| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 197/2025/0151/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Мөнхнаран нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506003900124 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн орой Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, Хэрлэн аппартмент хотхоны ойролцоо хохирогч ***ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр, толгой хэсэгт нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч *** нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчтой зүй бус харьцаж, улмаар түүний биед халдаж, хамар ясны баруун хажуу хана, хянга хэсгийг хамарсан зөрүүтэй, зүүн хажуу хананд зөрүүгүй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт шарх, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-4 дэх тал/, хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, хохирогч ***ын дахин өгсөн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/, гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, “***” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
II.Хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч *** нь хохирол, хор уршигтай холбоотой баримт ирүүлээгүй ба шүүгдэгчийн зүгээс 60,000 төгрөгийг хохирогчид дансаар шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, шүүгдэгч ***ийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
IV. Бусад асуудлаар:
Шүүгдэгч ***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Хэрэгт шүүгдэгч ***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг ***т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР