөрийн гэрээнд зааснаар мэргэжилтэн-хураагч) ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан ТЕГ-аас 2 771 310 төгрөгийг гаргуулж М.Ө-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 129 491 төгрөг гаргуулж 59 291 төгрөгийг улсад, 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчилсөн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад "...ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчийн хөдөлмөрийн гэрээнд зааснаар мэргэжилтэн-хураагч ажилд эгүүлэн тогтоосугай" гэж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1-т "нэхэмжлэлийн шаардлагыг хангах" гэж заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн боловч ТЕГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч М.Ө нь мэргэжилтэн-хураагч гэх ажлын байр ажиллаж байх бөгөөд хураагч нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт "Татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилийн туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа татварын ажилтанг хураагч гэнэ" гэж заасны дагуу ажиллаж буй албан хаагч юм. М.Ө нь тус газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчийн статустай ажилладаг бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тусгаснаар мэргэжилтэн, хураагч гэж заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 41.1 дэх хэсэгт заасан хураагч нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл", 7 дугаар хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн аль альд нь багтдаггүй албан тушаал юм. Иймд тус алба нь Төрийн албаны зөвлөлөөс олгосон чиглэлийн дагуу уг албан тушаалтнуудад цалинг бодож олгох зорилгоор ТҮ-7 гэсэн шатлалыг жишиг болгон ашиглаж цалинг олгож ирснээс бус уг албан тушаал нь ТҮ-ийн албан тушаал биш юм. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар мэргэжилтэн-хураагч гэж заасан бөгөөд агентлагийн мэргэжилтэн нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн Дэс түшмэл буюу ТЗ-6 дээр бичигддэг албан тушаалтан юм. Мөн ТЕГ-ын харьяа улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн хураагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл Татварын улсын байцаагчийн гүйцэтгэх бүх ажлыг гүйцэтгэдэг бөгөөд Авилгатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05/1087 тоот албан бичигт дурдсаны дагуу "...тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон..." тул цаашид уг ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй байхад шүүхээс боломжтой гэж үзэн хураагчийн ажилд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасанд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч ТЕГ-т холбогдуулан албан тушаалаас халсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас хууль бусаар халагдсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч ТЕГ-ын дарга 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасны дагуу М.Ө-ын хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгож албан тушаалаас нь чөлөөлсөн байна. /хх 5/

Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч М.Ө-ыг геологийн судалгаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Г ХХК-ийн 20 хувийг эзэмшдэг үүсгэн байгуулагчаар төрсөн ах М.Т нь тус компанийн гүйцэтгэх захирлаар, мөн эрдэс чулуу судлал, геологийн судалгаа, геофизикийн судалгаа шинжилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг үүсгэн байгуулагч, төрсөн ах М.М нь тус компанийн гүйцэтгэх захирлаар тус тус ажил үүргээ гүйцэтгэдэг байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасанчлан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй байх болзошгүй үйл баримт тогтоогдоогүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүх, ажил олгогчийн гаргасан тушаал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын ажлын байрны тодорхойлолт болон холбогдох бусад нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд тооцсон үндэслэл тус бүрийн талаар тухайлан хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд нэхэхмжлэгч М.Ө-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 771 310 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

Дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагчаас гаргасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

      ШҮҮГЧИД                                          С.ЭНХТӨР

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ