Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2017/02442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххх тоот, О ХХК-ийн /РД: 0000000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: хххххххххх тоотод байрлах, Г К******* ХХК-д /РД: 00000000/ холбогдох

14.085.142 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г К******* ХХК-ийн 6.853.520 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтансувд, З.Нандинцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК-ийн захирал Б.Баттүшиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Г К******* ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хууль сахиулахын их сургуулийн 3.000 сонсогчийн хичээлийн төв байрны барилгад ажил гүйцэтгэхээр болсон. Нэхэмжлэгч О ХХК нь гэрээний 3 дахь хэсэгт заасан гүйцэтгэгчийн эрх, үүргийг нарийн мөрдөн ажиллаж ажлын гүйцэтгэлийг зохих түвшинд гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээ нь хоёр талын эрх ашиг хангасан гэрээ байтал хариуцагч Г К******* ХХК нь хууль бусаар дангаараа гэрээ цуцалсан.

Гэрээний төлбөрийг гэрээг хэрэгжүүлэх явцад байнга гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэн шилжүүлдэг байсан. Дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн нэмэлт ажлууд гүйцэтгэж байсан бөгөөд зарим хийсэн ажлынхаа хөлсийг аваагүй байгаа.

Үүнд: 3 дугаар давхрын цагаан замаск, 1.055 метр квадрат, 731.115 төгрөг,

4 дүгээр давхрын цагаан замаск, 1.055 метр квадрат, 731.115 төгрөг,

5 дугаар давхрын цагаан замаск, 1.055 метр квадрат, 731.115 төгрөг

5 дугаар давхар, Б, В блок, цагаан замаск, 1.055 метр квадрат, 1.398.375 төгрөг,

6 дугаар давхар, Б, В блок, цагаан замаск, 1.055 метр квадрат, 1.398.375 төгрөг, нийт ажлын хөлс 4.990.095 төгрөг бөгөөд үүний 50 хувиар алданги тооцсон ба 2.495.048 төгрөг, нийт 7.485.142 төгрөг, мөн гэрээний баталгаа болгож үлдээсэн 10 хувийн үлдэгдэл 3.600.000 төгрөг, өмнө нь мөн тус компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаж байсан бөгөөд өмнөх гэрээнд заасан алданги 3.000.000 төгрөг, нийт 14.085.142 төгрөгийг хариуцагч Г К******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г К******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Уугантуяа шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтансувд, З.Нандинцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О ХХК болон хариуцагч Г К******* ХХК-ийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 15 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч О ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хууль сахиулахын их сургуулийн 3.000 сонсогчийн хичээлийн төв байрны барилгад барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнд заасан ажлыг захиалагчийн нийлүүлсэн материалаар батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх үүргийг, харин захиалагч болох манай Г К******* ХХК нь ажил хүлээлцсэн актыг үндэслэн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гүйцэтгэгч О ХХК нь барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнд заасан дараах ажлуудыг хийж гүйцэтгэх байсан. Үүнд:

1. Г блокын 5 дугаар давхрын хар замаскын ажил, 858 метр квадрат, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр эхэлж 6 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан. 1 метр квадратын үнэ 3.000 төгрөг, нийт 2.574.000 төгрөг.

2. А, Д блокын 6 дугаар давхрын хар замаскын ажил, 1.676 метр квадрат, 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эхэлж 7 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан. 1 метр квадратын үнэ 3.300 төгрөг, нийт 5.530.800 төгрөг.

3. Г блокын 3 болон 5 дугаар давхрын цагаан замаскын ажил, 2.110 метр квадрат, 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эхэлж 7 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан. 1 метр квадратын үнэ 3.300 төгрөг, нийт 6.963.000 төгрөг.

4. А болон Д блокын 6 дугаар давхрын цагаан замаскын ажил, 2.317 метр квадрат, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхэлж 8 дугаар сарын 12-ны өдөр дуусах байсан. 1 метр квадратын үнэ 3.000 төгрөг, нийт 7.646.100 төгрөг.

5. Б болон В блокын хар замаска, цагаан замаска, амалгаа хийх ажил. Хар замаска 873 метр квадрат, цагаан замаска 2.167 метр квадрат, амалгаа 24 метр квадрат, хар замаска хийх ажлыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж 9 дүгээр сарын 5-ны өдөр, цагаан замаска хийх ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эхлээд 9 дүгээр сарын 15-ны өдөр, амалгаа хийх ажлыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхлээд 9 дүгээр сарын 10-ны өдөр тус тус дуусах байсан.

Хар замаска 1 метр квадратын үнэ 3.300 төгрөг, нийт 2.880.900 төгрөг, цагаан замаска 1 метр квадратын үнэ 3.300 төгрөг, нийт 7.151.100 төгрөг, амалгаа 1 метр квадратын үнэ 14.000 төгрөг, нийт 336.000 төгрөг.

6. Г блокын 6 дугаар давхрын хар болон цагаан замаска хийх ажил, эдгээр 2 ажлыг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эхлээд 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусах байсан. Аль аль нь 1 метр квадратын үнэ 3.300 төгрөг, хар замаска 204.83 метр квадрат, цагаан замаска 749.33 метр квадрат, хар замаска нийт 675.939 төгрөг, цагаан замаска нийт 2.474.967 төгрөг.

Гэтэл О ХХК нь ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй. Манай компани О ХХК-д ажлын хөлс 4.990.095 төгрөгийг төлнө. Алданги 2.495.048 төгрөгийг төлөх боломжгүй. Дээрх сургуулийн барилга 2016 оны 6 дугаар сард ашиглалтанд орсон. Мөн эдний компаниас гэрээний баталгааны 3.600.000 төгрөгийг авсан нь үнэн. Баталгааны хугацаа дуусаагүй учраас өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Г К******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтансувд, З.Нандинцэцэг нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О ХХК болон хариуцагч Г К******* ХХК-ийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 15 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч О ХХК Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хууль сахиулахын их сургуулийн 3.000 сонсогчийн хичээлийн төв байрны барилгад барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнд заасан ажлыг захиалагчийн нийлүүлсэн материалаар батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх үүргийг, захиалагч Г К******* ХХК нь ажил хүлээлцсэн актыг үндэслэн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гүйцэтгэгч болох О ХХК нь барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнд тусгасан дараах ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх байсан боловч хугацаандаа хийж гүйцэтгээгүй. Үүнд:

1. Цагаан замаска А, Д блокын 6 дугаар давхарт. Ажлыг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхлээд 8 дугаар сарын 12-ны өдөр дуусгах байсан. Гүйцэтгэгч нь ажлыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд нийт 170 хоног хугацаа хэтэрсэн. Уг ажлын нийт үнэ 6.140.750 төг ба алданги 2.087.855 төгрөг.

2. Цагаан замаска Г блокын 3 дугаар давхар. Ажлыг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эхлээд 7 дугаар сарын 30-ны өдөр дуусгах байсан. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ажлыг хүлээлгэж өгсөн бөгөөд нийт 182 хоног хугацаа хэтэрсан. Уг ажлын нийт үнэ 2.901.250 төгрөг ба алданги 1.056.055 төгрөг.

3. Цагаан замаска Г блокын 5 дугаар давхар. Ажлыг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эхлээд 7 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан. Гэтэл 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд нийт 182 хоног хугацаа хэтэрсэн. Уг ажлын нийт үнэ 2.901.250 төгрөг ба алданги 1.056.055 төгрөг.

4. Цагаан замаск Б, В блокын 5 дугаар давхар. Ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эхлээд 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусах байсан. Гэтэл ажлыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэж өгсөн ба нийт 136 хоног хугацаа хэтэрсэн. Уг ажлын нийт үнэ 5.843.750 төгрөг ба алданги 1.589.500 төгрөг.

5. Цагаан замаска Г блокын 4 дүгээр давхар. Ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эхлээд 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгах байсан. Ажлыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд нийт 136 хоног хугацаа хэтэрсэн. Уг ажлын нийт үнэ 2.901.250 төгрөг ба алданги 789.140 төгрөг.

Гүйцэтгэгч О ХХК-ийн тухайд уг ажлыг хийсэнтэй маргах зүйлгүй бөгөөд гагцхүү О ХХК нь ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул манай компани бидний хооронд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 7.4-т зааснаар тухайн шатны ажлын нийт үнийн дүнгийн 0.2 хувиар хугацаа хэтрүүлсэн хоног тутмаар тооцон нийт 6.578.605 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

Мөн О ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд бид уг төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татвар болох 274.915 төгрөгийг тус компаниас нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэгч О ХХК-иас гэрээт ажлыг тогтоосон хугацаанаас хэтрүүлэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн тул алданги 6.578.605 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 274.915 төгрөг, нийт 6.853.520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь тус Г К******* ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулан нэмэлт гэрээний дагуу ажлууд гүйцэтгэсэн. Бид нэмэлт гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэсэн. Ажлын хувьд саатсан ганц, хоёр хоног байгаа бөгөөд бид танайх хэзээ мөнгөө өгч дуусах бэ гэдэг шаардлага л тавьсан. Ажил гүйцэтгэсэн гэрээ тодорхой байгаа, хариуцагч тал манай хийж гүйцэтгэсэн ажлыг шүүх хуралдаанд зөвшөөрч тайлбараа гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Г К******* ХХК-д холбогдуулан 14.085.142 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Г К******* ХХК нь нэхэмжлэгч О ХХК-д холбогдуулан 6.853.520 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

/ажлын хөлс 4.990.095 төгрөг, алданги 2.495.048 төгрөг, гэрээний баталгаа 3.600.000 төгрөг, өмнө гэрээний алданги 3.000.000 төгрөг, нийт 14.085.142 төгрөг/

 

/ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй алданги 6.578.605 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 274.915 төгрөг, нийт 6.853.520 төгрөг/

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Г К******* ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч О ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд захиалагч Г К******* ХХК-ийн барьж буй Хууль сахиулахын их сургуулийн 3.000 сонсогчийн хичээлийн төв байны барилгад барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-нд заасан ажлыг захиалагчийн нийлүүлсэн материалаар тогтоосон хугацаанд нь хийж гүйцэтгэхээр, захиалагч буюу хариуцагч Г К******* ХХК нь ажлыг нэмэлт гэрээний дагуу шалган ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Мөн талууд барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулан гүйцэтгэгч О ХХК нь 6 дугаар давхрын А, Д блокын 1.676 м.кв талбайд хар замаска хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эхэлж 7 дугаар сарын 28-ны өдөр дуусгахаар, нэгж үнэ 3.300 төгрөг, нийт үнэ 5.530.800 төгрөг гэж,

5 дугаар давхрын Б, В блокын 873 м.кв талбайд хар замаска, цагаан замаска 2.167 м.кв талбайд, амалгаа 24 м.кв талбайд тус тус хийхээр, хар замаска хийх ажлыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж 9 дүгээр сарын 5-ны өдөр дуусгахаар, нэгж үнэ 3.300 төгрөг, нийт 2.880.900 төгрөг, цагаан замаска хийх ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эхэлж 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгахаар, нэгж үнэ 3.300 төгрөг, нийт үнэ 7.151.100 төгрөг, амалгаа хийх ажлыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусгахаар, нийт үнийг 396.000 төгрөг гэж,

Г блокын 3 болон 5 дугаар давхруудад нийт 858 м.кв талбайд хар замаска хийх ажлыг 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдөр эхэлж 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгахаар, нэгж үнэ 3.000 төгрөг, нийт үнэ 2.574.000 төгрөг,

Г блокын 3 болон 5 дугаар давхруудад тус бүрт нь 1055 м.кв талбайд нийт 2.110 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эхэлж 7 дугаар сарын 30-ны өдөр дуусгахаар, нэгж үнэ 3.300 төгрөг, нийт 6.963.000 төгрөг,

6 дугаар давхрын А, Д блокын 2.317 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхэлж 8 дугаар сарын 12-ны өдөр дуусгахаар, нэгж үнэ 3.300 төгрөг, нийт үнэ 7.646.100 төгрөг хэмээн тус тус харилцан тохирсон нь талуудын тайлбар болон гэрээнүүдийн хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 8-14, 67-73, 79-82 дугаар тал/

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба дээр дурьдсан барилгын ажил гүйцэтгэх ерөнхий болон нэмэлт гэрээ бүрт талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.11-д Гүйцэтгэгчээс гаргаж өгсөн ажлын гүйцэтгэлийг захиалагч нь гэрээнд тусгагдсанаар хууль дүрмийн дагуу барилгын ажлын дагуу шат бүрт ажил хүлээлцсэн актыг бүрдүүлж, холбогдох хяналтын болон зургийн зохиогчоор гарын үсэг зуруулж баталгаажуулсаны дараа гүйцэтгэгчид холбогдох ажлын хөлсийг төлөх үүрэгтэй,

7 дугаар зүйлийн 7.4-т Гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалж тухайн шатны ажил гүйцэтгэх хугацаа 3 ба түүнээс дээш хоног хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн шатны ажлын нийт үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг ... ерөнхий гүйцэтгэгчид төлнө,

7.5-д Ерөнхий гүйцэтгэгч гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй 7 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч О ХХК нь нэмэлт гэрээгээр тохирсоны дагуу 4 дүгээр давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх, 3 дугаар давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх, 5 дугаар давхрын Б болон В блокын нийт 2.167 м.кв талбайд цагаан замаска хийх, 5 дугаар давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх, 6 дугаар давхрын А болон Д блокын нийт 2.317 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг тус тус хийж гүйцэтгэснийг захиалагч тал 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан хүлээн авсан байна.

/ХХ-ийн 74-78 дугаар тал/

 

Г блокын 4 дүгээр давхрын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг талууд амаар тохиролцсон, уг ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эхлэн 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгахаар тохирсон талаар талууд шүүх хуралдаанд тайлбарласан, энэ талаар хэн аль нь маргаагүй болохыг дурьдлаа.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ.

 

Гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч О ХХК нь ажлын үр дүнг захиалагч буюу хариуцагч Г К******* ХХК-д 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч О ХХК нь хэлэлцэн тохирсон хөлсөө нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд ажлын үр дүнг хүлээн авсан атлаа хөлсийг төлөөгүй тул гүйцэтгэгч нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д заасны дагуу алданги нэхэмжилсэн мөн үндэслэлтэй.

 

Хариуцагч буюу захиалагч Г К******* ХХК нь ажлын хөлс 4.990.095 төгрөгийг төлөх талаар маргаагүй бөгөөд гагцхүү алданги төлөхгүй хэмээн маргасан болно.

 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.3-т Гүйцэтгэгчийн ажлын чанар гүйцэтгэлийг баталгаажуулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрээт ажлын үнийн дүнгийн хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг гүйцэтгэлээс баталгаа болгон авч үлдэх ба барилгыг улсын комисс хүлээн авчнаас хойш 14 хоногийн дотор гүйцэтгэлийн баталгааг олгоно гэж заажээ.

Хариуцагч Г К******* ХХК нь ажлын гүйцэтгэлд 3.600.000 төгрөгийг суутган авсан талаараа маргахгүй байгаа хэдий ч уг мөнгийг баталгааны хугацаа дуусаагүй тул өгөх боломжгүй гэж тайлбарласан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон бол уг мөнгийг өгөхөөр байна.

Барилгыг 2016 оны 6 дугаар сард улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон нь хариуцагч талын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч талаас гэрээний баталгаа болох 3.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд өмнө гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гэж алданги 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч энэ хэдийд байгуулсан ямар гэрээний дагуу тооцсон болох нь нотлогдоогүй бөгөөд энэ талаарх баримтаа ирүүлээгүй.

 

Иймд хариуцагч Г К******* ХХК-иас ажлын хөлс болон алданги 7.485.142 төгрөг, гэрээний баталгаа 3.600.000 төгрөг, нийт 11.085.142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжилсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч О ХХК-иас 274.915 төгрөгийг гаргуулах боломжгүй.

 

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч О ХХК нь нэмэлт гэрээгээр тохирсоны дагуу 4 дүгээр давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 5-наас 15-ны өдрүүдэд, 3 дугаар давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 18-наас 30-ны өдрүүдэд, 5 дугаар давхрын Б болон В блокын нийт 2.167 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 15-ны өдрүүдэд, 5 дугаар давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 18-наас 30-ны өдрүүдэд, 6 дугаар давхрын А болон Д блокын нийт 2.317 м.кв талбайд цагаан замаска хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус хийж гүйцэтгэснийг захиалагч тал 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэлийг баталгаажуулан ажлыг хүлээн авсан байх ба гүйцэтгэгч ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй байх тул захиалагч гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

4 дүгээр давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх ажил, хэтэрсэн хоног 136, тооцсон алданги 789.140 төгрөг,3 дугаар давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх ажил, хэтэрсэн хоног 182, тооцсон алданги 1.056.055 төгрөг, 5 дугаар давхрын Б болон В блокын нийт 2.167 м.кв талбайд цагаан замаска хийх ажил, хэтэрсэн хоног 136, тооцсон алданги 1.589.500 төгрөг, 5 дугаар давхрын Г блокын 1.055 м.кв талбайд цагаан замаска хийх ажил, хэтэрсэн хоног 182, тооцсон алданги 1.056.055 төгрөг, 6 дугаар давхрын А болон Д блокын нийт 2.317 м.кв талбайд цагаан замаска хийх ажил, хэтэрсэн хоног 170, тооцсон алданги 2.087.855 төгрөг тус тус байна.

/ХХ-ийн 108-109 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч О ХХК-иас 6.578.605 төгрөг гаргуулан хариуцагч Г К******* ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 274.915 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн мөн өдөр нь нэхэмжлэгч талд, хариуцагчийн төлөөлөгчид 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, нэхэмжлэгч талын хүсэлтээр 2, хариуцагч талын хүсэлтээр 5 удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г К******* ХХК-иас 11.085.142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О ХХК-иас 6.578.605 төгрөг гаргуулан хариуцагч Г К******* ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 274.915 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.375 төгрөгийг болон хариуцагч Г К******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 124.606 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г К******* ХХК-иас 192.312 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д, нэхэмжлэгч О ХХК-иас 120.207 төгрөг гаргуулан хариуцагч Г К******* ХХК-д тус тус олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 6239 дугаар бүхий захирамжаар хариуцагч Г К******* ХХК-ийн Хаан банк дахь 5129017898 тоот дансыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Нэхэмжлэгч О ХХК болон хариуцагч Г К******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН