Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/213

 

 

 

 

 

 

   2021            03              03                                         2021/ДШМ/213

                                                       

Ц.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Насанжаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 7 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ц.Дт холбогдох 2008029291438 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цгийн Д, 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул зах дээр хувиараа тээш зөөгч хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод түр оршин суух, /РД:-/;

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 37-32 тоотод “хүүгээ авчих гэж хэллээ” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Бийн гараараа нүүр, гар хэсэг рүү нь цохиж, зодож эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Б овгийн Цгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Дт сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ажил, гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан болох гэж заасан нь уг ялыг хэрхэн эдэлж, ялтанд хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх үүрэгтэй. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд ял хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд эрхэлсэн ажил, гэрийн байршил, ямар маршрутаар хэрхэн зорчих нь тодорхойгүй, ямар чиглэлд зорчихдоо зөвшөөрөл авах нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Б.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэсэн. Зорчих эрх хязгаарласан ялыг хэрэглэсэн нь манай прокурорын байгууллагын хувьд анхны тохиолдол байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр заасан. Шийтгэх тогтоолд зааснаар хэрэв зорчих бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрөл авна гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхээс тогтоосон зорчих эрхийг хязгаарласан газар зорчихгүй байх үүрэгтэй гэжээ. Шүүх зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа шүүгдэгчийг ямар газар зорчих эрхийг хязгаарлаж байгаа, ямар газар зорчих эрхтэй, ямар газар зорчихгүй байх ёстой гэдгийг зааж өгөх ёстой. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй. Шүүх уг ялыг хэрэглэхдээ тодорхой байршил, газрын нэр, хаягийг тодорхой дурдах шаардлагатай. “Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрөл авах үүрэгтэй” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ямар газраар зорчих, ямар газраас зорчихыг хязгаарласан болохыг тогтоож өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан. Шүүх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргүүдээс нэг буюу хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилсан” гэж шийтгэх тогтоолд заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эсвэл тодорхой газар очихыг хориглох, эсвэл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эсвэл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, эсвэл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр зорчих гэсэн эдгээр үүргүүдээс нэгийг нь хэрэглэх юм уу эсвэл хэд хэдэн үүргийг хүлээлгэж болох юм уу гэдэг дээр хуулийн агуулгыг харахад нэг үүргийг хүлээлгэх боломжтой харагдаж байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.” гэж зааснаар бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг нэмж хориглож болохоор байна гэж ойлгож байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргүүдээс хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилсан гэж ойлгож болохгүй. Шүүхээс зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа хуулийн шаардлага биелүүлээгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 37-32 тоотод “хүүгээ авчих гэж хэллээ” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Бийг гараараа нүүр, гар хэсэг рүү нь цохиж, зодож эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Бийн “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний орой хоолоо хийчихсэн байж байтал Д “ор засчих” гэхээр нь би орыг засаж байхад тухайн үед манай хүү Анхаа зуух руу ойртохоор нь би Дт “хүүгээ авчих” гэж хэлсэн, Д “хохь чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи хүүгээ авч бай, би аяга хоол идээдхье” гэтэл Д “намайг чи өөрөө юм аа зохицуулаад идэхгүй юу, би унтаж амармаар байна” гэж уурласан. ...Тэгээд Д газар зассан орон дээр хэвтэхээр нь би орон дээр хүүгээ тэврээд мөөмөө өгөөд сууж байтал Д юу ч болоогүй байхад “юу гэнээ” гэж босч ирээд миний нүүр рүү, зүүн шанаа руу гараа зангидаж байгаад 3-4 удаа цохиж, зүүн гарын бугалга хэсэг рүү нэг удаа цохиж зодсон. ...Тэгээд Д намайг “янхан, гичий, юу гээд байгаа юм бэ гичий минь” гэж хэл амаар доромжилж байгаад шууд машинаа унаад гараад явчихсан. Тухайн үед Д намайг цохиж зодох үед 00 цаг өнгөрч байсан. Надад гомдол санал байхгүй. ...” /1хх 22/,

Ц.Дийн яллагдагчаар өгсөн “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би гараараа цохиж үүсгэсэн. ...Тухайн үед манай эхнэр Б намайг “хүүхдээ авчих” гэхээр нь би “өөрөө унтуулаад хоолоо идчих” гэснээс болж маргалдаж эхэлсэн. ...Би өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...” гэсэн /хх 54-55/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11260 дугаартай “...Б.Бийн биед зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн /хх 25-26/ дүгнэлт,

Аюулын зэргийн үнэлгээ “эрсдэлийн түвшин бага”, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 51/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 47-50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Ц.Дийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Дийн эхнэр Б.Бийг гараараа нүүр, гар хэсэг рүү нь цохиж, зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүхээс Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 40/-оор “...Цгийн Д /РД:-/ нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 20 дугаар гудамжны 506б тоотод оршин суудаг болохыг тодорхойлов.” гэсэн байхад шүүгдэгч Ц.Д нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 37-32 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ба тэрээр уг хаяг дээр гэр бүлийн хамт амьдардаг болох нь хохирогч Б.Бийн /хх 20-22/ мэдүүлэг болон холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх хэрэглэх үндэслэлийг мөрдөн шалгах явцад тогтоох зайлшгүй шаардлагатай ба уг тогтоогдсон үйл баримтыг үндэслэж шүүгдэгчийг хаанаас хаашаа хэрхэн яаж зорчих эрхийг хязгаарлахыг тогтоох, зөрчвөл хэрхэх талаар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах бололцоотой болох юм.

Гэтэл шүүгдэгчийн оршин суух хаяг эргэлзээтэйгээс гадна уг ялыг хэрэглэхэд шаардлагатай зарим зүйлийг мөрдөн шалгах явцад болон прокурорын хяналтын шатанд тогтоогоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дт 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ял шийтгэл тохироогүй гэж үзэв.

Түүнчлэн, анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 166 зүйлд тус тус заасныг анхаарах шаардлагатай байсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “торгох ял”, 1.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ял”, 1.3-т “зорчих эрхийг хязгаарлах ял”, 1.4-т “хорих ял” гэж ялын төрлийг хөнгөнөөс хүнд рүү тус тус заасан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн этгээдэд холбогдох хэргийн ялын төрлөөс сонгон хэрэглэх боломжтойгоор хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ц.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11260 дугаартай “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт болон түүний хөрөнгө, орлогын байдлыг тодорхойлсон баримт, мөн оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Прокурор Д.Отгонбаяр “...шүүхийн шийтгэх тогтоолд ял хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд эрхэлсэн ажил, гэрийн байршил, ямар маршрутаар хэрхэн зорчих нь тодорхойгүй, ямар чиглэлд зорчихдоо зөвшөөрөл авах нь ойлгомжгүй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дт зорчих эрхийг хязгаарлах ял сонгон хэрэглэхдээ “... хоёр сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтов. ...” гээд “...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 37 дугаар гудамжны 32 тоотод оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ. ...” гэж дүгнэжээ.

Энэ дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцээгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж, “Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх;” гэж уг ялаар шийтгүүлсэн этгээдийн үүрэг болон ялыг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар тодорхой заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, уг ялыг хэрхэн яаж, ямар чиглэлд зөвшөөрсөн, бусад хориглосон газар зорчихгүй байх талаар тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэл нь зөв боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгдэгч Ц.Дийн ялын төрлийг оновчтой сонгоогүй үндэслэлээр тогтоолд өөрчлөлт оруулж байгаа тул прокурорын “зорчих эрхийг хязгаарлах ялыг хөндөхгүйгээр уг ялыг хэрхэн яаж эдлүүлэх талаар нэмэлт заалт оруулах замаар өөрчлөлт оруулах” талаар бичсэн эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ