Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00162

 

 

 

 

 

 

                                                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Ч.Отгонмарт,

Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Иргэний хариуцагч Ц.Хишигбуян,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч А.Чоймаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюурзанын Чоймаад холбогдох эрүүгийн 201622000592 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Дотно Аюурзанын Чоймаа, 1995 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 25-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн УП95040877 дугаартай.

 Шүүгдэгч А.Чоймаа нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд Супер вени-150 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а, 9 дүгээр зүйлийн 9.2, 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Тэнгисийг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ш.Тэнгис нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Чоймаа нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд Супер вени-150 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а, 9 дүгээр зүйлийн 9.2, 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Тэнгисийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Чоймаагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ” ...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ханх сумын төв рүү Венни маркийн мотоцикльтой ганцаараа явж байсан. Ханх сумын төвийн Хяр гэх газар руу ороод замаар явж байтал замын баруун талаас нэг хүүхэд гарч ирээд урдуур гүйсэн. Тэгээд би хурдаа сааруулаад тэр хүүхдийг өнгөрөөчихөөд буцаад хурдаа нэмээд явтал тэр хүүхэд буцаж гүйгээд миний жолоодож явсан мотоцикльд мөргүүлсэн. Тэгээд би мотоциклио зогсоогоод хүүхдийг очиж тэвэрч яваад машин зогсоогоод тэр машинтай хөдлөх гэж байтал хүүхдийн аав, ээж нь хүрч ирээд бид нар цугтаа эмнэлэг рүү явсан. Тэр хүүхдийг урдуур гүйхэд нь би араагаа хүндрүүлээд тоормозооо гишгэтэл хүүхдийг мөргөсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Отгонмартын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед манай хүү Тэнгис хашаандаа ахтайгаа тоглож байсан. Би гэртээ хоолоо хийж байсан. Тэгээд хашаанаас гараад 5 минут ч болоогүй байхад дүү мотоцикльд дайруулчихлаа гээд ах Төгөлдөр-Эрдэнэ гэртээ гүйгээд ороод ирсэн. Бид хоёрыг гараад очиход А.Чоймоо гэх банди хүүг маань тэвэрчихсэн нүүр ам бүх зүйл нь цус болчихсон байсан. Тэгээд машин дуудаад хүүгээ аваад эмнэлэг рүү аваад явсан. Ханх сумынхаа эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэж нүүр амыг нь оёж 23 цаг 30 минут гэхэд Ханх сумаас гарч аймгийн төвд маргааш оройн 17 цагт очсон. Замдаа нилээн хүнд байсан. Аймгийн эмнэлэгт очоод сэхээнд ороод эмчилгээ хийгдээд 9 сарын 02-ны өдөр гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тасагт ирж хэвтсэн. …Хүүгийнхээ эм тарианы зардалд 14.654.079 төгрөг, хүүгээ асарсан асаргааны зардал 8.655.612 төгрөг, өдөр тутмын хүнсний хэрэгцээнд 2.031.619 төгрөг, лам, бөөгөөр явсан зардал 10.000.000 төгрөг, Улаанбаатараас Мөрөн рүү эмнэлгийн автомашин хөлсөлсөн зардал 1.500.000 төгрөг, ах дүү нарын автомашины бензин 400.000 төгрөг, хоолны зардал 2.580.000 төгрөг, оршуулгын зардал 10.000.000 төгрөг, Ханх сумаас Мөрөн сум ирж, буцсан зардал 840.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 51.361.310 төгрөгийг шүүгдэгчийн хохирол төлсөн 4.269.000 төгрөгийг хасч тооцон үлдэх хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Ц.Хишигбуянгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Чоймаагийн унаж яваад осол гаргасан мотоцикль миний мотоцикль байгаа юм. Би 2014 билүү 2013 онд Хаан банкны лизингээр авч байсан...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ш.Төгөлдөр-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дүү бид хоёр гэрийнхээ үүдэнд тоглож байгаад зам гараад урагшаа чигээрээ явж байхад Тэнгис замын голд байсан /бид нар зургуулаа явж байсан, дөрөв нь миний хажууд зогсож байсан/ Тэнгис мотоциклиос айгаад эхлээд хойшоо гүйхэд мотоцикль бас дагасан. Буцаад урагшаа гүйхэд нь бас мотоцикльтой хүн гүйсэн тал руу дарсан тэгээд мөргөсөн. Тэр мотоцикльтой хүн хурдтай давхиж ирээд мөргөчихсөн. Тэнгисийг дайруулсны дараа нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би айгаад гэрлүүгээ аав ээжийгээ дуудах гээд явсан.  Тэр мотоцикльтой хүн Тэнгисийг өргөөд машинд оруулж суусан байсан...Тэнгис ташуудуу зогсож байхад хажуугаас нь мөргөөд мөр нүүрэн дээгүүр нь гарсан. Хужаа мотоцикль хоёр талдаа төмөртэй байсан. Тэнгис хажуу тийшээ харж унасан. Мотоциклиос хол унасан. Мотоцикль хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би хашаан дотроо контейнерт ачаа буулгаж байсан. Мөргөсөн үйл явцыг хараагүй. Намайг харахад мөргөсөн гэх залуу мөргүүлсэн хүүхдийг аваад цэнхэр өнгийн аавын цээжинд тэврээд суух гээд явж байтал мөргүүлсэн хүүхдийн аав Шаравжанцан ирээд хүүхдээ аваад эмнэлэг рүү явсан. Мөргөсөн гэх мотоцикль нь ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай замын зорчих хэсгийн урд талд унасан байдалтай харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Ц.Энхтайвангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг ээлжийн сувилагчаар гарч байхад энэ хүүхэд авто осолд орсон гээд ирж байсан. Орой 18 цагийн орчимд ирсэн. Анхны тусламжийг үзүүлж холбогдох мэргэжилтэн эмч нарыг дуудаж үзүүлсэн. Тэгээд гэмтэлтэй эгэм хугарсан духны доод талд гавал ясны цөмрөлттэй ирсэн. Зүүн хөмсөгний дээд талд арьс нь задарсан байсан. Нуруу зулгаралттай байсан. Биеийн байдал их хүнд орж ирсэн...аймагт хүргэж өгөхөд шууд сэхээнд орсон. Гавал тархины цууралттай гээд сэхээнд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Улсбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдөр дугуй унаад Есөнбулаг дэлгүүрийн тэнд явж байхад дайруулдаг хүүхдийн ах нь өөрийнхөө гэрийн тэндээс намайг дуудсан. Би тэр үед Дөлгөөнтэй хамт явж байсан. Дөлгөөн бид хоёр яваад очиход дайруулдаг хүүхэд бид хоёрын ард үлдсэн юм. Тэгээд эргээд хартал тэр хүүхэд дайруулсан. Нүүр амнаас нь их цус гарч байсан. ...Замын урд талд биллъярдны тэнд байж байгаад хойшоо зам хөндлөн гарах гэж байгаад дайруулсан юм. Ногоон өнгийн мотоцикльтой хүн зүүн талаар баруун тийшээ явах замдаа дайрсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн: “...би хяр дээр байх биллъярдны ширээн дээр найзуудтайгаа цаг аваад биллъярд тоглож байсан юм. Оройхон 17, 18 цагийн орчимд биллъярдны орчимд хүүхдүүд хөөцөлдөж тоглож байсан. Тэгэхэд нэг хүүхэд зам руу гүйж явахад нэг хүүхэд нь тэр хүүхдийн цамцнаас нь зууралдаж барьж байхад цамцнаасаа зууруулсан хүүхэд цамцаа тавиулаад зам руу гүйсэн. Тэгтэл зүүн талаас сайжруулсан шороон замаар ертөнцийн зүгээр зүүн талаас их хурдтай ногоон өнгийн мотоцикльтой хүн ирээд тэр хүүхдийг мөргөсөн. Тэгээд тэр хүүхэд рүү биллъярд тоглож байсан ах нар очсон. Дайрч мөргөсөн ах хүүдийг өргөж аваад цэнхэр өнгийн УАЗ машинд хийгээд аваад явсан. Тэр хүүхдийн аав, ээж нь ч ирсэн. Замын урд талаас хойшоогоо гүйсэн юм. Мотоциклийн урд талын гарны хамгаалалтын хэсгээрээ мөргөсөн. Дайруулсан хүүхэд биеийнхээ баруун талаар унасан... “гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ногоон өнгийн мотоцикль Долоон уул дэлгүүрийн тэндээс ертөнцийн зүгээр баруун талаас зүүн зүг рүү чиглээд ирсэн. Тэгсэн чинь хүүхдүүд Есөнбулаг дэлгүүрийн урдаас биллъярдны зүг рүү чиглээд зам хөндлөн гарч явж байхад нь тэр мотоцикль хамгийн сүүлд гарч явсан хүүхдийг мөргөөд унагаачихсан. Тэгээд тэр мөргөсөн хүн нь босч ирээд мөргүүлсэн хүүхдээ аваад машин руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  13473 дугаартай ...1. Ш.Тэнгисийн биед тархины баруун төлбөлгийн дух, духны хажуу хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины зүүн талд духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархины эсийн урт сэртэнгийн гэмтэл /ДАП/, эгэм, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүүний 2-р нугалмын цуурал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай ...1. Талийгаач Ш.Тэнгисийн цогцост гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач Ш.Тэнгисийн биед их тархины баруун, зүүн дух, зулай, чамархай дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, няцрал, эгэм, хацар ясны далд хугарал, хүзүүний 2-р нугалмын цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх их тархины баруун, зүүн дух, зулай чамархайн дэлбэнгийн бүрхүүлийн доорх цус хуралт, няцрал гэмтэл нь үхэлд хүргэнэ. Үхэлд хүргэх учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 3. Талийгаач Ш.Тэнгисийн биед архаг хууч өвчингүй байна. 4. Талийгаач Ш.Тэнгис нь тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, няцрал гэмтлийн улмаас нас баржээ... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай ...1. Мотоциклийн жолооч А.Чоймаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.а, 9 дүгээр зүйлийн 9.2, 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. А.Чоймаа нь хэрэгт авагдсан материалын хүрээнд үзэхэд хохирогчид анхны тусламж үзүүлэх үүргээ биелүүлсэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

 Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн нэмэлт шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай …явган зорчигч Ш.Тэнгис нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.4, 3.9-ийн в-д заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Ш.Тэнгисийн эцэг, эх асран хамгаалагч нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3-р бүлэг, 13-р зүйлийн 13.2.7-д Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.3-д заасан Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна… гэх дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Чоймааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000592 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Чоймаа нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ч.Отгонмарт нь эм тарианы зардал 14.654.079 төгрөг, асаргааны зардал 8.655.612 төгрөг, өдөр тутмын хүнсний хэрэгцээ 2.031.619 төгрөг, лам, бөөгөөр явсан зардал 10.000.000 төгрөг, Улаанбаатараас Мөрөн рүү эмнэлгийн автомашин хөлсөлсөн зардал 1.500.000 төгрөг, ах дүү нарын автомашины бензин 400.000 төгрөг, хоолны зардал 2.580.000 төгрөг, оршуулгын зардал 10.000.000 төгрөг, Ханх сумаас Мөрөн сум ирж, очсон зардал 840.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 51.361.310 төгрөгийг шүүгдэгч А.Чоймаа, иргэний хариуцагч  Ц.Хишигбуян нараас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба иргэний хариуцагч Ц. Хишигбуян нь супер вени-150 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг А.Чоймаад шилжүүлэн өгсөн ба А.Чоймаа нь уг мотоциклийг жолоодож явахдаа  зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсаныг тээврийн хэрэгсэлийн жинхэнэ эзэмшигч буюу иргэний хариуцагч Ц.Хишигбуянгаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна. Хохирогчид учирсан гэм хорын төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч А.Чоймаа, иргэний хариуцагч Ц.Хишигбуян нар нь тавь, тавин хувиар хуваан хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогчийн нэхэмжилсэн нийт 51.361.310 төгрөгийн хохирлоос  эмчилгээний зардал 14.921.183 төгрөг, оршуулгын зардал 9.107.000 төгрөг, Ханх сумаас Мөрөн сум ирж, очсон зардалын 0008675, 2428809, 0010244, 0006546, 0006548, 0008711, 0010243 дугаартай нийт 490,000 төгрөгийн орон нутаг, аймаг  хоорондын зорчих тасалбарууд, нийт 24.518.183 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлсөн 4.269.000 төгрөгийг хасч үлдэх 20,249,183 төгрөгийн хохирлыг хувааж шүүгдэгч А.Чоймаа, иргэний хариуцагч Ц.Хишигбуян нараас тус бүр 10.124.591 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Отгонмартад олгох нь зүйтэй байна.

Харин Барааны худалдан авалтын ПОС системийн баримт/ хх-ийн 76-81 дүгээр хуудас/, тэтгэврийн зээлийн баримт, барьцаат зээлийн гэрээнүүд, депозит дансны хуулга, зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шашны зан үйлтэй холбоотой 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хохиролд оруулан тооцох боломжгүй байна. Ах дүү нарын автомашины бензин 400.000 төгрөг, Ханх сумаас Мөрөн сум ирж, очсон зардал 350.000 төгрөгийн орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбарууд нь он сар өдөр байхгүй, тасалбарын огноо давхцсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Мөн өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулж 700.000 төгрөгийн хөлс төлсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99.2, 100, 101 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзсэн болно. Иймд хохирогч нь 26.843.127 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгч Г.Содномдорж, иргэний хариуцагч Ц.Хишигбуян нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүгийн 201622000592 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч А.Чоймаагийн цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Дотно Аюурзанын Чоймааг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Аюурзаны Чоймааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Чоймаад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч А.Чоймаагийн цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

       5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч А.Чоймаа, иргэний хариуцагч Ц.Хишигбуян нараас тус бүр 10.124.591/ арван сая нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Отгонмартад тус тус олгосугай.

       6. Эрүүгийн 201622000592 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.Отгонмарт нь 26.843.127 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чоймаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР