Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0797

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э***” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б******

Маргааны төрөл: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх “Э*****” ХХК-ийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А****** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э*****” ХХК-иас НИйслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/269 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. “Э*****” ХХК нь Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянга орчим ХЕТ-2013-3 багцын Б хэсэгчилсэн талбайн 39,7 га талбай газрын гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байна.

Гэр хорооллын хөгжлийн газраас “Э*****” ХХК-д хандан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/602 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжаар тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай мэдэгджээ.

 Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/588 дугаар захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 131 дүгээр шийдвэрийг үндэслэн “Э****” ХХК-ийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг сэргээсэн байна.

Гэвч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1165 дугаар захирамжаар “Э***” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, газар үл хөдлөх, эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулаагүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* болон нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц***** нарын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0268 дугаар захирамжаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/680 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1165 дугаар захирамжийг хүчингүй болгож, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг нэхэмжлэгч компанид даалгасан байна. 

Улмаар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2в, 14.7.2г, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт заасны дагуу төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх, хэрэв уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэхийг мэдэгдсэн Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/861 дүгээр албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ. 

“Э****” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 316 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан шүүхийн шийдвэрээр баталгаажсан эвлэрлийн гэрээний дагуу Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулах тухай албан бичгийг төслийн хамт хүргүүлэхэд  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/937 дугаар албан бичгээр төслийн нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай нэхэмжлэгч компанид мэдэгдсэн байна.

Тус албан бичгийн дагуу нэхэмжлэгч компани 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 331 дүгээр албан бичгээр нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хүргүүлсэн боловч Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас тус ирүүлсэн төлөвлөгөө нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2а, 14.7.2б-д заасан шаардлагуудыг тус тус хангаагүй тул нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэх талаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/992 дугаар албан бичгийг хүргүүлжээ.

 Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2/1249 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанийг төслийн үе шатны нарийвчилсан төлөвлөгөөг тогтоосон хугацаанд батлуулаагүй тул 2021 оны 12 дугаар сарын 23-ны дотор төслийн хэрэгжилтийн талаар тодорхой тайлбар өгөх шаардлагатайг мэдэгджээ.

Мөн Орон сууцны дэд бүтцийн газраас Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/680 дугаар захирамжаар даалгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул нэхэмжлэгч компанийг 2021 он 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирж уулзах тухай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2/1311, 1/1312 дугаар албан бичгүүдийг хүргүүлсэн байна.

Үүний дараа Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас Хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн гарах Нийслэлийн Засаг даргын захирамж танай компанийн эрх, ашиг сонирхолыг хөндөж болзошгүй тул тайлбар мэдээллийг 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлж, Хяналтын хорооны хуралд биечлэн оролцохыг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/101 дүгээр албан бичгээр мэдэгджээ.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/97 дугаар захирамжаар Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан бөгөөд тус хяналтын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар шийдвэрээр “Э****” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн тул тайлбар, саналаа ирүүлэхийг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/153 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

4. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжаар “Э*****” ХХК нь  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээ болон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/680 дугаар  захирамжид заасан үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. 

5. Дээрх захирамжийг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/215 дугаар албан бичгээр мэдэгдсэнийг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

““Э****” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/828 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчим ХЕТ-2013-3 багцын Б хэсэгчилсэн талбайн 39,7 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон байдаг. 

Манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын А/269 дүгээр захирамж нь бүхэлдээ хууль зөрчиж гарсан гэж үзэж байна. Үүнд:

1/ Цар тахлын хүнд нөхцөлийн үед “Э****” ХХК-ийн зүгээс эвлэрлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллах бүхий л боломжийг хайж байсан нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс тодруулаагүй, тус эвлэрлийн гэрээнд тохиролцсон хамтын ажиллагааны түншлэлийг ханган ажиллах зарчимаа баримтлалгүйгээр бодит байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцэхгүй байна.

2/ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бидэнд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/153 дугаар албан бичгээр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжийн төсөл бэлтгэн Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн албан тоотыг бид 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад шаардлагатай баримт, мэдээллийг бэлтгэж байхад бидний хариу тайлбар өгөх боломжит хугацаа өгөлгүй Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамж гарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг баримтлан ажиллах, тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.1-27.3.3-д заасныг зөрчсөн. Захиргааны байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Шийдвэр хүргэх тухай" 01/153 дугаар албан бичгийг бидэнд хүргүүлсэн нь сонсох ажиллагаа хийсэнд хамаарахгүй бөгөөд захиргааны байгууллагын зүгээс бидний хариуг авах, нэгдсэн дүгнэлт, саналаа тайлбарлах боломжит хугацаагаар хангах үүрэгтэй байтал эдгээрийг хийгээгүй.

3/ Мөн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрэлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт заасан үүргээ Нийслэлийн Засаг даргаас биелүүлэхэд хугацаа шаардлагатай байх хэмээн бидний зүгээс хамтран ажиллах түншлэлээ хүндэтгэн үзэж хүлээцтэй хандаж байсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаас үзвэл гурван талт гэрээ байгуулах зэрэг үүрэг нь Нийслэлийн Засаг даргад байх бөгөөд төслийн хүрээнд гурван талт гэрээ байгуулаагүй гэх ямар нэгэн үндэслэлгүй байхгүй. Харин ч Нийслэлийн Засаг даргын зүгээс эвлэрэлийн гэрээгээр тохиролцсон зарчим, хуульд заасан үүргээ зөрчиж байна гэж үзэж байна. 

4/ Нийслэлийн Засаг даргын А/269 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байна. Нийслэлийн Засаг дарга нь дээрх захирамжаараа “Э****” ХХК эвлэрлийн гэрээ болон захирамжаар заасан ямар үүргээ биелүүлээгүй, яг ямар үйлдэл, үйл ажиллагаа нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл болж буй нь ойлгомжгүй, тодорхой заагаагүй байна. Захиргааны байгууллагын зүгээс “Э****” ХХК-ийг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.5.3, 20 дугаар зүйлийн 20.1.4-д тус тус заасан шаардлагыг хангасан гэж үзэж 150 мянган айл-Орон сууц үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Э****” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/828 дугаар захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч”-ээр шалгарч Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчим ХЕТ-2013-3 багцын Б хэсэгчилсэн талбайн 39,7 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчийн эрхийг өгсөн атлаа 2016 онд тодорхойгүй үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 2019 онд дахин сэргээж, 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалж, сүүлд 2021 онд хамтын ажиллагааг эрхэмлэсэн гурван талт эвлэрлийн гэрээг байгуулан захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргыг дахин дээрх төсөл хэрэгжүүлэх эрхийг үндэслэлгүйгээр цуцлахгүй байх хэмээн бидний зүгээс найдаж байсан ч яг л өмнөх шийдвэртэйгээ адил бодит нөхцөл байдалд үндэслээгүй, ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа заавал урьдчилан хийх ёстой ажиллагааг хийлгүйгээр, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа хэсэгтэй холбоотой тайлбар, санал, гомдлыг аваагүйгээр шийдвэр гаргасан нь “Э****” ХХК-ийн хууль ёсны, эрх ашиг сонирхлыг хөндөж байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн Засаг дарга төлөвлөгөө гаргах үүрэггүй гэж тайлбарлаад байна. Хуулийн заалтаар бол аймаг, нийслэлийн Засаг даргад тодорхой ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах гэх зэрэг тодорхой үүргүүдийг заасан. Энэ хуулийн заалт нь өөрөө биелэгдээгүй байна гэж үзэж байна. Эвлэрлийн гэрээний дагуу ажил явагдахад 2.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг Нийслэлийн Засаг дарга хуульд заасны дагуу зохицуулж, хангах үүрэгтэй. Ийм учраас гэрээний 2.2.1-д “энэ гэрээний 2.1.1-д заасан үүргийг нэхэмжлэгч биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байгаа. Энэ нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд байгаа. 

Бидний зүгээс төлөвлөгөөгөө батлуулъя гэж өгөхөөр шаардлага хангаагүй гэх үндэслэлээр үл ойлголцол үүсгэж, эвлэрлийн гэрээний нөхцөлийг биелүүлэхэд саад учруулж ирсэн. Энэ нь эцэстээ хууль бус А/269 дүгээр захирамж гарахад нөлөөлсөн. Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эвлэрлийн гэрээг биелүүлээгүй гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь явагдаж байгаа. Бидний зүгээс тодорхой хуулийн хугацаанд үр дүн гарах байх гэж найдаж байна. Хэрвээ наана нь уг захирамж хэвээр үлдвэл эвлэрлийн гэрээний заалтыг биелүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөнө. Төсөл хэрэгжүүлээгүйгээс маш их хэмжээний бодит хохирол учрах эрсдэлтэй байна. 

Эцэст нь Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргахад санал оруулж байгаа Хяналтын хорооны хурал, хурлаас гарч байгаа шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь эвлэрлийн гэрээний 2.1.3, 2.1.5 дахь заалтуудыг биелүүлээгүй гэж шийдвэртээ тусгасан боловч гэрээний 2.2.1 дэх заалт эхлээд хэрэгжиж байж дараагийн заалтууд хэрэгжих боломжтой гэдэг талаас нь огт дүгнэлт хийгээгүй. Хяналтын хорооны чиг үүрэг нь тодорхой нөхцөл байдлыг тодруулж, үндэслэлтэй шийдвэр гарган дүгнэлт хийж энэ талаар Нийслэлийн Засаг даргад танилцуулна гэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Журмаа зөрчсөн шийдвэр гаргасан.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчид удаа дараа албан бичгүүдээр хамтарсан уулзалтанд ирэх, тайлбар ирүүлэх тухай албан бичиг, мэдэгдлүүдийг хүргэж байсан боловч хууль, журамд нийцсэн төлөвлөгөө, төслийн явцын тайлан ирүүлээгүй бөгөөд дээрх асуудлаар биечлэн ирж огт уулзаагүй.

Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг хоёрдугаар түвшинд шилжүүлсэн, 118 дугаар тогтоолоор хурал цуглаанд оролцох хүний тоог 30-аас ихгүй, 2 метрийн зай бариад зохион байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ тухай нэхэмжлэгчид хүргэсэн 1/1312, 2/1311 дүгээр албан бичигтээ дурдсан бөгөөд 2017, 2018, 2019 онуудад цар тахлын бус үед биечлэн ирж уулзах бүрэн боломжтой байсан. Төсөл хэрэгжүүлэх эрхийг 2014 онд нэхэмжлэгчид олгосон бөгөөд төсөл хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх шалтгаанаа цар тахалтай холбон тайлбарлах нь үндэслэлгүй юм. Тус төслийн талбай нь 480 нэгж талбартай буюу 480 иргэнтэй гурван талт гэрээ байгуулах байснаас нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй.   

Нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/101 дүгээр албан бичгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах асуудлыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцэх тул тайлбар мэдээлэл ирүүлэх, хуралд биечлэн ирэхийг мэдэгдсэн боловч тайлбар ирүүлээгүй, Хяналтын хорооны хуралд ирээгүй бөгөөд хурлаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргэхээр шийдсэн. 

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/153 дугаар албан бичгээр болон Хяналтын хорооны 02/03 дугаар шийдвэрээр төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр шийдсэн тул захирамж гарахтай холбоотой тайлбар, санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч тайлбар, санал ирүүлээгүй. 

Нэхэмжлэгч Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1, 14.7.2.а, 32.1.5, 23.1.6, 23.1.7 дэх заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 2.18, 5.1 дэх хэсэг, эвлэрлийн гэрээний 2.1.3, 2.1.5-д заасан үүргээ тус тус биелүүлээгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн эвлэрлийн гэрээ болон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/681 дүгээр захирамжид заасан үүргийг биелүүлээгүй тул Хяналтын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар хурлын шийдвэрийн дагуу “Э****” ХХК-ний төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамж гарч түүнийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/215 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүлйин 54.1.6 дэх заалтад заасны дагуу тус маргааныг шийдсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0177 дугаар шүүгчийн захирамж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжаар 30 хоногийн дотор хариуцагч нэхэмжлэгчид гэр, хорооллын газрыг дахин  төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам болон эвлэрлийн гэрээнд заасны дагуу дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосон боловч 30 хоног өнгөрсөн байхад нэхэмжлэгч төлөвлөгөөгөө батлуулаагүй, нэг удаа санал ирүүлсэн байдаг.

Тус төлөвлөгөөний санал нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байсан. Тухайлбал, тухайн төслийн нэгж талбар дээр үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нараас санал аваад авсан саналыг бүрэн тусгах, түр суурьшуулах зардал, нүүлгэн шилжүүлэх хугацаа гэх мэт нарийвчилсан зохицуулалтуудыг тусгаагүй байсан учир тус хуулийн шаардлагуудыг хангаж ирүүлэхийг мэдэгдсэн албан бичиг явуулсан боловч дахин ирүүлээгүй. 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээ нь тухайн төслийг хэрэгжүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үүнтэй холбоотой мэдээ, мэдэгдлийг иргэдэд өгөх, түгээх, холбогдох гурван талт гэрээ байгуулах, инженерийн шугам сүлжээ татах  гэсэн төсөлтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах ерөнхий үүрэг, эрх хэмжээний заалт юм. Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлах нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээ биш. Бидний зүгээс төсөл хэрэгжүүлэгч компанийн эрх ашгийг 2014 оноос хойш авч үзэж, боломж өгч эвлэрсэн боловч төсөл хэрэгжүүлэгч компани юу ч хийгээгүй. Хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ” гэж зааснаар Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороонд оршин сууж буй иргэдийг тав тухтай амьдрах боломжоор хангаж нийтийн эрх ашгийг баримтлан шүүх шийдвэрээ гаргах байх гэж бодож байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.”Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.1.5.”хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх;”, 23 дугаар зүйлийн 23.1.”Төсөл хэрэгжүүлэгч дараах эрх, үүрэгтэй:”, 23.1.5.”төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх;”, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 3.1.”Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах, батлуулах нь нэхэмжлэгчийн үүрэг байна. 

  1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/680 дугаар захирамжаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатгны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0268 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1165 дугаар захирамжийг хүчингүй болгож, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг нэхэмжлэгч компанид даалгасан байна. 

Гэвч нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу захирамжид заасан 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хүргүүлснийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэх талаар мэдэгдэж, улмаар Хяналтын хороо 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар шийдвэрээр “Э****” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санал гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжаар “Э****” ХХК нь  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээ болон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/680 дугаар  захирамжид заасан үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.”Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална:”, 14.7.1.”Төслийн бэлтгэл үе шат:”, 14.7.1.г.”төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах;”, 14.7.2.”Төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шат:”, 14.7.2.а.”газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах;” 14.7.2.б.”энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах;”, 14.7.2.в.”аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянаж, энэ хуулийн 14.7.1.г-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах;”, "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 3.1.”Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна.”, 3.2.“Тухайн шатны Засаг дарга нь энэ журмын 3.1-д заасан төлөвлөгөөг 14 хоногийн дотор хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.в-д заасны дагуу шийдвэр гаргана.” гэж заасанд нийцсэн байна. 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0268 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******** болон нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц***** нарын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнийн 2.2.1.”Нэхэмжлэгч энэхүү гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.” гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, шүүгчийн захирамж биелээгүй байгаа учир албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжид заасан “Э****” ХХК нь  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээг биелүүлээгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус эвлэрлийн гэрээний 2.1.3.”гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын дагуу хүлээн үүргийг хэрэгжүүлж ажиллах;”, 2.1.5.”төслийг энэхүү гэрээний хавсралтад заасан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэх;” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн, нарийвчилсан төлөвлөгөөг захирамжид заасан хугацаанд батлуулаагүй” гэж тайлбарлаж байна. 

Дээрх тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатгны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0268 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1165 дугаар захирамжийг хүчингүй болгож, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг нэхэмжлэгч компанид даалгасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/680 дугаар захирамжийг нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь шүүхийн дээрх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хуульд зааснаар нарийвчилсан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах, батлуулах нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхэд эвлэрлийн гэрээнд заасан хариуцагчийн хүлээсэн үүрэг саад болохгүй юм.  

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийг биелүүлж гарсан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/680 дугаар захирамжаар төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг нэхэмжлэгч компанид даалгасны дагуу нэхэмжлэгч нь төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг захирамжид заасан хугацаанд батлуулаагүй бөгөөд үүнийг хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж чадаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

  1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан
  • Төслийн үе шатны нарийвчилсан төлөвлөгөөг тогтоосон хугацаанд батлуулаагүй тул төслийн хэрэгжилтийн талаар тодорхой тайлбар өгөх шаардлагатайг;
  • Засаг даргын захирамжаар даалгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул ирж уулзах тухай;
  • Хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн гарах Нийслэлийн Засаг даргын захирамж танай компанийн эрх, ашиг, сонирхолыг хөндөж болзошгүй тул тайлбар мэдээллийг ирүүлэх, Хяналтын хорооны хуралд биечлэн оролцох талаар;
  • Хяналтын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар шийдвэрээр “Э****” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн тул тайлбар, саналаа ирүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байх тул хариуцагчийн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5., 14 дүгээр зүйлийн 14.7.2.в., 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасныг баримтлан “Э****” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН