Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/00369

 

 

 

 

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/00369

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н в ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53.893.520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н в ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Н в ХХК нь бизнесийн харилцан итгэлцлийн үндсэн дээр хариуцагч Б ХХК-д 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын хугацаанд нийт 131.893.520 төгрөгийн вакум цонх, хаалга, хаалт үйлдвэрлэх бараа материалыг зээлээр худалдсан. Хариуцагч Б ХХК нь зээлээр худалдан авсан бараа материалын үлдэгдэл төлбөр 33.893.520 төгрөгийг төлөлгүй манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна. Мөн бид бараа материалыг үйлдвэрийн үнээр худалдсан учир хариуцагч НӨАТ 20.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн. Манай компанийн зүгээс Б ХХК-ийг зээлээр авсан бараа материалын үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө хэмээн хугацаа авсаар өнөөдрийг хүрч байна. Мөн Б ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн бичгээр зээлээр авсан бараа материалын үлдэгдэл төлбөр болох 53.893.520 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн боловч мөн л төлөөгүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлээр худалдан авсан бараа материалын үлдэгдэл төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулах мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн мэдэгдэлд дурдсан хугацаанд төлбөр төлсөнгүй. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлээр худалдсан вакум цонх, хаалга, хаалт үйлдвэрлэх бараа материалын үлдэгдэл төлбөр болох 53.893.520 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөгийг Б ХХК нь Н в ХХК-д төлсөн болох нь кассын зарлагын ордероор нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нь Н в ХХК-аас нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актад дурдагдсанаар 31.835.000 төгрөгийн бараа материал зээлээр авсан этгээд нь Б.Эрдэнэболд байх ба талуудын тооцоо нийлсэн актад Н в ХХК-ийн захирал Э.Мэнд-Оюут, Б.Эрдэнэболд нар гарын үсэг зурсан тул Б ХХК нь дээрх бараа материалыг зээлээр авсан гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 68 дугаар зүйлд зааснаар Б.Эрдэнэболд нь Б ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд ба төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн зээлээр бараа материал худалдан авсны төлбөр болох 31.835.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөх жинхэнэ хариуцагч нь Б ХХК биш болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н в ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53.893.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б ХХК нь маргаж буй харилцаа иргэн Б.Э-той үүссэн, тус компани жинхэнэ хариуцагч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын хугацаанд 23 удаагийн тооцоогоор нийт 131.893.520 төгрөгийн үнэтэй вакум цонх, хаалга, хаалт үйлдвэрлэх бараа материалыг зээлээр худалдсан гэж тайлбарлан худалдан авалт бүрт бүрдүүлсэн зээл авах хүсэлт, зарлагын баримт, кассын баримтуудыг тус тус шүүхэд гаргасан /хх-60-108/.

 

Дээрх баримтуудад худалдан авагчаар Б ХХК тусгагдан Б.Алтантуяа, Б.Эрдэнэболд, С.Алтантуул, Т.Тэмүүлэн, Л.Эрдэнэбат нар зээлийн хүсэлтийг баталгаажуулсан, мөн С.Алтантуул байгууллагын нярав учир Б ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарсан байна. Хариуцагчийн зүгээс гүйцэтгэх захирал Б.Алтантуяагийн гарын үсэгтэй баримтыг хүлээн зөвшөөрч, харин Т.Тэмүүлэн, Л.Эрдэнэбат нар хэн болох нь тодорхойгүй, эргэлзээтэй гэж маргаж байх боловч гэрч Б.Эрдэнэболд, С.Алтантуул нар Б ХХК-ийн худалдан авалтын баримтууд болохыг нотолж мэдүүлснээс гадна Т.Тэмүүлэн, Л.Эрдэнэбат нар хариуцагч байгууллагын ажилтан болохыг гэрчилсэн байна.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй ба бараа материалын үнийг дараа төлөхөөр талууд тохирсныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэхгүй юм.

 

Нэхэмжлэлд бараа материалын үнийн үлдэгдэл 33.893.520 төгрөг, НӨАТ 20.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардахдаа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн болон 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэл болгожээ /хх-7, 8/.

 

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Б ХХК-ийн зээлээр авсан бараа материалын үлдэгдлийн үнэ 31.835.000 төгрөг болохыг Э.Мэнд-Оюут, Б.Эрдэнэболд нар баталгаажуулсан, мөн гааль 10.000.000 болон 2.058.520 нэмэгдэн нийт 43.893.520 гэсэн тооцоо тусгагджээ.

 

2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн баримтад Н в ХХК-д Б ХХК-ийг төлөөлөн Б.Э нь 2016 оноос хойш зээлсэн зээлийн үлдэгдэл болох 33.893.520 төгрөг дээр нэмж 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийн бараа материал зээлэхийг хүсэж, бараа материалын үнэ 53.893.520 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулахаа илэрхийлсэн байх ба үүнээс гадна НӨАТ -10.000.000, +10.000.000 хийлгэх/ 20.000.000, материал 33.893.520+20.000.000/53.893.520, 2017.07.08 өдөр буцаан төлж 100% барагдуулах гэсэн тооцоо, бичиглэл хийгджээ.

 

Дээрх 2 баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Э-с гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэрээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн акт дахь гарын үсэг түүнийх мөн болохыг, мөн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн баримтыг бүхэлд нь өөрөө бичсэнээ, түүнчлэн түүнийг гэр бүлийн компани болох Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед үүссэн бараа материалын үнийн үлдэгдэл 33.893.520 төгрөгийн өр болохыг тус тус хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна. Харин бараа материалын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой НӨАТ-ын талаар баримтад тусгаснаа мэдүүлж байх боловч тухайн үйл баримтыг тодорхой тайлбарлаж чадаагүй болно /хх-118-123/.

 

Хариуцагч талаас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр материалын өр 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн кассын зарлагын ордерыг шүүхэд гаргасан /хх-38/ бөгөөд уг баримтаар 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэмж зээлээр авсан барааны үнийг төлсөн болохыг гэрч Б.Эрдэнэболд, С.Алтантуул нар гэрчилснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж тайлбарлаж байна.

 

Мөн хариуцагч Б ХХК-ийн захирал Б.Алтантуяа нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 07/18 тоот албан бичгээр зээлээр авсан материалын үнэ 32.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах саналаа нэхэмжлэгч Н в ХХК-д илэрхийлж байжээ /хх-28/.

 

Зохигчдын тайлбар болон дээрх баримтуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу бараа материалын үнийн үлдэгдэл 33.893.520 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэстэй.

 

Харин бараа материалын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой НӨАТ гэх 20.000.000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлож чадаагүй тул шүүх хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв. Тодруулбал, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд тооцоо нийлсэн баримт дахь гааль 10.000.000, НӨАТ -10.000.000, +10.000.000 хийлгэх/ 20.000.000 гэх бичиглэлээр хариуцагч худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой татварыг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Иймд шүүх уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 33.893.520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н в ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427.418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 327.418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н в ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА