Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/03362

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/03362

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Уийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э-д холбогдох

 

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох, охин У.Оийн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс ногдох хэсэг автомашины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ч /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2218/, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Т.У, түүний өмгөөлөгч Ч.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Этай 2004 оноос хойш хамт амьдрахад бидний дундаас охин У.Оь 2005 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй учир ээж надаар овоглосон юм. Т.У би хамтын амьдралаа үргэлжлүүлэхдээ өөрийн хувийн бизнестэй байсан. Б.Э нь 2007 онд Замын-Үүд явж ажиллаж эхэлснээс хойш бидний санхүүгийн тооцоо тус тусдаа болсон. Бидний хувийн таарамжгүй харьцаа, Б.Э нь гэр бүлээс гадуур өөр бусадтай явалддаг болоод цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгийг ойлголцож 2016 оны 02 дугаар сараас тус тусдаа амьдарсан. Хамтын амьдралын хугацаанд бидний дундаас олсон орлогоороо тэнцүү хувааж авсан боловч миний 2016 онд худалдаж авсан тоёота приус-20 маркийн улсын дугаартай автомашиныг 12,000,000 төгрөгөөр зарсан.

Иймд Б.Этай 2004 оны 12 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, охин У.Оийн төрсөн эцэг нь Б.Э болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох автомашины үнэ 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас охин У.Оьд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй зөвшөөрнө. Харин машиныг өөрийн мөнгөөр авсан тул машинаа өгөхгүй. Уг машиныг авахад би өөрийн данснаас 9,000,000 төгрөг гаргаж, Т.У 2,000,000 төгрөг нэмж уг машиныг авсан. Бид хоёр 2004 оноос одоог хүртэл 13 жил хамт амьдарсан. Анх амьдралаа эхлэхэд бид хоёр миний ганц портер автомашинаас өөр хөрөнгөгүй гэр орон ч байхгүй бүх зүйл нойлоос эхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд хоёулаа зуун айлын барилгын материалын худалдааны газар лангуу түрээслэн бараа зарж зогсолтгүй хамтран хөдөлмөрлөж байж одоо хэнээс ч дутахгүй орон гэр, хөрөнгө хогшилтой болсон. Гэтэл аливаа эд хөрөнгө, байр байшин, хашаа байшин, эд хөрөнгө авахаар дандаа хөгшин нь нэр дээрээ авчихья гэж хэлдэг. Тэр үед нь би дараа нь намайг ингэж бүх хөрөнгөө өөрийн нэр дээр болгож аваад гудамжинд хөөж гаргана чинээ бодож явсангүй. Хайр халамжаа зориулсандаа тухайн үед нь юу ч бодолгүй Т.Уийн нэр дээр авахыг зөвшөөрдөг байсан. Түүнээс биш энэ машин болон бусад эд хөрөнгөд миний хөрөнгө мөнгө хөдөлмөр орсон. Одоо манайх Баянзүрх дүүргийн өрөө байр, 15,000,000 төгрөгийн үнэтэй машины дулаан зогсоол, шар хаданд байрлалтай амины хашаа газар,  тоёота приус-20 автомашин бүхий хөрөнгө байдаг. Бүгдийг дан ганц Т.У өөрийн нэр дээр болгож гэрчилгээ бичиг баримтыг нь гаргуулж авсан. Т.Уийн нэр дээр эзэмшилтэй боловч миний машин юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас машинтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Т.У, хариуцагч Б.Э нар шүүх хуралдаанд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

Т.Уийн нэхэмжлэлтэй, Б.Эад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас дундын хөрөнгөөс ногдох тоёота приус 20 маркийн  улсын дугаартай автомашины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийг гаргуулахаас татгалзаж, хойшид аливаа дундын хөрөнгө, ногдох хэсгийн тухай маргаан гаргахгүй байхаар харилцан тохиролцож байна. Хамтын амьдралын хугацаанд харилцан тохиролцсон хувааж авсан эд зүйлсийг цаашид өөр өөрсдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлдөө захиран зарцуулж ашиглах болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Б.Эад холбогдуулан хамтын амьдралтай байснаа тогтоолгох, охин У.Оийн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс ногдох хэсэг автомашины үнэ 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулгаас үзэхэд хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгчийн 2004 оны 12 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг хариуцагч зөвшөөрсөн тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдыг дээрх хамтын амьдралтай байх хугацаанд 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдөр охин У.Оь төрсөн, зохигчид гэрлэлтээ батлуулаагүй тул охиныг эх Т.Уээр овоглож, төрсний гэрчилгээ олгогдсон болох нь зохигчдын тайлбар, охины 0176796-1295 дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Э нь охин У.Оийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тул охин У.Оийн төрсөн эцэг нь Б.Э мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Б.Э нь охин У.Оийг эх Т.Уийн асрамжид байдаг эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс дундын хөрөнгөөс ногдох тоёота приус 20 маркийн  улсын дугаартай автомашины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, зохигчид хойшид аливаа дундын хөрөнгө, ногдох хэсгийн тухай маргаан гаргахгүй, хамтын амьдралын хугацаанд харилцан тохиролцсон хувааж авсан эд зүйлсийг цаашид өөр өөрсдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлдөө захиран зарцуулж ашиглаж байхаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эцэг тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь дундын өмчлөлтэй холбоотой шаардлагаасаа татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталгаажуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан Т.У, Б.Э нар нь 2004 оны 12 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, 2005 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.О төрсөн эцэг нь Б.Э мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Уийн асрамжид буй 2005 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.Оийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр төрсөн эцэг Б.Эаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.У нь нэхэмжлэлээс дундын хөрөнгөөс ногдох тоёота приус 20 маркийнулсын дугаартай автомашины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, зохигчид хойшид аливаа дундын хөрөнгө, ногдох хэсгийн тухай маргаан гаргахгүй, хамтын амьдралын хугацаанд харилцан тохиролцсон хувааж авсан эд зүйлсийг цаашид өөр өөрсдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлдөө захиран зарцуулж ашиглаж байхаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул илүү төлсөн 50,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т.Ут олгож, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ут олгож, мөн хариуцагч Б.Эаас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 50,527.6 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ