Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2018/02695

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 27 өдөр Дугаар 101/ШШ2018/02695 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 23 дугаар байр, 112 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батнасангийн Э /регистрийн /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 11 а байр, 66 тоот хаягт оршин суух, Сартуул овогт Ганбатын Б /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, гэрч Э.Даваасүрэн, Б.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Г.Б т 25,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн зээлийн гэрээнд бид гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулсан.

Г.Б нь 25,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 08-наас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 10 сарын хугацаатай зээлсэн бөгөөд нэг сарын 6 хувь буюу 1,500,000 төгрөг нь 10 сарын хугацаанд нийт 15,000,000 төгрөгийн хүү болсон ба Б.Б нь 6 сарын хүү 9,000,000 төгрөгийг төлсөн.

Г.Батхугяг нь зээлсэн 25,000,000 төгрөгийн 4 сарын хүү болох 6,000,000 төгрөгийг үндсэн зээл болох 25,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг нийт 10,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 22-нд 2017 оны 4 дүгээр сарын 23-нд хуваан төлсөн ба 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад 21,000,000 төгрөгийг төлөөгүй одоог хүрээд байна.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд гэрээний 4-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги тооцно гэж заасан.

2017 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэл нийт 328 хоногийн алдангийг 21,000,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувиар тооцоход 105,000 төгрөг буюу нийт 34,440,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзыг 50 хувиар тооцож 21,000,000 төгрөгийн алданги 50 хувь буюу 10,500,000 төгрөг олж байна.

Г.Б нь 2017 оны 8 дугаар сарын 22-нд 2,500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 13-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-нд 2,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-нд 1,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлсөн.

Дээрх төлсөн 9,000,000 төгрөгийг алдангийн 10,500,000 төгрөгөөс хасч тооцож алдангид 1,500,000 төгрөгийг зээлийн гэрээний үлдэгдэл 21,000,000 төгрөгийн хамт, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагч Г.Б аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Манай нэхэмжлэл дээр мөнгө төлж байгаагүй гэж хэлээгүй байгаа. Энэ мөнгийг хариуцагч төлж байсан. Төлөхдөө анх гэрээ хийхээс өмнө 9 сая төгрөгийг төлсөн. Дараа нь 2017 оны 8 сарын 22-ны өдрөөс 10 сарын 18-ны өдөр хүртэл 9 сая төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Мөн хариуцагч талын хэлж байгаагаар хамтран ажиллах гэж байгаад болиод байр авах гэж байгаад болиод буцаж хамтран ажиллах гээд больсон гэж байна. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаагүй, би ч байгаагүй болохоор яаж эргэж буцсан талаар өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Нэхэмжлэгч тал болохоор бид анхнаасаа зээлийн гэрээ байгуулсан гэдэг, хариуцагч тал болохоор ийм тайлбар гаргаж байгаа юм байна. Мөн зээлийн гэрээг нотариатаар хийхдээ хүнд өрөнд үзүүлэх гэж байгаагаар хийсэн гэдгийг Г.Б хэлж байгаагаас биш тухайн үед Г.Б анх авгайд нь хүртэл Б.Э ын дансаар шилжүүлж байсан бэлнээр авч байсан мөнгө, мөн урьд нь ч гэсэн бага багаар мөнгө зээлж итгэлийг нь олсоор байгаад сүүлд нь 25 сая төгрөгийн зээлийн асуудал гаргаад дараа нь үүнийгээ хүчээр нотариатаар орж хийлгүүлсэн, намайг гэрээс хүчээр авч гарсан гэх мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрт нь орж хэрүүл маргаан хийсэн тал дээр Б.Э ын эхнэр нь ороогүй Б.Э өөрөө орж нэхэмжлэгч хариуцагч нар маргалдаад өр шир болон зээлийн гэрээнээс болж маргалдаад үүний улмаас Г.Б нь ус буцалгагчаа авч өөрийнхөө толгойг хагалаад үүнээс болж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр Б.Э намайг гэрт ирж зодсон гэж өргөдөл гаргаад Б.Э нь тухайн үед захиргааны шийтгэл аваад өнгөрсөн байдаг. Г.Б нь тухайн үедээ мөнгөө төлөөд ингэж дарамтанд орж байсан бол яагаад хууль шүүхийн байгууллагад хандаагүй юм бэ гэдэг дээр гайхаж байна. Б.Э уулзъя мөнгөө төл гэхээр Г.Б байнга зугтаадаг байсан. Ингээд Баянзүрх дүүргийн шүүхэд удаа дараа эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн байдаг. Эрэн сурвалжлах тухай хүсэлт өгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаад байхад нь утсаа унтраагаад ирдэггүй. Хаан банк болон Хас банкны дансны хуулганаас хүү алдангиа тооцож гаргахад бүх баримтууд нь нотлох баримтын хэмжээнд харагдана гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дараалал гэж байгаа. Энэ заалтад үүрэг гүйцэтгэгч аль нэгийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийг төлөх хугацаа болон өрийг тэргүүн ээлжид төлнө гэсэн байгаа. Бид нар хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэдэн хүртэл яаж үндсэн мөнгөнөөсөө хасч тооцоод буцаагаад хасч тооцсон үндсэн мөнгөний үлдэгдэл дээрээсээ хоногоор алдангиа тооцож болно. Зээлийн гэрээн дээр хүү алданги дээр бид нар үндсэн мөнгөнөөс анз тооцсоноос биш хүү алдангиас анз тооцоогүй гэдгийг хэлмээр байна. Яг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэдгээр гүйцэтгээгүй үнийн дүн болох 21 саяаас 50 хувиар бодож алдангиа тооцсон гэв.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б би Б.Э ын зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Би бүх мөнгийг нь төлчихсөн болохоо түүний нэхэмжлэлийг хүлээн аваад дансны хуулгаа шүүгээд мэдсэн.

Ер нь бодит байдал дээр Б.Э Г.Б надад 25,000,000 төгрөгийг зээлэх зорилгоор өгөөгүй. Тэрээр надаас 2017 оны 3, 4 дүгээр сарын орчим мөнгө нэмээд орон сууц авахаар тохиролцож 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгч байсан ба бидний хооронд ямар нэгэн зээлийн харилцаа байгаагүй ба уг мөнгөнд хүү, алданги тооцох асуудал огт байгаагүй.

Гэтэл тэрээр 2016 оны 9 дүгээр сарын үед орон сууц авах тохиролцооноосоо татгалзаж, мөнгөө буцаан авах санал гаргасан ба тухайн үед Г.Б надад тус мөнгийг нь шууд гаргаад өгөх боломжгүй байсан цувуулан төлөхөөр амаар тохирсон. Би энэхүү тохиролцооныхоо дагуу Б.Э т төлсөн мөнгөө тооцож үзэхэд дараах байдлаар төлөлт хийжээ. Үүнд: 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5034618830 дугаарын данснаас түүний эзэмшлийн Хаан банкны 5024434264 дугаарын дансанд, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг 5034618830 дугаарын данснаас түүний эзэмшлийн Хаан банкны 5024434264 дугаарын дансанд тус тус шилжүүлэх замаар нийт 15 сая төгрөгийг төлсөн байна.

Харин 2016 оны 11 дүгээр сараас Г.Б миний барилгатай холбоотой ажил түр хугацаанд буюу хавар болтол зогссон бөгөөд Б.Э үлдсэн мөнгөн дээрээ мөнгө нэмээд 2017 оны 02 дугаар сард орон сууц авъя гэх болсон учраас би түүнд 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл мөнгө төлөхөө зогсоосон байдаг ба 2017 оны 02 дугаар сард Б.Э эхнэрийн хамт бид өөрсдөө өрөнд орж нөхцөл байдал хүндэрчихлээ, орон сууц авахаа болъё мөнгөө авъя гэдэг.

Барилгын ажил эхлэх цаг арай болоогүй байсан тул би боломжоороо мөнгийг чинь гаргаад өгье хэлж байсан. Харин мөн дараах байдлаар төлбөр хийжээ. Тухайлбал, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөгийг өөрийн 5034618830 дугаарын данснаас, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөгийг эхнэр Э.Даваасүрэнгийн 5035328220 дугаарын данснаас Б.Э ын 5024434264 дугаарын дансанд тус тус шилжүүлсэн байна.

Мөн манай эхнэр Э.Даваасүрэн 2017 оны 02 дугаар сарын 22, 23-ны орчим 3,000,000 төгрөгийг Б.Э ын хүсэлтийн дагуу түүний гэр бүлийнхээ хамтаар ажиллуулдаг БЗД-ийн нутаг дэвсгэр 13 дугаар хороолол Баясах трейдын замын эсрэг талд байрлах Оранж нэртэй үсчин, гоо сайханы салонд нь эхнэрт нь бэлнээр аваачиж өгсөн байна.

Ингээд 6,300,000 төгрөг буцааж өгөх л үлдэгдэлтэй болсон байжээ. Би уг тооцоог тухайн үед огт хийж байгаагүй.

Гэтэл ингэсний эцэст Б.Э , би өөрөө өрөнд орсон. чи миний мөнгийг яахаараа зүгээр хэрэглэдэг юм, би чамаас мөнгөндөө сард 6%-иар бодож хүү тооцож авна гэж маш увайгүй зан гаргаж, миний төлсөн мөнгийг хүүнд бодож авсан, одоо надад 25,000,000 төгрөг өг гэж надтай муудалцаж, гэр оронд ирж хэрүүл зарга хийж, эхнэр нь гэрт ирж зовлон ярьж уйлж бөөн асуудал болсны эцэст өртэй хүмүүстэй зээлийн гэрээ хийж харуулна гэж 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр намайг нотариат дээр дагуулан очсон.

Би дээрх нөхцөл байдлыг нотариатчид тайлбарлан хэлтэл тухайн нотариатч Зээлийн гэрээ хийж батлахгүй, би тийм хууль зөрчсөн маргаантай зүйл хийхгүй гэж хэлсэн.

Харин Б.Э өөр нотариатч дээр дагуулж орон Зээлийн гэрээний эхийг өөрийн тооцоогоор бэлдүүлж батлуулсан ба Г.Б би нэгэнт мөнгө нь төлөгдчихсөн дансаар тооцоо хийхэд харагдах учраас ямар нэгэн хар бодолгүй. түүнд тусалж байна гэх утгаар гэрээний эх баримтад гарын үсэг зурсан. Уг баримт нь түүний хүсэл зоригоор хийгдсэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр хэлцэл юм.

Гэвч Б.Э уг баримтаа ашиглан улам зангаа хувиргаж надаас 31 000 000 төгрөг нэхэх болсон. Түүний энэхүү байдал нь үнэхээр хөөрхийлөлтэй санагдаж би өөрийнхөө сэтгэлээс 2017.04.22-2017.10.28 хүртэл хугацаанд 29 сая орчим төгрөг төлсөн.

Харин тэрээр улам даварч, намайг гэртээ байхад ирж хүч хэрэглэн зодож танхайрсан тул би цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авахуулсан атал дахин уг хууль бус баримтаа ашиглан надаас аль хэдийн хүүтэй тооцож авсан мөнгөө аваагүй мэтээр бичиж түүндээ алданги тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймээс шүүхээс Б.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анх 2016 оны 7 сарын 8-ны өдөр Б.Э аас 25 сая төгрөгийг хамтран ажиллана гэх зорилгоор авсан байдаг. Удаагүй Б.Э энэ ярьж тохирсноосоо буцаж би чамаас байр авъя, хавар 3-4 сард байр авъя энэ мөнгө урьдчилгаа болог гэсэн байдаг. Тэгээд байж байтал дахин энэ саналаасаа татгалзаад ерөөсөө байр ч авахаа болилоо, чиний ажил бүтэлгүй байна мөнгөө авъя гэсэн байдаг. Тухайн үед мөнгө нь хэрэглэгдсэн байсан учраас мөнгийг нь цувуулж өгөхөөр тохирсон байдаг. Ингэж тохирсноосоо хойш 2016 оны 8 сараас эхлээд мөнгийг нь тасралтгүй хийгээд явж байсан нь нотлох баримт шинжлэн судлахад дансны хуулгаар харагдана. Ингээд мөнгийг нь тасралтгүй хийгээд явж байтал барилгын ажил нь улирлын чанартай учраас 1 сард зогсчихсон чинь буцаад байр авъя гэсэн байдаг. Тэгээд байр авахаар болчихлоо гээд байж байтал бид нар өрөнд ороод хэцүү байна. Мөнгөө авъя гэсэн байдаг. Тэгээд дахиад л мөнгийг нь цувруулаад өгч байсан. Тэгээд байж байтал энэ хүмүүсийн хооронд маргаан үүсээд түүнээс болоод мөнгийг буцааж өгье гэдэг байр суурьнаасаа зогссон. Тэгтэл бид нар зээлтэй өрөнд ороод яваад байгаа учраас чамтай зээлийн гэрээ хийх шаардлагатай байна гээд 2017 оны 4 сард зээлийн гэрээ хийсэн байдаг. Энэ зээлийн гэрээний нөхцөлийг харах юм бол 2016 оны 7 сарын 8-ны өдрөөс 2017 оны 5 сарын 15-ны өдрийн хооронд 10 сарын хугацаатай 25 сая төгрөгийг авсан. Тэгээд явж байгаад маргаан гарангуут би яахаараа чамд мөнгөө зүгээр хэрэглүүлж байдаг юм бэ би өөрөө хүү төлж өрөнд орж байж гээд өгсөн мөнгийг чинь хүүнд тооцож авна. Би 6 хувиар хүү тооцож авна гэсэн байдаг. Тэгээд удаагүй байж байтал эхнэр нь хүрч ирээд гэрт нь маргаан болсон байдаг. Үүнээс үүдээд зээлийн гэрээ байгуулах асуудал үүсч ирсэн байдаг. Өөрсдөө цаанаа хүүтэй мөнгө зээлээд өрөнд орсон учраас чамаас мөнгө авах ёстой чамаас мөнгө авах нь үнэн гэж харагдуулахын тулд чамтай зээлийн гэрээ байгуулах ёстой гэж хэлсэн байдаг. Тэгээд гэр оронд нь бөөн маргаан гарсан учраас Б.Э ыг дагаад Г.Б нь гэрээсээ гарсан байдаг. Нотариат дээр ороод яг энэ нөхцөл байдлаа ярьсан байдаг. Гэтэл тухайн нотариат нь би ийм тооцоо нийлээгүй маргаантай асуудлыг шийдэхгүй би батлахгүй. Та нарын хооронд хамтран ажиллах гэрээ ч гэж юм яригдаж байна, орон сууц авах асуудал ч яригдаж байна, тэгснээ хүүтэй зээл болоод байгаа ийм тооцоо нийлээгүй маргаантай асуудал дээр гэрээ байгуулахгүй гэж хэлсэн байдаг. Тэгээд заавал гэрээ хийнэ гэж явсаар байгаад нэг нотариат дээр очоод гэрээний эхийг хийж бэлдүүлээд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан байгаа 2017 оны 4 сарын 9-ний өдөр хийсэн зээлийн гэрээ байгаа. Нэхэмжлэгч ерөөсөө мөнгө төлөөгүй гэж яриад байна. Зээлийн гэрээн дээр тохирсон гээд байгаа 10 сарын хугацаатай 25 сая төгрөг зээлсэн юм байна. Гэрээний дагуу 6 хувийн хүүтэй гэж бичээд гарын үсэг зураад батлуулсан байна. Дансны хуулгаараа нотлогдоно гэж үзээд тооцоо нийлээгүй ч гэсэн ингээд тооцоогоо гаргаж ирээд тулгахад би мөнгийг нь төлсөн гэдэг утгаараа гарын үсэг зураад тэр хүнд нь үзүүлэхийн тулд гэрээ байгуулсан гэж хэлж байсан. Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл гэсэн хэсэг дээр нь 6 сая төгрөгийн хүүгээ 10 сарын 10-ны өдөр авчихсан гээд байгаа. Нэхэмжлэл дээрээ 9 сая төгрөгийг 2017 онд төлөөд түүнийгээ алдангинаасаа хасаад нэхэмжлэл гаргаад байгаа. Хэрэгт авагдсан дансны хуулгыг шүүгээд үзэхээр хугацаа хэтрүүлсэн алданги нэхээд байгаа болон дээрээс нь үндсэн зээлийг огт төлөөгүй гээд байгаа нь үгүйсгэгдэж байна. Мөн зээлийн гэрээн дээр 4 сарын 15-ны өдөр гэхэд бүх мөнгө дуусахаар нэмэлт нөхцөлд тусгасан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар 4 сарын 20-ны өдрөөр 30 гаран сая төгрөг төлсөн байдаг. Үндсэн зээлийг төлөөд явсан байдаг. Анхнаасаа зээлийн гэрээ гэж тохиролцоо байгаагүй учраас дандаа зээл төлөгдөөд явж байсан. Сүүлд нь хүүтэй болоод хүү нэмж төлөөд яаж хүний мөнгийг зүгээр авахад гээд 6 хувийн хүүг нь зөвшөөрөөд явж байсан. Ингээд нийт өнөөдрийн байдлаар 42,9 сая төгрөгийг Г.Б Б.Э т бэлнээр болон эхнэрээрээ дамжуулаад мөн өөрийнхөө болон эхнэрийнхээ дансаар төлсөн байгаа. Тийм учраас энэ зээлийн гэрээний баримтын дагуу бодит амьдрал дээр энэ мөнгийг хүүтэй нь хамт төлчихсөн, нэмж мөнгө төлөх үндэслэл байхгүй тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын алданги нэхэмжилсэн хэсэг болон мөн төлөлтийг нь тооцохгүй, нэхэмжлэлээ буруу гаргаж байгаа юм. Ингээд үзэхээр 2016 оны 8 сарын 22-ны өдрөөс хойш 2017 оны 4 сарын 23-ны өдөр хүртэл 33,7 сая төгрөг төлсөн байдаг. Анх зээлийн гэрээ байгуулаагүй учраас Г.Б нь төлбөрөө дандаа Г.Б аас гэж төлсөн байдаг. Эхнэр нь ч гэсэн Г.Б аас гэж бичсэн байдаг. Бэлнээр аваачиж өгөхдөө дандаа Б.Э т өөрт нь Баянзүрх дүүргийн 13 хороололд байрлах Оранж гээд үсчний салонд нь аваачиж өгсөн байдаг. Мөнгө аваачиж өгсөн талаар Б.Буяннэмэх гэж хүн хамт явсан байдаг. Б.Буяннэмэх нь гэрчээр асуугдахдаа энэ талаар бас хэлэх байх. Ингээд 4 сарын 23-ны өдөр хүртэл 33,7 сая төгрөг төлсөн байна гэдэг чинь үндсэн 25 сая төгрөг аль хэзээний төлөгдсөн, хүүнээс 8,7 сая төгрөг төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байгаа. 5 сарын 15-ны өдрөөс хойш хүү гэж үзэх юм бол хүүний 6,3 сая төгрөг үлдэгдэлтэй байжээ. Энэ хүүний үлдэгдлийг энэ хугацаанд бас төлсөн байгаа. Эхлээд зээлийн гэрээ болон хүүний асуудал яригдаагүй учраас Г.Б нь төлөлтийн сонголтоо хийх эрхтэй. Иргэний хуулийн 215 дугаар зүйлд зааснаар төлбөрөө сонгож төлөх эрх нь нээлттэй. Үүнийг шууд өгсөн мөнгийг нь хүүнээс нь хасаад үлдэгдэл төлбөрт нь алданги тооцно гэсэн юм харагдахгүй үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хүүгээс анз тооцох эрхзүйн зохицуулалт байхгүй. Хүүнээс анз тооцохгүй гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөнгө төлөгдсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг өгч байгаа гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ..., 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэхүү шаардлага нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь зээлийн гэрээний шинжийг агуулсан эсэх шалгуурыг тогтооно.

Хэргийн материалаас үзэхэд, талууд 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх боловч 25,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн тухайн цаг хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Э.Даваасүрэн, Б.Буяннэмэх нарын мэдүүлэг, Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр буцаан өгсөн болохыг зохигчид тайлбарлаж байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Э ын эзэмшдэг Хас банкны 50012481337 дугаар данс руу, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, мөн өдөр дахин 1,500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Э ын эзэмшдэг Хаан банк дахь 5024434264 дугаар данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Г.Б аас зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА