| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 10.1.2.11., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
2025 02 14 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, иргэдийн төлөөлөгч Ж.У, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Т.У, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000000250 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн С ургийн овогт Чгийн О (РД: ...), 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ... аймгийн .. суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, эцэг эхийн хамт ... аймгийн ... сумын ..-р баг ... тоотод оршин сууж байсан гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
- Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Б-ийн Ц (РД: ...), 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл нэг, ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин сууж байсан гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч Ч.О нь Б.Цтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Увс аймгийн ... сумын .. дүгээр багийн нутагт байрлах гэртээ нөхөр Г.Б-д 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр уусан ундаанд нь хулганын шингэн хор хийж өгч уулгасан, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр уусан архинд нь хүнсний зориулалттай уксус хийж уулгасан, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь сахиж байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж тариулж түүнийг алахыг завдсан;
- Шүүгдэгч Б.Ц нь Ч.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн түүний нөхөр Г.Быг хордуулж алах зорилгоор Увс аймгийн Улаангом сумаас 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн үед хулганын шингэн хор, хүнсний зориулалттай уксус авч ирж өгсөн, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, сахиж байхад нь тарианд нь хүнсний зориулалттай уксус хийхийг зөвлөж Г.Быг алахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч нэгдүгээр хавтаст хэргээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (8-11 дүгээр хуудас), Б.Цийн мэдүүлэг (18-19 дүгээр хуудас), 8 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүд (20 дугаар хуудас), fanta 0.5 мл савлагаатай хүрэн өнгийн зүйлийг 14 дүгээр зургаар бэхжүүлсэн нотлох баримтууд (16 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (24-27 дугаар хуудас), Ч.Огийн гар утсыг хурааж авч үзлэг хийсэн тэмдэглэл (46-58 дугаар хуудас), Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хохирогч Г.Бын өвчний түүх (хавтаст хэргийн 71-106 дугаар хуудас), fanta гэх бичиглэлтэй 1 ширхэг шингэн зүйл, 170 мл хэмжээтэй шилтэй шингэн (уксус)-ийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мөрдөгчийн тогтоол (107 дугаар хуудас), хохирогч Г.Бын мэдүүлэг (122 дугаар хуудас), гэрч Э.Г, Г.Э нарын мэдүүлэг (125-127, 128-130 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Угийн мэдүүлэг (133-134 хуудас), гэрч Д.Бийн мэдүүлэг (137-138 дугаар хуудас), гэрч Г.Уын мэдүүлэг (139-140 дүгээр хуудас), гэрч Г.Сгийн мэдүүлэг (141-143 дугаар хуудас), Б.Цийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг (159-160 дугаар хуудас), Ч.Огийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (182-184 дүгээр хуудас), Б.Цийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (189-190 дүгээр хуудас), шүүх эмнэлгийн 484 дугаартай дүгнэлт (199-201 дүгээр хуудас), хохирогчийн сэтгэцэд учирсан зэрэглэл тогтоосон дүгнэлт (210-212 дугаар хуудас), шүүгдэгч Б.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (237-238 дугаар хуудас),
Хоёрдугаар хавтаст хэргээс: Шүүгдэгч Ч.Огаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл (8 дугаар хуудас), Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хохирогч Г.Бын хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (159-182 хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол (189-190, 193-194 дүгээр хуудас), химийн шинжилгээний 6200 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас);
- Хохирогчийн өмгөөлөгч нэгдүгээр хавтаст хэргээс: Шүүгдэгч нарын фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл (28 дугаар хуудас), гэрч Г.Уын мэдүүлэг (140 дүгээр хуудас), гэрч Г.Сгийн мэдүүлэг (142 дугаар хуудас), гэрч Н.Бийн мэдүүлэг (145 дугаар хуудас), гэрч Н.Тгийн мэдүүлэг (150 дугаар хуудас), шүүх сэтгэц эмгэг судлалын 27 дугаартай дүгнэлт (182 дугаар хуудас),
Хоёрдугаар хавтаст хэргээс: Г.Бын эмчилгээ, эм тариатай холбоотой 22 ширхэг 1’268’750 төгрөгийн баримт (101 дүгээр хуудас), унаа, бензиний зардал 467’000 төгрөгийн баримт (102 дугаар хуудас), шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн онгоцны тасалбар 397’100 төгрөгийн баримт, 100’000 төгрөгийн эм тарианы баримт, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 200’000 төгрөг төлсөн баримт нийт 697’100 төгрөгийн баримт;
- Шүүгдэгчийн Б.Цийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нэгдүгээр хавтаст хэргээс: Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (24-39 дүгээр хуудас) 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоол (107 дугаар хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчид эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа (122 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ч.Огийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нэгдүгээр хавтаст хэргээс: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (8 дугаар хуудас), эд зүйл хурааж авсан тэмдэглэл (63 дугаар хуудас), Б.Цийн эмнэлэгт хэвтэж байсан өвчний түүх (71 дүгээр хуудас), эмчийн тэмдэглэл (80 дугаар хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (107 дугаар хуудас), 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Г.Бын мэдүүлэг (110 дугаар хуудас), хохирогч Г.Бын дахин өгсөн мэдүүлэг (122 дугаар хуудас), гэрч Г.Эын мэдүүлэг (126 дугаар хуудас), гэрч Г.Гын мэдүүлэг (129-130 дугаар хуудас), гэрч Н.Тгийн мэдүүлэг (150 дугаар хуудас), шинжээчийн дүгнэлт (173 дугаар хуудас), шүүх эмнэлгийн 489 дугаартай дүгнэлт (199 дүгээр хуудас), шүүх химийн шинжилгээний 6200 дугаартай дүгнэлт (220 дугаар хуудас),
Хоёрдугаар хавтаст хэргээс: 08 дугаартай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Ч.Огийн өмгөөлөгч Т.У нэгдүгээр хавтаст хэргээс: хохирогчоос авсан мэдүүлэг (111 дүгээр хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (114-116 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас);
- 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч Б.Цийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Б.Угийн эзэмшлийн Galaxy A21s загварын гар утсанд байх шүүгдэгч Б.Цийн “Пүрэв Пүрэв” гэх facebook чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 24-40 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Ч.Огийн “М12” загварын болон шүүгдэгч Б.Цийн LG загварын гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 43-58 дугаар хуудас);
- Хохирогч Г.Бын “...2024 оны 09 дүгээр сарын 09-нд гэртээ байтал гэнэт хамраас цус гараад эхэлсэн. Тэр өдөрт нь сумын эмчид үзүүлэхэд хамар руу чихээс хийж өгөөд яаралтай дуудлагад явсан. Намайг гэрт үлдээгээд өглөө эрт аймгийн төв авч явна гэж хэлсэн. Цус тогтоох тариа үлдээсэн ба тэр тариаг миний төрсөн ах Г.У миний зүүн гарын судсанд тарьсан. Маргааш өглөө нь 06 цагт ирж намайг аймгийн төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлээд дараа өдөр нь хэвтүүлсэн. Би тус эмнэлгийн дотрын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлээд шууд хот руу явсан. 2024 оны 09 дүгээр сарын 24-нд хотод очсон ба 1 дүгээр эмнэлэгт яаралтай үзүүлж, шинжилгээ өгөөд 26-ны өдөр дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ямар нэгэн суурь өвчин эмгэг байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас);
- Хохирогч Г.Бын дахин өгсөн “...Ч.О бид хоёр гэр бүл болоод 17 жил болж байгаа бөгөөд 10-16 насны дөрвөн хүүхэдтэй. ...2023 оны 05 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ манайх хаваржаандаа буюу Бөхмөрөн сумын Улаан хад гэх газарт байхад би сумын төв рүү яваад 00:00 цагийн үед гэртээ буцаж ирэхэд Б.Ц манайд байсан. Би маргааш нь эхнэр Ч.Огаас “ямар учраас Б.Ц намайг байхгүйд манайд ирсэн юм” гэж асуухад “Б.Ц бид хоёр унтсан, дахин тэгэхгүй” гэж хэлээд өнгөрсөн. Мөн тухайн үед Б.Цээс чи эхнэртэй минь унтсан юм уу гэхэд “уучлаарай, бид хоёр ганц удаа унтсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш Б.Ц надтай урьдын адил харьцаж, манайхаар ирж очоод явж байсан бөгөөд Б.Ц бид хоёр нэг нутгийн, нэг багийн хүмүүс, багаасаа найзалж, нөхөрлөөд хамт нэг газар нутаглаж байсан. Мөн бид хоёр хаа нэг манайд архи уухад Б.Ц манайд хоноод явдаг байсан. Би эхнэрийгээ Б.Цтэй унтсан буюу бэлгийн харьцаанд орсон гэдгийг /нэг удаа/ анх ингэж л мэдсэн. Түүнээс хойш Б.Ц, Ч.О нар хоорондоо ямар харилцаатай байгааг мэдэхгүй байна. Би бичиг үсэг мэдэхгүй учраас утсаар мессеж бичиж, уншиж чадахгүй тул эхнэрээ өөр хүнтэй харьцаж байсан гэдгийг мэдэх боломжгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас);
- Хохирогч Г.Бын “...Өнгөрсөн жил буюу 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр манайх намаржаанд байсан /өдрийн мэдэхгүй байна/. Гэрт эхнэр бид хоёр байсан ба би мотоциклоо янзлаад сууж байтал Б.Ц эхнэр рүү залгаж утсаар ярьсан. Тэр үед эхнэр маань намайг хонинд явсан гэж бодсон байх, эхнэр гэр дотор утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Тэр үед Б.Ц “танай нөхрийг алмаар байна, хулганын хор өгөөд алчихъя” гэхэд эхнэр “манай хүн юмны амтыг сайн мэддэг, яаж өгч болдог юм” гээд утсаа тасалсан. Тухайн үед би гэрийн гадна хониндоо явах гээд мотоциклоо засаж байгаад тэр хоёрын яриаг сонссон. Тэр дор нь гэрт ороод эхнэрээс “хэн юм гээд намайг ална гээд байгаа юм” гэхэд “Б.Цтэй утсаар ярьсан, би юу гэж нөхрийгөө алах вэ, олон жил ханилчхаад юу гэж ингэдэг юм” гэж хэлээд намайг татаж үнссэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас);
- Хохирогч Г.Бын “...Би одоогоос 2 жилийн өмнө гадуур явж байгаад гэртээ ирээд миний эхнэр Ч.О, найз Б.Ц нар нэг хөнжилд унтаж байхад нь барьсан юм. Би тэр үед мэдээд “чи яаж байгаа юм бэ, дөрвөн хүүхэдтэй хүний эхнэртэй” гэхэд Б.Ц юу ч хэлэхгүй гараад явчихсан. Эхнэр Ч.Огаас асуухад “чамд хамаагүй, би өөрийгөө мэдэж байна” гэж надад хэлсэн. Ингээд би Б.Ц, Ч.О нарыг хайр сэтгэлийн холбоотой хүмүүс гэж мэдсэн боловч дөрвөн хүүхдээ мэдчих байх, хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж бодож явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 122 дугаар хуудас);
- Хохирогч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэрт байж байхад миний хамраас цус гараад тогтохгүй болохоор эмч дуудсан. Эмч ирэхээс өмнө цусаар бөөлжсөн. Эмч ирж үзээд дахиад гарвал цус тогтоох эмийг ахаараа хийлгээд тогтоогоороо гэсэн. Эмнэлэгт хэвтэхэд миний хамраас цус гараад тогтохгүй, амаар гараад болохгүй болоод Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүлж, шинжилгээнд орсон. Хотод очоод нэгдсэн эмнэлэгт хэвтээд 7-10 хоносон. Хоёр хамартаа хоёуланд нь чихээс хийлгүүлээд нэг хоноод маргааш нэгдсэн эмнэлэг дээр хэвтээд 10 хоноод гаргасан. Маргааш нь дахиад цус гараад дахиад эмнэлэг дээр ирээд чихээс хийлгээд тэгээд шууд цэргийн төв эмнэлэг очиж хэвтээд нэг гайгүй болсон. Тэр эмнэлэгт хэвтэж байтал миний дүү эхнэр чинь чамд хулганын хор өгсөн байна. Тарианд хийж өгсөн байна гэж надад хэлсэн. Би үнэхээр хэцүүдсэн. Энэ хоёр хүнд миний бие үнэхээр гомдолтой байна. Малаа хариулаад явж байсан хүнийг алахаар завдсан. Цус тогтоох тариа хийгээд цус тогтдог. Тэр тариа зогсонгуут дахиад гардаг. Эмч хүртэл цус тогтоох тариа хийчихсэн мөртлөө цус гараад байдаг гээд гайхсан. Тухайн үед би хэвтэж байхдаа хулганын хор, уксус өгсөн гэдгийг мэдээгүй. Ийм зүйл болсон. Надад үнэхээр хэцүү байна. Гэм зэмгүй байсан хүнийг нийлж байгаад алахаар завдсан энэ хоёр хүн. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Эмчилгээний зардал 2’432’850 төгрөг, сэтгэл санааны хохирол 15’173’440 төгрөг. Манай өмгөөлөгч хэлнэ. Б.Цийн ах дүү хотод байхад надад эмчилгээндээ зарцуул гэж 1’000’000 төгрөг өгсөн. Өөр надад авсан зүйл байхгүй. Одоо 16’606’250 төгрөг. ...Намрын халуун цаг биш мал усалчхаад гэрт ирээд ам цангаад байна ус хийгээд өгөөч гэсэн чинь миний өдөр ууж байгаад үлдсэн ундаа хийж өгсөн юм. Мэдэлгүй аваад балгасан чинь нэг сонин амт гарсан. Ундааны амт яагаад ийм сонин байна гэхэд би ууж байгаад орхичихсон гэж хэлсэн. Маргааш өглөө гэнэт хамраас цус гарахаар нь бөглөчхөөд малаа ялгасан. Дахиад хониноос ирэхэд цус гараад тогтоогүй. Эмч дуудаад үзүүлээд шингэн залгаж байтал хүрэн ягаан өнгөтэй зүйлээр бөөлжсөн. Эмч цус тогтоох тариа хийгээд маргааш өглөө эрт 6 цагт Улаангом авч явна хувцсаа бэлдээд байж бай гэж надад хэлсэн. Эмч дахиад нэг цус тогтоох тариа хийчхээд, дахиад цус гарвал тариа хийдэг хүн байгаа юу гэхээр нь ах байгаа гэж хэлэхэд ахаараа энэ тариа хийлгэчих гэж хэлсэн. Өглөө 6 цагт Улаангом авч ирж 103-аар үзүүлсэн. Хамраас гарсан цус тогтоогоод бөглөөд байж байтал урдаас гарсан. 00-ийн цаас хийгээд тогтоож байсныг хажууд хэвтсэн хүн болон эмч нар мэдэж байгаа. Миний хажууд 3-4 хүн хэвтэж байсан. Миний хамрын үзүүр дээр нэг улаан өнгөтэй зүйл гарахаар нь хатги гэж бодсон. Тэгж байтал гэнэт цус гараад тогтдоггүй. Хажууд хэвтэж байсан хүмүүс хүртэл гайхаад байсан. Улаангомд 10 хонож байтал эмч шууд хот шинжилгээндээ яв гэж хэлсэн. Хотод очиж хэвтээд байнга цус тогтоох тариа судсаар хийсэн. Тариа зогсохоор хоёр хамраас ээлжилж цус гарч байсан. Надад үнэхээр хэцүү байна. Эрүүл байсан хүн эрүүл мэндээрээ хохироод ийм байдалд орж байна. 1-р эмнэлэгт хэвтэж байгаад гарахад дахиад цус гарсан тул цэргийн эмнэлэгт хэвтээд гайгүй болсон. Манай дүү хажууд байнга сахидаг, эмч цус багадчихсан хөдөлж болохгүй гэсэн. Манай хотод байдаг дүү намайг сахидаг байсан” гэх мэдүүлэг;
- Гэрч Г.Эын “...2024 оны 09 дүгээр сарын дундуур төрсөн ах Г.Бын хамраас цус гараад тогтохгүй байсан тул дуудлага өгөөд Улаангом сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн гэж сонссон. Шинжилгээ өгч байна, шинжилгээний хариу нь хэвийн гарсан байна, цусанд ямар нэгэн зүйл байх шиг байна, Улаанбаатар хот руу очиж шинжилгээ өгөх хэрэгтэй гэж байна гэсэн яриа би сонссон. ...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байх миний төрсөн ах Г.У манай гэрт ирээд “бэр эгч Ч.О нь манай сумын Б.Ц гэх хүнтэй гэр бүлээс гадуур харьцаа холбоотой юм байна. Тухайн Б.Ц гэх хүн хуучин барьж ашиглаж байсан гар утсаа хамаатан буюу төрөл садангийн хүүхдэд өгчихсөн байж. Тэр гар утас дээр нь Ч.О болон Б.Ц нарын бичсэн мессеж байна, тэр мессеж нь Г.Бад нийлж хулганын хор ундаанд хийж өгч уулгасан дахин нэг ундаанд найруулаад тавьчихсан байгаа. Мөн уксус судсаар биед нь тарьсан гэх утга бүхий чатууд байна, ингээд бие нь муудаад явсан байна” гэх зүйл надад хэлсэн. Мөн Улаанбаатар хотод ах Г.Бын сахиур хийж байгаа ээж сахиураар солигдож орох гэтэл оруулахгүй байна гэж миний төрсөн ах Г.У надад хэлсэн. Ах Г.Бын гэрт хүн байхгүй, гэрийн түлхүүр нь үеэл дүү Ганаад /Г.Б ахын гэрийн ойролцоо байдаг төрлийн хүүд/ түлхүүрээ үлдээгээд Улаанбаатар хот руу явсан байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас);
- Гэрч Э.Гын “...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үеэл ах Г.У найран дээр таарсан. Улмаар Г.У ах надад Г.Б ахын гэрийн түлхүүр гэж надад өгсөн бөгөөд Г.Б ахын гэр манай ойролцоо байдаг. Үеэл ах Г.Б 2024 оны 09 дүгээр сарын дундуур хамраас нь цус гараад тогтохгүй шинжилгээ өгөхөөр Улаанбаатар хот руу эхнэр Ч.О болон ээж н.Буяндэлгэр нарын хамтаар явсан гэж сонссон. 2024 оны 09 дүгээр сарын 29-ний орой үеэл ах Г.У залгаад “ахын дүү цагдаа нар очно, очихоор нь Г.Бын гэрийн хаалга онгойлгоод үзлэг хийлгэчхээрэй” гэж хэлсэн. ...Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдаа нар ирэхээр нь би үеэл ах Г.Бын төрсөн ах Г.Эын хамтаар байж байгаад Г.Б ахын гэрийг онгойлгож өгөөд цагдаа нарын хамт хажууд нь байлцаж байгаад үзлэг хийлцсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 132 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Б.Угийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын дунд үед өөрийн гар утсаа гээчихсэн бөгөөд энэ талаараа өөрийн ар гэр болон нагац талын хамаатан Бийн Цт хэлэхэд Б.Ц ах надад хандаж “надад шинээрээ шахуу дэлгэц нь хагарчихсан гар утас байгаа, чи дэлгэцийн солиулаад ав” гэж хэлээд надад Galaxy A21s загварын дэлгэц нь ажилладаггүй гар утас өгсөн. Би тухайн гар утасны дэлгэцийг солиулаад барьж ашигласан ба уг гар утас дээр Б.Ц ахын “Пүрэв Пүрэв” гэх фейсбүүк мессенжер чат хадгалагдчихсан байсан. Би устгах гэж оролдоод устгаж чадаагүй. Намайг тухайн гар утсыг барьж эхэлснээс хойш Б.Ц ахын “Пүрэв Пүрэв” гэх фейсбүүк мессенжер чатад “Oyuntuya Choijilsuren” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчээс хайр сэтгэлийн холбоотой чат ирдэг байсан. Энэ талаар би өөрийн төрсөн эх Ч.Тд хэлсэн бөгөөд ээж хүний чат руу битгий ор гэж хэлээд би тухайн фейсбүүк чат руу орохоо больсон. Би 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн үед байх Б.Ц ахын “Пүрэв Пүрэв” гэх фейсбүүк мессенжер чатын мэдэгдлийн тоо их байхаар нь сонирхож орж үзэхэд “Oyuntuya Choijilsuren” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчээс “нөхрийнхөө тарианд уксус хийсэн, ундаанд хулганын хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэгийг гэртээ найруулаад тавьчихсан байгаа түүнийг авч хаяараа” гэх утга бүхий чат байхаар нь би ээж Ч.Тд хэлж, ээж өөрийн найз болох Г.У ахад хэлж, Г.У ах цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн чат нь миний гар утас дээр байгаа бөгөөд “Oyuntuya Choijilsuren” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч нөхрийнхөө тарианд уксус хийсэн гэх чатаа устгачихсан байсан. Харин хулганын хор ундаанд найруулж өгсөн гэх чатын би гар утас дээрээ хадгалаад авчихсан байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134 дүгээр хуудас);
- Гэрч Ч.Тийн “...Миний охин Б.У нь 2023 оны 09 дүгээр сарын дунд үед өөрийн гар утсаа гээчихсэн бөгөөд энэ талаараа надад хэлэх үед миний хажууд миний хамаатан болох Б.Ц байж байгаад сонсож Б.Уд хандаж “надад дэлгэц нь эвдэрчихсэн Galaxy А21s загварын гар утас байгаа, чи дэлгэцийн солиулаад ав” гэж хэлээд өгсөн. Охин Б.У нь уг гар утасны дэлгэцийг солиулж барьсан ба уг гар утас дээр нь Б.Цийн “Пүрэв Пүрэв” гэх фейсбүүк мессенжер хадгалагдчихсан байсан. Уг хаягт “Oyuntuya Choijilsuren” гэх фейсбүүк хэрэглэгчээс хайр сэтгэлийн холбоотой чат ирж байна гэж охин Б.У нь надад хэлсэн. Би охин Б.Уд хандаж хүний чат руу битгий ор гэж хэлээд өнгөрсөн. Сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байх охин Б.У нь “Б.Ц ахын фейсбүүк чатны мэдэгдлийн тоо их байхаар нь орж харсан чинь “Oyuntuya Choijilsuren” фейсбүүк хэрэглэгчээс нөхрийнхөө тариад уксус хийсэн, ундаанд хулганын хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэг хулганын хор гэртээ найруулаад тавьчихсан байгаа гэх чат ирсэн байна” гэж хэлэхээр нь би өөрийн найз болох Г.Ут “танай төрсөн дүү Г.Бын эхнэр, манай дүү Б.Цтэй дээрх асуудлын талаар чаталсан байна” гэдгийн хэлсэн. Г.У нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Г.Б нь эрүүл чийрэг, ямар нэгэн өвчингүй байсан бөгөөд гэнэт хамраас нь цус гарч биеийн байдал нь муудаж, одоо Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136 дугаар хуудас);
- Гэрч Д.Бийн “...Миний охин Б.У нь одоогоос яг жилийн өмнө байх өөрийн гар утсаа гээчихсэн тул өөрийн нагац ах Б.Цээс дэлгэц нь эвдэрчихсэн Galaxy А21s загварын гар утас авч дэлгэцийн солиулж барьж ашигласан. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байх эхнэр Ч.Т нь надад хандаж “охин Б.Угийн барьж байгаа гар утас дээр Б.Ц, Г.Бын эхнэр Ч.Одонтуяа нарын хоорондоо бичсэн чат дээр “нөхрийнхөө тарианд уксус хийсэн, ундаанд хулганын хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэг хулганын хор гэртээ найруулаад тавьчихсан” байгаа гэх чат ирсэн байна” гэж хэлсэн ба энэ талаар Г.Бын төрсөн ах Г.Ут хэлж. Г.У нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас);
- Гэрч Г.Уын “...Миний төрсөн дүү Г.Б нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт эхнэр Чгийн О болон 10-16 насны дөрвөн хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Миний дүү Г.Б нь эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын дунд үед /өдрийн санахгүй байна/ гэнэт хамраас нь цус гарч сумын эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгээд биеийн байдал нь дээрдээгүй тул 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу онгоцоор явж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний гар утас руу найз Ч.Т залгаж “манай охин Б.Угийн барьж байгаа гар утас дээр Б.Цийн фейсбүүк мессеж чат хадгалагдчихсан байдаг бөгөөд уг чатад танай бэр Ч.Огаас “нөхрийнхөө тарианд уксус хийсэн, уг уксус нь оёдлын машин дотор байгаа, ундаанд хулганы хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэг хулганын хор ундаанд найруулаад гэрийн хаалганы зүүн завагт хийчихсэн байгаа гэх чат ирсэн байна” гэж хэлэхээр нь би Ч.Тийн хэлсэн нь үнэн эсэхийг шалгахаар манай гэрт үлдээсэн төрсөн дүү Г.Бын гэрийн түлхүүрийг авч эхнэр Г.Сгийн хамт Г.Бын гэрт орж гэрийн хаалганы зүүн талын заваг руу харахад “Фанда” нэртэй 0.5 литрийн ундааны саванд хүрэн өнгийн шингэн зүйл харагдаж байсан. Эхнэр Г.С бид хоёр тухайн зүйлд гар хүрээгүй, мөн оёдлын машины тагыг авч үзэхэд “уксус” гэх бичиглэлтэй шилэн, цагаан өнгийн шингэн байсан. Би тухайн эд зүйлүүдийг хараад Ч.Т үнэн хэлж байгаа юм байна гэж бодоод Ч.Тийг хаана байгаа талаар асуухад “Баян-Өлгий аймагт ажилтай явж байна” гэж хэлэхээр нь авга талын хамаатан Н.Бийн “Land Cruiser-105” загварын автомашинтай эхнэр Г.С, Н.Б нарын хамт 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий рүү гарч 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Н.Б, Г.С, Ч.Т, Д.Б нарын хамт Увс аймаг Улаангом суманд ирж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140 дүгээр хуудас);
- Гэрч Г.Сгийн “...нөхөр Г.У бид хоёр Ч.Тийн хэлсэн нь үнэн эсэхийг шалгахаар манай гэрт үлдээсэн дүү Г.Бын гэрийн түлхүүрийг авч Г.Бын гэрт очиж үзэхэд гэрийн хаалганы зүүн талын завагт “Фанда” нэртэй 0.5 литрийн ундааны саванд хүрэн өнгийн шингэн зүйл харагдаж байсан. Тухайн зүйл нь Ч.Огийн найруулж тавьсан хулганын хор юм байна гэж бодоод түүнд гар хүрээгүй, мөн оёдлын машины тагыг авч үзэхэд “уксус” гэх бичиглэлтэй шилэн, цагаан өнгийн шингэн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас);
- Гэрч Н.Бийн “...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Г.У, эхнэр Г.Сгийн хамт манай гэрт ирж надтай уулзсан бөгөөд надад хандаж “өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ч.Т над руу гар утсаар залгаж Ч.О нөхөр Г.Быг алах зорилгоор нөхрийнхөө тарианд уксус хийсэн, уг уксус нь оёдлын машин дотор байгаа, ундаанд хулганын хор найруулж байгаад нөхөртөө уулгасан, одоо нэг хулганын хор ундаанд найруулаад гэрийн хаалганы зүүн завагт хийчихсэн байгаа, түүнийг авах хэрэгтэй байна гэх чат Б.Ц рүү бичиж байна гэж хэлэхээр нь үнэн худлын шалгах гэж Г.Бын гэрт очиж үзэхэд гэрийн зүүн талын завагт ундааны савтай зүйл, оёдлын машин дотор уксус нэртэй шилтэй зүйл үнэхээр байна” гэж хэлэхээр нь би Г.Ут хандаж наадах чинь үнэн бол ноцтой асуудал байна. Уг хүмүүстэй биечилж уулзаж байгаад цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлээд” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 145 дугаар хуудас);
- Гэрч Н.Тгийн “...Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн эмч ажилтай. ...Тухайн хүн 2024 оны 10 дугаар сарын 08-нд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хордлого тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багадалтыг засах, эрхтэн систем хамгаалах эмийн болон хоол эмчилгээ хийгдсэн юм. Bromadiolone гэх нэршилтэй буюу хулганын хор уусан хүн хурц цус алдаж, хүний амь насанд богино хугацаанд аюул учруулж, цус алдсаны улмаас амь нас эрсдэж хохирч болно. Хулганын хор уусан хүний цусны бүлэгнэл алдагддаг. Г.Бын хувьд хамрын цус алдагдаж бие нь хүндэрч эмнэлгийн анхан шатны тусламж хурдан түргэн аваагүй байсан бол нас барах байсан юм. Хулганын хор уусан хүн эмнэлгийн анхан шатны тусламж болон хордлого тайлах эмчилгээ хийлгэсний дараа хүний биеийн ерөнхий байдлаас шалтгаалж 1 сарын хугацаанд хор биеэс бүрэн гадагшилж хэвийн болно” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.Цийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сэжигтнээр өгсөн “...Найз Г.Бын гэрээр орж гарч байх үедээ түүний эхнэр Ч.Отай танилцаж, хайр сэтгэл, эр, эмийн дотно харьцаа үүсгээд ойролцоогоор 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Тухайн Ч.О гэх хүнтэй гэр бүлээс гадуур хайр сэтгэлийн холбоо хамааралтай болсон. Ч.Отай сардаа ганц удаа уулзаад ихэвчлэн гар утсаар харьцдаг, чаталдаг, ярьдаг байсан юм. Улмаар 2024 оны 08 дугаар сарын дундуур миний хайртай хүн болох Ч.О над руу утсаар залгаад “чи зах дээрээс надад хулганын хор болон уксус авч ирээд өгөөч” гэж хэлсэн. Би Ч.Огаас яах гэж байгаа талаар асуухад “Г.Бад өгөх гэсэн юм, хүмүүсээс асуухад найдвартай өгч болдог гэх талаар хэлж байна” гэж надад хэлсэн. Би урьд өмнө Ч.Ог нөхрөөсөө салчих хоёулаа хайр сэтгэлийн холбоотой юм чинь хамт амьдрах талаар ярихад “нутаг усны хүмүүс буруу ойлгох болно, үхсэний дараа хоёулаа хамт амьдаръя” гэж надад хэлсэн. Ингээд би хэлсэн үг тавьсан саналыг нь зөвшөөрч зах дээрээс жижиглэнгийн бараанаас шингэн хулганын хор 2 ширхгийг, 1 ширхэг шилтэй уксус зэргийг худалдаж аваад Бөхмөрөн сумын төвд очоод /2024 оны 08 дугаар сарын 10-ны үед гэж санаад байна/ авсан хулганын хор, уксус зэргийг Ч.Од өгсөн. Ч.Од би захисан хулганын хор, уксус зэргийг өгөхдөө баталгаатай юм уу гэж асуухад “баталгаатай шууд үхнэ” гэж хэлээд авсан. Би тэр үеэс хойш утсаар болон биеэр уулзаж хэд хэдэн удаа ярьсан, утсаар чаталсан боловч надад хулганын хор уксус зэргийг өгсөн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Сүүлд буюу одоогоос 20 гаруй хоногийн өмнө Ч.О надад “сумын төв рүү орж байна, архи уучихсан байна архинд нь уксус хийгээд уулгасан. Хулганын хорыг нь 2 ундаанд 1, 1 ширхгээр нь найруулаад нэгийг нь уулгачихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би за за гэж хэлээд хаясан. Удалгүй “Г.Бын бие муудаж ам, хамраас нь цус гараад аймгийн төв рүү эмнэлэг явж байна” гэж хэлсэн. Мөн “Улаанбаатар хот руу шинжилгээнд хамрагдахаар явж байна” гэж Ч.О надад чатаар хэлсэн. Би Г.Бын бие хулганын хор ууж, уксус ууснаас болж муудсан талаар мэдсэн. Мөн “Г.Б Улаангом сумын нэгдсэн эмнэлэгт байхад хийж байгаа тарианы шингэнд нь уксус хийчихлээ” гэж Ч.О надад сүүлд хэлсэн. Би эмнэлэгт байхад болох юм уу арай болохгүй байх гэж хэлсэн. Увс аймгийн эмнэлэгт байхад биеийн байдал хэвийн гайгүй байсан байх. Аймгийн эмнэлэгт байхад уксус судсаар нь хийснээс болж биеийн байдал нь муудаж Улаанбаатар хот руу явсан байх. Би энэ талаар гэрчийн мэдүүлэгт тодорхой үнэн зөвөөр ярьсан.
Г.Бын эхнэр Ч.О бид хоёр үнэхээр бие биедээ хайр сэтгэлийн холбоотой бөгөөд би Ч.Ог нөхөр Г.Баас салчих хоёулаа хамт амьдаръя гэж хэд хэдэн удаа хэлж байсан бөгөөд Ч.О нь “нөхрөөсөө салаад, өөр хүнтэй суусан гээд нутаг усны хүмүүст нэр муутай болчихно, мөн салчихаар байгаа хөрөнгөнөөс нь авч чадахгүй болчихно” гэж хэлээд нөхрөөсөө салдаггүй байсан. 2024 оны 08 дугаар сарын дунд үед /би өдрийн санахгүй байна/ өөртөө гутал дээл худалдаж авахаар Улаангом сумын төвд ирчихсэн байхад Ч.О нь над руу өөрийн гар утаснаас залгаж “хоёулаа Г.Быг нас барсны дараа хамт амьдаръя” гэж хэлээд “чи надаа Улаангомоос хулганын хор, уксус аваад ир, би Г.Бад өгч чадна” гэж хэлэхээр нь би зөвшөөрч Улаангом сумын зах дээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс 2 ширхэг хулганын хор, 1 шил уксус авч Ч.Од хүргэж өгсөн.
Ч.О нь 2 ундааны саванд хулганын хороо найруулчихсан байгаа 1 ундааны савтайг нь уулгасан, 1 ундааны савтайг нь найруулаад гэрт тавьчихсан байгаа, уксусыг архинд нэг удаа хийж өгсөн, аймгийн эмнэлэгт байхад тарианд судсаар хийсэн гэж өөрөө надад хэлсэн. Дахин өгсөн гэж ямар нэгэн зүйл хэлээгүй.
Ч.О нь над руу фейсбүүк мессенжер чатаар хулганын хор найруулсан ундаа, уксус хольсон архи, судсаар залгасан шингэнд уксус хольсон талаараа фейсбүүк мессенжер чатаар өөрөө хэлж, зургийн явуулж байсан. Би өөр хүн харчих байх гэж бодоод уг зураг, чатын устгасан. Ч.О бид хоёроос өөр ямар нэгэн хүн мэдэхгүй байгаа.
Би урьд өмнө А12 загварын гар утас барьдаг байсан. Тухайн утсаа усанд унагаагаад дэлгэц нь хагарчихсан болохоор хүргэн ах Д.Бийн охинд “чи засуулаад ав” гэж хэлээд өгчихсөн юм. Тэгээд өөрөө дахин шинэ утас авсан юм.
Би тухайн Ч.О гэх хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж эхнэргүй тул тухайн хүнд үнэн сэтгэлээсээ хайрлаж дурлаж хэрэгцээний мөнгө өгдөг, сүүлийн 7-8 жилийн хугацаанд бэлгийн харьцаанд ордог болж хамт амьдрах зорилгоор хулганын хор, уксус зэргийг авч, аваачиж өгсөн. Би хулганын хор уксусыг Г.Бад өгөх гэж байгааг мэдэж байсан. Би эхнэр хүүхэдгүй, урьд өмнө гэр бүл зохиож байгаагүй юм. Тэгээд хамт амьдрахын тулд Г.Бад өгүүлэх зорилгоор хулганын хор, уксусыг Ч.Од өгсөн.
Намайг уксус, хулганын хор зэргийг аваачиж өгөөгүй байсан бол Ч.О нөхөр Г.Бад уксус, хулганын хор зэргийг өгөхгүй байсан байх. Миний зорилго бол Г.Б нас барчихвал Ч.Ог эхнэрээ болгоод хамт амьдрах байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б.Цийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Би урьд сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...Тухайн Ч.О гэх хүн намайг ашиглаж, өөрөөсөө холдуулахгүй, худлаа үнэн хэлж намайг ашиглаж, олон жил харьцаж ханилж явсан болохоор өөрийгөө удирдаж чадахгүй болсон байна. Надтай ханилж суун гэдэг нэрээр олон жил хуурч явсан байна, ашигласан байна, одоо хамгийн сүүлд хэрэгт оруулаад намайг ашиглаад дуусаж байна. Тухайн хэргийн удирдагч Ч.О болж, би хамтран гүйцэтгэгч нь болсон талаар одоо би ойлгож байна. Нөхрөө алах санал гаргаж надаар хулганын хор, уксус авхуулаад сар орчим хадгалж байгаад өгсөн байна.
Надад “хулганын хор, уксус өгөхөөр баталгаатай үхнэ. Найдвартай гэж би сонссон. Чи надад авч ирээд өг би Г.Бад өгөөд би ална” гэж хэлээд захиж авхуулсан. Би хулганын хор, уксус зэргийг Улаангом сумын захаас авахдаа Г.Быг алах гэж байгааг мэдэж байсан.
Ч.О нь 2024 оноос нөхрөө ална гэж надад ярих болсон. Улмаар би чамд хайртай надаас битгий холд гээд явуулдаггүй, тэгээд би за чи тэгвэл салаад хүрээд ир гэхэд “үгүй нутаг усны хүмүүс муу хэлнэ. Би өөрөө ална чи надад зүгээр хулганын хор, уксус авч ирээд өг” гэхээр нь би аваачиж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас);
- Химийн шинжилгээний 6200 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Эрүүгийн 2435000000250 дугаартай хэргийн шинжилгээний объект” гэж хаягласан, цаасан хайрцагт хийж ирүүлсэн “№1” гэж дугаарласан хуванцар савтай шингэн зүйлээс хлор ион /CI-/ илэрсэн. Уусмалын орчин нь шүлтлэг байна. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. “№2” гэж дугаарласан хуванцар савтай шингэн зүйлээс хлор ион /CI-/, бром ион /Br-/ илэрсэн. Уусмалын орчин нь хүчтэй шүлтлэг байна. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. ...Найрлагыг бүрэн тогтоогоогүй тул хариулах боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас);
- Хохирогч Г.Бын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 484 дугаартай “...Үзүүлэгч Г.Бын биед гэмтэл тогтоогдоогүй. ...Г.Бын амбулаторийн карт, лабораторийн шинжилгээний хариунууд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх бичиг баримтуудад түүний цусанд ямар нэгэн химийн хорт бодисын найрлага байгаа эсэхийг тогтоосон зүйл байхгүй байна. Г.Б нь бүлэгнэлтийн хүчин зүйлийн олдмол дутагдал, цус бүлэгнэлтийн эмгэг хамраас цус алдалт, цус багадалт, даралт ихсэлт оношоор эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас) зэрэг болно.
2.1.1. Шүүгдэгч Б.Цийн сэжигтнээр өгсөн “...Би урьд өмнө А12 загварын гар утас барьдаг байсан. Тухайн утсаа усанд унагаагаад дэлгэц нь хагарчихсан болохоор хүргэн ах Д.Бийн охинд “чи засуулаад ав” гэж хэлээд өгчихсөн юм. Тэгээд өөрөө дахин шинэ утас авсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас) нь насанд хүрээгүй гэрч Б.Угийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын дунд үед өөрийн гар утсаа гээчихсэн бөгөөд энэ талаараа өөрийн ар гэр болон нагац талын хамаатан Бийн Цт хэлэхэд Б.Ц ах надад хандаж “надад шинээрээ шахуу дэлгэц нь хагарчихсан гар утас байгаа, чи дэлгэцийн солиулаад ав” гэж хэлээд надад Galaxy A21s загварын дэлгэц нь ажилладаггүй гар утас өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134 дүгээр хуудас);
- Гэрч Ч.Тийн “...Миний охин Б.У нь 2023 оны 09 дүгээр сарын дунд үед өөрийн гар утсаа гээчихсэн бөгөөд энэ талаараа надад хэлэх үед миний хажууд миний хамаатан болох Б.Ц байж байгаад сонсож Б.Уд хандаж “надад дэлгэц нь эвдэрчихсэн Galaxy А21s загварын гар утас байгаа, чи дэлгэцийн солиулаад ав” гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136 дугаар хуудас);
- Гэрч Д.Бийн “...Миний охин Б.У нь одоогоос яг жилийн өмнө байх өөрийн гар утсаа гээчихсэн тул өөрийн нагац ах Б.Цээс дэлгэц нь эвдэрчихсэн Galaxy А21s загварын гар утас авч дэлгэцийн солиулж барьж ашигласан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Б.Ц өөрийн өмчлөлийн Galaxy А21s гар утсыг насанд хүрээгүй гэрч Б.Угийн өмчлөлд хууль ёсны дагуу шилжүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Ц нь уг гар утсанд байсан “Пүрэв Пүрэв” гэх фейсбүүк мессенжер хаягаасаа өөрийн хайхрамжгүй байдлаас үүдэн гараагүйн улмаас насанд хүрээгүй гэрч түүний фейсбүүк чатыг үзсэн байна.
Тодруулбал насанд хүрээгүй гэрч Б.У шүүгдэгч Б.Цийн шүүгдэгч Ч.Отай харилцсан зурвасыг харж, улмаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэрч Ч.Т /эх/-д мэдэгдсэн, Ч.Т нь гэрч Г.У /хохирогчийн төрсөн ах/-т мэдэгдсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлд заасан хувь хүний нууцад халдах, 13.11 дүгээр зүйлд заасан хувь хүний нууцыг задруулах, 26.1 дүгээр зүйлд заасан кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжгүй байна. Учир нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар хүн гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй тул шүүгдэгч нарын хоорондоо бичсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаарх зурвасыг зохих этгээдэд мэдэгдсэн, улмаар тухайн зурвасыг нотлох баримтаар мөрдөгч үзлэгээр бэхжүүлсэн тул насанд хүрээгүй гэрч Б.Угийн эзэмшлийн Galaxy A21s загварын гар утсанд байх шүүгдэгч Б.Цийн “Пүрэв Пүрэв” гэх facebook чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 24-40 дүгээр хуудас) болон насанд хүрээгүй гэрч Б.У, гэрч Д.Б, Ч.Т нарын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2.1.2. Гэрч Г.Эын (1 дэх хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас), гэрч Э.Гын (1 дэх хавтаст хэргийн 132 дугаар хуудас), гэрч Г.Уын (1 дэх хавтаст хэргийн 140 дүгээр хуудас), гэрч Г.Сгийн (1 дэх хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас) мэдүүлгүүд нь шууд нотлох баримт болохгүй боловч дээр (2.1.1-т) дурдсан нотлох баримтуудыг давхар нотолсон дамжмал нотлох баримтууд юм.
Уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд ноцтой зөрөөгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2.1.3. Шүүгдэгч Ч.Огийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “...яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан яллах талын нотлох баримт болох нотлох баримтын хамгийн эхнийх нь буюу хавтаст хэргийн 8-16 дугаар хуудаст хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хуульд заасан шаардлагыг хангахгүй байгааг илэрхийлье. Яагаад гэвэл 1-т эзэмшигчийн байхгүйд хоёр хөндлөнгийн гэрч байлцуулна, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэсэн шаардлагыг хангахгүй байна. Хөндлөнгийн гэрчээр оролцсон Г.Э, Э.Г нар хохирогч Г.Бын төрсөн дүү нар юм. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн гэрчид тавигдах шаардлага буюу тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байхыг шаарддаг. Гэтэл Г.Э, Э.Г нар хохирогч Г.Бын төрсөн дүү нар, мөн энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байх тул яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналтай байна” гэж маргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд үзлэг хийх ерөнхий журмыг, тус хуулийн 23.3 дугаар зүйлд хэргийн газарт үзлэг хийх нарийвчилсан журмыг тус тус зохицуулсан. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулах ба эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар хэргийн газрын үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулах, эсхүл хөндлөнгийн гэрч байлцуулах зайлшгүй шаардлагыг хуульчлаагүй байна. Иймд өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн “хэргийн газрын үзлэг хийхэд гэрч Г.Э, Э.Г нарыг байлцуулсан нь хуулиар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн” гэх агуулгатай тайлабр нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Тухайн хэргийн газрын үзлэгээр мөрдөгч “fanta” гэх бичиглэлтэй, 500 мл-ийн савлагаатай ундаа, Уксус гэх бичиглэлтэй, 170 мл-ийн савлагаатай шилтэй шингэнийг тус тус хурааж авсан ажиллагааг прокурор хүчинтэйд тооцсон (1 дэх хавтаст хэргийн 62 дугаар хуудас) байх тул тухайн эд мөрийн баримтуудыг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас)-ийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2.1.4. Хохирогч Г.Бад мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дөрвөн удаагийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111-112, 114-116, 118-119, 122 дугаар хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар агуулгын хувьд нотлогдож байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөгч Д.Сугармаа хохирогч Г.Баас түүний өмгөөлөгч Б.Батгэрэлийг байлцуулан мэдүүлэг авсан байх бөгөөд уг тэмдэглэлд мөрдөгч гарын үсэг зураагүй байна. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч нарын өмгөөлөгч дээрх мэдүүлгийн тэмдэглэлд мөрдөгч гарын үсэг зураагүй тул хуульд заасны үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт биш гэж маргажээ.
Хэдий мөрдөгч уг тэмдэглэлд гарын үсэг зураагүй боловч хохирогч болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгснөө илэрхийлсэн, мөрдөгч уг мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан мэдүүлэг авах ажиллагааны журамд нийцүүлэн авсан байна. Иймд мөрдөгчийн хайхрамжгүй байдлын улмаас гарын үсэг зураагүй үйлдлийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх бөгөөд энэ нь тухайн баримтын нотолгооны чанарт нөлөөлөхгүй болно.
2.1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн эмч ажилтай, гэрч Н.Тгээс гэрчээс мэдүүлэг авсан байх бөгөөд өмгөөлөгч Д.Дамдинсүрэн түүнийг гэрчээр оролцох этгээд биш, харин мэргэжилтнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой байсан гэх агуулгаар мэтгэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны явцад, эсхүл шүүх хуралдаанд ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх, хамгаалах, техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эрүүл мэндэд аюул, эсхүл орчинд хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, химийн хортой бодис, бусад эд зүйл байвал тэдгээрийг аюулгүй болгох, зөвлөгөө авах зорилгоор тухайн хэрэгт хувийн сонирхолгүй тусгай мэдлэг, туршлага бүхий хүнийг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр мэргэжилтнээр оролцуулж болно” гэж тодорхойлсон бол тус хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тус тус ялгамжтай тодорхойлжээ.
Хохирогч Г.Бын оношийг зөв тогтоогдоогүйгээс өөр өөр шатлалын гурван өөр эмнэлгээс тусламж, үйлчилгээ авч, цаг хугацаа алдсаны улмаас түүний биед химийн бодис байгаа эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийгээгүй байна. Иймд гэрч Н.Т нь тусгай мэдлэгийн хүрээнд тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тул түүнийг гэрчээр асуусныг буруутгах үндэслэлгүй.
2.1.6. Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн (1 дэх хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас), яллагдагч (2 дахь хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас)-аар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Угийн эзэмшлийн Galaxy A21s загварын гар утсанд байх шүүгдэгч Б.Цийн “Пүрэв Пүрэв” гэх facebook чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 24-40 дүгээр хуудас) зэргээр давхар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нарын асуултад хариулсан хариултаараа дээрх мэдүүлгүүдээ баталж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.2. Шүүх бүрэлдэхүүн дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар дараах дүгнэлтэд хүрэв.
2.2.1. Хохирогч Г.Б, Б.Ц нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Угийн эзэмшлийн Galaxy A21s загварын гар утсанд байх шүүгдэгч Б.Цийн “Пүрэв Пүрэв” гэх facebook чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 24-40 дүгээр хуудас)-ээр шүүгдэгч Ч.О, Б.Ц нар нь сүүлийн 10 орчим жилийн хугацаанд гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаатай байжээ.
Улмаар шүүгдэгч Ч.О нь хохирогч буюу нөхөр Г.Баас гэрлэлтээ цуцлуулах нь өөрийн нэр хүнд, эд хөрөнгийн байдалд сөрөг нөлөөтэй гэх дүгнэлтэд хүрч, шүүгдэгч Б.Цтэй гэрлэхийн тулд хохирогчийг алахаар шүүгдэгч Б.Цтэй урьдчилан үгсэн тохиролцсон байна. Энэ нь шүүгдэгч Б.Цийн сэжигтнээр өгсөн “...2024 оны 08 дугаар сарын дундуур миний хайртай хүн болох Ч.О над руу утсаар залгаад “чи зах дээрээс надад хулганын хор болон уксус авч ирээд өгөөч” гэж хэлсэн. Би Ч.Огаас яах гэж байгаа талаар асуухад “Г.Бад өгөх гэсэн юм, хүмүүсээс асуухад найдвартай өгч болдог гэх талаар хэлж байна” гэж надад хэлсэн. Би урьд өмнө Ч.Ог нөхрөөсөө салчих хоёулаа хайр сэтгэлийн холбоотой юм чинь хамт амьдрах талаар ярихад “нутаг усны хүмүүс буруу ойлгох болно, үхсэний дараа хоёулаа хамт амьдаръя” гэж надад хэлсэн. Би хэлсэн үг тавьсан саналыг нь зөвшөөрч зах дээрээс жижиглэнгийн бараанаас шингэн хулганын хор 2 ширхгийг, 1 ширхэг шилтэй уксус зэргийг худалдаж аваад Бөхмөрөн сумын төвд очоод /2024 оны 08 дугаар сарын 10-ны үед гэж санаад байна/ авсан хулганын хор, уксус зэргийг Ч.Од өгсөн. Тухайн үед Ч.Од би захисан хулганын хор, уксус зэргийг өгөхдөө баталгаатай юм уу гэж асуухад “баталгаатай шууд үхнэ” гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн “...Ч.О нь 2024 оноос нөхрөө ална гэж надад ярих болсон. Улмаар би чамд хайртай надаас битгий холд гээд явуулдаггүй, тэгээд би за чи тэгвэл салаад хүрээд ир гэхэд “үгүй нутаг усны хүмүүс муу хэлнэ. Би өөрөө ална чи надад зүгээр хулганын хор, уксус авч ирээд өг” гэхээр нь би аваачиж өгсөн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
2.2.2. Шүүгдэгч Б.Цийн сэжигтнээр өгсөн “...би хэлсэн үг тавьсан саналыг нь зөвшөөрч зах дээрээс жижиглэнгийн бараанаас шингэн хулганын хор 2 ширхгийг, 1 ширхэг шилтэй уксус зэргийг худалдаж аваад Бөхмөрөн сумын төвд очоод 2024 оны 08 дугаар сарын 10-ны үед гэж санаад байна, авсан хулганын хор уксус гэж зэргийг Ч.Од өгсөн” гэх мэдүүлэг;
Хэргийн газрын үзлэг хийсэн “...тус оёдлын машины хайрцаг савыг нээж үзэхэд дотор нь “Кислота уксусная” гэх бичиглэлтэй 170 мл хэмжээтэй шингэн, шилний таглаа хэсэгт цагаан хальсан уут тавьж, скочоор ороосон байна. Тус уксусны савны улаан өнгийн таглааг задалж хэрэглэсэн байдалтай байна. Мөн зүүн талын доод завагт ягаан өнгийн хөшигний дээд хэсгээр цухуйж харагдаж буй “Fanta” нэртэй ундааны сав, ундааг унинд хавчуулсан байдалтай байх тул “2” дугаартай цэг байрлуулж, гэрэл зургаар бэхжүүлэн, ундааг гаргаж үзэхэд 500 мл савтай, үзмэн ягаан өнгийн “Fanta” гэх бичиглэлтэй ундаа байх боловч таглааны лацыг онгойлгосон байдалтай байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Б.Угийн эзэмшлийн Galaxy A21s загварын гар утсанд байх шүүгдэгч Б.Цийн “Пүрэв Пүрэв” гэх facebook чатад үзлэг хийсэн “...Oyuntuya Choijilsuren гэх фейсбүүк хэрэглэгчээс... “baagiig iim bolgoson hunen chi bid hoer shv dee /Баагийг ийм болгосон хүн нь чи бид хоёр шүү дээ/”, ...“bi chamaig zarimdaa ih gaihii ijilhen er hvn baij sonin zantai chi bid zvger bsan hvnd iim yum olj ogod ene yumnaas blood baagii iim bolson /би чамайг заримдаа их гайхах юм, эр хүн байж сонин зантай, чи бид зүгээр байсан хүнд ийм юм олж өгөөд, энэ юмнаас болоод Баагий ийм болсон/, ...“bas chinii ogson neg hulganii horiig baagii gazar deeren bugdiin uusan harin neg horiin bi jijig /бас чиний өгсөн нэг хулганын хорыг Баагий газар дээр нь бүгдийн уусан, харин нэг хорыг нь би жижиг/”, “undaanii yagaan ongotei undand bvhdiin hiiged gert dvrchihsen bdag ter undaag abah shaardlagtai bn /ундааны ягаан өнгөтэй ундаанд бүгдийн хийгээд гэрт дүрчихсэн /хадгалсан гэх утгаар/ байдаг, тэр ундааг авах шаардлагатай байна/”, “chi ochij bi ter jijeg undaanii sabtai undaag ger dotor zabagt hiichihsen bga /чи очиж би тэр жижиг ундааны савтай ундааг гэр дотор завагт хийчихсэн байгаа/” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 24-40 дүгээр хуудас);
- 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч Б.Цийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Б.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах захын гадна талбайд худалдаа эрхэлдэг хүнээс 2 сав, шингэн хулганын хор, мөн ойролцоо байрлах “Шинэ Улаангом худалдааны төв”-ийн 64, 65 дугаар лангуунаас нэг шил “Уксусная кислота” тус тус авчээ. Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Г.Быг хордуулах зорилгоор дээрх 2 сав, шингэн хулганын хор болон нэг шил уксусыг 2024 оны 08 дугаар сарын 10-ны үед Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт шүүгдэгч Ч.Од өгсөн нь нотлогдон тогтоогдож байна.
2.2.3. Шүүгдэгч Б.Цийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сэжигтнээр өгсөн “...Сүүлд буюу одоогоос 20 гаруй хоногийн өмнө Ч.О надад “сумын төв рүү орж байна, архи уучихсан байна архинд нь уксус хийгээд уулгасан. Хулганын хорыг нь 2 ундаанд 1, 1 ширхгээр нь найруулаад нэгийг нь уулгачихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би за за гэж хэлээд хаясан. Удалгүй “Г.Бын бие муудаж ам, хамраас нь цус гараад аймгийн төв рүү эмнэлэг явж байна” гэж хэлсэн. Мөн “Улаанбаатар хот руу шинжилгээнд хамрагдахаар явж байна” гэж Ч.О надад чатаар хэлсэн. Би Г.Бын бие хулганын хор ууж, уксус ууснаас болж муудсан талаар мэдсэн. Мөн Г.Б Улаангом сумын нэгдсэн эмнэлэгт байхдаа хийж байгаа тариа шингэнд нь уксус хийчихлээ гэж Ч.О надад сүүлд хэлсэн.
...Тэгээд Ч.О нь 2 ундааны саванд хулганын хороо найруулчихсан байгаа 1 ундааны савтайг нь уулгасан, 1 ундааны савтайг нь найруулаад гэрт тавьчихсан байгаа, уксусыг архинд нэг удаа хийж өгсөн аймгийн эмнэлэгт байхад тарианд судсаар хийсэн гэж өөрөө надад хэлсэн. Дахин өгсөн гэж ямар нэгэн зүйл хэлээгүй.
...Ч.О нь над руу фейсбүүк мессенжер чатаар хулганын хор найруулсан ундаа, уксус хольсон архи, судсаар залгасан шингэнд уксус хольсон талаараа фейсбүүк мессенжер чатаар өөрөө хэлж, зургийн явуулж байсан. Би өөр хүн харчих байх гэж бодоод уг зураг, чатын устгасан. Ч.О бид хоёроос өөр ямар нэгэн хүн мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг;
- Шүүгдэгч Б.Цийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Тухайн хэргийн удирдагч Ч.О болж, би хамтран гүйцэтгэгч нь болсон талаар одоо би ойлгож байна. Нөхрөө алах санал гаргаж надаар хулганын хор, уксус авхуулаад сар орчим хадгалж байгаад өгсөн байна.
... Ч.О нь 2024 оноос нөхрөө ална гэж надад ярих болсон. Улмаар би чамд хайртай надаас битгий холд гээд явуулдаггүй, тэгээд би за чи тэгвэл салаад хүрээд ир гэхэд “үгүй нутаг усны хүмүүс муу хэлнэ. Би өөрөө ална чи надад зүгээр хулганын хор, уксус авч ирээд өг” гэхээр нь би аваачиж өгсөн” гэх мэдүүлэг;
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Б.Угийн эзэмшлийн Galaxy A21s загварын гар утсанд байх шүүгдэгч Б.Цийн “Пүрэв Пүрэв” гэх facebook чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 24-40 дүгээр хуудас) зэргээр 2024 оны 09 дүгээр сарын эхээр шүүгдэгч Ч.О нь шүүгдэгч Б.Цээс авсан 2 сав, шингэн хулганын хорны нэг хорыг нь ундаанд хольж хохирогчид нууцаар уулгасан, нэг хорыг нь мөн хохирогчид өгөхөөр ундаанд хольж бэлтгэж тавьсан, түүний дараагаар уксуснаас архинд хольж нууцаар хохирогчид уулгасан үйл баримт тогтоогдож байна.
2.2.4. Шүүгдэгч Ч.Огийн хохирогчид ундаанд шингэн хулганын хор хольж, мөн архинд нь уксус хольж уулгасан гэх үйл баримттай:
- Хохирогч Г.Бын “...2024 оны 09 дүгээр сарын 09-нд гэртээ байтал гэнэт хамраас цус гараад эхэлсэн. Тэр өдөрт нь сумын эмчид үзүүлэхэд хамар руу чихээс хийж өгөөд яаралтай дуудлагад явсан. Намайг гэрт үлдээгээд өглөө эрт аймгийн төв авч явна гэж хэлсэн. Цус тогтоох тариа үлдээсэн ба тэр тариаг миний төрсөн ах Г.У миний зүүн гарын судсанд тарьсан. Маргааш өглөө нь 06 цагт ирж намайг аймгийн төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлээд дараа өдөр нь хэвтүүлсэн. Би тус эмнэлгийн дотрын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлээд шууд хот руу явсан. 2024 оны 09 дүгээр сарын 24-нд хотод очсон ба 1 дүгээр эмнэлэгт яаралтай үзүүлж, шинжилгээ өгөөд 26-ны өдөр дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ямар нэгэн суурь өвчин эмгэг байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас);
- Хохирогч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэрт байж байхад миний хамраас цус гараад тогтохгүй болохоор эмч дуудсан. Эмч ирэхээс өмнө цусаар бөөлжсөн. Эмч ирж үзээд дахиад гарвал цус тогтоох эмийг ахаараа хийлгээд тогтоогоороо гэсэн. Эмнэлэгт хэвтэхэд миний хамраас цус гараад тогтохгүй, амаар гарч, тэгээд болохгүй болоод Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүлж, шинжилгээнд орсон. Хотод очоод нэгдсэн эмнэлэгт хэвтээд 7-10 хоносон. Хоёр хамартаа хоёуланд нь чихээс хийлгүүлээд нэг хоноод маргааш нь нэгдсэн эмнэлэгт хэвтээд 10 хоноод гаргасан. Маргааш нь дахиад цус гараад дахиад эмнэлэг дээр ирээд чихээс хийлгээд шууд цэргийн төв эмнэлэгт очиж хэвтээд нэг гайгүй болсон” гэх мэдүүлэг;
- Гэрч Н.Тгийн “...Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн эмч ажилтай. ...Тухайн хүн 2024 оны 10 дугаар сарын 08-нд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хордлого тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багадалтыг засах, эрхтэн систем хамгаалах эмийн болон хоол эмчилгээ хийгдсэн юм. Bromadiolone гэх нэршилтэй буюу хулганын хор уусан хүн хурц цус алдаж, хүний амь насанд богино хугацаанд аюул учруулж, цус алдсаны улмаас амь нас эрсдэж хохирч болно. Хулганын хор уусан хүний цусны бүлэгнэл алдагддаг. Г.Бын хувьд хамрын цус алдагдаж бие нь хүндэрч эмнэлгийн анхан шатны тусламж хурдан түргэн аваагүй байсан бол нас барах байсан юм. Хулганын хор уусан хүн эмнэлгийн анхан шатны тусламж болон хордлого тайлах эмчилгээ хийлгэсний дараа хүний биеийн ерөнхий байдлаас шалтгаалж 1 сарын хугацаанд хор биеэс бүрэн гадагшилж хэвийн болно” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас);
- Хохирогч Г.Бын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 484 дугаартай “...Г.Бын амбулаторийн карт, лабораторийн шинжилгээний хариунууд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх бичиг баримтуудад түүний цусанд ямар нэгэн химийн хорт бодисын найрлага байгаа эсэхийг тогтоосон зүйл байхгүй байна. Г.Б нь бүлэгнэлтийн хүчин зүйлийн олдмол дутагдал, цус бүлэгнэлтийн эмгэг хамраас цус алдалт, цус багадалт, даралт ихсэлт оношоор эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл хохирогч Г.Б нь ундаанд хольсон шингэн хулганын хор, архинд хольсон уксус зэргийг уусны улмаас бүлэгнэлтийн хүчин зүйлийн олдмол дутагдал, цус бүлэгнэлтийн эмгэг хамраас цус алдалт, цус багадалт, даралт ихсэлт оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Өөрөөр хэлбэл хулганын хор нь амь насанд аюултай хүнийг үхэлд хүргэж болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.Б нь эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ аваагүй бол амь насан хохирох боломжтой байжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Цийн 2 сав шингэн хулганын хор, нэг шил уксус зэргийг шүүгдэгч Ч.Од аваачиж өгсөн, Ч.О нь хулганын шингэн хороос 1 савыг нь ундаанд, уксуснаас архинд хольж нууцаар уулгаснаас болж хохирогчийн амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн буюу шүүгдэгч нарын үйлдэл болон хохирогчийн амь насанд аюул учирч болох бодит эрсдэл шалтгаант холбоотой.
2.2.5. Шүүгдэгч Б.Цийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сэжигтнээр өгсөн “...аймгийн эмнэлэгт байхад тарианд судсаар хийсэн гэж өөрөө надад хэлсэн. ...судсаар залгасан шингэнд уксус хольсон талаараа фейсбүүк мессенжер чатаар өөрөө хэлж, зургийн явуулж байсан” мэдүүлэг болон шүүгдэгч Ч.Огийн яллагдагчаар өгсөн “...Ингээд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд хэвтэж байх хугацаанд нөхрийн биеийн байдал хэвийн болоод байгаа юм шиг энэ талаараа Б.Цт хэлэхэд “надад хайртай юу хайртай бол шингэнд нь дахиад уксус хийчих” гэхээр нь би эмнэлгийн урд байрлах хүнсний дэлгүүр орж Б.Цийн авч ирж өгсөн уксуснаас жижиг савлагаатай 250 мл уксусыг /6’500 билүү 7’500 билүү санахгүй байна/ аваад 5 гр тариур эмийн сангаас аваад хогийн цэг дээр ирээд 5 гр тариуртаа соруулаад савыг нь хогийн сав руу хаясан. Одоо аль хогийн сав гэдгээ санахгүй байна, тухайн үед би хүн харчих вий гээд айж сандарчихсан байсан. Ингээд эмнэлэг рүү, Г.Бын хэвтэж байгаа өрөөнд ороод Г.Бад хийх шингэн гээд хайрцагт 3-4 ширхэг 500 гр, 300 гр, 100 гр төрлөөр байсан бөгөөд 5 гр тариурт сорсон уксусыг 500 гр 2 шингэнд, мөн 100 гр 1 шингэнд нийт 3 шингэнд хувааж шахаад тавьсан. Тэр шингэнийг тэр өдөрт нь Г.Бад судсаар хийсэн. Ингээд Г.Бын бие муудаж Улаанбаатар хотод нэгдүгээр эмнэлэгт цусны тасагт хэвтэж эмчлүүлж байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас) зэргээс өөрөөр хохирогч Г.Быг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь шүүгдэгч Б.Цийн зөвлөсний дагуу шүүгдэгч Ч.О хохирогчийн тарианд уксус хийж алахыг завдсан гэх үйл баримтыг шууд нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, мөн тус зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул шүүгдэгч Б.Цийн сэжигтнээр өгсөн мэдүүлгээс дээрх агуулга бүхий хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлээгүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар бүх насаар хорих ял оногдуулж болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тул шүүгдэгч Ч.Огаас өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй юм.
Иймд прокуророос шүүгдэгч Ч.Ог Б.Цтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь сахиж байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж, тариулж түүнийг алахыг завдсан гэж; шүүгдэгч Б.Цийг Ч.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн түүний нөхөр Г.Быг хордуулж алах зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, сахиж байхад нь тарианд нь хүнсний зориулалттай уксус хийхийг зөвлөж Г.Быг алахыг завдсан гэж тус тус ялласан нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул тус хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч “...Миний бодлоор Ч.О, Б.Ц эр эмийн харьцаатай олон жил /2014 оноос хойш/ явж байсан учраас энэ хүмүүсийн харьцаанд ийм асуудал үүссэн байна гэж хөндлөнгийн иргэний хувьд харлаа. Ч.О, Б.Ц буруутай байна. Эхнэр Ч.О Г.Баас гадуур амьдралтай, нөхрөө алах гэж завдсан тул буруутай гэж дүгнэж байна. Цаашид Г.Б эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэж харагдаж байна. Хохирогч шүүгдэгч нарын яриа, хэлж байгаа өгүүлбэрүүд нь зөрүүтэй санагдаж байна” гэх дүгнэлт гаргажээ. Иргэдийн төлөөлөгчийн ердийн ухамсрын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээр гаргасан дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.
2.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О “...Би Бөхмөрөн суманд малчид дуулж байна тэмцээнд оролцож байгаад явах унаагүй болчихсон байтал Б.Ц над руу залгаад уулзсан. Б.Ц намайг мотоциклдоо суулгаж авч яваад намайг хүчиндсэн. Тухайн үедээ надад хэцүү байсан. Г.Б болон хадмууддаа хэлэхээс айсан. Ийм явдал болсноос хойш би Г.Бад хэлэх гээд хэлж чаддаггүй байсан.
...Д.Сугармаа ахлагч Б.Цтэй бичсэн чат бүгд байгаа. Чиний Б.Цтэй чаталж байсан чат эд мөрийн баримт бүгд ингээд нотлогдсон, баригдсан. Хураагаад авчихсан байгаа чи ямар нэгэн аргаар худлаа хэлж болохгүй. Худлаа хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Чи ямар ч үгийн зөрүү гаргахгүйгээр мэдүүлгээ өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үедээ миний чат бүх юм илэн далангүй болчихсон байгаа юм чинь худлаа хэлбэл миний хэрэг нэмэгдэх юм байна гэдэг үүднээс би Д.Сугармаа ахлагчид Б.Цтэй чатлаж байсан чатынхаа талаар яг л хэлсэн. Яагаад ийм явдал болох болсон юм бэ гэхээр Б.Цт итгүүлэх гэж худал хэлсэн. Тэр хулганын хорыг надад 6 сард Б.Ц авч ирж өгсөн. Тэгээд хувцсанд хийгээд далд дүрчихсэн. Тэр хугацаандаа Б.Ц над руу танайд Г.Бын найзууд ирж байгаа биз дээ. Зуны амралтаар ирж байгаа тохиолдолд чи нөхөртөө архийг илүүц уулгаж байгаад хийгээд өгчих гэж Б.Ц надад хэлсэн.
...Энэ явдал яагаад болох болсон гэхээр би Б.Ц болон Г.Баас маш их айж байсан. Б.Ц зургийн дараад явуулчих тэгвэл итгэнэ, тэгвэл итгэхгүй гэж хэлдэг. Тэгээд би зургийн дарж явуулдаг байсан. Би Б.Цт итгүүлэхийн тулд худал хэлсэн. Түүнээс биш Г.Бад хор өгөөгүй. Миний 4 хүүхдийн эцэг, хань ижил гэж бодоод ингэж хийж байна гэж зургийн үзүүлээд би асгачихсан. Б.Ц эмнэлэгт байхад хүртэл чатаар залгаж орж ирээд ямар эм тариа хийгдэж байна гэж асуусан. Би шингэн хийх гэж байна гэж хэлэхээр шингэнд нь бас аваад хийчхээрэй гээд над руу өөрөө утсаараа залгаад хэлэхээр нь итгүүлэхийн тул би дэлгүүрээс авсан. Яагаад итгүүлэхийн тулд гэж хэлээд байна гэхээр энэ 2 залуу хоорондоо надыг хавчдаг. Нэгэнтэй нь ойртоод, нэгэнтэй нь ойртохгүй болохоор хоёулаа уурладаг. Би бүр айдаг. Надаас болоод энэ 2 залуу зодолдож янз бүр болох вий гэж бодоод энэ хоёр хүний эрхшээлд орж байсан. Нэгэнт миний өгсөн мэдүүлэг, тэр чат дээр нэг бүрчлэн анхнаас нь өгчихсөн. Тэр эмнэлэгт очиж үзүүлэхэд Б.Цийг тусад нь намайг нэгдсэн эмнэлэг дээр дагуулж орж ирж үзүүлсэн.
...Гэхдээ яг үнэндээ би хулганын хор, уксус өгөөгүй. Б.Цт итгүүлэхийн тулд худал хэлдэг байсан. Б.Ц надад хэлэхдээ тийм өнгийн ундаанд хийж өг, уксус хамгийн сайн гэж байна тэрийг олж ирж өгнө гэж хэлдэг байсан. Өөрөө надад олж авч ирж өгсөн” гэх агуулгатай мэдүүлэг өгч, гэм буруугийн талаар маргажээ.
Шүүгдэгч Ч.Огийн дээрх мэдүүлэг нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад баримтаар нотлогдохгүй байна. Харин насанд хүрээгүй гэрч Б.Угийн эзэмшлийн Galaxy А21s загварын гар утсанд байх шүүгдэгч Б.Цийн “Пүрэв Пүрэв” гэх facebook чатад үзлэг хийсэн “...Oyuntuya Choijilsuren гэх фейсбүүк хэрэглэгчээс... “hurdan hugatsand baagii alga bolbol bolo gej bodoj bn nadad /хурдан хугацаанд Баагий алга болбол боллоо гэж бодож байна надад/”, “…tegiish hania bi chamd bas neg arga zaaj ogno /Тэгийш /тэгнэ гэх утгаар/ ханиа, би чамд бас нэг арга зааж өгнө/”, “...Hania chi bid hoer jil ireh tusam ulam shal oir tsaraitai bolood bn uchirad bagaar bodod 10n jil bolloo shv de chi bid hoer /Ханиа чи бид хоёр жил ирэх тусам улам шал өөр царайтай болоод байна, учраад багаар бодоход арван жил боллоо шүү дээ чи бид хоёр/”, “...chamd bvvr ene hvnii em tariagan vilchildeggvi lamd vzvvleed shinjilgeenii hariu ogt gardaggvi saad hiilged og gesen bolhos tiim tom yum bi hvseegvi shv de /чамд бүүр энэ хүний эм тариагийн үйлчилдэггүй ламд үзүүлээд шинжилгээний хариу огт гардаггүй саад хийлгээд өг гэсэн болохоос тийм том юм би хүсээгүй шүү дээ/” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 24-40 дүгээр хуудас)-ийг шүүгдэгч Б.Ц, хохирогч Г.Б нарын мэдүүлэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Ч.О нь хохирогч болон шүүгдэгч Б.Цийн эрхшээл, хүчирхийлэлд байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгөөр шүүгдэгч Ч.О нь шүүгдэгч Б.Цтэй харилцсан зурвас бүртээ “ханиа” гэх бөгөөд хохирогчийн цуснаас хор илрэхээс сэргийлж мухар сүсгийн буюу хар домын аргаар саад учруулахаар шүүгдэгч Б.Цт зааварчилгаа өгч байснаас үзвэл шүүгдэгч Ч.О нь хор хийгээгүй, Б.Цийн шахалт шаардлагаар хийсэн гэж мэдүүлсэн нь худал болох нь тогтоогдож байна.
2.5. Дээр тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Ч.О, Б.Ц нар нь сүүлийн 10 орчим жилийн хугацаанд гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаатай байжээ.
Улмаар шүүгдэгч Ч.О нь хохирогч буюу нөхөр Г.Баас гэрлэлтээ цуцлуулах нь өөрийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэх дүгнэлтэд хүрч, шүүгдэгч Б.Цтэй гэрлэхийн тулд түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг алахаар урьдчилан төлөвлөсөн байна. Уг тохиролцооны дагуу шүүгдэгч Б.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах захын гадна талбайд худалдаа эрхэлдэг хүнээс 2 сав, шингэн хулганын хор, мөн ойролцоо байрлах “Шинэ Улаангом худалдааны төв”-ийн 64, 65 дугаар лангуунаас “Уксусная кислота” тус тус авч, тэдгээрийг 2024 оны 08 дугаар сарын 10-ны үед Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт шүүгдэгч Ч.Од өгсөн.
2024 оны 09 дүгээр сарын эхээр шүүгдэгч Ч.О нь шүүгдэгч Б.Цээс авсан 2 сав, шингэн хулганын хорны нэг хорыг нь ундаанд хольж хохирогчид нууцаар уулгасан, нэг хорыг нь мөн хохирогчид өгөхөөр ундаанд хольж бэлтгэж тавьсан, уксуснаас архинд хольж нууцаар хохирогчид уулгасан байна.
Хохирогч Г.Б нь ундаанд хольсон шингэн хулганын хор, архинд хольсон уксус зэргийг уусны улмаас цус бүлэгнэлтийн хүчин зүйлийн олдмол дутагдал, цус бүлэгнэлтийн эмгэг хамраас цус алдалт, цус багадалт, даралт ихсэлт оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алсан бол хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж ойлгоно.
Шүүгдэгч Ч.О, Б.Ц нар хохирогч Г.Быг алахаар урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу шүүгдэгч Б.Ц хулганын шингэн хор 2 савыг, уксус 1 шилийг худалдан авч шүүгдэгч Ч.Од өгсөн. Шүүгдэгч Ч.О нь шүүгдэгч Б.Цийн авч ирж өгсөн 2 сав хулганын хорны нэгийг нь ундаанд хольж, мөн уксуснаас архинд хольж хохирогч Г.Бад уулгасан. Хулганын хор нь амь насанд аюултай хүнийг үхэлд хүргэж болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.Б нь эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ аваагүй бол амь насан хохирох боломжтой байх тул шүүгдэгч нарыг хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Ч.О нь хохирогч Г.Быг алахыг санаачилж, шүүгдэгч Б.Цээр хулганын хор, уксус зэргийг авхуулж, хохирогчид хулганын хорыг ундаанд, уксусыг архинд тус тус хольж өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэх бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн уг гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.
Мөн шүүгдэгч Б.Ц нь хохирогч Г.Б үхсэний дараа шүүгдэгч Ч.Отай гэрлэж, хамт амьдрахаар урьдчилан амлаж, шүүгдэгч Ч.Од хулганын хор, уксус зэргийг авч өгч санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг уг гэмт хэргийн хамжигч гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.О нь хүнийг алах гэмт хэргийн зохион байгуулагч, шүүгдэгч Б.Ц нь хүнийг алах гэмт хэргийн хамжигч байх тул тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Тодруулбал гэмт этгээдийн нэг удаагийн үйлдэл дангаараа тухайн гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд тус тусдаа эхлэл, төгсгөлтэй хэд хэдэн үйлдлүүд нэгдэж байж тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ч.Огийн хулганын шингэн хорыг ундаанд хольж хохирогчид уулгасан болон уксусыг архинд хольж уулгасан нь тус тусдаа бие даасан эхлэл төгсгөлтэй, хохирогчийн амь насанд аюултай үйлдэл байна. Тодруулбал түүний дээрх үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд чиглэсэн, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр буюу давтан үйлдлээр үйлдэхийг завдсан гэж үзнэ. Иймд прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь Эрүүгийн хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Б.Ц нь хулганын шингэн хор, уксус зэргийг нэг удаагийн үйлдлээр шүүгдэгч Ч.Од өгсөн тул түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчлэх үндэслэлгүй болно.
3.4. Дээрх хууль зүйн дүгнэлтүүдийг нэгтгэж: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хохирлын зэрэг хохирогч Г.Бад тогтоогдоогүй боловч хохирогчийн амь насанд эрсдэл бүхий нөхцөл байдал үүсэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зорилгоор Увс аймгаас Улаанбаатар хот руу явах зэргээр зардал гаргасныг тухайн гэмт хэргийн хохиролд тооцох үндэслэлтэй.
Хохирогч, түүний өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний болон Увс аймгаас Улаанбаатар хот руу явж ирэхэд зарцуулсан зардлын 1’735’750 төгрөгийн баримт, шүүхийн шатанд 697’100 төгрөгийн баримт тус тус гаргаж өгчээ. Хохирогч, түүний өмгөөлөгч “...Хохирлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатад нийтдээ 2,432,850 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Б.Цийн зүгээс 1,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хувьд сэтгэл санааны гуравдугаар зэргийн хохирол учирсан. Үүнийг хохирогчид ашигтай байдлаар 22.99 хувиар нь бодож 17,173,400 төгрөгөөр тооцож сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү” гэх агуулгатай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, үйлдлийн шинж зэргийг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1’216’425 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй. Үүнээс хохирогч, түүний өмгөөлөгчийн тайлбараар шүүгдэгч Б.Ц урьдчилан 1’000’000 төгрөгийг төлсөн тул түүнд оногдох хэсгээс хасаж, шүүгдэгч Б.Цээс 216’425 төгрөгийг, шүүгдэгч Ч.Огаас 1’216’425 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Бад олгохоор шийдвэрлэсэн.
4.2. Хохирогч Г.Бын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 24 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 210-212 дугаар хуудас)-ээр уг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан нь тогтоогдсон бөгөөд уг хор уршиг нь сэтгэцийн хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын сэтгэцэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн гэм буруутай этгээд нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар болон 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-т буюу хүснэгтэд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор журамласан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660’000 төгрөгөөр тогтоосон.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-т зааснаар хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэм буруу, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660’000₮)-г 17 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11’220’000 (арван нэгэн сая хоёр зуун хорин мянга) төгрөгөөр тогтоох нь зүйтэй. Иймд Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Ч.Огаас 5’610’000 (таван сая зургаан зуун арван мянга) төгрөг, шүүгдэгч Б.Цээс 5’610’000 (таван сая зургаан зуун арван мянга) төгрөг тус тус гаргуулж хохирогч Г.Бад олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч шүүгдэгч Б.Ц нь 5’826’425 төгрөг, шүүгдэгч Ч.О нь 6’826’425 төгрөг тус тус хохирогч Г.Бад төлсөн байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван дөрвөн насанд хүрсэн хүн тус хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Ч.О (2 дахь хавтаст хэргийн 82 дугаар хуудас), Б.Ц (2 дахь хавтаст хэргийн 89 дүгээр хуудас) нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдсон байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 27 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 182-184 дүгээр хуудас)-ээр шүүгдэгч Ч.О нь, шүүх сэтгэц эмгэг судлалын 26 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас)-ээр шүүгдэгч Б.Ц нь тус тус сэтгэцийн хувьд эрүүл, болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй гэх нөхцөл байдал хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Ч.Огийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 80 дугаар хуудас), шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 83 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ч.О нь одоогоор эцэг эхийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Цийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 94 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Ц нь ганц бие, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч Ч.Огийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа харгалзан үзэж ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 жил 1 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Цт ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 12 жил 8 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Од оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, ...шүүгдэгч Б.Цт оногдуулсан 12 жил 8 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Ө.Нарантуяа “...Түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар оруулж байгаа саналыг багасгаж өгнө үү” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Л.Жавзмаа “...Өмгөөлөгчийн хувьд 5 жилийн хорих ялыг прокурорын сонсгосон ялаас яагаад багасган хасаж болохгүй гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн. Б.Цийн үйлдэлд прокурорын уншаад байгаа ялыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлэн багасгаж өгнө үү” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Ч.Огийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “...Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр ялын доод хэмжээг хуульчлаагүй байдаг. Тийм учраас оноож болох ялын доод хэмжээнээс заавал дээшээ дуудаарай гэх хуулийн шаардлага байхгүй бөгөөд үзэмжийн асуудал юм. Тийм учраас урьд энэ төрлийн хэргүүдийг шийдэж байсан жишгээ бариад миний үйлчлүүлэгчид оногдуулж болох ялыг хамгийн бага байхаар шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэх агуулгатай санал;
- Шүүгдэгч Ч.Огийн өмгөөлөгч Т.У “...Хувийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж бага ял оногдуулж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж тухайн гэмт хэрэгт оногдуулах тусгай ангид заасан ялын дээд хязгаарыг тогтоожээ. Энэхүү хэргийн тохиолдолд бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан бөгөөд тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу тоон утгад шилжүүлбэл 30 жилийн хугацаагаар хорих ялтай дүйцнэ. Тодруулбал дээрх гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах журмын дагуу энэхүү хэрэгт хорин жилээс хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулахаар байна.
Шүүгдэгч Ч.Огийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах ялын дээд хэмжээг тогтоосон ба доод хэмжээг тогтоогоогүй тул тусгай ангид заасан хэмжээнээс бага ял оногдуулж болно” гэх агуулгатай болон шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн “...Өмгөөлөгчийн хувьд 5 жилийн хорих ялыг прокурорын сонсгосон ялаас яагаад багасган хасаж болохгүй гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн” гэх агуулгатай дүгнэлтүүд нь үндэслэлгүй.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн /завдалт мөн хамаарна/ хүнд тус хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан оногдуулж болох хорих ялын доод хязгаар 12 жил бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт 12 жилээс 20 жил хүртэл хорих ял оногдуулах хууль зүйн боломжтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-1.5 дахь заалтууд заасан үндэслэл, журмын дагуу багасгах боломжтой бөгөөд тус хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн хүнд уг журам үйлчлэхгүй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх тус хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийг зохион байгуулагч Ч.Од оногдуулах ялаас бага ялыг шүүгдэгч Б.Цт оногдуулах журмыг шүүх баримтална.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Огийн 15 жил хамт амьдарсан нөхрөө удаа дараа алахыг завдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ял;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн гэх хувийн байдал, гэр бүлээс гадуурх харилцаагаа хууль ёсны болгох зорилгоор хүнийг алахад урьдчилан амлаж идэвхтэй дэмжлэг үзүүлсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэх төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго хангагдан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.4. Шүүгдэгч нар гэр бүлээс гадуурх харилцааны улмаас нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн харилцааг хүнийг алах гэмт хэрэг үйлдэж тасалдуулахыг завдсан нь нийгмийн аюулын шинж чанар ихтэйгээс гадна, тэдгээрийн хувийн байдлыг тодорхойлох нэг хүчин зүйл болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Од оногдуулсан хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Б.Цт оногдуулсан хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
3.5. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЦХШЗ/36 дугаартай захирамж (2 дахь хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас)-аар яллагдагч Б.Цт тус өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба цагдан хорих хугацааг тус шүүхийн шүүгчийн 2024/ЦХШЗ/43 дугаартай захирамж (2 дахь хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас)-аар, 2024/ЦХШЗ/50 дугаартай захирамж (2 дахь хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас)-аар тус тус нэг сараар сунгажээ.
Мөн эрүүгийн 2435000000250 дугаартай хэргийг тус шүүх 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, яллагдагч Б.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025/ШЗ/12 дугаартай шүүгчийн захирамж (2 дахь хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас)-аар, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/111 дугаартай захирамжаар, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШТ/05 дугаартай тогтоолоор тус тус сунгаж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлжээ. Тодруулбал шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт нийт 134 хоног цагдан хоригдсон байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЦХШЗ/35 дугаартай захирамж (2 дахь хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас)-аар яллагдагч Ч.Од тус өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба цагдан хорих хугацааг шүүгчийн 2024/ЦХШЗ/42 дугаартай захирамж (2 дахь хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас)-аар, 2024/ЦХШЗ/51 дугаартай захирамж (2 дахь хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас)-аар тус тус нэг сараар сунгажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/530 дугаартай захирамж (2 дахь хавтаст хэргийн 146-150 дугаар хуудас)-аар яллагдагч Ч.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарах, Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, хохирогч Г.Б, яллагдагч Б.Ц нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авчээ.
Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШТ/05 дугаартай тогтоолоор шүүгдэгч Ч.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгч нь энэ хэрэгт өнөөдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасахаар журамласан. Иймд шүүгдэгч Ч.Огийн энэ хэрэгт цагдан хоригдсон 75 хоногийг, шүүгдэгч Б.Цийн энэ хэрэгт цагдан хоригдсон 134 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.
4. Шүүгдэгч Ч.О, Б.Ц нарт хорих ял оногдуулсан тул тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
5. Мөрдөгч хэргийн ул мөр илрүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Цээс цагаан өнгийн LG загварын гар утас 1 ширхэг (1 дэх хавтаст хэргийн 63 дугаар хуудас)-ийг, шүүгдэгч Ч.Огаас M12 загварын гар утас 1 ширхэг (1 дэх хавтаст хэргийн 66 дугаар хуудас)-ийг тус тус хураан авсан байх бөгөөд тухайн ажиллагаануудыг прокурор хүчинтэй (1 дэх хавтаст хэргийн 65, 68 дугаар хуудас)-д тооцжээ. Мөрдөгч уг гар утаснуудад үзлэг хийж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон (1 дэх хавтаст хэргийн 107 дугаар хуудас) байна.
Тухайн гар утаснуудад үзлэг хийсэн ажиллагааг тэмдэглэлээр бэхжүүлж хэрэгт хавсаргасан байх тул тэдгээрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа ашигласан болон ашиглахаар бэлтгэсэн Fanta гэх бичиглэлтэй, 500 мл-ийн савлагаатай ундаа гэх зүйл, Уксус гэх бичиглэлтэй, 170 мл-ийн шилтэй шингэн зэрэг нь бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С ургийн овогт Чгийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш ургийн овогт Бийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Од оногдуулсан 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Б.Цт оногдуулсан 12 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цийн энэ хэрэгт цагдан хоригдсон 134 (нэг зуун гучин дөрөв) хоногийг, шүүгдэгч Ч.Огийн энэ хэрэгт цагдан хоригдсон 75 (далан тав) хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ч.О, Б.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн цагаан өнгийн LG загварын гар утас 1 ширхэг, M12 загварын гар утас 1 ширхэг зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгохыг шүүгчийн туслахад, Fanta гэх бичиглэлтэй, 500 мл-ийн савлагаатай ундаа гэх зүйл, “Уксусная уксус” гэх бичиглэлтэй, 170 мл-ийн савлаатай, шилтэй шингэн зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ