Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0357/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

улсын яллагч К.Н

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б (цахимаар),

иргэний нэхэмжлэгч Б.А  (цахимаар),

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч П.Б (0700),

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000970501 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б  овогт Ч.Э  (РД:ТЕ******)  **** оны ** дугаар сарын **-ний өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техник механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум ** тоотод оршин суух, урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

 

2. Монгол Улсын иргэн, Б овогт Б.З (РД: МО******) **** оны ** дугаар сарын **-ний өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э, Б.З  нарыг “төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Ч.Э  нь 2T25K-0517 дугаартай илчит тэрэгний Дархан татах хэсгийн машинчаар, шүүгдэгч Б.З  нь туслах машинчаар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 38 минутын орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Салхит өртөөний гарах дохио дээр өртөөний 1 дүгээр замаар Дарханаас Замын-Үүд чиглэлийн ачааны 3402 дугаар галт тэргийг жолоодох үедээ,

машинч Ч.Э  нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт "Төмөр замын дохиолол, холбооны журам "-ын 1.4-т "Энэхүү журмаар тодорхойлсон дохио, тэмдгийн заалтыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох бүрд заавал дагаж мөрдөнө", 3.1-т "Гэрлэн дохио, семафорыг байнгын дохионд хамааруулж зориулалтаар нь дараах байдлаар ангилна: Оруулах-Өртөөг хоорондын замаас зааглах, галт тэргийг өртөө руу орохыг зөвшөөрөх буюу хориглох; Гаргах-Өртөөнөөс галт тэрэг хоорондын замд явуулахыг зөвшөөрөх буюу хориглох", 3.8-д "Оруулах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг шар гэрэл-Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай", 3.10.1-д "хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт гаргах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг улаан гэрэл-зогс! Дохио өнгөрөхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн,

туслах машинч Б.З  нь Салхит өртөөний 4 оруулах дохио нэг шар гэрэл асаж байхад байхад машинчид "нэг шар" гэж хэлсэн ч машинч хурд бууруулах дохионы заалтыг давталцаагүйд хяналт тавьж, дахин давталцаагүй, машинч оруулах 4 дохиог 60 км/ц хурдтай өнгөрөхөд албаны тоормос хийж хурд бууруулах шаардлага тавиагүй, давтах ПЧ1 дохио харанхуй байхад 41 гаргах дохио хаалттай байгааг мэдэж машинчид хурд бууруулах, зогсох шаардлага тавиагүйгээс машинч 41 дохионы "улаан" заалтын 378 метрийн өмнө аралтай тоормос хийж, дохио өнгөрч, сумын бэлчирт зогсож байсан хөдлөх бүрэлдэхүүнийг мөргөж Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.3- т "галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинч нь дараах үүргийг чанд биелүүлнэ: зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы зааг болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх; өртөөнд орох болон өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх; өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах гэрлэн дохиог /гаргах гэрлэн дохио байхгүй бол хязгаарын шон/ өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох", 17.2.5-д"замд явах үед зүтгүүрийн бригад дараах үйлдлийг гаргахгүй ажиллах шаардлагатай: энэхүү журам, суурь бүтэц эзэмшигчийн тушаал, шийдвэр, олгогдсон анхаарамж, дохионы заалтаар өнгөрөх тогтоосон хурдыг хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн ачааны 1259 дугаар галт тэрэг Салхит өртөөний 2 дугаар зам дээр зогсож байхад нь уг галт тэрэгний 17, 18 дугаар тавцант вагоны хажуу талаас нь мөргөж замаас гаргасны улмаас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 117,350,135 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Салхит өртөөний гарах дохион дээр Салхит-Зүүнхараа чиглэлд хөдөлсөн ачааны 3402-р галт тэрэг 57 вагон төмрийн хүдэр бохироор 5200 тн чирч 1 дүгээр замаас хөдөлгөөн үйлдэж 2 дугаар зам руу орохдоо өртөөний 2 дугаар зам дээр зогсож байсан Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн ачааны 52 вагонтой Транзит-Чингэлэг ачаатай оффис тавилга, цахилгаан бараа тээвэрлэж явсан 1259-р галт тэрэгний 17, 18 дугаар вагоныг мөргөж замаас гаргасан” гэх гэмт хэргийн талаарх харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан гомдол, мэдээллийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 55 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4-16, 21-33 дахь тал),

Ч.Э , Б.З , А.Т , Х.Х  нарын согтуурал шалгах багажаар шалгасан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 17-20 дахь тал),

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “М  О  хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг хохирогчоор тогтоосон” мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б гийн өгсөн: "...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 50 минутын орчим Улаанбаатар төмөр замын Салхит өртөө руу орж ирэх 3402 дугаар галт тэрэг хурдаа тохируулаагүйгээс тоормосыг хугацаандаа бариулалгүй илүү явалт хийж тогтоосон зайд зогсоогоогүйгээс болж гарах зам эзэлсэн 1259 дүгээр галт тэрэгний сүүлийн 2 вагоныг мөргөсөн гологдол гарсан. Энэ гологдол гарсан гол шалтгаан нь орох дохио нэг шар байхад буюу Төмөр замын дохиолол холбооны журмын 1.4-т заасан дохио тэмдэглэлийн заалтыг мөрдөөгүй байсан. Нэг шар гэрэл нь 3.8-т галт тэрэг гол замаар зогсооход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө. Дараагийн гэрэл дохио хаалттай буюу заавал зогс гэсэн дохиотой байхад машинч нэг шар гэрлийн хажуугаар 61-62 км/ц-ийн хурдтай явсан, зогсоох арга хэмжээг цаг тухайд аваагүй, тоормосыг оройтуулж хийсэн. Туслах машинч машинчийн үйл ажиллагаанд хяналт тавьж нэг шар гэрэл байна гэж давтаж хэлсэн боловч 40 км/ц- аас дээш хурдтай явж болохгүй газар 61-62 км/ц хурдтай явж байгааг анзаарсан боловч дахин нэг шар гэрэл гэж хэлээд машинчийг ямар нэгэн үйлдэл хийхгүй байгааг анзаарсан боловч галт тэргийг зогсоох арга хэмжээг шууд авч яаралтай тоормос хийгээгүйгээс галт тэрэг мөргөлдөж замаас гарах гол шалтгаан болсон. Ийм учраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай хурлаас Дархан татах хэсгийн машинч Ч-ын Э, туслах машинч Б-ын З нартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сахилгын шийтгэл оногдуулж Дохиоллын дүрмийн 3.8, Техник ашиглалтын дүрмийн 17.2.1В, 17.2.3А, 17.2.3Д, 6.2.4, Замын даргын A/839, A/75 тушаалуудыг ноцтой зөрчсөн гэж ажлаас халах шийдвэр гарсан. Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон байдаг бөгөөд энэ хэлэлцээрийн 37 дугаар зүйлийн 2 дахь заалтад "Ачааг тээвэрт хүлээн авсан цагаас эхлэн олгох хүртэл ачаа үрэгдсэн, дутсан, гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцлага хүлээнэ" гэж зааснаар чингэлэг болон чингэлэг доторх ачааг, мөн хэлэлцээрийн 51 дугаар зүйлд зааснаар "Тээвэрлэгч вагон алдагдсан болон гэмтсэн нь өөрөөс шалтгаалаагүйг баталж чадаагүй бол тээвэрт хүлээн авснаас олгох хүртэл хариуцлагыг хүлээнэ." гэж тус тус заасан байх тул тухайн галт тэрэг нь БНХАУ-ын төмөр замаас Улаанбаатар төмөр замаар дамжин ОХУ-ын төмөр замд хүлээлгэн өгөх Олон Улсын ачаа тул Улаанбаатар төмөр замын суурь бүтэц дээр осол гарсан, тухайн ослын шалтгаан нь төмөр замын ажилтнуудын буруутай үйлдлээс болсон зэрэг нөхцөл байдлаас тээвэрлэгчийн хувьд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь гэмтсэн 2 тавцант вагон, 2 чингэлэг, чингэлэг доторх ачааны хохирлыг төлөх үүрэг ноогдоно. Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 46.2-т "Ачааг хүлээн авагч нь олгож буй тээвэрлэгчид хандаж гомдол гаргана." гэж заасан тул ОХУ-ын төмөр зам нь ачааг олгох үедээ гаалийн ажилтан, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн эксперт хүлээн авагчийг байлцуулан тээврийн акт үйлдэж хохирлыг тогтох бөгөөд тухайн актыг үндэслэж төлбөр тооцоог төлнө. ОХУ-ын төмөр замаас ачааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт одоогоор ирүүлээгүй байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-52 дахь тал) 

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Б.А г иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.А ийн өгсөн: "...Өнөөдрийн байдлаар 17, 18 дугаар тавцант вагон, чингэлэгтэй ачаа, эвдэрсэн чингэлгийн хохиролтой холбоотой баримтуудыг манай байгууллагад ирүүлээгүй байна. Нийгэмлэгийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанд ирүүлэх ёстой. Хохирлын баримт ирэхээр нь манай байгууллага Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн дагуу хохирлыг төлж одоогоор манайд учирсан байгаа 117.350.135 төгрөг дээр нэмж нийт хохирлыг гарган иргэний нэхэмжлэгчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гарган баримтыг хүргүүлнэ. Мөн манай байгууллагад учирсан 117.350.135 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргуулахад эвдэрсэн зүтгүүрт хийх засвартай холбоотой санхүүгийн баримт нь гараагүй байсан тул уг засвартай холбоотой баримтыг Дархан татах хэсгээс ирүүлсний дараа нийт хохирлыг нэмж тооцож нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-60 дахь тал) 

Гэрч Ч.Э ийн өгсөн: "...Дархан 1 өртөө орж 3 дугаар замаас 5200 тонн төмрийн хүдэр бүхий 57 вагон ачааг чирээд 17:39 цагт хөдөлсөн. Дархан 2 өртөө өнгөрөөд Цайдам өртөөн дээр 1 дүгээр замаар зогсолтоо авч 3503 дугаар галт тэрэгтэй зөрсөн. 18:16 цагийн үед Цайдам өртөөнөөс жижүүрийн командаар хөдлөөд Салхит өртөө орж явахдаа тус өртөөний жижүүрийг станцаар дуудаж 3402 дугаар галт тэрэг өртөөнд ойртож байна гэж хэлсэн. Жижүүр станцаар 1 дүгээр замаар авч байна 1259 дүгээр галт тэрэгтэй зөрж байгаа. Зөрөх галт тэргэнд хяналт тавиарай гэсэн. Би станцаараа 1 дүгээр замаар авлаа гэж ойлголоо 1259-р галт тэргэнд хяналт тавина гэж хэлээд хартал орох дохио өнгөрсөн байсан. Орох дохио улаан, ногоон, шар аль ассан байсныг анзаараагүй. Тэгээд урагш хартал гарах дохио улаан байсан. Тухайн үед 58 км цагийн хурдтай явж байсан бөгөөд 500 орчим метрийн зайтай явж байхдаа яаралтай тоормос хийсэн боловч бүрэн зогсолт хийж чадалгүй явсаар байгаад 1259 дүгээр галт тэрэгний 17, 18 дугаар вагоны хэсгийг зүтгүүрээрээ мөргөөд галт тэрэг замаас гараад зогссон. Би шоконд ороод зүтгүүрээс буугаад зааварлагч машинч руугаа залгаж хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2Т925КМ-0517 дугаартай зүтгүүрт Салхит өртөөнд орж байх үед туслах машинч Б.3 миний зүүн талд хяналт тавиад зогсож байсан, өртөө руу орох үед туслах машинч миний зүүн талд хяналт тавьж зогсож ажиллах үүрэгтэй байдаг, тухайн 2Т925КМ-0517 дугаартай зүтгүүр нь туслах машинчийн талд зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авах авто зогсоогуур буюу хийн тормосыг ажиллуулах үүрэгтэй автомат кноптой, гэхдээ туслах машинч ажил үүргийн дагуу миний зүүн талд хажуу талд машинчид хяналт тавьж, аюулгүй байдлаа хангаж ажиллаж байсан. Өртөө руу орох үед машинч зам, дохиогоо хараад ажиллах, туслах машинч хяналт тавиад явах үүрэгтэй, зүтгүүр орох болон хөдөлгөөн үйлдэж байх үед машинч ажлын байраа орхих боломжгүй, байнгын аюулгүй байдлаа хангаж ажилладаг, өртөө зөрлөгт зогсолт хийж зөрөх үед би бие засах үйлдэл зэргээ хийдэг, туслах машинч хөдөлгүүрийн аюулгүй байдлыг хангах, өртөө, зөрлөг руу орох, гарах үед машинчийн хажууд зогсож аюулгүй байдлаа хангаж, хяналт тавьдаг, өртөө хоорондын замд хөдөлгүүрийг шалгаж ажилладаг, ажилд гарахын өмнө эмчийн үзлэгт ордог, машинчийн бие муудсан тохиолдолд туслах машинч зогсоох арга хэмжээ авч, жижүүрт мэдэгдэх үүрэгтэй, туслах машинч зүтгүүрийг жолоодох эрхгүй. Тухайн Салхит өртөө руу орох үед би өөр юм халти бодсон байсан тэгээд гэнэт юу билээ гэж бодоод туслах машинчаас ямар дохиогоор орсон бэ гэж асуухад нэг шар дохиогоор орсон гэхээр нь аралтай тормос хийсэн, давталцлаар ярина гэдэг нь туслах машинч нэг шар дохио гэж хэлэхэд нь машинч эргэж нэг шар дохио гэж хэлдэг. Тухайн үед туслах машинч нэг шар дохио гэж хэлсэн гэсэн, би юм бодож байсан болохоор хэлсэн үгийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-69 дахь тал/

Гэрч Б.З йн өгсөн "... Салхит өртөөнд 18 цаг өнгөрч байхад орж ирсэн бөгөөд анхааруулах дохио дээр Салхит өртөөний жижүүртэй ярилцлага хийхэд "өртөөний жижүүр нь 1259-р галт тэрэгний сүүлийн дохиог хараарай" гэж хэлснийг сонссон. Өртөөний жижүүртэй би ярьдаггүй машинч ярьдаг. Тухайн үед Салхит өртөөгөөр орж ирэх үед орох дохио нэг шар ассан байсан. Энэ нь галт тэрэг өнгөрөн явахыг зөвшөөрнө, хурд 40 км.ц-с ихгүй явахыг хэлдэг. Манай галт тэрэг ойролцоогоор 58 км. ц-ийн хурдтай явж байсан бөгөөд дараагийн гэрлэн дохиог харахад гарах дохио улаан буюу хаалттай байсан. Машинч Ч.Э  яаралтай тоормос хийж галт тэргийг зогсоох гэхэд гарах хаалттай дохиог өнгөрч 2-р зам дээр зогсож байсан 1259-р галт тэрэгний хажуу талаас нь мөргөж зогссон. Тухайн 2ТЭ25КМ-0517 дугаартай зүтгүүр нь туслах машинчийн талд зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авах авто зогсоогуур буюу хийн тормосыг ажиллуулах үүрэгтэй автомат кноптой, гэхдээ туслах машинч ажил үүргийн дагуу машинчийн зүүн талд хажуу талд машинчид хяналт тавьж, аюулгүй байдлаа хангаж ажиллаж байсан, анхаарал дохио ногоон байхаар нь би баруун гараараа дохио руу заагаад "анхааруулах дохио ногоон байна" гэж нэг удаа хэлсэн, машинч эргэж “анхааруулах дохио ногоон гэрэл” гэж хэлсэн тэгээд орох дохио нэг шар байхаар нь би баруун гараараа заагаад "орох дохио нэг шар" гэж хэлтэл, машинч эргэж хариу хэлээгүй, би дахиад "орох дохио нэг шар" гэж хэлсэн, машинч хариу хэлж үйлдэл хийгээгүй тэгээд орох дохио өнгөрөөд гарах дохио хаалттай байхаар нь "гарах дохио хаалттай" гэж би орилоход машинч аралтай тормос хийсэн. Туслах машинч зүтгүүрийг жолоодох эрх байхгүй, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу туслах машинч зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авах ёстой байсан боловч би орох дохио нэг шар гэж хоёр удаа хэлэхэд машинч хурдаа хасахгүй байхаар нь би яагаад 40 км/цагаас ихгүй явах ёстой байхад хурдаа хасахгүй байна аа гэж бодоод байж байх үед гарах дохио хаалттай байхаар нь гарах дохио хаалттай гэж орилсон, зүтгүүр 60 км/цагийн хурдтай явж байсан болохоор дараагийн дохио руу хурдан орж ирсэн, би бас томилогдоод удаагүй 6 сар ажиллаж байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-77 дахь тал),

Гэрч Б.Д гийн өгсөн: "...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ТЗ-ын Салхит өртөөний жижүүрээр ажиллаж байхад Эрхэт зөрлөгөөс 17 цаг 51 минутад ачааны 1259-р галт тэрэг манай өртөөний чиглэлд хөдөлсөн тухай мэдэгдсэн. Удалгүй УБТЗ-ын Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулаг Н.Б  холбоогоор надад "1259-р галт тэргийг хойноос ирж байгаа 3402-р галт тэрэгтэй зөрүүлж явуул" гэж ажлын чиглэлийг өгсөн. Би түүний дагуу 1259-р галт тэргийг 18 цаг 02 минутад өртөөний 2-р замаар хүлээн авч, тухайн галт тэрэгний машинч нарт 3402 дугаартай галт тэрэгтэй зөрж хөдлөх талаар мэдэгдсэн. Тухайн галт тэрэгтэй зөрөх хойд чиглэлээс ирж байсан ачааны 3402 дугаар галт тэрэг манай өртөөд 18 цаг 38 минутад 1-р замаар орж ирэх үед буюу дохионы өмнө явж байх үед нь машинч нарт холбоогоор Салхит өртөөний жижүүр Даваасүрэн, 3402-р галт тэргийг 1-р замаар зогсолттой хүлээн авч байна. Оруулах гэрлэн дохио нээлттэй. 1259-р галт тэрэгтэй зөрнө. Бүрэлдэхүүн болон сүүлийн дохионд хяналт тавиараа" гэж хэлэхэд галт тэрэгний машинч 3402-р галт тэрэг 1-р замаар зогсолттой хүлээн авч байна гэж мэдлээ. Оруулах гэрлэн дохио нээлттэй. 517 Э гэхээр нь би 3402-р галт тэрэгний машинч зөв ойлгож гүйцэтгэ. 3402-р галт тэрэг контролд орсон. Зогсож болно. Тоормос оо суллахгүй зогсож байгаарай. 2-р замаас 1259-р галт тэргийг явуулна" гэж хэлсэн. Тэгээд удалгүй холбоогоор Салхитаа 1259-р галт тэргийг хөдөлгөж болохгүй шүү" гэхээр нь гайхаад юу болсон талаар асуухад 3402-р галт тэрэгний машинч дахиж хариу өгөөгүй. Гэтэл Пто-ын үзэгч Н.М холбоогоор Торэг замаас гарсан байна. гэхээр нь болсон асуудлын талаар өртөөний дарга Н.М, техникч Н.Ж  нарт мэдэгдсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94-95 дахь тал), 

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Зүтгүүрийн аюулгүй байдлын системийн цахим бичлэг, хурд хэмжигчийн туузны орчуулгын маягт” (1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал), 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаартай: “...Э гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэж байнай,  шинжилгээнд ирүүлсэн цуснаас спиртийн агууламж илрээгүй,  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээнд ирүүлсэн цус хүрэхгүй тул хийгдээгүй” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 128-130 дахь тал), 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай: “...З гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэж байна, шинжилгээнд ирүүлсэн цуснаас спиртийн агууламж илрээгүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээнд ирүүлсэн цус хүрэхгүй тул хийгдээгүй” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 136-138 дахь тал) ,

3ам, тээвэр хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын төмөр замын хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ш.Б ийн гаргасан Nº23/012/04 шинжээчийн дүгнэлтэд машинч Ч.Э нь "Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт "Төмөр замын дохиолол, холбооны журам"-ын 1.4-т "Энэхүү журмаар тодорхойлсон дохио, тэмдгийн заалтыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч бүр заавал дагаж мөрдөнө", , 3.1-т "Гэрлэн дохио, семафорыг байнгын дохионд хамааруулж зориулалтаар нь дараах байдлаар ангилна: Оруулах-Өртөөг хоорондын замаас зааглах, галт тэргийг өртөө руу орохыг зөвшөөрөх буюу хориглох; Гаргах-Өртөөнөөс галт тэрэг хоорондын замд явуулахыг зөвшөөрөх буюу хориглох", 3.8-д "Оруулах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг шар гэрэл-Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай", 3.10.1-д "хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэг гаргах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно" гэж заасан байдаг. 2T25K-0517 дугаартай илчит тэрэгний машинч Ч.Э  туслах машинч Б.З ийн Салхит өртөөний Ч орох дохионы заалтыг ажиглаж "нэг шар" гэж хэлснийг давтан хэлээгүй, Ч оруулах болон ПЧ1 давтах дохионы заалтыг ажиглаагүй өнгөрсөн, Ч оруулах дохио "нэг шар гэрэл" заалттай байхад албаны тоормос хийж хурд бууруулахгүйгээр 60 км/ц хурдтай өнгөрч, зогсоход бэлэн яваагүй, гаргах 41 дохио "улаан" заалттай байхад яаралтай тоормос хийсэн, хаалттай "улаан" дохионы өмнө зогсоогүй, дохио өнгөрсөн, сумын бэлчирт зогсож байсан хөдлөх бүрэлдэхүүнийг мөргөж их хэмжээний хохирол учруулсан нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "Төмөр замын техник ашиглалтын журам"- ын 6.1.2-т "дохио бол үг дуугүй биелүүлбэл зохих тушаал мөн. Төмөр замын тээврийн ажилтан дохионы шаардлагыг биелүүлэхийн тулд бололцоотой бүх арга хэрэгслийг ашигласан байх шаардлагатай. Хориглосон заалттай гэрлэн дохио, семафорыг өнгөрч болохгүй. Гэрлэн дохио ба семафорын гэрэл унтарсан, тодний заалт буруу, ойлгогдохгүй байх, дохионы бусад хэрэгслээр ойлгогдохгүй дохио өгвөл зогсохыг шаардана", 17.1.2-т "нэг шар /үл анивчих/ гэрэлтэй гэрлэн дохио нь хориглосон заалттай дараагийн дохионы өмнө албан тоормослолт хэрэглэн зогсож чадахуйц хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Суман шилжүүлгээр хажуугийн зам руу галт тэрэг явах үеийн хурдыг ашиглалтын нөөцлөлийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно" 17.1.3-т  өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах гэрлэн дохиог /гаргах гэрлэн дохио байхгүй бол хязгаарын шон/ өнгөрүүлэх галт тэргийг зогсоох", 17.2.3-т "галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинч нь дараах үүргийг чанд биелүүлнэ: а. зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы заагч болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх; д. өртөөнд орох болон өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эвдрэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх", 17.2.4-т "галт тэрэг жолоодож явахдаа машинч дараах үйлдлийг гүйцэтгэнэ: б. байнгын дохио хориглосон заалттай байх буюу бусад дохионы заалт хурд бууруулахыг шаардсан байвал албаны тоормос хийж, хориглосон заалттай дохио өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох ба харин хурд бууруулах дохиотой бол тухайн дохиогоор тогтоосноос илүүгүй хурдтай өнгөрч байх, 17.2.7-д "галт тэргийг осол аюулгүй жолоодох, хоорондын замд галт тэрэгний явах цагийг мөрдөж биелүүлэхийг түүчээний, хоёр дахь болон түлхэгч зүтгүүрийн машинч нар нэгэн адил бүрэн хариуцна" гэж заасныг тус тус зөрчсөн буюу төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байна.", Туслах машинч Б.З  нь "2ТЭ25КМ-0517 дугаартай илчит тэрэгний туслах машинч Б.З  Салхит өртөөний Ч оруулах дохио нэг шар гэрэл асаж байхад байхад машинчид "нэг шар" гэж хэлсэн ч машинч хурд бууруулах дохионы заалтыг давталцаагүйд хяналт тавьж, дахин давталцаагүй, машинч оруулах 4 дохиог 60 км/ц хурдтай өнгөрөхөд албаны тормос хийж хурд бууруулах шаардлага тавиагүй, давтах П41 дохио харанхуй байхад 41 гаргах дохио хаалттай байгааг мэдэж машинчид хурд бууруулах, зогсох шаардлага тавиагүйгээс машинч 41 дохионы "улаан" заалтын 378 метрийн өмнө аралтай тормос хийж, дохио өнгөрч, сумын бэлчирт зогсож байсан хөдлөх бүрэлдэхүүнийг мөргөж их хэмжээний хохирол учруулсан нь 2020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.3- т "галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинч нь дараах үүргийг чанд биелүүлнэ: а. зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы заагч болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх; д. өртөөнд орох болон өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх; е. өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах гэрлэн дохиог /гаргах гэрлэн дохио байхгүй бол хязгаарын шон/ өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох", 17.2.5-д "замд явах үед зүтгүүрийн бригад дараах үйлдлийг гаргахгүй ажиллах шаардлагатай: а. энэхүү журам, суурь бүтэц эзэмшигчийн тушаал, шийдвэр, олгогдсон анхаарамж, дохионы заалтаар өнгөрөх тогтоосон хурдыг хэтрүүлэх" гэж заасныг тус тус зөрчсөн буюу төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байна." гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 147-150 дахь тал),

"А" хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн шинжээч Б.У ын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №ШД-324-10118 дугаартай дүгнэлтэд "Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 117,350,135 төгрөгийн хохирол учирсан.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 161-169 дахь тал),

2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 3-12 дахь тал),

Гэрч Ж.А ын өгсөн: "...Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 11 дугаар сарын 08-ны А-839 тоот тушаалын 3.5 дугаар заалтаар зохицуулагддаг бөгөөд машинч ямар нэгэн шалтгаанаар хориглосон заалттай дохионы өмнө машинч ямар нэгэн үйлдэл хийхгүй бол туслах машинч галт тэргийг нэн даруй зогсоох бүх арга хэмжээг авна гэж заасан. Машинч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу зүтгүүрийн жолоодлогыг орхиж явахгүй, туслах машинчид жолоодлогыг шилжүүлдэггүй. Хэрэв машинч жолоодлого хийх боломжгүй болсон тохиолдолд туслах машинч зүтгүүрийг зогсоох арга хэмжээг авч хөдөлгөөн хийхгүй байж, өртөөний жижүүрт мэдэгдэж, дараагийн бригадад хүлээлгэж өгнө, туслах машинч нь жолоодлого хийх эрхгүй байдаг ба зүтгүүр бие даан жолоодох шалгалтад орж, үнэмлэх авч түүний дараа дахин зүгшүүрлэлтэд орсны дараа галт тэрэг жолоодох эрхтэй болно. Галт тэрэг хөдөлгөөн үйлдэж байх үед машинч нь жолоодлогыг орхиж явах эрхгүй юм..." гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 189-196 дахь тал),

Гэрч Н.А ын өгсөн: "...Өртөө, зөрлөгийн оруулах гэрлэн дохионы 1 шар дохионы дэргэдүүр өнгөрөх үед дараагийн дохио хаалттай гэсэн мэдээлэл өгч байгаа тул 40 км/цагаас бага хурдтай буюу хурдаа бууруулаад цааш явсан бол галт тэрэгтэй мөргөлдөхгүй байх боломжтой, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтад заасан Төмөр замын дохиолол, холбооны журмын 3.8 Оруулах дохио дараах дохиог өгнө. Нэг шар гэрэл- Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай байна гэж заасныг мөрдөөгүйгээс мөргөлдөж, осол гарсан..." гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 216-218 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Тээврийн прокурорын газраас Ч.Э , Б.З  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б  шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг зөвтгөх байр суурьтай оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй талаар саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлөг жолоодсон; галт тэрэгний машинч, нисгэгч, усан онгоцны ахмад, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э , Б.З  нар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч Ч.Э , Б.З  нарын Төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 117,350,135 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Э , Б.З  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй ба энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Э , Б.З  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

1.5. Хохирол, хор уршиг:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж,  4 дэх хэсгийн 4.1-т “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг…” ойлгоно гэж хуульчилсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,

497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, ... этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1-д “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус заасан.

 

Үүнээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж ойлгоно.

 

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 117,350,135 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь А ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №ШД-324-10118 дугаар эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Э , Б.З  нараас Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд учирсан хохирол болох 117,350,135 төгрөгийг шүүгдэгч Ч.Э-өөс 58,675,067.5 төгрөгийг, шүүгдэгч Б.З оос 58,675,067.5 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан олгож, хохирогч хуулийн этгээд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно.” гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 117,350,135 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э , Б.З нар нь өөрт ногдох хохирлыг 9 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэл зоригоо илэрхийлж, хохирогч тал харилцан тохиролцож зөвшөөрсөн.

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан 1 (нэг) жилийн хугацаанд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

   Улсын яллагч: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдож байгаа. Яллах дүгнэлт үйлдсэн прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн байсан. Хэргийн материалтай танилцахад зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй байна гэж үзэхдээ согтуурсан буюу мансууруулах бодис хэрэглэсэн болон бусад өвчин шалтгааны улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ машинчаар жолоодохдоо холбогдох дүрэм, журам зөрчсөн болохыг хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувьд согтууруулах ундааны зүйл болон мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Мөн өвчин болон бусад шалтгааны улмаас өөрсдийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт 117,350,135 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч нараас дээрх мөнгийг хувь тэнцүүлэх буюу шүүгдэгч тус бүрээс 58,675,067 төгрөгийг гаргуулан Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгуулах” санал гаргажээ. .

 

Шүүгдэгч Ч.Э ийн өмгөөлөгч: Улсын яллагчийн зүгээс зүйлчлэлийг өөрчилж байна. Шүүгдэгчийн зүгээс анхнаасаа зүйлчлэл болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч ирсэн байх тул маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “А” компани шинжээчийн дүгнэлтээр 117,350,135 төгрөг Улаанбаатар төмөр замд учирсан гэдгийг тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс дээрх мөнгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хувь тэнцүүлэн гаргах төлбөрийг шүүгдэгчийн зүгээс хүсэлт гаргасан. Хүсэлтэд дээрх төлбөрийг 9 сарын хугацаанд төлж барагдуулна гэж дурдсан. Түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүгдэгчид оногдох хохирол төлбөрийг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б : Шүүгдэгч нарын хувийн байдал болон хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, шүүгдэгч нарт тэнсэн харгалзах ялаар шийтгэж, хохирол төлбөр төлөгдөх нөхцөлийг бүрдүүлж өгнө үү” гэх саналыг гаргажээ.

 

   Шүүгдэгч Ч.Э : Хохирол төлбөрийг 9 сарын хугацаанд төлж барагдуулна,  ажил хийх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.З : ... ажил хөдөлмөр эрхлээд хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх саналыг тус тус гаргав.

 

2.2 Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүхээс шүүгдэгч нь Ч.Э , Б.З  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ... бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкцид “... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Э Б.З  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэм буруугаа хүлээн звшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин Эрүүгийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсныг шүүгдэгч нарт хэрэглэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Э , Б.З нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э , Б.З     нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ч Э , Б  овогт Б  З  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ч.Э, Б.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Э, Б.З нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Э , Б.З нарт тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э , Б.З нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э Б.З нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 117,350,135 (нэг зуун арван долоон сая гурван зуун тавин мянга нэг зуун гучин тав)  төгрөгийг Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам (РД:*******)-д олгож, шүүгдэгч тус бүрээс 58,675,067 (таван найман сая зургаан зуун далан таван мянга жаран долоо) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй 1 (нэг) жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсоныг дурдаж, хохирогч хуулийн этгээд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Ч.Э , Б.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаао эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Э , Б.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БАТ-АМГАЛАН