Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2315

 

МАГАДЛАЛ

 

2018.11.19                                                 Дугаар  2315                                   Улаанбаатар хот

 

 

 

 

О.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б-т холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс хашаа, байшин чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Н,

Хариуцагч: Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 онд надаас 5 000 000 төгрөг зээлсэн боловч мөнгөө төлөөгүй байна. 2015 онд олж мэдхэд тус хугацаанд залилангийн хэргээр цагдаагийн байгууллагад саатуулагдаж цагдан хоригдсон байна. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр түүнтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 3-2 дугаар гудамжны 45 тоотод байрлах 700 м.кв газар болон байшинг барьцаалсан. Байшин нь гэрчилгээгүй байсан учир барьцааны гэрээнд тусгагдаагүй, харин газар дээр нь барьцааны гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь зээлийн төлбөрөө төлж барагдуулах боломжгүй байна гээд барьцааны зүйл болох газраа, байшингийн хамт миний нэр дээр шилжүүлж өгсөн. 2015 онны 11 дүгээр сарын 18-нд байшин дээр нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Миний бие тус хашаа, байшинг бусдад худалдаж захиран зарцуулах гэхээр Г.Б нь хашаа, байшинд орж суучихаад гарч өгөхгүй, миний хашаа, байшинг хууль бусаар эзэмшиж байна. Иймд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 3-2 дугаар гудамжны 45 тоотод байрлах 700 м.кв хашаа, 57 м.кв өвлийн сууцыг Г.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр надад 5 000 000 төгрөг зээлдүүлсэн нь үнэн. Миний бие өөрийн газрын гэрчилгээг эх хувиар нь зээлдэгч О.Н-д өгсөнд барьцаа болгож гэрчилгээ өгсөн юм. Гэтэл миний оролцоогүйгээр Хан-Уул дүүргийн газрын алба нь газрыг хууль бусаар О.Н-д шилжүүлсэн байдаг юм. Энэ талаар албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг шалгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Миний бие шүүхийн шийдвэрээр хоёр нялх хүүхдээ тэжээн тэтгэж амьдарч байгаа, хашаа, байшингаа худалдах, худалдан авах гэрээг О.Н-тэй байгуулаагүй байгаа тул өөрийн хашаа байшинг чөлөөлж өгөх хуулийн үндэслэлгүй юм. О.Н-гийн нэр дээр хууль бусаар шилжсэн. О.Н нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн мэтээр шүүхэд мэдүүлжээ. Гэтэл ямар ч худалдах, худалдан авах гэрээ бидний дунд байхгүй, харин зээлийн гэрээ байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 3-2 дугаар гудамжны 45 тоотод байрлах 700 м.кв хашаа, улсын бүртгэлийн Ү-2206043553 дугаарт бүртгэлтэй 57 м.кв хувийн сууцыг хариуцагч Г.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анх исузи гэх ачааны машины дугаар байхгүй, хогон дээр хаях гэж байсан машины сэлбэгийг 3 000 000 төгрөгний машиныг худалдан авсан. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 9-ныг хүртэлх хугацаанд 5 000 000 төгрөг гэж зээлийн гэрээ болгож хийсэн, би анхнаасаа зээлийн гэрээ байгуулаагүй, бидний харилцааны төрлийг үнэн зөвөөр ялган салгаж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Миний хувьд 3 000 000 төгрөгний хаягдал машины төмөр авсан энэ бол үнэн юм. Мөн барьцааны зүйл хувиараа хийцгээсэн ямар нэгэн байдлаар газрын алба, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт биеэр болон хуулийн дагуу бүртгүүлж хэлцэл хийгээгүй, харин иргэний үнэмлэхний хуулбар аваад өгчих гэхээр нь иргэний үнэмлэхийг гаргаж өгсөн юм. Миний бие нь хх-29 талд байгаа газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэдгийг түүнтэй огт байгуулаагүй шүүхийн шинжилгээний газраар өөрийн гарын үсэг мөн бишийг шинжлүүлэх хүсэлтийг тайлбартаа дурдаж байсан юм. Миний бие нь 4-11 насны гурван хүүхэд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа эндээс өөр газар явах боломжгүй юм. Мөн тус шүүхээс өмгөөлөгч авах тухай хүсэлтийг би гаргаагүй, миний гарын үсэг биш, хөдөө байна гэсэн байгаа, хариуцагч уг шүүх хуралд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг эзгүйд шүүх хурлыг хийлгэх тухай хүсэлт нь хэрэгт авагдаагүй байгаа болно. Хариуцагч надад шүүх хурал болох тухай шүүх хуралдааны товыг огт мэдэгдэхгүйгээр шүүх хурлыг явагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Г.Б-т холбогдуулж хууль бус эзэмшлээс хашаа, байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас мэргэжлийн өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаагүй гэх боловч хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10893 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулж тухайн өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх тодорхой бус байна. Түүнчлэн шүүгчийн туслах 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “би хөдөө байна” гэсэн хариу ирүүлсэн гэсэн тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжтой байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан 26-29 дүгээр хуудсанд байгаа 4 хуудас бүхий нотлох баримтыг хариуцагчид танилцуулаагүй, хэргийн оролцогч шүүх хуралдаанд ирээгүйг хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэсэн оновчгүй дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.  

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах талаар зохицуулсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн буюу талуудын тэгш байдлыг шүүх хангаагүй гэж үзнэ.

Шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн      авах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ