| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/52 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/52
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн Э-д холбогдох 2528000000039 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ... улсын дугаартай “Hyundai Verna” загварын тээврийн хэрэгслийг 2.33 хувийн согтолттой үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эд холбогдох эрүүгийн хэргээс дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Миний буруу гэмшиж байна гэв.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /хавтаст хэргийн 9 дэх тал/
Гэрч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна. Бид хоёр ярьж сууж байтал гаднаас манай хөрш Ж орж ирсэн. Тэгээд Э, Ж-тай дэлгүүр ороод хоол хийх ногоо, 1 шилтэй 0,75 литрийн хараа аваад ирсэн. Тэгээд хоол ундаа хийж идээд юм ярьж шилтэй архиа бид 3 хувааж уугаад би унтаад өгсөн. Тэгээд тэр хоёр босоод ирэхэд явчихсан байсан гэжээ.” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/
Гэрч Н.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 15 цагийн үед арын гудамжинд байх Г гэх найзындаа очсон. Тухайн үед очиход Г, Э хоёр байсан. Гэрт ороод байж байхад Э нэг шилтэй архи аваад ирээч гэж мөнгө өгсөн. Би мөнгийг нь аваад Хүрмэн дэлгүүрээс архи аваад буцаад очсон. Тэгээд тухайн архиа бид гурав хуваагаад ууцгаасан. Архиа ууж байхдаа хоол хийхээр болоод хоолны материал авахаар дэлгүүр явахаар болсон. Би тухайн үед нэлээд согтолттой байсан болохоор Эг унаад явчих гээд бид хоёр Хүрмэн дэлгүүр рүү явж байгаад замд цагдаа зогсоогоод баригдсан гэжээ.” /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 36-40 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/142 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 41 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 45-48 дахь тал/.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Эгийн гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Э-гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ... улсын дугаартай “Hyundai Verna” загварын тээврийн хэрэгслийг 2.33 хувийн согтолттой үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Н.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч Э.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь “Э.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар хасагдсан” /хавтаст хэргийн 29 дэх тал/ гэх лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э-гийн согтолтын зэрэг 2.33 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 7 сар хорих ял оногдуулах, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас үлдсэн ялыг, мөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанаас үлдсэн хоногийг хорих ял болгон өөрчилж түүний үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл болон хорих ялыг нэмж нэгтгэн оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх тэнсэн харгалзсан ялыг нь тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хязгаарлалт тогтоож өгнө үү. Учир нь: Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл байдал үүсэж байгаа учраас бүс нутгийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү гэх дүгнэлийг,
Шүүгдэгч Э.Э өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх тэнсэн харгалзсан ялыг нь тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийн хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Э.Э нь Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү тэнссэн хугацаа дуусаагүй байхад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нөхцөл байдал бий болсон гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялаас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 5 /тав/ сар 1 /нэг/ хоногийн нэмэгдэл ялыг, мөн тэнсэнгийн хугацаанаас эдлээгүй үлдсэн 151 /нэг зуун тавин нэг/ хоног буюу 5 /тав/ сар 1 /нэг/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Э-гийн нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоож, биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэг/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 11 /арван нэг/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгч Э.Э-г “ХАБ мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт” гэж, мөн яллах дүгнэлтийн 3 дахь хуудсанд урьд авсан ял шийтгэлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж тус тус буруу бичигдсэн нөхцөл байдал тогтоогдох ба улсын яллагчийн зүгээс эдгээр алдааг техникийн алдаа гарсан гэх тайлбарыг гаргасан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул улсын яллагчийн тайлбарыг хүлээн авсан болно. Цаашид энэ алдааг дахин гаргахгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлтдээ яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг бичихдээ шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хэзээ хасуулсан цаг хугацааг бичиж хэвших шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 5 /тав/ сар 1 /нэг/ хоногийн нэмэгдэл ялыг, мөн тэнсэнгийн хугацаанаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 1 /нэг/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Э-гийн нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоож, биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэг/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ