| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/04620/И |
| Дугаар | 101/ШШ2018/03558 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2018/03558
| 2018 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2018/03558 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О гаргасан,
Хариуцагч: Э.Н-д холбогдох,
2,581,200.00 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч Э.Н, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие төрсөн дүү Ж.З-ын хадам ээж Б.Д-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 2 дугаар байр, тоот хаягт байрлах орон сууцыг итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч Э.Нд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл түрээслүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулсан юм.
Бид, тухайн үед түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000.00 төгрөгөөр тохирч, барьцаанд 300,000.00 төгрөгийг авсан. Гэрээний эхний хэдэн сарын хугацаанд хариуцагч тал төлбөрийг тодорхой хэмжээнд төлж байсан ба түүний сарын төлбөрийг 400,000.00 төгрөг болгох санал гаргасныг хүлээн авсан.
Гэвч хариуцагч тал эхний 3 сарын төлбөрийг зохих ёсоор төлж байсан боловч үүнээс хойш хугацаандаа төлөхгүй, удаа дараа шаардуулах, хэсэгчлэх, дутуу төлөх гэх зэргээр гэрээг зөрчиж эхэлсэн. Би, энэ талаар түүнд удаа дараа сануулж, шаардаж байж тодорхой хэсгийг төлүүлсэн.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан байхад хариуцагч Э.Н орон сууцыг хүлээлгэн өгөхгүйгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшсэн хэвээр байна. Би, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан хэдий ч иргэд хоорондын маргаан байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Хэрэгт авагдсан Монгол Хятадын найрамдал сууц өмчлөгдчийн холбооны тодорхойлолтоор сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 189,000.00 төгрөгийг төлөөгүй гэсэн байгаа ч уг төлбөрийг нэхэмжлээгүй, харин орон сууц ашиглалтын төлбөр 81,200.00 төгрөгийг хариуцагч тал төлөөгүй учраас үүнийг түрээсийн төлбөрийн хамт нэхэмжилж байна.
Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээнд сарын төлбөрийг 400,000.00 төгрөг гэж хожим өөрчилсөн ч нэгэнт хариуцагч Э.Н гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 14 сарын түрээсийн төлбөрийг 500,000.00 төгрөгөөр тооцож, дутуу төлсөн 2,500,000.00 төгрөгийг 81,200.00 төгрөгийн хамт нэхэмжилж, орон сууцыг хариуцагчид чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна.
Иймд, хариуцагчаас 2,581,200.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, орон сууцыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 2 дугаар байр, 6 тоот хаягт байрлах орон сууцыг түрээслэхээр нэхэмжлэгч Ж.Отэй түрээсийн гэрээ байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн одоо хүртэл амьдарч байна.
Бид, анх гэрээний төлбөрийг сарын 500,000.00 төгрөгөөр тохирсон боловч тухайн байр хүйтэн, тав дух муутай байсан тул сарын 400,000.00 төгрөг болгон багасгаж, барьцаа хөрөнгөд 300,000.00 төгрөгийг өгсөн юм.
Өнгөрсөн хугацаанд миний зүгээс нэхэмжлэгчид нийт 4,500,000.00 төгрөг төлсөн, одоо нэхэмжилж буй төлбөрөөс 81,200.00 төгрөгийн хувьд маргахгүй, харин орон сууцыг чөлөөлөхгүй. Учир нь, намайг ээж, хүүхэд, дүүгийн хамт амьдарч байхад нэхэмжлэгч тал 2018 оны өвөл буюу 02 дугаар сард ирж, яаралтай орон сууцыг чөлөөл гэж орилж, манай гэрийн эд хогшил, хувцасыг гаргаж тавьсан учраас цагдаа дуудаж, гомдол гаргасан.
Яагаад гэрээний төлбөрийг сарын 400,000.00 төгрөг гэж тохирсон байтал 500,000.00 төгрөгөөр тооцож байгааг ойлгохгүй байна, би одоо нялх хүүхэдтэй, бас өвөл болж байгаа тул орон сууцыг шууд чөлөөлж чадахгүй, миний тооцоолж байгаагаар 1,200,000.00 гаруй төгрөгийг төлөх байх гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дгээс хариуцагч Э.Нд холбогдуулан 2,581,200.00 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О болон хариуцагч Э.Н нар 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 2 дугаар байр, 6 тоот хаягт байрлах орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар хөлслүүлэхээр тохиролцсон байна /х.х-ийн 5, 6-р хуудас/.
Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 2 дугаар байр, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Б.Д өмчилдөг бөгөөд түүнээс олгосон итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О тус орон сууцыг бусдад хөлслүүлэх эрхтэй эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 23-р хуудас/.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж, мөн 62.3.-д төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан бол 63 дугаар зүйлийн 63.2.-т төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.
Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар орон сууц хөлслөх гэрээг нэг талаас Ж.О, нөгөө талаас хариуцагч Э.Н нар байгуулсан хэдий ч энэхүү гэрээний дагуу орон сууц хөлслүүлэгч этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О биш, тэрээр гагцхүү уг гэрээ, хэлэлцээрт төлөөлсөн этгээд тул орон сууцны өмчлөгч буюу төлөөлүүлэгч Б.Дг хөлслүүлэгч гэж ойлгоно /х.х-ийн 7-р хуудас/.
Хэдийгээр зохигчид энэхүү гэрээг түрээсийн гэрээ гэж тайлбарлаж байгаа ч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Учир нь, эд хөрөнгө, орон сууц хөлслөх гэрээгээр хөлслөгч тал ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эд хөрөнгийг эзэмшиж, ашигладаг бол түрээсийн гэрээгээр түрээслэгч этгээд аж ахуйн буюу ашиг орлого олох зорилгоор эд хөрөнгийг түр хугацаагаар эзэмшиж, ашиглаж, тухайн хөрөнгийг ашигласнаас олох орлого, үр шимийг өмчлөх эрхтэй байдаг.
Хариуцагч Э.Нгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар тэрээр уг орон сууцанд ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар бус, харин амьдран суух зорилгоор эзэмшиж, ашиглаж байх тул зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Тус орон сууц хөлслөх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5, 2 дугаар зүйлийн 2.1 болон 4 дүгээр зүйлд тус тус зааснаар хөлслөгч буюу хариуцагч тал энэхүү орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хөлсөлж, 1 /нэг/ сарын 500,000.00 төгрөгийг хөлслүүлэгчид төлөхөөс гадна орон сууцны сар бүрийн ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцож, барьцаа гэж 300,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ /х.х-ийн 5-р хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Э.Н гэрээний зүйл болох орон сууцыг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, одоо хүртэл амьдарч байгаа бөгөөд тэрээр орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзаж байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4.-т зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаанд тус хуулийн бусад заалтууд нэгэн адил хамаарах бөгөөд хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1.-д гэрээний хугацаа дууссан тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 293 дугаар зүйлийн 293.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэж, мөн 295 дугаар зүйлийн 295.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж тус тус заасны дагуу зохигчид хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хөлслөгч буюу хариуцагч тал орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.
Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, мөн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, түүнчлэн 94 дүгээр зүйлийн 94.1.-д Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Э.Н орон сууцыг гэрээгээр шударгаар эзэмшиж байгаа ч гэрээний хугацаа дууссан тул буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Б.Дгээс хариуцагчид Э.Нд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дутуу төлбөр буюу 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хөлс 2,500,000.00 төгрөг, ашиглалтын зардал 81,200.00 төгрөг, нийт 2,581,200.00 төгрөгийг нэхэмжилсэн /х.х-ийн 16-р хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хаан банк ХХК дахь 5037417244 тоот дансанд барьцаа хэмээн өгсөн 300,000.00 төгрөгийг оролцуулан нийт 4,500,000.00 төгрөг төлсөн байна /х.х-ийн 9-16, 29-49-р хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар хариуцагч Э.Нгоос 4,500,000.00 төгрөгийг Ж.Оын дансанд төлснийг нэхэмжлэгч Б.Дд үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
Хэдийгээр талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5.-д зааснаар хөлсийг 1 /нэг/ сарын 500,000.00 төгрөгөөр тохирсон боловч хожим энэхүү хөлсний хэмжээг 400,000.00 төгрөг болгон өөрчилсөн тухай зохигчид маргаагүй ба 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хөлсийг тооцвол:
- 14x400,000=5,600,000.00 төгрөг /нийт 14 сарын хөлс/, хариуцагч тал 4,500,000.00 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1,100,000.00 төгрөг, үүн дээр орон сууц ашиглалтын төлбөр 81,200.00 төгрөгийг нэмэхэд 1,181,200.00 төгрөг болж байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4.-т Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хөлсийг 400,000.00 төгрөгөөр тооцож, хариуцагчаас шаардах эрхтэй болно.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,181,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, орон сууцыг хүлээлгэн өгөхийг түүнд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1, 295.4.-т заасныг тус тус үндэслэн Э.Нгоос 1,181,200.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 2 дугаар байр, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,449.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 32,899.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
د Б.МАНДАЛБАЯР