Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 15

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

           Шүүгдэгч З.Батжаргал нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цоохор овогт Зундуйн Батжаргалд холбогдох 201623010060 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 1957 оны 09 сарын 21-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-р баг “Зүүн далан түрүү” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа, шагналгүй, 2001 оны 11 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 2-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлж байсан /РД:СК57092119/ Цоохор овогт Зундуйн Батжаргал.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Батжаргал нь 2016 оны 09 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар баг “Зүүн далан түрүү” гэх газар орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Х.Мэндсайхан руу дайрч хазан улмаар биед нь хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          -Шүүгдэгч З.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Манай өмгөөлөгч Улаанбаатар хот руу эмчилгээнд өчигдөр яаралтай явсан. Х.Мэндсайхан манай гэрт ирж очдог байсан. Тэгээд 2016 оны 9 сарын 23-ны өдөр манайд ирэхдээ хэл чимээгүй ирсэн. Тухайн үед манай нохой хуцах чимээ өгөөгүй. Тэр өдөр авраарай гэсэн чимээ гарах шиг болохоор нь харсан чинь Х.Мэндсайханыг манай нохой урсан байсан. Х.Мэндсайхан ирэхдээ нохой хорь, хүүе хая гэж хэлдэг байсан. Бид нар ч гэсэн нохой хуцахаар нь гардаг байсан. Хохирогч Х.Мэндсайханд өмнөх шүүх хурлын өмнө 400000 төгрөг, мөрдөн байцаалтанд хэргийг буцаагаад шалгаж байхад 4200000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт Х.Мэндсайханд 4600000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй гэж хэлсэн. Надад хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

-Хохирогч Х.Мэндсайханы 2016 оны 12 сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн “Би 2016 оны 09 сарын 23-ны өдөр Батжаргалын тэжээмэл нохойд уруулж, хазуулснаас болж баруун гарын шөрмөс болон судаснууд тасарсан, булчингийн дутмагшил гэсэн гэмтлүүд үүссэн. Би Батжаргалынхаас цайны сүү авахаар очсон юм. Тэгтэл уяатай байдаг нохой нь сул байж таараад надруу дайрч хазсан, өглөө 10 цаг өнгөрч байсан байх. Миний хувьд эмчилгээ дуусаагүй байгаа, дээр нь миний ажил хийдэг баруун гар минь ямарч ажил хийх боломжгүй болсон учраас нийт арван таван сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-н 69/

-Гэрч П.Амгаланбаатарын 2016 оны 10 сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн “...намайг очих болгонд нохой нь уяатай байдаг байсан. Дайрч хазаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 15/

-Гэрч Ч.Түмэнбилэгийн 2016 оны 10 сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн “...Батжаргалын нохой надруу дайрч байсан удаа байхгүй, байнгын уяатай харагддаг байсан. Урд нь Батжаргалын нохой хүн рүү дайрч хазаж байсан талаар сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-н 16/

-Гэрч Д.Хүрэлтулгын 2016 оны 10 сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн “...намайг очиход тэр дайрсан гэх нохой нь байнга уяатай байдаг байсан. Надруу дайрч байсан удаа байхгүй. Мөн урд нь хүнрүү дайрч байсан талаар сонсож байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-н 17/

-Гэрч Б.Оюунцэцэгийн 2016 оны 10 сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн “...тэр хүн хазсан гэх нохой нь байнгын уяатай байдаг байсан, урд нь хүн хазсан талаар сонсож байгаагүй. Батжаргал тэр нохойг авчраад 2 жил болж байгаа...” гэх мэдүүлэг, /хх-н 18/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн №14041 дугаартай дүгнэлтэд “1.Мэндсайханы биед баруун гарын шууны халдварлагдсан, эдийн дутагдал бүхий гүн шарх, шууны нугалагч болон тэнийлгэгч шөрмөсний тасрал, бугуйн нугалах, тэнийлгэх хөдөлгөөний алдагдал, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна” гэх дүгнэлт, /хх-н 24/  

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №1551 дугаартай нэмэлт шинжилгээгээр гаргасан дүгнэлтэд “1.Мэндсайханы биед баруун гарын шууны халдварлагдсан, эдийн дутмагшил үүсгэсэн гүн шарх, шууны нугалагч болон тэнийлгэгч шөрмөсний тасрал, бугуйн нугалах, тэнийлгэх хөдөлгөөний алдагдал, хэвлийн шарх, 2016.09.26 болон 2016.11.22-ны өдрийн баруун шууны арьсыг нөхөн сэргээх хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна” гэх дүгнэлт, /хх-н 95/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн №551 дугаартай давтан шинжээчийн дүгнэлтэд:

1.Х.Мэндсайханы биед баруун шууны сорви, баруун шуу, сарвууны булчингийн хатингаршил, шууны нугалагч болон тэнийлгэгч шөрмөсний тасрал, бугуйн нугалах, тэнийлгэх хөдөлгөөний бүрэн алдагдал хэвлийн сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 6.Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 5.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 15.71.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх дүгнэлт, /хх-н 203-205/

-Хохирогч Х.Мэндсайханы “Миний бие З.Батжаргалаас 4200000 төгрөгийг бэлнээр хүлээж авлаа. Ингээд надад учирсан хохирол, хор уршиг болон эмчилгээний зардлууд бусад бүх зардал бүрэн төлөгдсөн болно. Би З.Батжаргалтай сайн дураар эвлэрч түүнд одоо ямар ч гомдол саналгүй болсон. Миний бие цаашид З.Батжаргалаас нэхэмжлэх зүйлгүй болно. Иймд З.Батжаргалд хамгийн хөнгөн ялыг оногдуулж, уг ялыг биеэр эдлүүлэхгүй байх талаас нь хүсч байна. Миний бие анхан шатны болон бусад шатны шүүх хуралдаанд оролцохгүй. З.Батжаргалд ямар ч гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 229/

-Хэрэг учралын газар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-9/, нохойны гэрэл зураг /хх-н 10/, малын үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 32-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч З.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч З.Батжаргал нь “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.7, 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батжаргал нь өөрийгөө өмгөөлөх эрхтэй байх тул шүүх хуралдаанд түүнийг өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн магадлагаагаар өмгөөлөгч Г.Ганбадрах нь “яаралтай Улаанбаатар хот руу Улсын нэгдсэн төв эмнэлэг рүү явж, онош тодруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 2017 оны 05 сарын 29-ний өдөр Улаанбаатар хот явсан болох нь тогтоогдож байна.

  Шүүгдэгч З.Батжаргал нь 2016 оны 09 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг “Зүүн далан түрүү” гэх газар нутаглаж байхдаа өөрийн тэжээвэр 3 настай нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Х.Мэндсайханы баруун гар болон хэвлий хэсгээс хазаж түүний биед   баруун шууны сорви, баруун шуу, сарвууны булчингийн хатингаршил, шууны нугалагч болон тэнийлгэгч шөрмөсний тасрал, бугуйн нугалах, тэнийлгэх хөдөлгөөний бүрэн алдагдал хэвлийн сорви бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримт болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Х.Мэндсайханы биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2017 оны 04 сарын 26-ны өдрийн №551 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Тухайн нохойг харж, хяналтандаа байлгах үүрэг бүхий этгээд нь З.Батжаргал болох нь түүний  хэрэг бүртгэлтэд өгсөн “...өглөөний үүрийн 6 цагт тэр нохойны маань уяа нь суларсан байсан юм, тэгээд гинжээ чирээд явж байхаар нь би байнгын уяатай байдаг юм чинь түр зуур уяагүй байг гэж бодоод чирэгдээд байгаа гинжийг нь тайлаад сул тавьсан. Өглөө эрт манайхаар хэн ирэхэв, тэгж байгаад уяна даа гэж бодоод сул орхисон байсан юм...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 Шүүгдэгч З.Батжаргалын дээрх эс үйлдлийн улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан бөгөөд энэ үйлдэл нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байна.

Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч З.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч З.Батжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Хохирогч Х.Мэндсайханд шүүгдэгч З.Батжаргал нь хэрэг бүртгэлтийн шатанд 400000 төгрөгийг, мөрдөн байцаалтын шатанд 4200000 төгрөгийг нийт 4600000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 Хохирогч Х.Мэндсайхан нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч З.Батжаргал нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.

    Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, шүүгдэгч З.Батжаргалын хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож буй нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна гэж үзлээ.

   Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох шүүгдэгч З.Батжаргалын өмчлөлийн 170 толгой малыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн

290.3, 294-299, 301, 303, 304 дүгээр зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Цоохор овогт Зундуйн Батжаргалыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цоохор овогт Зундуйн Батжаргалыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэгчийн 2016 оны 10 сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч З.Батжаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан З.Батжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

           6.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэдгийг  дурдсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан З.Батжаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ