| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/01392/И |
| Дугаар | 101/ШШ2018/02696 |
| Огноо | 2018-08-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2018/02696
| 2018 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2018/02696 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Н.Сарангүн, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 44 дүгээр байр 16 тоотод оршин суух, Сандагдоржийн О /регистрийн дугаар /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 49-А байр, 9 тоотод оршин суух Маргад овогт Жамъяны М /регистрийн дугаар /-д холбогдох
Гэм хорын хохиролд 1,124,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О , хариуцагч Ж.М , иргэдийн төлөөлөгч Я.Түдэвдагва, гэрч Б.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.О намайг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн \БХХСАХНЭ\ урд замд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ж.М тоёота приус маркийн 38-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа машинаараа мөргөж унаган миний зүүн хөлийг дайрсан. Зам тээврийн ослын \ЗТО\ үед өмсөж явсан гутал ханзарч, урагдаж хэрэглэх боломжгүй болсон.
Уг гутал "Glarks брендийн Америкаас авчирсан хавар намрын хагас түрийтэй шинэвтэр ботинк байсан. ЗТО-ын дараа Ж.М гутал чинь ингэж эргэж, урагдсан байхад, хөл чинь бяцарсан байх, цаг алдаж болохгүй цагдаа дуудвал цаг алдана дараа больё би бас манай эхнэр БХХСАХНЭ-ийн эмч, яаралтай арга хэмжээ авья манай эмнэлэг цэргийн эмнэлэг учраас тусламж нь илүү" гэж намайг ятгаад, мөн маш их өвдөж байсан учраас эмнэлэг рүү нь шууд явсан. Эмнэлэгтээ рентген зураг авсны дараа хариуцагч би маш сайн эм, тос бичиж өгье зөөлөн эдийн гэмтэл байна гээд жорын цаасан дээр бичээд намайг гэрт хүргэж өгөх замдаа эмийн сангаас эхнэр нь мөнгөөрөө авч өгсөн. Тэгээд эмнээс нь өдөрт 3 ширхэгийг уугаад байгаарай гэсэн. Гэтэл маргааш нь Гэмтэл согогийн судлалын үндэсний төв \ГССҮТ\ эмнэлэгт үзүүлэх үед маш хүчтэй өвчин намдаах үйлчилгээтэй хар тамхины бүлгийн өдөрт 1-ээс дээш ууж болдоггүй эм байсан, тос нь ч зөвхөн өвчин намдаах хүчтэй үйлчилгээтэй гэсэн. Тухайн үед ГССҮТ-ийн эмч нар яаж хийсэн хэргээ далдлах гэж хүнд ийм эм авч өгөөд өдерт 3 удаа уу гэж зөвлөж чадаж байна аа. Тэр дайрсан хүн чинь эмч хүн мөн үү одоо зүгээр тэр эмээ гаргаад хая. та 24 цагийн дотор 3 удаа уүсан гэдэг чииь хангалтгай хордсон, удаан уувал юмаа санахгүй ч болно. Та азтай байна, бид нарт хэлэхгүй та уугаад байсан бол яана. дэглүүлсэн цэргүүдтэй харьцсаар байгаад ийм болчихдог юм уү гэж байсан. Би энэ талаар БХХСАХНЭ-ийн даргад утсаар хэлж гомдол гаргах үед М осол хийгээд айсан байх олон жил мэс заслын эмч хийсэн хүн, өмнөөс нь уучлал гуйя өөрт нь энэ талаар хэлнэ. Та манай эмнэлэгт хичнээн ч хоног хэвтэж эмчлүүлж болно няцралт, доргилтыг чинь сайн эмчилж өгье гэсэн. Би өөрөө эмнэлгийн мэргэжилгүй тул айж болгоомжлоод хэвтээгүй. Хариуцагч ЗТО гаргасан өдрөө манай гэрт хүргэж өгөөд эм, тариа, эмчилгээний зардал бас гутлын чинь мөнгийг одоо авчирч өгье цагдаад битгий мэдэгдээрэй манай эмнэлэгт шүүгч, цагдаа, прокурор үзүүлдэг гомдол гаргасан ч нэмэргүй гэж хэлээд Ослын талын баримт гэгч бичиг гараараа бичиж өгөөд явсан. /Уг бичгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан./ Ж.М орой нь сураггүй болж, утсаа салгасан. Иймд би осол гарах үед миний утаснаас залгаж мөнгө асуусан ээжтэй нь холбогдож у чинь хүн дайрчихаад утсаа салгаад алга болчихлоо одоо би төв замын цагдаад хандана гэж хэлээд Замын цагдаагийн газарт гомдол гаргасан. ЗТО гарснаас 3 хоногийн дараа осол гэсэн газарт үзлэг хийсэн. Ослын маргааш буюу 2015.10.15-ны өдөр ГССҮТ-д үзүүлэхэд миний зүүн хөлийн сарвуунаас өвдөг хүртэл шохойдож зөөлөн эдийн гэмтэл яс хугарахаас хүнд удаан эдгэдэг, тэгээд 50 гарсан хүн машинд мөргөгдөж үнасан гэдэг чинь бөөр сав чинь доргисон гэсэн үг, ослын үр дагавар хожуу гардаг юм анхаараарай гэдэг зөвлөгөө өгсөн. Ослоос хойш миний бөөр нуруу үе үе маш их өвддөг болсон. Би уг ЗТО-ын үр дагавраар 5 cap орчим га таяг, гар таяг тогтмол хэрэглэж байсан. Ж.М сайн мэдэж байгаа. Тухайн үед цагдаагийн байгууллагад байцаалт өгөхөөр ирэх үед тааралдаад таяг хэрэггүй мөнгөөрөө авч, би эмнэлгээсээ аваад хэрэглүүлчих байсан гэж хэлж байсан. Мөн 2016 оны 4 сард манай ажлын өрөөнд Ж.М ирж уулзах үедээ таяггүй байхыг хараад Та таяг хэрэглэхээ больчихсон юм уу, таягаа яасан бэ гэхэд нь би овоонд тавьчихсан гэхэд Ж.М "хайран таяг сүүлд бариад байсан таяг чинь харваас үнэтэй таяг байсан надад өгчихгүй гэж хэлж байсан. Энэ үед нь манай ажлын хүн яаж та хүн дайрчихаад ингэж чаддаг байна аа гэж М д хэлсэн. Тэр таягийг манай ах АНУ-гаас явуулсан одоо баримт нь байхгүй учраас үнийг нь нэхэмжлэлийн дүнд оруулаагүй таяг 120 долларын үнэтэй гэсэн\ Мөн би эмчтэй тохиролцож хувиараа 300000 төгрөгийн \гурван зуун мянган төгрөг/ төлбөртэй бариа болон эмчилгээ хийлгэсэн, нэхэмжилсэн мөнгөний дүнд оруулаагүй. Хариуцагч Ж.М нь өөрийн мэргэжлээ илт буруугаар ашиглаж, хэргээ далдлах зорилгоор маш хүчтэй мансууруулах төдийгүй сөрөг үр нөлөөтэй эмийг маш өндөр тунгаар уух зөвлөгөө надад өгсөн, мөн одоо хүртэл нэг ч төгрөгийн хохирол нөхөн төлөхгүй байгаад би маш их гомдолтой байна. Би хариуцагчийн надад учруулсан хохирлын төлбөрийг хуулийн дагуу нэхэмжилж байна.
Нэг. Иргэний хуулийн 499 дүгээр Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гэсэн зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., мөн уг хуулийн 505 дугаар Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах гэсэн зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэсэн заалтын дагуу
1. Уг ЗТО-ын шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого: 2015 оны 0796741 тоот эмнэлгийн магадлагаагаар нотлогдож буй 146390 төг \Нэг зуун дөчин зургаан мянга гурван зуун ерэн төгрөг\ ,2016 оны 0770982 тоот эмнэлгийн магадлагаагаар нотлогдож буй 93486 төгрөг \ерөн гурван мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг\ Уг ЗТО-ын улмаас нийт дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дүн 239876 төгрөг \хоёр зуун гучин есөн мянга найман зуун далан зургаан төгрөг\. Нотлох баримтаар 0796741, 0770982 тоот эмнэлгийн магадлагааг хавсаргав. Эмнэлгийн магадлагаагаар миний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 75-иар тооцож хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон. Би ЗТО-д ороогүй бол 100 хувь тооцуулж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого авах байсан.
2. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн асарч сувилах, эмчлэх ажиллагааны зардлын төлбөр: Шастины улсын 3 дугаар эмнэлгийн 2016.3.10-ны өдрийн 0000000278 тоот баримтаар 72000 төгрөг\далан хоёр мянган төгрөг\, 0000000279 тоот баримтаар 198000 төгрөг \нэг зуун ерөн найман мянган төгрөг\ Төлбөрийн баримтаар нотлогдсон нийт асарч сувилах, эмчлэх ажиллагааны зардлын дүн 270000 төгрөг \хоёр зуун далан мянган төгрөг\ 0000000278, 0000000279 тоот баримтуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргав,
3. ЗТО-ын улмаас эмийн сангаас авч хэрэглэсэн эм,таяг, боолт, эмчилгээний хэрэгслийн зардал 232110 төгрөг \хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун арван төгрөг\ Эмийн тооцооны баримтуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргав.
Хоёр. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, мөн уг хуулийн 510 дугаар Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах гэсэн зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэсэн заалтын дагуу ослын үед ханзарч, урагдаж ашиглах боломжгүй болсон GLARKS брендийн хавар намрын гутлын үнэ 160 доллар буюу Монгол төгрөгөөр 382880 төгрөг\гурван зуун наян хоёр мянга найман зуун наян төгрөг Монгол төгрөгийн Америк доллартай харьцах ханшийг 2018.3.13-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцов\
ЗТО-оос үүссэн гэм хорыг арилгуулахаар нэхэмжилж буй нийт мөнгөний дүн 1124866 төгрөг \ нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга найман зуун жаран зургаан төгрөг\.
Дээрхи нэхэмжлэлийн дүн нь хариуцагч Ж.М тээврийн хэрэгсэл жолоодож байх уедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а , 9.2 дахь заалтуудыг зөрчиж ЗТО гаргаж С.О миний эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалд хохирол учруулсантай шууд холбогдож гарсан хангалттай, хүчин төгөлдөр баримтаар нотлогдож байгаа хохирлын мөнгөн дүн.
Иймд миний шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн үеийн нэршлээр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/ буюу одоогоор Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг ТТАХНЭ/-ийн урд замд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд өөрийн хүүгийн эзэмшлийн Тоуота Приус маркийн 38-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг замаар явж байсан явган зорчигч С.О ы зүүн тавхай /хөл/-н өлмий дээгүүр уг машины зүүн урд дугуйгаар гарч зүүн тавхайн урд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Онош нь шүүх шинжилгээгээр батлагдсан.
Уг ослыг тэр орчинд явганаар явж байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одгэрэл /утас: 91217440/ харсан ба Замын цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн. Тухайн өдрийн орой 22 цагийн үед Замын цагдаагийн Шуурхай жижүүр дээр очиход өдөр дуудлага өгсөн байсан гэж байсан.
Осол болох үйл явцыг цагдаагийн ахлах ахлагч Б.Одгэрэл харснаас гадна тухайн үед Хууль зүйн яамны харъяа шинэ барилга /одоогийн Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн шинэ барилга/-ыг хамгаалж байсан Цагдаагийн ерөнхий газрын Хамгаалалтын гуравдугаар газрын албан хаагч цагдаагийн ахлах ахлагч Б.Төмөрсүх/утас: 89055556, 95002939/харсан.
Цагдаагийн ахлах ахлагч Б.Одгэрэл тэр даруй миний баримт бичгүүд /жолооны үнэмлэх, автомашины техникийн гэрчилгээ/-ийг шалгаад тухайн ослын хохирогч С.О д яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэж надад хэлснээр өөрийн ажилладаг БХХСАХНЭ-ийн төв байр руу өөрийн машинаар авч явж, рентген зураг авахуулж, дүрс оношлогооны их эмч Ц.О -Эрдэнэ /утас: 99001967/, мэс засал-гэмтлийн кабинетын их эмч С.Цэгмидсүрэн /утас: 99129984/, тухайн өдрийн жижүүрийн мэс заслын их эмч Э.Ануужин нар хамтран үзлэг хийж уг гэмтлийн улмаас яс хугарч гэмтээгүйг тогтоосон ба энэ зөвлөлдөж шийдвэрлэх үед хохирогч С.О д дэлгэц дээрх яс, үений зургийг харуулан тайлбарлаж өгсөн болно. Би ослын газар машинаасаа буугаад С.О ы хөл, шилбэ хугаралтай эсэхийг /өөрөө мэс заслын эмчээр ажиллаж байсны хувьд/ шалгасан ба тэр даруйд гутлыг тайлах гэж гэмтэлтэй тавхайд нэмэлт гэмтэл учруулахаас болгоомжлон С.О оос хаана өвдөж байна?" гэж асуусан. Ингээд өвдөж байгаа зүүн тавхайн рентген зургийг авахуулснаар гэмтэл нь тодорхой болно гэж бодоод БХХСАХНЭ-рүү авч явсан.
Учир нь Гэмтэл, согог судлалын Үндэсний төв-ийн хүлээн авахын ачаалал байнга их байдаг, тэнд эмч нар тэр олон гэмтсэн хүмүүсийн аль хүнд гэмтсэн хүмүүст эхлээд тусламж үзүүлнэ, С.О ы гэмтэл шиг илт хугарч мөчний хэлбэр дүрс өөрчлөгдөөгүй, цус алдаагүй, асар их өвдөлттэй биш гэмтэлд тэр бүр очингуут эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхгүй байх гэж тухайн үед бодсон.
Их эмч С.Цэгмидсүрэн тавхайн ясны рентген зургийн дүгнэлт: Ясанд деструкци /бүтэц эвдрэх/ болон хугарлын шинж үгүй гэж бичиг хийж өгсөн. С.Цэгмидсүрэн эмч С.О д гэмтлийн гаралтай өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм, тосон түрхлэг зэрэг 3 төрлийн эмийн бодис /хэрэгт хавсрагдсан байгаа/ цаасан дээр бичиж өгсөн. Эдгээрийг С.О нь намайг бичсэн мэтээр нэхэмжлэлдээ андууран бичжээ. Миний эхнэр А.Цэрэнням дээрх эмчийн бичиж өгсөн Фастум гель тосон түрхлэг, Ибупрофен, Кетанол" эмүүдийг С.О д тухайн өдөр авч өгсөн болно.
Дээрх тосон түрхлэг, эм бичиж өгсөн эмч С.Цэгмидсүрэнгийн баримтын бичгийн хэв, Ослын талын баримт гэж миний гараар бичсэн хэрэгт хавсрагдсан хэв байдлаас илт ялгаатайг анхаарахгүй байна.
Их эмч С.Цэгмидсүрэнгийн бичиж өгсөн 1. Фастум гель тосон түрхлэг, гэмтсэн хэсэгт түрхэх, гормоны гаралтай бус /нестеройд/ үрэвслийн эсрэг өвчин намдаах халуун бууруулах үйлчилгээтэй. 2. Ибупрофен эм үрэвслийн эсрэг, өвчин намдаах, бага зэрэг халуун бууруулах идэвхитэй. 3. Кетонал эм нь өдөрт 1 шахмалаар ууж эхэлэх эхний тунгаас тогтвортой үйлчилж, эд эсэд хуримтлагдахгүй, элэгэнд задарна, иймээс элэгний өөрчлөлт, элэгний болон бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст хоногт бага тунгаар хэрэглэнэ. Кетонал-ыг гэмтлийн дараах өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ. Хэрэв дагалдах хүнд өөрчлөлт илэрвэл эмчилгээг зогсооно гэжээ /Эмийн заавруудаас хэсэгчилэн орчуулав/.
Дээрх Фастум гель тосон түрхлэг, Ибупрофен, Кетонал эмүүдийн хэрэглэх заавар /орос хэл дээрх/-уудыг хавсаргав.
Нэхэмжлэгч С.О нь осол болсон даруйгаас эхлэн эрүүл мэнд-ээ гэхээс өмнө нэн түрүүн америкаас ирүүлсэн гэх хагас түрийтэй, өсгийтэй, цайвар хөх элэгэн гутал-даа асар их харамсч байсан. Ослын дараа гутлын өлмий дээгүүр машины дугуйн шороотой ул мөр гарсан, гутал илт мэдэгдэх урагдал, ханзрал ажиглагдаагүй. С.О яагаад Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэрэг бүртгэлт, прокурорын 2 шатны удаагийн хяналт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд надаас нэхэмжлээд байгаа ослын дараа 600 долларын үнэтэй гэж байсан гутал болох эд мөрийн баримтыг биетээр нь баримтжуулахгүй нууж хаагаад байна вэ? Миний бодлоор С.О тухайн үед өмсч явсан хагас түрийтэй, өсгийтэй, цайвар хөх элэгэн гутал-аа одоо ч өмссөөр явааг би үгүйсгэхгүй байна.
Нэхэмжлэгч С.О нь Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн албанд хэрэг бүртгэлтэнд ирж байхдаа суга таягтай биш, өрөөсөн гартаа шуугаар тулдаг таягтай явж байсан.
Би эмч мэргэжилтэй, эмнэлгийн байгууллагад ажилладгийн хувьд С.О таяг тулахаа больсон үед тааралдаад таягаа овоонд тавихын оронд эмнэлэгт хэрэгцээтэй өвчтөн, гэмтсэн хүнд ашиглуулчихгүй гэсэн санаагаар хэлж байсан. Түүнээс С.О ы таяг их үнэтэй гэсэн гэж хэлж байгаагүй, бизнес, хувийн ашиг талаас огт хандаагүй. Тухайн үеийн БХХСАХНЭмнэлэгт америкийн тусламжаар болон ОУ-ын цэргийн ажиллагаанд яваад авчирсан таягууд байсан болохоор түр" ашиглах таягийг заавал мөнгөөр худалдан авч яахав гэж С.О д тус болох талаас нь хэлсэн. Ер нь монголчууд өвчнөө эдгээд таяг тулах шаардлагагүй болохоороо дахиж таяг тулахгүй гэхдээ овоонд таягаа тавьдаг гэж ойлгодог.
С.О тухайн үед миний машинд мөргөгдөж унасан зүйлгүй. Хэрэв тэгж унасан бол өдийд зүүн тавхай, бөөр, нуруу гэхээсээ түрүүлээд тархи, толгой гэж сүйд болж, надаас насан туршдаа салахгүй гомдол нэхэх байсан гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
С.О 5 cap таяг тулсан гэдэг ч худлаа, эргэлзээтэй асуудал.
Уг осол болсон 2015.10.14-ний 22 цагийн үед миний бие С.О д өгөх гутлын мөнгө 200,000 төгрөг хүнээс зээлж авсны дараа эхнэр А.Цэрэннямтай зөвлөлдөөд одоо зөвхөн гутлын мөнгө нэхэж байна, дараа нь эрүүл мэндийн хохирол ... бас бус мөнгө нэхэх нь ойлгомжтой санагдсан. Эхнэр өөрийн таньдаг хуулийн байгууллагад ажиллаж байгаа танилаасаа ийм осол-ын үед яах ёстой талаар асууж, зөвлөгөө авсан байсан. Танил нь хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн үед хохирол төлөх нь зөв. Тэгэхгүй бол хохирогч үнэн, худал нь мэдэгдэхгүйгээр, баримттай, баримтгүйгээр байнга мөнгө нэхэж дарамталдаг талаар зөвлөсөн гэсэн.
Ингээд хүнээс зээлж авсан 200,000 төгрөгөө нэхэмжлэгч С.О д аваачиж өгөлгүй шууд Замын цагдаагийн газрын Шуурхай жижүүр дээр ирж болсон явдлыг хэлэхэд жижүүрийн ахлах цагдаагийн дэд хурандаа Батсайхан: Өдөр дуудлага ирсэн, Чи хүн мөргөсөн жолооч уу?, Мөргүүлсэн хүн хаана байна?, Одоо тэр хүнээ /С.О ыг/ дууд гэснээр би болон дэд хурандаа Батсайхан өөрөө ч С.О той утсаар ярьсан. Би Замын цагдаагийн газрын Шуурхай жижүүр жижүүрийн ахлах цагдаагийн дэд хурандаа Батсайханд Ослын талаар мэдүүлэг өгсөн.
Энэ үед нэхэмжлэгч С.О өөрийн хүүгийн хамт Замын цагдаагийн газрын Шуурхай жижүүр дээр ирэнгүүтээ: Чи яагаад мөнгө авчирна гэчихээд худлаа хэлэв?, Чи энэ Замын цагдаагийн газрын Шуурхай жижүүр-тэй хуйвалдсан, танил тал байх нь... гээд уг Замын цагдаагийн газрын Шуурхай жижүүр-ийн бүрэлдэхүүнээр Ослын газрын үзлэг хийлгэхгүй гэж татгалзаад явсан.
Иймд дэд хурандаа Батсайхан тухайн үед нэхэмжлэгч С.О ы байдлыг надаар миний мэдүүлэг дээр нэмж бичүүлсэн /баримт хэрэгт байгаа/.
С.О намайг чи нойргүй хоносон гэдэг осол болохын өмнөх өдөр буюу 2015.10.13-ны өдөр миний бие БХХСАХНЭмнэлэг буюу Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн жижүүрийн үүргийг ангийн жижүүрийн туслах дэд ахлагч Т.Уранчимэгийн хамт хоногийн үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Гэхдээ ангийн жижүүрийн болон ангийн жижүүрийн туслахын үүргүүдэд цагийн байдал" /ямар нэгэн нөхцөл байдал/ үүсээгүй хэвийн үед хоногийн 00.00 цагаас 06.00 цагийн хооронд ангийн жижүүр болон ангийн жижүүрийн туслах ээлжлэн унтаж, амарч болно гэж заасны дагуу 2015.10.13- ны шөнө тодорхой цагаар миний бие унтаж амарсан болно.
Осол гарснаас хэд хоногийн дараа Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах хэрэг бүртгэгч хошууч В.Дэлгэрбат Ослын газрын үзлэг-ийг гэрчүүд, нэхэмжлэгч С.О , хариуцагч Ж.М миний оролцоотой явуулсан.
Миний бие Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах хэрэг бүртгэгч хошууч В.Дэлгэрбатад өөрийн гар утасны камераар авсан нэхэмжлэгч С.О ы ослын үед явж байсан газрыг эд зүйлээр орлуулан тэмдэглэж 4 ширхэг фото зургаар баримтжуулан өгсөн.
Энэ үед С.О нь ослын тухайн үеийн байрлалыг худлаа мэдүүлж байсан ба миний бие энэ талаар Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах хэрэг бүртгэгчид хэлсэн ба хошууч В.Дэлгэрбат: Тухайн үеийн ослын баримт, нотолгоо байхгүй тохиолдолд хохирогч давуу эрхтэй байдаг гэж тайлбарлаж надад ойлгуулсан.
Уг ослоос хойш миний бие С.О д болон Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн албаны ахлах хэрэг бүртгэгч хошууч В.Дэлгэрбат, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын 2015 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар 3346 Прокурорын тогтоол, мөн Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Тээврийн прокурорын газрын 2016 оны 04 сарын 25-ны өдрийн дугаар 41 Прокурорын тогтоол-уудын хэрэг хянан шийдвэрлэх явцад байнга тухайн ослын хохирол-оо баримтжуулан өгөөчээ, би өөрийн Жолоочийн хариуцлагын даатгал-aap даатгуулсан АРД даатгалаас 5,000,000 /Таван сая/ хүртэлх төгрөгийн хохирлыг гаргуулах боломжтой гэж байнга хэлж, мэдүүлж байсан.
Харин нэхэмжлэгч С.О намайг өөрөөсөө өгөхийг шаарддаг байсан. Хариуд нь би Би ямар нэг хохирол бусдад учруулсан тохиолдолд бусдын хохирлыг барагдуулахын тулд Жолоочийн хариуцлагын даатгал-д даатгуулснаа байнга хэлдэг байсан. Эдгээр нь миний өгсөн мэдүүлгүүдэд бичигдсэн байгаа.
С.О намайг худал гүжирдэж байна. Цагдаад битгий мэдэгд, Манай эмнэлэгт шүүгч, цагдаа, прокурор үзүүлдэг тул гомдол гаргасан ч нэмэргүй гэж хэлсэн гээд улайм цайм гүжирдсэнд гомдолтой байна.
С.О энэ гүжирдлэгээрээ дээрх хуулийн байгууллагуудын ажилтнуудыг, байгууллагуудын үндсэн үүрэг, зорилгыг доромжилж байна.
С.О нь ерөөсөө ямар нэгэн хууль, эрх зүйн баримтгүйгээр надаас хүссэн үедээ, хүссэн төлбөрөө авч байх сонирхолтой нь ажиглагдсан.
Энэ нь түүний хэлсэн дараах баримтуудаар батлагдаж байгаагаас гадна зарим баримтууд нь засвартай, cap хугацаа зөрүүтэйг нягтлан тулгах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
1. Ерөөсөө осол болсноос хойш хэдэн цагийн турш Америкаас ирүүлсэн гутал-даа маш их харамсаж байсан. Харин энэ үед миний бие энэ тохиолдолд С.О ы хөлийн яс хугарчихаагүй, тархи толгойд нь гэмтэл учраагүй нь яамай. Хэн хэн нь азтай гэж машин дотор бид хамт ярьж байсныг С.О санахгүй л байгаа юм байх даа.
2. Чи эмч учраас Монголд байгаа бүх эмч нар чиний талд үйлчилнэ. Иймд би Хятад улсын Хөх хотод очиж сайн оношлуулж, эмчлүүлнэ. Чамаас бүх зардал-ыг гаргуулна гэж байсан. Би хариуд нь: Чиний тавхайн зөөлөн эдийн гэмтлийг монгол эмч нар оношилж, эмчилж чадахгүй гэж доромжлохоо боль. Чиний өөрийн дуртайдаа Хөх хот явж зугаалах зардлыг төлөхгүй гэж хэлж маргалдаж байсан.
3. Намайг хэргээ далдлах зорилгоор мэргэжлээ буруугаар ашиглаж хүчтэй, хортой эмийг өндөр тунгаар бичсэн гэж гүтгэж байна. С.О д хэрэгт баримтаар хавсаргасан эмийн нэр, хэрэглэх зөвлөгөөг би өгөөгүй. Фастум гель, Ибупрофен, Кетонал эмүүдийг хэрхэн, яаж хэрэглэхийг мэс засал- гэмтлийн кабинетын их эмч С.Цэгмидсүрэн бичсэнийг С.О мартаагүй баймаар. Магадгүй намайг муухай харагдуулах гэж мэдүүлж гүтгэж байна.
Би 2018 оны 04 дүгээр сарын 01 -нд 17 цагийн үед Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч С.О ы өгсөн нэхэмжлэл-тэй танилцаад өөрийн 2015.10.03-2016.10.02-ны хугацаанд даатгуулсан байсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал-ын гэрээний дагуу АРД" даатгалд хандахад хохирлын баримт-уудаа авчрахыг даатгалын ажилтан надад зөвлөсөн. Ингээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ирэхэд тэнд нэхэмжлэгч С.О тааралдаж хохирлын албан ёсны баримтууд-ыг лавлахад тоомжиргүйгээр наад хавтас-д бүгд байгаа ш дээ гэсэн. Нэхэмжлэгч С.О өөрөө хохирлын мөнгөн дүн гаргахад ач холбогдол өгөхгүй байсан ба шүүгчийн туслах Мандах /Мандахнар/-тай хавтас хэрэгт байгаа баримт-уудыг нэгтгэж тооны машинд бодоход 1,124,866 /Нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга найман зуун жаран зургаа/ төгрөг бус 500 мянга гаруй төгрөг болоод байсан.
4. Мөн С.О тэр үедээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр тааралдахдаа Би Америк явахдаа эмнэлгийн үзлэг, оношлогоонд орсон гэж хэлээд, чи тэр зардлыг үзвэл гайхна гэж байсан. Ер нь эмнэлгийн холбогдолтой бүх зардлыг нь би хариуцах ёстой гэж ойлгоод байх шиг.
5. Цагдаагийн хэрэг бүртгэлт шударга явагдах ёстой. Ослын үед нэхэмжлэгч С.О , хариуцагч Ж.М бид ослын газрыг баримтжуулах санаачилга хэн, хэн нь гаргаагүй нь хэн хэн нь сандарч, стресс-т байсных байх. Бодит байдал дээр Тагнуулын ерөнхий газрын хашааны гадна зүүн хойд булан дахь жижиг барилга /Под станц бололтой/-ын ард уг осол болсон. Энэ автомашины зам нь нарийхан ердөө 2 эгнээ, сөрөг урсгалтай зам. Гэтэл Замын хөдөлгөөний дүрэм-ийн дагуу миний явах эгнээнд цувруулан автомашинуудыг тавьсан учир би эсрэг урсгал сөрж /ертөнцийн зүгээр/ зүүнээс баруун чиглэлд С.О ы араас явган хүний алхааны хурдаар хөдөлгөөнд оролцож явсан. С.О миний өмнө автомашины замаар алхаж явсан. Тухайн үед би эмнэлгийн гадна машинаа түр орхих талбай /зогсоол/ хайж байгаад Эмнэлгийн шинэ барилга-ын урд зогсоолыг улаан туузаар хаасан, машин орох боломжгүй байсан. Харин зогсоол руу орох хэсэгт улаан туузнаас нааш түр ганц машин тавьчих зай байгааг хараад тэр зайнд машинаа оруулах санаатай /анхаарал буурсан/ үед энэ осол болсон.
6. Осол болох үйл явцыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одгэрэл харсан. Тэр хэлэхдээ: Та урагшаа анхаарахгүй явж байсан ш дээ гэж надад хэлж байсан. Ослын дараахан байдлуудыг тухайн үед Хууль зүйн яамны харъяа буюу одоогийн Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн шинэ барилга-ыг хамгаалж байсан Цагдаагийн ерөнхий газрын Хамгаалалтын гуравдугаар газрын албан хаагч цагдаагийн ахлах ахлагч Б.Төмөрсүх /утас: 89055556, 95002939/ харсан гэдгийг дараа нь мэдэж түүний нэр, утсыг би авсан.
7. Миний бие уг ослоос шууд үүссэн хохирлыг тухайн үед Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал-ын гэрээний дагуу АРД даатгалд хандаж гаргуулах хууль, эрх зүйн боломжтой гэсээр байхад нэхэмжлэгч С.О Яагаад? одоог хүртэл 2,5 жил гаруй хугацаанд баримтаа бүрдүүлж нэхэмжлээгүйд асар их гайхаж байна.
Нэхэмжлэгч С.О хэрэг бүртгэлт, прокурорын шатанд Чамаас би 3 жил салахгүй шүү гэж байснаа гүйцэлдүүлж байна гэж ойлгож байна. Магадгүй нэхэмжлэгч С.О санаатайгаар уг хэргийн асуудлыг зориуд хойшлуулж, удаашруулж байна гэж үзэх үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгч С.О ы уг ослоос шууд үүссэн эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхээр 2015.10.03-2015.10.28-ны 14 өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт амбулаториор эмчлүүлсэн Эмнэлгийн хуудас №0796741 оношийн шифр S-90,8 Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар баталсан 2015.12.11-ний өдрийн Дугаар 483 Журам батлах тухай хавсралтаар S-90-S-91 нь Биеийн олон хэсгийг хамарсан өнгөц гэмтэл, ил шарх гэсэн тайлбартай.
Уг тохиолдолд эмчилгээний зардал нь Эрүүл мэндийн даатгал-аас гарсан гэж ойлгож байна. Зөөлөн эдийн гэмтэл, няцрал-ын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эм, тариа, бусад материалуудыг гадуур эмийн сангуудаас авсан албан ёсны баримт байгаа тохиолдолд зардлыг миний бие АРД" даатгалд хандан нэхэмжлэх боломжтой.
Мөн уг тохиолдлын баримт болох Амбулаторийн үзлэгийн бүртгэл, Тухайн үед зарцуулсан эмчилгээ-ний зардлын ЭМД-аас болон өвчтөнөөс зарцуулсан баримт нотолгоо шаардлагатай байна.
9. Миний бие С.О ы нэхэмжлэлийн мөнгөн дүн-гийн бодит баримт-уудыг нягтлан тулган шалгах, шалгуулах саналтай байна. Жишээ нь: Нэхэмжлэгч С.О нь 2016.03.03-наас 2016.03.12-ны 10 хоног П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотрын 11 дүгээр тасагт хэвтэн эмчлүүлсэн Эмнэлгийн хуудас №0770981 оношийн шифр G-45 /Тархины цус багасах дайрал ба түүнд хамаарах хам шинжүүд гэсэн тайлбартай/ Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар баталсан 2015.12.11-ний өдрийн Дугаар 483 Журам батлах тухай хавсралт.
Гэтэл Эмнэлгээс гарах үеийн дүгнэлт 2018.03.03-ны өдрөөс 9 хоног тус тасагт эмчлүүлэв. Өвчний түүхийн №2923/2016. Клиникийн онош: Хр.нарушение мозгового кровообращеня на фоне шейного остеохондроза /Хүзүүний нугаламын мөгөөрсний ясжилтын үүдэлтэй тархины цусан хангамжийн архаг өөрчлөлт/. Хр. Пиелонефрит в фазе субремиссии /Бөөрний тэвшинцрийн архаг үрэвслийн намдалтын үе/.
Энэ өвчнүүд нь осол гэмтэлтэй хамааралгүй тухайн хүний амьдралын явцад удаан хугацаанд бие махбодид бий болсон үйл явц учир эдгээртэй холбоотой эмчилгээний зардал, Нийгмийн даатгалаас олгосон тэтгэмж, цалингийн гар дээр авах мөнгөний зөрүүг би төлөх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй.
10. Дээрх ослын улмаас 2015.10.03-2015.10.28-ны 14 өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт амбулаториор эмчлүүлсэн Эмнэлгийн хуудас №0796741 оношийн шифр S-90,8 дагуу эмчлүүснээс Нийгмийн даатгалаас олгосон тэтгэмжийг шалган баталгаажуулах шаардлагатай. Учир нь хэрэгт хавсрагдсан цалин, хөлсний дүн, орлогын сарууд нь алгасан бичигдсэн байна. Мөн 2015.10.03-2015.10.28-ны 14 өдөр С.О д Төрийн сан-гаас эмнэлгийн хуудас, цалин хөлс давхардан бодогдсон байх өндөр магадлалтай. Иймд цалин хөлс олгосон баримт, эмнэлгийн хуудсаар тэтгэмж олгосон баримтуудыг лавлан шалгах хэрэгтэй байна. Учир нь С.О нь Нийгмийн даатгалын удирдах байгууллагад ажиллаж буй эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын тэтгэмж-үүдийг давхардуулан авсан байх өндөр магадлалтай гэж үзэж байна.
11. Дээрх асуудлуудыг нягтлан шалгаж, хохирлын баримт-уудыг бодитой баталгаажуулсны дараа миний бие АРД даатгалд 2015.10.03-2016.10.02-ны хугацаагаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал-ын 15165501437221 гэрээний дугаартай даатгуулсан тул нэхэмжлэх асуудлыг хөндөн тавих болно. Даатгалын хуудасны дугаар 20177280. Хэргийн материалуудын жагсаалт, товъёогуудыг хавсралтаар гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй боловч тодорхой хэмжээнд зөвшөөрөхийг үгүйсгэхгүй. Өмнө нь нөхцөл байдал нь таарахгүй байснаас уучлалт гуйж чадаагүй, нэхэмжлэгчээс уучлалт гуйж байна гэв.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчид, гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ж.М д холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 1,124,866 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын 2016 оны 3 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой гарсан зардал буюу цалинтай тэнцэх олговорт хамаарах шаардлага 363,486 төгрөгөөс татгалзаж, нийт 761,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Ж.М нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /хуучин нэрээр/-ийн урд замд, М.Саруулгэрэлийн эзэмшлийн Тоёота приус маркийн 38-64 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а Жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.О ыг мөргөж, зам тээрийн осол гаргасны улмаас С.О ы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3346 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч С.О ы биед зүүн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэнгийн шинжээч эмч тогтоож, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үйлджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч С.О нь дээрх ослын улмаас биедээ учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 176,670 төгрөгийн эм, эмчилгээний зардал гаргасан, зам тээврийн ослын шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүү 146,390 төгрөг болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эмчлүүлэгчийн карт, уг картад бичигдсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ, хийлгэсэн, эм, тариа худалдан авсан баримтууд, 2015 оны 11 дүгээр сард олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хуудас зэргээр тогтоогдов.
Харин, нэхэмжлэгч хуруу лент, бутапсин, аллохол, нивеа дезодрант худалдан авахад гаргасан зардал нь зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд хамааралтай гэж үзэхээргүй, "Glarks брендийн гутлын үнэ нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 438,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ж.М ээс 323,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 438,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 363,486 төгрөгөөс татгалзсаныг дурдсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т, 59 дүгээр зүйлийн 59.5 тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М ээс улсын тэмдэгтийн хураамжид 10,341 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Н.САРАНГҮН
Л.ЭНХЖАРГАЛ