| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/05419/И |
| Дугаар | 101/ШШ2019/00145 |
| Огноо | 2019-01-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2019/00145
| 2019 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2019/00145 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхий шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д ХХК-т холбогдох
урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Б миний бие тус байгууллагад анх 2018.08.29-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр гар ажиллагаачнаар ажилд ороод ажиллаж байх хугацаандаа 2018 оны 11 сарын 12-ны хөдөлмөрийн гэрээгээ бичгээр байгуулах тухай шаардахад чамайг ажлаас халлаа гэсэн. Үүнээс хойш байгууллага уруу орж гарахыг мастер мэддэг бөгөөд түүнд хэлхээр би мэдэхгүй чи асуудлаа шийдвэрлүүлээд ир гээд оруулаагүй болохоос би ажил таслаагүй. Тэгээд ингээд ажил хийлгэхгүй ажлаас халж байгаа юм бол тушаал шийдвэрээ өгөхгүй байхаар нь миний бие дүүргийн мэрэгжлийн хяналтын байгууллагад хандтал тус байгууллагыг хөдөлмөрийн гэрээгүй хүн ажиллуулсан байна гээд торгосон гэж хариу надад ирсэн болно. Миний бие ажлаас халсан 2018.11.22-ны өдрийн 18/116 тоот тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд хандаж гомдол гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэжээ.
Хариуцагч Д ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г овогтой Б нь 11-р сарын 12-ны өдрөөс ажилдаа ирээгүй, ажлаас чөлөө аваагүй дараалан 3 ба түүнээс дээш хоног ажлаа тасалсан. Тухайн үед Б-гийн шууд удирдлага мастер ажилтай Ж*******тай ээж нь утсаар холбогдож манай хүүхэд өвдсөн гэсэн, өөртэй нь яръя гэтэл өөдөөс нь хэл амаар доромжилон гүтгэсэн байсан. Мөн тухайн үед 11-р сарын 12-ноос 16-ны хооронд ээжтэйгээ манай байгууллага дээр ирж уулзсан. Уулзахдаа ээж нь маш бухимдалтай байсан ба охиныг нь ад шоо үзэж муу муухай ажил гүйцэтгүүллээ өөр ажил хийлгэмээр байна гэж ярьсан. Байгууллагын зүгээс өөр ажил олгох боломжгүй энэ ажлыг хийх боломжтой гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгч нь 11-р сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлага тавьсан гэж ор үндэсгүй худал гүтгэсэн байна. Байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байсан боловч хэдийд ч хөдөлмөрийн гэрээг байгуулаад ажиллахад бэлэн байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг хариуцаж байсан Хүний нөөцийн менежер ажилтай С.Б******* нь Г.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулах гээд гэрээгээ бэлдчихсэн байсан бөгөөд ажил ихтэй байсан тул хараахан байгуулж амжаагүй байсан. Г.Б-гийн зүгээс нэг ч удаа хөдөлмөрийн гэрээ байгуулая гэж ярьсан зүйл байхгүй. Үүнээс гадна Үүнээс хойш байгууллага руу орж гарахыг мастер мэддэг бөгөөд түүнд хэлэхээр би мэдэхгүй чи асуудлаа шийдвэрлүүлээд ир гээд оруулаагүй болохоос би ажил таслаагүй гэж ор үндэсгүй худал гүтгэсэн байна. Манай байгууллагад ажиллаж байгаа ажилтаны орж гарахыг ямар ч албан тушаалтан мэдэж ажилладаггүй. 11-р сарын 12-ноос 11-р сарын 21-ны өдөр хүртэл ажилтан ажилдаа ирэх боломж олгосон боловч ажилдаа ирээгүй тул Хөдөлмөрийн дотоод журмын 12.4.1-д заасны дагуу 3 ба түүнээс дээш хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан болно. Г.Б нь 11-р сарын 12-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдрийг хүртэл нийт 8 хоног ажилдаа ирээгүй болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2018.8.29 нд ажилд орсон гэж байна. гэтэл 10 сард ажилд орсон байдаг. Энэ нь ажилд авах тушаалаар нотлогдоно. 10 сард ажил үүргээ бүрэн биелүүлээгүй. 11 сард 3 хоног ажлаа тасалж алга болсон. Хөдөлмөрийн дотоод журмыг 12.4.1-д ажил тасалбал ажлаас хална гэж зааснаар ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байсан. Энэ нь хөдөлмөрийн улсын байцаагчийн шийтгэврээр тогтоогдоно. Хүний нөөцийн буруугаас гэрээ байгуулагдаагүй байсан. Иймд хариуцагч талаас хууль зөрчиж ажлаас халаагүй. 11.22 нд ажлаас халах тушаал гарч мэдэгдэл хүргүүлсэн. Тушаал авсан дээр гарын үсэг зурдаггүй. Хөдөлмөрийн гэрээг хийе гэхээр өөрөө хийдэггүй байсан. Ажил хийдэггүй байсан. Шаардлага тавьхад биелүүлдэггүй байсан. Дотоод журманд зааснаар халсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь өөрөө ирэхгүй ээж нь ирээд байдаг. Энэ хугацаандаа мэргэжлийн хяналтад хандсан байсан ба үүний дараа халах тушаал гарсан. Ээж нь ажлаас нь битгий халаач гэдэг байсан. Бид халаагүй гэдэг байсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д ХХК нь хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн, 8 хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Шүүх 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийг хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгчид 09-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Гэвч нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргаснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь хариуцагч Д ХХК-ний захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 18/97 дугаар тушаалаар тогтоогдож байна. Ийнхүү хариуцагч нь хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн боловч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь хөдөлмөрийн улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогч хүлээнэ. Хариуцагч нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0177297 дугаар шийтгэлийн хуудас, түүнийг төлсөн баримтаар тогтоогдсон.
Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/116 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан байна. /хэргийн 3 дугаар тал/ Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэжээ. Улмаар хариуцагч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлыг 3-аас дээш хоног тасалсан гэх заалтыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 8 хоног тасалсан гэж тайлбарласан. Хуулийн энэхүү заалтын дагуу ажилтныг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох бол энэ талаар буюу ямар зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд зааж, ажилтан үүнийг зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан байхыг шаардана.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул дээрх 18/116 дугаар тушаал үндэслэлгүй байна. Мөн энэхүү тушаал нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гэж гарсан нь байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан гар ажиллагаачны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Шүүх нэгэнт нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажлаас халсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 1 сар, 15 ажлын хоног өнгөрсөн байна. Хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр гаргасан тодорхойлолтоор нэхэмжлэгчид цалин хөлсөнд 10 дугаар сард 665,988 төгрөг, 11 дүгээр сард 103,788 төгрөг олгожээ. Хариуцагч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 11 дүгээр сарын 12-с ажилдаа ирээгүй гэж тайлбарлаж байх тул ажилласан сүүлийн сарыг 10 дугаар сараар тооцох нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь 1 сар ажилласан байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу олговрыг сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцох боломжгүй байх тул сүүлийн сар болох 10 дугаар сард олгосон цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тооцлоо.
Үүнээс тооцвол нэг хоногийн цалин хөлс нь 29,599.47 /665,988/22.5/ төгрөг юм. Иймд ажилгүй байсан бүх хугацаанд тооцогдох олговор нь 1 сард 665,988 төгрөг, 15 ажлын хоногт 443,992.05 төгрөг, нийт 1,109,980.05 төгрөг болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-г хариуцагч Д ХХК-д гар ажиллагаачны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагчаас 1,109,980.05 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 31,189 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД