Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/02759

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 28 өдөр Дугаар 101/ШШ2018/02759 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлай 8 дугаар гудамж, 17А тоот хаягт оршин суух, Харчу овогт Барсүрэнгийн Э /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлай 8 дугаар гудамж, 17 А тоот хаягт оршин суух, Отгод овогт Толягийн Ц /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Цахлай 8 дугаар гудамжны 17А тоотод оршин суудаг бөгөөд тус хаягт байршилтай 18648313808201 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 620 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-2204015135 дугаарт бүртгэгдэж газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр авсан. Гэрчилгээний дугаар 000073209.

Б.Э нь тус газартаа садангийн хүн Т.Ц г туслан дэмжих үүднээс түр буулгаснаас хойш өдгөө 3 жил гаран хугацаанд суусан байна. Б.Э өмчлөлийн газартаа төлөвлөсөн зүйлээ хийх болсон учраас Т.Ц д олон жил суулгалаа одоо газрыг чөлөөлж өгөөрэй гэж удаа дараа хэлсэн боловч тэрбээр нүүхгүй тэдний ажил, амьдралд хууль бусаар саад учруулан өмчлөлийн газрыг эзэмдэж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэсэн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Б.Э ын өмчлөлийн газраас Т.Ц г албадан нүүлгэж тус газрыг чөлөөлүүлж шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх энэ газар дээр 2006 оноос хойш амьдарч байна. Б:Э ын аав Барсүрэн нь миний нагац ах билээ. Манайх анх энэ газар дээр буухад ямар ч айл байгаагүй, Барсүрэн ахынх манай хойд талд хашаа хатгалгүйгээр нэг газрыг манайх энэ газрыг авна танайх харж байгаарай гэж байсан юм. Тэр газар дээрээ Барсүрэн ахынх нэг ч удаа амьдарч байгаагүй. Тэр газрыг нь тойруулаад айлууд хашиж аваад хашаатай болсон бөгөөд манай ард болон баруун хажууд хоёр газартай юм.

Барсүрэн ахынх тэр газар дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсныг нь бид мэдээгүй байсан юм. Б.Э ын шүүхэд албадан нүүлгүүлэхээр нэхэмжлэл агргасан газар нь манай амьдарч байгаа газартай ямар ч холбоогүй өөрийнх нь газар нь манай хажууд байгаа юм.

Гэтэл яагаад шүүхэд манайхыг албадан нүүлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Миний бие бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг. Гэтэл миний нагац ахын охин яагаад ийм нэхэмжлэл гаргах болсныг мэдэхгүй юм.

Иймд Б.Э ын тус шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Т.Ц д холбогдуулан, албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204015135 дугаарт бүртгэгдэж, 000073209 дугаарын гэрчилгээнээс үзэхэд, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 8 дугаар гудамж, 17 А тоот хаягт байршилтай, 18648313808201 нэгж талбарын дугаартай газрын өмчлөгч Б.Э мөн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохьцуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна., 106.4-т ...энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж заасан тул нэхэмжлэгч нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй байна.

Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 8 дугаар гудамж, 17 А тоот хаягт байршилтай, 18648313808201 нэгж талбарын дугаартай газраас Т.Ц г албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч Т.Ц г Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 8 дугаар гудамж, 17 А тоот хаягт байршилтай, 18648313808201 нэгж талбарын дугаартай газраас албадан нүүлгэж, газрыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц гоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА