Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс,

улсын яллагч Ө.М,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох 2516000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны *** сарын ***-ны өдөр ******* аймгийн ****** сумд төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт ***** аймгийн ****** сумын ***** багийн ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ********* регистрийн дугаартай, ***** овогтой Д.Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн нутаг дэвсгэр ***** замд ***** улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Шүүгдэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ явж байсан... найз Б-г гэр рүү хүргэж өгөөд гарах гэсэн чинь 0.75 литрийн Экс нэртэй архи задлаад... тэр архийг Б-тэй хувааж уусан... Тэгээд Б-г  ээжийнд нь хүргэж өгөөд буцаад ****** урд тал руу уруудаад явж байхад цагдаа зогсоож шалгаад драгер үлээлгэхэд 1,14 хувийн согтолттой гарсан... Саарал өнгийн приус-20 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан. Миний өөрийн тээврийн хэрэгсэл... Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

2. Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө шугаман замд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.А, олон нийтийн цагдаа Д.М нарын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд *****-н дээд засмал уруудаад ирж байсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ****** улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч болох Д.Г-г шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас цагдаагийн газрын 2-р байр эрүүлжүүлэх саатуулах байран дээр тухайн хүнийг аваачаад драгер үлээлгэхэд 1,14 хувийн согтолттой гарсныг ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Д.Г гэх хүнтэй хувийн таарамжгүй харилцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 03-04-р хуудас/

3.Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үндсэн эргүүл зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.А, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Т.Б нарын хамт шөнийн эргүүлд явж байхад ********-н урд засмал руу ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан. Тэгээд Б тухайн жолоочийг эрүүлжүүлэх саатуулах байран дээр очиж драгер үлээлгэхэд согтолттой гарсан. Тэр жолоочийг ар гэрээс нь хүн дуудаж хүлээлгэж өгсөн. Д.Г-тай хувийн таарамжгүй харилцаа өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/

4. Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 / жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хасуулсан гэх жолоочийн лавлагаа. /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Д.Г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 /жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/-т зааснаар  шийтгэл оногдуулсан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1991 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна. Шүүгдэгч Д.Г-н тухайд өмнө нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ***** овогтой Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг)  жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Г-д хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ