Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/01510

 

 

 

 

 

 

2022 04 05

101/ШШ2022/01510

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г банк ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Ү,

Хариуцагч: Ү.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 103,890,784.33 төгрөг гаргуулах, ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С,

Хариуцагч С.Ү,

Хариуцагч Ү.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Хариуцагч Ү.Бын өмгөөлөгч Э.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МИК ОССК ХХК-ийг төлөөлж Г банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Ү, Ү.Б нар нь 2015 оны 12 сарын 30-ны өдөр Г банктай ЗГ2105107701 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 114,800,000 /Нэг зуун арван дөрвөн сая найман зуун мянган төгрөг/ төгрөгийг жилийн 8% /Найман/ хувийн хүүтэйгээр 120 /нэг зуун хорин/ сарын хугацаатай зээлж авсан болно. Мөн зээлийн гэрээнд 2016 оны 02 сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 12 сарын 30-ны өдөр БГ2105107701 дугаарт Ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хүннүгийн гудамж 216-р байрны 88 тоот 63,1 м.кв улсын бүртгэлийн ******* дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч С.Ү, Ү.Б нар нь ЗГ2105107701 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2021 оны 09 сарын 17-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 927 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 89,927,244.15 төгрөг, зээлийн хүү 13,681,831.97 гөгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,708.22 төгрөг нийт 103,890,784.33 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Иймд, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

-С.Ү, Ү.Б нараас 103,890,784.33 /Нэг зуун гурван сая найман зуун ерэн мянга долоон зуун наян дөрвөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банкинд олгуулж өгнө үү.

-БГ2105107701 дугаарт Ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хүннүгийн гудамж 216-р байрны 88 тоот 63,1 м.кв, улсын бүртгэлийн ******* дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг хууль тогтомжийн дагуу худалдан ЗГ2105107701 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Ү.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхийн шүүгч Б.Мандалбаярын 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 101/ШЗ2020/05261 дүгээр захирамжид зааснаар Г банк ХХК нь бидэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа. Энэ захирамж хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна.

 

Г банкны нэхэмжлэлтэй, иргэн С.Ү, Ү.Баяртамир нарт холбогдох 103,890,784 төгрөгийн зээлийн маргаан бүхий байдалд тайлбар гаргах нь:

2015 оны 12 сарын 30-нд ипотекийн зээлээр Г банкнаас 114,800,000 зээлийг 120 сарын хугацаатай зээлсэн бөгөөд уг зээлийг 0,8 хувь хүүтэй, 36 сар буюу 50,184,000 төгрөг эргэн төлсөн. Ингээд аав С.Ү нь тэтгэвэрт 2019 оны 3 сард гарч, зээл төлөлт зогссон. Би ааваасаа хамааралгүй тусдаа амьдардаг байсан учир мэдээгүй өөрөө нагац ахдаа элэгний донор болж элэгнийхээ 70 хувь шилжүүлэн суулгах хагалгаанд 2018 онд-2019 оны 9 сард орсон учир мэдээгүй байсан. Ингээд шүүхээс 2020 оны 09 сарын 06-ны өдөр нэхэмжлэл ирэхэд анх мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, Г банкны 120 мянгат дахь салбарын хариуцлагагүй эрх бүхий хүмүүсээс болж 7 сарын дараа мэдэж эрсдэл 9,758,000 төгрөг болсон байсан. Үүний дараа 2020 оны 10 сараас Ковидын нөхцөл байдлаас миний бие ажлаас эрүүл мэндийн асуудлаар чөлөөлөгдөж эдийн засгийн хүндрэлд орсон юм. Ингээд Г банкны эрх бүхий ажилчдын хариуцлага алдсан 9,758,000 төгрөг, Монгол улсын Засгийн газрын ипотекийн зээлийн үндсэн болон хүүг 2022 он хүртэл чөлөөлсөн байдлыг харгалзан үзэж Г банкны хүү болох 13,963,540 төгрөгийг чөлөөлж өгөх хүсэлт тайлбарыг эрхэм шүүгчид хуулийн дагуу тусгаж тусалж өгнө үү. Одоогоор Г банкны нэхэмжилж буй 103,890,748 төгрөгөөс эдгээр дүнг хасуулан үлдсэн 80,169,784 төгрөгийг иргэн би ээж Б.Утэй хамтран сар бүрийн графикийн дагуу 1,394,000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой болсон юм. Иргэн миний тайлбар хүсэлтийг минь харгалзан үзэж залуу хүн намайг орон байртай үлдэх ирээдүйг минь харгалзан үзэж тусална уу гэжээ.

 

3. Хариуцагч С.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г банк, Бын ээж У, ******* ХХК гурав нь иргэн намайг хуурч мэхлэн энэхүү зээлийн гэрээ гэгч дээр батлан даагчаар гэрээ байгуулан миний эрх, эрх чөлөөнд халдаж байгаад гомдолтой байна. Миний бие эрүүл мэндийн асуудалтай байхад дарамталж, хуурч мэхлэн гэрээнд гарын үсэг зуруулсан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр Б, Т, Г банкнуүдын оролцсон Т ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг эвлэрэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхой нотлогддог. Эхнээсээ урьдчилгаа төлбөр төлөөгүй байхад мөн нэгж талбайн үнэ төлбөрийг нэмэгдүүлэн хуйвалдаж зээл аван хувааж авч намайг хохироосон нь тодорхой байгаа.

Энэхүү зээлийн гэрээ гэгчээр Г банк мөнгөө хүүлж, Т ХХК Г банкнаас байрны үнэ болох мөнгөө авч хэрэглэн, Б, У нар нь ямар ч төлбөр төлөлгүй амьдарч аз жаргалтай байхад иргэн миний бие харин хохирсоор байгааг шүүх анхааралдаа авч Үндсэн хуулийн 2-р бүлгийн 19-р зүйлд заасан төрөөс хүний эрхийг зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн зохицуулалтын дагуу иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Цаашдаа миний бие сөрөг нэхэмжлэл гарган өөрийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө маргаан үүсгэх болно.гэв.

 

4. Хариуцагч Ү.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүү Ү.Б бид анх Г банкны зээлийн хөрөнгөөр Тай тү тайм компаниас нэхэмжлэлд заасан орон сууцыг худалдан авсан юм. Харин тус компанид урьдчилгаа 49,218,000 төгрөгийг бодитоор төлөөгүй байсан тул тус компани уг мөнгийг С.Ү, Ү.Б нараас нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийг шийдвэрлэх үед 49,218,000 төгрөгийг Ү.Б, Г банкны зээлийг С.Ү тус тус хариуцан төлж барагдуулахаар тохиролцсон. Энэ нь тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/06539 дүгээр шийдвэр, С.Ү орон сууцыг худалдан авснаар татварын хөнгөлөлтын 3 сая төгрөгийг авсан тухай баримт зэргээр нотлогдоно. Энэ байдлыг шүүхээс харгалзан үзэхийг хүсч байна. Мөн нэхэмжлэгч Г банк нь бидэнд тусалж зээл олгосныг зөвөөр ойлгож хүү Ү.Б бид уг нэхэмжлэлийг эвийн журмаар шийдүүлэхийг хүсч байна. Иймд бид нэхэмжлэлд заасан зээлийн хүү 13,681,831.97 төгрөгийг эн түрүүнд төлж үндсэн зээлийн мөнгийг цаашид ердийн журмаар үргэлжлэх зээл болгуулж хариуцан төлөх санал гаргаж байна. Хүү Ү.Б бид хоёул амьдардаг, бид эрүүл мэндийн хувьд сайнгүй, хүү маань нагац ахдаа элэгнийхээ хагасыг өгсөн зэрэг амьдралын байдлыг Г банкны зүгээс ойлгон орон сууцыг бидний мэдэлд үлдээхийг бид чин сэтгэлээсээ хүсч байна. Мөн энэ байдалд шүүхээс хуулийн дагуу дүгнэлт хийн шийдвэрлэхийг хүсч байна.

-Зээл авсан нь үнэн, 11,115,000 төгрөгийг хасч тооцуулмаар байна, үүний дараа байраа зарах уу үргэлжлүүлээд зээлээ төлөөд явах уу гэдгээ шийднэ гэв.

5.Нэхэмжлэгч талаас 2015 оны 12 сарын 30-ны өдрийн ЗГ2105107701 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, ЗГ2105107701 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 сарын 30-ны БГ2105107701 тоот Ипотекийн гэрээ, 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ЗГ2105107701А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.09.17-ны өдөр хэвлэсэн зээлийн данс 2105107701 хүү тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 101/ШЗ2020/20388 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, мөн тус шүүхийн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 101/ШЗ2021/13725 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 21/11-150 дугаартай Монголын ипотекийн корпораци ОССК-ийн албан бичиг, 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 21/11-93 дугаартай Монголын ипотекийн корпораци ОССК-иас Г банк ХХК-д олгосон итгэмжлэл, Г банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаартай Г банкны гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, 2017 оны 01 сарын 30-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /ипотекийн зээл/ хх-58-78/, 2017 оны 01 сарын 30-ны өдрийн үйлчилгээний гэрээ хх-79-93/, 2022 оны 03 сарын 14-ний өдрийн Г банкны уулзалтын тэмдэглэл, 2022 оны 03 сарын 22-ны өдрийн Г банкны утсаар ярьсан тэмдэглэл, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн Г банкны утсаар ярьсан тэмдэглэл, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн Г банкны уулзалтын тэмдэглэл,

 

Хариуцагч талаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 101/ШЗ2020/05261 дүгээр захирамж, 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 0651 дугаартай С.Үаас Х.Бат-Ялалтад олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 сарын 07-ны өдрийн 17260719/7 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох донорын бүрдүүлэх шинжилгээ /хх133-135/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/06539 дүгээр захирамж /шийдвэр/ /хх-153-155/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 101/ШЗ2018/10680 дугаар захирамж /хх-156-157/, С.Үын Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гаргасан хүсэлт /хх158/, 2022 оны 03 сарын 17-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, 2019 оны 09 сарын 02-ны өдрийн 09/2792 дугаартай Г банкнаас иргэн С.Ү, Ү.Б нарт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч МИК ОССК ХХК-ийг төлөөлж Г банк ХХК нь, хариуцагч С.Ү, Ү.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 103,890,784.33 төгрөг гаргуулах, ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч С.Ү нь ...нэхэмжлэгч Г банк, Бын ээж У, байр зарсан Т ХХК намайг хуурч мэхлэн зээлийн гэрээ байгуулсан, намайг зээл төлөхөд хамаарахгүй, батлан даагчаар гарын үсэг зурчих гэж зуруулсан, гэтэл удалгүй сар бүр цалингаас зээлийн төлбөрийг суутгасан, би энэ байранд амьдардаггүй, хүүхдэд төлөх тэтгэмжээ төлсөн нэмж мөнгө төлөх үндэслэлгүй... гэж маргаж,

хариуцагч Ү.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...зээл авсан нь үнэн, Үнэнбатын цалингаас төлж байгаад энэ хүн ажиллахаа болиод 2019 оны 01 дүгээр сараас хойш зээл төлөгдөхгүй болж эхлэхэд банк бидэнд мэдэгдээгүй 8 сарын дараа мэдэгдсэн, энэ хугацаанд 11,153,000 төгрөгийн хүү бодогдсон нь банкны тухайн салбарын буруутай үйл ажиллагаатай холбоотой тул уг мөнгийг нэхэмжлэлээс хасуулж, хэвийн хуваарьтаа орж зээлээ төлөх хүсэлтэй, энэ мөнгийг банк зээлээс хасахгүй байгаа тул зээлийг үргэлжлүүлэн төлөөгүй... гэж тус тус тайлбарлаж, маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд;

Монголын ипотекийн корпораци ОССК ХХК/цаашид МИК ОССК ХХК гэх/-ийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21/11-93 албан бичгээр МИК ОССК ХХК нь Г банкинд Г банкны үйлчилгээ үзүүлж буй зээлдэгч С.Ү, Ү.Б нарт холбогдох иргэний хэрэгт МИК ОССК ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Г банкинд олгосон байна. /хх-25/

МИК ОССК ХХК 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичигт МИК ОССК ХХК нь С.Ү, Ү.Б нарын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Г банктай байгуулсан ЗГ2105107701 тоот зээлийн хөрөнгийг МИК АКТИВ АРВАН НЭГ ТЗК ХХК-ийн нэгдсэн хөрөнгийн багцад худалдан авч, хууль ёсны дагуу шаардах эрх эзэмшигч болсон талаар тодорхойлсон байна. /хх-24/

Г банк ХХК, МИК АКТИВ АРВАН НЭГ ТЗК ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Ипотекийн зээл худалдах, худалдан авах ХХАГ-17/30-15 гэрээгээр Худалдан авагч буюу МИК АКТИВ АРВАН НЭГ ТЗК ХХК нь Худалдан авалтын өдөр Хөрөнгийн багцыг худалдан авахаар, Анхны үүрэг гүйцэтгэгч буюу Г банк ХХК нь түүнийг Худалдан авалтын хариу төлбөртэйгээр худалдахаар тохирч холбогдох Ипотекийн зээлийн хөрөнгүүдийг худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн байна. Үүнд уг гэрээний 3.01 заалтад 6 төрлийн /a, b, c, d, e, f/ ипотекийн зүйлтэй холбоотой эрх шилжихээр нэрлэн заасан ба үүнд ипотекийн зээл хамаарч байна.

Анхны үүрэг гүйцэтгүүлэгч болон Худалдан авагч нар нь Ипотекийн зээлүүдийн болон холбогдох Ипотекийн хэрэгслүүдийн дагуу Анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн эдлэх эрх, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхол болон үр шимийг Хөрөнгийн багцын өмчлөлийн бүх эрсдэл болон үр шимийн хамтаар Худалдан авагчид Худалдан авалтын өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгон шилжүүлэх, энэхүү Хөрөнгийн багцын худалдаа, худалдан авалтыг гэрээний үндсэн дээр бүрэн шилжүүлэх нөхцөлтэй бодит худалдаалалт байхаар тохирч, Хөрөнгийн багцын эд хөрөнгийн эрх нь тохиролцооны зүйл болох худалдан авалтын хариу төлбөрийг төлснөөр Худалдан авалтын өдрөөр Анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс Худалдан авагчид шилжсэн гэж тооцогдоно гэж тохиролцжээ.

Мөн өдрийн Г банк ХХК /Үйлчилгээ үзүүлэгч/, МИК АКТИВ АРВАН НЭГ ТЗК ХХК /Худалдан авагч/, Монголын ипотекийн корпораци ОССК /Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч/ ба /Хөрөнгө итгэмжлэгдсэн удирдагч/-ийн хооронд ҮГ-17/30-15 Үйлчилгээний гэрээ байгуулж, Г банк ХХК нь Ипотекийн зээлтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн байна. /хх58-93/

Эдгээр баримтаас үзэхэд дээрх 2 төрлийн гэрээ нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч нь өөрийн хөрөнгийг тусгай зориулалтын компанид гэрээний үндсэн дээр шилжүүлнэ, мөн хуулийн 13.2-т зааснаар Хөрөнгийг тусгай зориулалтын компанид шилжүүлснээр тухайн хөрөнгөтэй холбоотой аливаа эрх, барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийг хангах бусад арга, санхүүгийн хэрэгсэл хамт шилжсэнд тооцно гэсэнтэй нийцэж байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болох ба Г банк нь С.Ү болон Ү.Б нартай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн Ипотекийн гэрээний үүргийг шаардах эрхээ дээр дурдсан гэрээний дагуу 2017 онд МИК ОССК ХХК-д шилжүүлсэн байна.

Иймээс МИК ОССК ХХК нь Г банк, С.Ү болон Ү.Б нарын байгуулсан уг хэрэгт талуудын маргаж буй зээлийн гэрээ, ипотекийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

6. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууцны зээлийн ЗГ2105107701 дугаар гэрээгээр зээлдүүлэгч Г банк ХХК нь зээлдэгч С.Ү, Ү.Б нарт 114,800,000.00 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээл эргэн төлөлтийн хуваарь гаргаж, мөн өдрийн Ипотекийн БГ2105107701 дугаар гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 1331214 Хүннүгийн гудамж, 216 байр, 88 тоот хаягт хаягт байршилтай, 63.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-6-13/

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ2105107701А гэрээгээр талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ2105107701 тоот зээлийн гэрээний хавсралтад өөрчлөлт оруулж зээл эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх-14-15/

Эдгээрээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр байгуулагдсан байна.

Орон сууцны зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-т зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна, Ипотекийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зээлдэгч буюу барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж талууд тохиролцжээ.

Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд зээлдэгч нар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс зээлийн төлбөрт үндсэн зээл 24,872,755.85 төгрөг, зээлийн хүү 24,728,115.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,265.39 төгрөг, нийт 49,602,137.21 төгрөгийг төлсөн боловч зээлийн эргэн төлөх хуваарийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш одоог хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн болох нь тогтоогдож байна. /хх-17/

Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь зээл 89,927,244.15 төгрөг, зээлийн хүү 13,681,831.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,708.22 төгрөг, нийт 103,890,784.33 төгрөг төлөх үүрэгтэй байна.

7. Хариуцагч С.Ү, Ү.Б нар нь зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр зээлийн гэрээнд зээлдэгчийн хувиар гарын үсэг зурж, худалдан авсан орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-16/

Иймээс хариуцагч С.Ү, Ү.Б нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар зээлийн болон ипотекийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх тул хариуцагч С.Үын татгалзал үгүйсгэгдэнэ. С.Ү нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2105107701 дугаар орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2018/10680 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна. /хх-156-157/

Мөн хариуцагч Ү.Б нь зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээх тул хариуцагч С.Үыг зээл төлж чадахгүй болсон 2019 оны 01 дүгээр сараас хойш зээл төлөгдөхгүй болж эхлэхэд банк бидэнд мэдэгдээгүй 8 сарын дараа мэдэгдсэн, энэ хугацааны бодогдсон хүүг хасуулна гэх татгалзал үгүйсгэгдэх юм. Тэрээр элэгний донор болж зээлээ төлөх боломжгүй байсан гэх боловч энэ талаар банкинд мэдэгдээгүй, ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтийг банкинд гаргаагүй, дээрх хугацаанаас хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй үүргийн зөрчил үргэлжилж байгаа нь зээлийн үүргийг С.Ү хариуцна гэх агуулгаар үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч нарын татгалзалд дурдагдаж буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг зээл авах үед бодитоор төлөөгүй, орон сууц худалдсан Т ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг эвлэрлийн журмаар шийдвэрлэж урьдчилгаа төлбөрийг Ү.Б хариуцаж, зээлийг С.Ү хариуцахаар тохирсон гэх боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/06539 зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хариуцагч Ү.Быг ипотекийн зээлийн үүргээс чөлөөлсөн шүүхийн шийдвэр гэж үзэхгүй юм. /хх-153-154/

8. Иймд хариуцагч С.Ү, Ү.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 103,890,784.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МИК ОССК ХХК-ийг төлөөлж Г банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 000462260 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 216 байр, 88 тоот хаягт байршилтай, 63,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч С.Ү, Ү.Б нараас үндсэн зээл 89,927,244.15 төгрөг, хүү 13,681,831.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,708.22 төгрөг, нийт 103,890,784.33 төгрөг гаргуулж МИК ОССК ХХК-ийг төлөөлж буй Г банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 747,604 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 000462260 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 216 байр, 88 тоот хаягт байршилтай, 63,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ