Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар  2021/ДШМ/235

 

 

 

 

 

 

      2021         3               9                                           2021/ДШМ/235                              

 

 

Ж.Т, П.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Ж.Т, П.М,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Т, П.М нарт холбогдох эрүүгийн 2005 02634 0335  дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э............... овогт Ж...................н Т, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........................ төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмэг эхийн хамт ................... дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................./;

2. Б...................... овогт П....................н М, ...... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ........................ төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....................... оюутан, ам бүл 5, эх, дүү нарын хамт ....................... дүүргийн ......... дугаар хороо, ...................... гудамжны ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................../;

Шүүгдэгч Ж.Т, П.М нар нь санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 18,3198 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Т, П.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овогт Ж-н Т, Б овогт П-ийн М нарт холбогдох хэргээс “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” шинжийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э овогт Ж-н Т, Б овогт П-ийн М нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Тг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, П.Мөнх-Эрдэнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Т, П.М нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ж.Т, П.М нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ж.Т, П.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хоёр тусдаа цэвэр жин нь 15.9372 грамм, цэвэр жин 2.3198 грамм өвс нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 7а дугаар байрны 4 тоотод 95 настай эмээ Д.С, 53 настай эх С.Ж нарын хамт амьдардаг. 2012-2018 оны хичээлийн жилд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Үйлдвэрийн машин тоног, төхөөрөмжийн инженер мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Мэргэжлээрээ 2018-2019 онд герман хэлний сургалтанд сууж, “Рётё-В-2” сертификат, 2020 онд Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр мэргэжлээ ахиулсан. 2014-2018 онд “Смарт сольюшнь фурничур” ХХК-д интерьер дизайнераар сарын 1.000.000 төгрөгөөр цалинжиж, оюутны төлбөр болон ам бүлээ тэжээдэг байсан. 2018 онд “Лексус 570” авто сервист туслах механикчаар сарын 950.000 төгрөгөөр, 2020 онд “Шинь-Шинь” ХК-ийн “Улааны уурхай”-д авто тээврийн хэлтэст механик инженерээр 1.500.000 төгрөгөөр тус тус цалинжиж ам бүл, амьжиргаагаа залгуулдаг байсан. Хөдөлмөр эрхлэх болсноосоо хойш нийгмийн болон хүн амын орлогын албан татварыг тасралтгүй төлсөөр ирсэн. Оюутан байх хугацаандаа  “А.В.U-robocon 2016-2017” тэмцээнд оролцож тусгай байр эзэлж байсан. Нийгмийн сайн дурын болон сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож ирсэн. Миний эмээ Д.С 2012 оноос өнөөг хүртэл савны хорт хавдар өвчний оношоор эмнэлгийн байнгын хяналтад байгаа. Мөн 2020 оны 5 дугаар сард цөсний чулуу авах мэс ажилбарт орсон. Эмээ минь насны доройтолд орсны улмаас цус багадалт, даралт ихсэх, үе мөч, сонсгол муудсан, байнгын сахиуртай хэвтэрт байдаг. Миний ээж С.Ж нь 2012 оноос хойш одоог хүртэл гэрээр асарч, халамжилдаг учир ажиллаж амьжиргаагаа залгуулах боломжгүй байдаг. Гэр бүл, хайртай хүмүүсээ гомдоож, ид сурч, хөдөлмөрлөх, хийж бүтээх залуу насандаа сониуч зандаа хөтлөгдөн ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Иймд хорихоос бусад төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нар давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ж.Т, П.М нар нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Тэдгээр нь хоёул хагас өнчин. П.М нь Монгол Улсын Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан. Амьдралын шаардлагаар ар гэрээ тэжээн тэтгэхийн тулд одоо сургуулиасаа чөлөө авсан байгаа. Тэрээр ам бүл 5, 3 дүүгийн хамт амьдардаг. Барилгын туслах болон бусад төрлийн туслах ажил хийж гэр бүлээ авч явдаг ба 3 дүү нь оюутан, эх П нь нурууны суулттай ажил хийх чадваргүй. Амьжиргааны баталгаажих түвшинөөс доогуур өрхөд ордог. Ж.Т нь дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Смарт сольюшнь фурничур” ХХК-д механикчаар ажилладаг, ам бүл 3, эх С.Ж, эмээ Д.С нь 95 настай, байнгын асаргаа асрамжид байдаг зэрэг түүний хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Т, П.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1-5 жилийн хугацаагаар тэнсэх эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /гэр-ажил-эмнэлэг/ гэсэн маршрутаар 1-5 жилийн хугацаатайгаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасан зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэн, тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох зэрэг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.  

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд бусад гэмт хэргээс өөр, нийгэмд аюултай гэмт хэрэг юм. Шүүгдэгч нарт тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Т, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Т, П.М нар нь санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 18,3198 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн “...Нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургууль гэх шар өнгийн 3 давхар гадуураа ногоон төмөр хашаатай сургууль байх ба ...хашааны дээр хойд ирмэгээс 121 см зайд цагаан гялгар ууттай хоёр хэсэг болгон хийсэн нунтаг хатаасан хар ногоон өнгийн өвс мэт зүйл байх ба хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрүүлэх зорилгоор шинжилгээнд явуулахаар үзлэгээр хураан авав. Өвс мэт зүйлийн хажууд шаргал өнгийн шингэнтэй цэвэр усны сав, хажууд нь цагаан өнгийн ороож бөөрөнхийлсөн тугалган цаас байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/,

хүний биед үзлэг хийсэн “...Ж овогтой Т /РД:........................../-ийн биед үзлэг хийхэд үзлэгээр ...цагаан өнгийн гялгар ууттай хатаасан ургамал зэрэг эд зүйл биеэс нь буюу өмсөж явсан куртикны халааснаас нь гарч ирсэн болохыг тэмдэглэлд үйлдэв...” гэсэн тэмдэглэл /хх 7/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...иргэн П.М нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...иргэн Ж.Т нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-12/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 29-30/,

мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “...1. Хэрэг бүртгэлтийн 200502634 дугаартай хэрэгт 1 дэх нь цэвэр жин 15.9372 грамм, 2 дахь нь цэвэр жин 2.3198 грамм цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамлуудыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол /хх 31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4587 дугаартай шинжээчийн “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Ж.Т 2020.08.16”, “П.М” гэж хаягласан 2ш шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинолын /ТНС/ илэрсэн.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх 46-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4586 дугаартай шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “БГД II хэлтэс” гэж хаягласан 2 хэсэг ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. 3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 52-54/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

“Хадгалсан” гэдэг нь “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав түүнчлэн, тусгайлан бэлтгэсэн нуувч, тээврийн хэрэгсэлд агуулж байлгахыг хэлнэ.” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Т, П.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ж.Т, П.М нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр нэгдэж, худалдаалах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байсан нь тогтоогдсон ба Ж.Тгийн биед үзлэг хийх явцад түүний куртикны энгэрийн халааснаас болон тэдгээрийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байсан гэх сургуулийн шатны тавцан дээрээс тус тус цагаан өнгийн гялгар ууттай хатаасан өвс мэт зүйлийг илрүүлснээр гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд тэдгээрийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т, П.М нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тус тус тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Т “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, хорихоос бусад төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...”,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тэдгээрт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх эсхүл үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар шүүгдэгч Ж.Т, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын давж заалдах гомдолд дурдсан хэдий ч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Улсын дээд шүүхийн тогтоолд “Хууль бусаар олж авсан” гэдэг нь “тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад Ж.Т, П.М нарыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 18,3198 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй, тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй гэсэн үндэслэлээр Ж.Т, П.М нарт холбогдох хэргээс “хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” шинжийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Т, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Т, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ                                             

 

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР

 

 

                       ШҮҮГЧ                                                                  Б.АРИУНХИШИГ