Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

 

      

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай,

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000343 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.     Гэм буруугийн талаар:

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар гудамжинд байрлах “Улсын их дэлгүүр" гэх нийтийн байрны 24 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ хохирогч *** харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч 3 удаа баруун, зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал элэгний эдийн язрал урагдал хэвлийн хөндийн цус хуралдалт нойр булчирхайн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогдлоо.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

  Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч *** нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчтой зүй бус харьцаж, улмаар түүний биед халдаж, 3 удаа баруун, зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал элэгний эдийн язрал урагдал хэвлийн хөндийн цус хуралдалт нойр булчирхайн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-18 дахь тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 19-21 дэх тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст 25-28 дэх тал/, Яллагдагч ***ын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 40-49 дэх тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-69 дэх тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-73 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал/, Гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93-95 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх тал/, гэрч *** дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/, гэрч *** дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 133-134 дэх тал/, шинжээч эмч Э.Баасанжавын өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 178-179 дэх тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 205 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 209 дэх тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 212 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 218 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/, шинжээч Э.Баасанжавын өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/, гэрч *** дахин өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 641 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 161-175 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 4 дэх хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                 II.Хохирол, хор уршгийн талаар:

 

           Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршигтай холбоотой 5,600,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

                 III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сар, 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

  Шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

IV. Бусад асуудлаар:

 

  Шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 жил, 1 сар, 17 хоног байх ба уг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар, 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***т оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар, 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар, 17 /арван долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүнийг дээрх ялыг эдэлсэнд тооцсугай.

            5. Хэрэгт шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт үлдээж шийдвэрлэсүгэй.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР