Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,    

Шүүгдэгч П.Т,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт П-ын Т-д холбогдох 2528000000025 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч П.Т нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, GB TOWN хорооллын 1-29-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Э-ийн эрх чөлөөнд халдаж, биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хананд хугарал, чихний хэнгэргийн цоорол, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:              

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Т-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.  

Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны орой гэртээ байж байтал манай нөхөр Т ажлаасаа ирсэн. Тэгээд миний утсыг аваад шалгасан чинь viber хаягаар ажлын холбоотой хүнээс хоёр зурвас ирсэн байсан бөгөөд тэрийг уншаад уурлаад хардаж эхэлсэн бөгөөд тухайн үед намайг хэл амаар доромжлоод хараагаад гэрээсээ хөөсөн. Тэгээд над руу уурлаж маргалдаж байх үедээ Т миний зүүн баруун талын хацар хэсэгт нэг нэг удаа алгадаад гэрээсээ хөөгөөд гэрээсээ чирч гаргасан. Тухайн үед Т хэсэг уурлаж намайг загнаж байгаад бид хоёр унтаад өгсөн. Тэгээд өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед Т дахиж уурлаад өмнөх өдрийн хардалтын улмаас болж миний биед гар хүрсэн. Тухайн үед Т миний толгой хэсэгт гараараа алгадаад хэд хэдэн удаа цохиж авсан. Мөн мөр нуруу хэсэгт гараараа цохиод байсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад Т гараад явчихсан. Тэгээд би цагдаагийн газарт ирж өргөдөл өгсөн. Миний биед учирсан гэх тархи доргилт, зүүн ухархайн дотор хананд хугарал, чихний хэнгэргэний цоорол, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Энэ гэмтлүүд нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Т намайг цохиж зодох үед үүссэн гэмтэл байгаа юм. 12 дугаар сарын 23-ны өдөр Т намайг цохиж зодоод гараад явсан дараа чихнээс цус гараад юм сонсохгүй байсан. Өмнө нь бол зүгээр байсан юм. Би Т-тай эвлэрээд одоо хэвийн харилцаатай нөхөр бид хоёр хамт амьдар ч байгаа. Цаашид энэ хэргийг хүндрүүлэлгүй хурдан шийдэж өгөхийг хүсэж байна. Надад энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.  /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Шүүгдэгч П.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2011 оноос эхлэн гэр бүлийн компанид менежерээр ажиллаж эхэлсэн. 2022 оноос “...” ХХК-д жолоочоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би эхнэр Н.Э-тэй 2015 онд танилцаж 2018 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр одоо 3 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр одоо хэрүүл маргаангүй бусад гэр бүлийн адил амьдарч байна. Бид хоёр одоо бол хэрүүл маргаан хийхгүй хэвийн харилцаатай байгаа. Хэн хэн нь гаргасан алдаагаа ухамсарласан. Тухайн үед үүссэн үл ойлголцол буюу Н.Э нь гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн явдлаас болж би түр зуурын уур бухимдлаа барьж чадалгүй эхнэртээ гар хүрсэн юм.  /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Э-ийн биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хананд хугарал, чихний хэнгэргийн цоорол, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Н.Э-ийн биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/

Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/ 

Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 34 дэх тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/

Регистрийн дугаарын лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч П.Т нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, GB TOWN хорооллын 1-29-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Э-ийн эрх чөлөөнд халдаж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.   

Шүүгдэгч П.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч П.Т нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, GB TOWN хорооллын 1-29-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Э-ийн эрх чөлөөнд халдаж, биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хананд хугарал, чихний хэнгэргийн цоорол, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан хохирогч Н.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь тус хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.  

Шүүгдэгч П.Т нь хохирогч Н.Э-тэй эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч П.Т-ын “...Би эхнэр Н.Э-тэй 2015 онд танилцаж 2018 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр одоо 3 хүүхдийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 34 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч П.Т нь хохирогч Н.Э-ийн биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хананд хугарал, чихний хэнгэргийн цоорол, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байх тул бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.   

Шүүгдэгч П.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/-ээр хөнгөн хохирол болох нь тогтоогдсон.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч П.Т-ыг эхнэр Н.Э-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд хардалтын улмаас шүүгдэгч П.Т нь хохирогч Н.Э-ийн бие эрх чөлөөнд халдан зодсон үйл баримт тогтоогдож байх тул гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд “...Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч П.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Шүүх шүүгдэгч П.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан тул шүүгдэгч П.Тд оногдуулсан  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.    

Шүүгдэгч П.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.     

Шүүгдэгч П.Т өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ш овогт П-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.      

3.Шүүгдэгч П.Т шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлөхийг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Н.Э нь шүүгдэгч П.Т-аас хохирол, төлбөр нэхэмжлээгүй, хохиролын талаар маргаагүй болохыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч П.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.             

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч П.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй. 

  

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ