Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

      

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

улсын яллагч С.Алтай /цахимаар/,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***г холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000052 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.     Гэм буруугийн талаар:

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Их Наяд худалдааны төвийн 11 давхарт иргэн ***ийн биед халдан зодож зүүн талд 6,7,8-р хавирганы хугарал, бүсэлхий нурууны L1-L3-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, нурууны 14/5-3/4 түвшинд арын анурал цагаригийн урагдал, духанд шарх хацар, хамар, дээд уруулд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хацрын төвгөр, зүүн чих хүзүү, баруун, зүүн гарын шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

  Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч *** нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчтой зүй бус харьцаж, улмаар түүний биед халдаж, зүүн талд 6,7,8-р хавирганы хугарал, бүсэлхий нурууны L1-L3-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, нурууны 14/5-3/4 түвшинд арын анурал цагаригийн урагдал, духанд шарх хацар, хамар, дээд уруулд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хацрын төвгөр, зүүн чих хүзүү, баруун, зүүн гарын шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1204 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                 II.Хохирол, хор уршгийн талаар:

 

           Энэ хэргийн улмаас хохирогч *** нь хохирол, хор уршигтай холбоотой баримт ирүүлээгүй ба шүүгдэгчийн зүгээс 50,000,000 төгрөгийг хохирогчид дансаар шилжүүлсэн тухай баримт, мөн хохирогчийн гомдолгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухай бичгээр гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

                 III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Улсын яллагчаас шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

  Шүүгдэгч ***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

IV. Бусад асуудлаар:

 

  Шүүгдэгч ***гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Хэрэгт шүүгдэгч ***гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг ***д сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР