Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2351

 

МАГАДЛАЛ

 

2018.11.23                                                 Дугаар 2351                                    Улаанбаатар хот

 

 

 

 

З.ЭО-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02752 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.ЭО-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч МОХННУБТЗЦХОБА-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Э, Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2009 оноос эхлэн УБТЗ-ын Сайншанд дахь цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албанд ямар нэг алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө тус байгууллагын спортын уралдаан, тэмцээн болсон байдаг. З.ЭО тэмцээнд орчихоод гэртээ хариад унтаж байхад н.Б дарга нь гэнэт түүнийг ажилд нь буюу ачаа хамгаалуулах гэж явуулахаар дуудсан байдаг. Ингээд нэхэмжлэгчийг ажилдаа ирэхэд нь дарга нь “...чамаас архи үнэртэж байна. Депо дээр очиж чамаас сорил авна” гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн өдөр, тэмцээний дараа бага зэрэг айраг уусан, энэ талаараа тайлбар хэлэхэд хүлээж аваагүй. Өмнө нь хэзээ ч уг байгууллага дээр архи уусан, мансуурсан эсэхийг тодруулах гэж сорил авч байгаагүй. Ийм тусгайлсан журам, зохицуулалт ч байхгүй. Зөвхөн нэхэмжлэгч З.ЭО-ыг бусдаас ялгаварлан үзэж тусад нь сорил авсан.     З.ЭО нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр угаасаа ээлжинд гарах буюу ажилд явах хуваарьгүй байсан. Гэтэл тухайн өдөр ачаа хамгаалагчаар явах ёстой байсан хүмүүсийг дуудаагүй байж нэхэмжлэгчийг дуудан авчирч, ажилд явуулах гэж байсан нь өөрөө мөн л түүнийг гадуурхаж байгаагийн шинж юм. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр даргын өрөөнд З.ЭО-ыг оролцуулан түүний гаргасан зөрчлийн талаар хурал хийсэн байдаг. Ингээд хуралд оролцсон 5 хүний 3 нь З.Эрдэнэ-Орхонд “...3 сарын хугацаанд цалинг 20 хувь бууруулах” санал өгсөн. Гэтэл энэ байдлыг харгалзан үзэлгүй З.ЭО-ыг ажлаас нь халах шийдвэр гаргасан. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын арга хэмжээ авсан уу, эсвэл ноцтой зөрчил байсан уу гэдгийг ялгаж салгаагүй. Мөн ноцтой зөрчлийнхөө аль нь вэ гэдгийг тодорхой заагаагүй байж, тушаал дээрээ 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаах нь гэж бичсэн. Иймд нэхэмжлэгчийг УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалалтын ачаа хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:   З.ЭО нь ажлаас халагдахаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 29, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд хоёр ч удаа дарга нарын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж ажиллах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, ажилд дуудахад байнга бэлэн байдалд байх талаар амлалт авч, энэ талаар бичгээр хүсэлт гаргаж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилд гарах ээлжээ мэдэж байсан атлаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлын байранд ирсэн байдаг. Гаднаас харахад согтуурсан байдалтай байсан тул тус ангийн дарга А.Б түүнийг эмчид үзүүлж, сорил тавиулсан байдаг. Сорилыг уусмалаар болон үлээгч аппаратаар тавихад хариу нь сөрөг буюу нэмэх /+/ гэж гарсан. Энэ байдлыг нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ангийн рапортын дэвтэрт бүртгэж авсан. Ингээд ачаа хамгаалагч маань өөрөө мансуурсан, согтуурсан байдалтай ажилд ирсэн учраас түүний дараагийн ээлжийн хүнийг ачаа хамгаалалтад явуулсан. Сорилыг тавихдаа хөндлөнгийн гэрч нарыг оролцуулж, гарсан үр дүнг нь нэхэмжлэгчид өөрт нь танилцуулж, шаардлагатай бол ажилдаа ирсэн этгээдийг согтуурсан мансуурсан эсэхийг шалгахаар сорилыг бид авдаг. Энэ талаар зохицуулсан дүрэм, журам байгаагаа бид хэрэгт өгсөн. Тус өдөр хуваарийн дагуу ажилд гарах ээлжтэй байсан. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн асуудлыг удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Энэ хуралд нэхэмжлэгч маань өөрөө “...2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр найз нартайгаа 1 шил архи хувааж уусан, ажилд явахаа мэдэж байсан” гэж хэлсэн. Ажил олгогч болох тус ангийн удирдлагын зөвлөлийн хурлаар З.ЭО-ны гаргасан зөрчлийг хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил” гаргасан гэж үзсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд уг ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар үр дагаварт тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хөдөлмөрийн гэрээнд талууд ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг “ноцтойд тооцох”-ыг харилцан тогтоодог тул уг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа заавал удирдлагын зөвлөлийн хурлын гишүүдийн олонхийн саналаар шийдэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд З.ЭО-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч МОХННУБТЗЦХОБА-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичүүлэх тухай З.ЭО-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгэзр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ангийн дарга А.Б , ээлжийн ахлагч н.С нар халах сахилгын арга хэмжээ авах саналтай байна, ээлжийн орлогч ахлагч н.Я, ээлжийн дарга н.Г, ээлжийн дарга н.Н нар 3 сараар 20 хувиар цалин хасах сахилгын арга хэмжээ авна гэж хэлсэн. Хурлын 5 гишүүний 3 нь 3 сараар 20 хувиар цалин хасах сахилгын арга хэмжээ авах саналтай буюу санал нь илүү байсан. Энэ хурлын тэмдэглэл, гэрч Н.Ц, С.М нарын мэдүүлгийг анхаарч үзээгүй, хэт 1 талыг баримтлан шүүх шийдвэрээ гаргасан. Энэ өдрийн хуралд "архи уудаггүй, ээлжийн дарга н.Я яахаа алдсан хүн биш л дээ" гэж хэлж байсан зэргийг үнэлээгүй. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 07, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2 сорил зөрүүтэй гарсан байхад сорилын шийдвэрийг үндэслэл болгосон. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 84 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан гэсэн боловч, ноцтой зөрчил, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тодорхой заагаагүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн боловч хуулийн этгээдийн нэрийг буруу бичиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байгаа тул тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч З.ЭО нь хариуцагч МОХННУБТЗЦХОБА-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл МОХНН , УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 84 дүгээр тушаалаар нэхэмжлэгч З.ЭО-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 43/

Анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан тушаал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон зохигчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч З.ЭО нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодорхойлох сорил тавьсан тухай протокол” болон хурлын тэмдэглэлд бүртгэгдэн тогтоогдож байгаа тул талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах тухай 5.3.4-т заасан ажилдаа согтуу, мансуурсан ирэх”-ийг хориглосон заалтыг зөрчсөн байна. /хх 45, 47, 49/

Талуудын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.3-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох болон ноцтой зөрчилд тооцох нөхцлүүдийг зааж тусгасан ба ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний    5.3.4-д зааснаар цуцалсан нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч З.ЭО-ны нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1. 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх боловч шийдвэрийн “ТОГТООХ” хэсэгт хуулийн этгээдийн нэрийг буруу бичсэн болон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсан тул өөрчлөлт оруулж байна.

Иймд нэхэмжлэгчээс “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн зөв эргэлзээгүй үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2” гэж нэмж “МОХНН , УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд” гэснийг УБТЗНН гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

           ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ