Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           Хэргийн индекс: 307/2025/0083/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,

улсын яллагч К.Н ,

шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000037 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Б  овогт Ц ын А /Рд:********/, **** оны * дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой,  А**** авто засварын газарт засварчин ажилтай,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн хянан харгалзаж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын **дугаар багийн нутаг дэвсгэрт **-** ОРА улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Ц.А  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт **-** ОРА улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон нь, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчин, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр цэцэрлэгийн урд **-** ОРА улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг Ц-ын А гэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүллээ” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цаг 00 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.73 хувийн үзүүлэлт илэрч Ц.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

            Согтуурал шалгах багажийн баталгааны хуудас болон багажийн гэрэл зураг (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

 

Гэрч Ц.Г-ын өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагаас 18 цагийн хооронд 213 станцтай шинэ Дарханд цагийн постонд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд иргэнээс Дархан сумын **** цэцэрлэгийн урд тээврийн хэрэгсэл хашаанд тулаад зогссон байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад **-** ОРА улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгсэл хашаа руу тулсан байдалтай зогсож байхаар нь шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь гэх Ц-ын А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан учир драгер багажаар шалгахад 1.73 хувийн согтолттой байсан учир тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Ц.А нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

Ц.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Дархан-Уул аймаг, Дархан сум ** баг, төмсний бригадын орчим миний машин эвдэрчихсэн. Тэгээд бүр асахгүй болохоор нь тэнд үлдээгээд өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр машин дээрээ өөрийн найз болох Н-ийн хамт очиж янзлангаа машины хажууд нэг шил виски хувааж уусан. Ингээд ууж дуусаад өөрийн эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай Хонда Пит загварын тээврийн хэрэгслээ жолоодоод гэрлүүгээ хөдөлсөн. Ингээд баталеон луу орж ирээд холбооны цэргийн ангийн орчим явж байгаад гулгаан дээр машин эвгүй эргээд нэг хашаанд тулаад зогссон. Тэгээд машин тэндээс хөдөлгөж чадахгүй зогсож байтал цагдаагийн албан хаагч хүрээд ирсэн. Тэгээд би болсон явдалаа хэлтэл таниас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна. Та жолооны үнэмлэх, машины бичиг баримтаа шалгуулна уу гэхэд би жолоодох эрхээ 2024 оны 5 дугаар сард шүүхээр ороод хасуулсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хаана хийснээ санахгүй байна гэж хэлэхэд намайг согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгана гээд үлээлгэхэд 1.73 хувийн согтолттой гарсан. Ингээд миний унаж явсан машиныг журмын хашаанд саатуулж намайг явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

Х ХХК-ийн өмчлөлийн **-** ОРА улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/**** дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  03 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 36-40 дэх тал),

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 42-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.А өмнө нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврээр “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн байна.

Дээрх хугацаа дуусаагүй үед шүүгдэгч Ц.А нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан тухай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 18-20 дахь тал) зэргээр нотлогдсон.

Иймд шүүгдэгч Ц.А дээрх үйлдлийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.А нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг:

 

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

   Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тул гэм буруутайд тооцуулах саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгж буюу 4,000,000 төгрөгөөр торгох  ял шийтгэх саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй. Улсын яллагчийн торгох саналтай санал нэг байна. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 4000 нэгж буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх үүнийг 20 сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэх” санал тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.А-ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын багийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30-35 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан торгох ялыг 20 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

           

Дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ц.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 20 (хорь) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

5. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТ-АМГАЛАН