Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/02103

 

 

 

 

 

2020 06 09

101/ШШ2020/02103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух Батхаан овогт Р.Т /РД:/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах НШШГГ холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр Мөстийн өвөр булаг ББСБ ХХК-д 20.723.956 төгрөг төлөхөөр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжминий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 тоотод байршилтай, 56 м.кв талбайтай хувийн сууц болон 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн гэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд мэргэжлийн үнэлгээний байгууллагаар миний өмч хувийн сууц болон газрыг үнэлүүлсэн гэх боловч тухайн үнэлгээг болон үнэлгээний талаарх баримт бичгүүдийг надад танилцуулаагүй. Гэнэт нэг өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч Золбоо гэдэг хүн над руу утасдаж таны хувийн сууц болон газрыг үнэлгээний байгууллага 24.676.147 төгрөгөөр үнэлсэн, одоо бид таны хувийн сууц болон газрыг албадан дуудлага худалдаагаар худалдах болсон тул та ирж шийдвэр гүйцэтгэлийн хэрэг материалтайгаа танилц гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу би НШШГГ очиход шийдвэр гүйцэтгэгч Золбоо нь надад мэдэгдэл гэсэн нэртэй албан бичгийг танилцуулж, нэг хувийг өгсөн. Би албан бичгийг уншаад тэрхүү шийдвэр гүйцэтгэгчид миний хувийн сууц болон газрыг 24-хөн сая төгрөгөөр үнэлсэн гэж байна, үүнийг би зөвшөөрөхгүйөөрийн хувийн сууц болон газрыг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж хэлэхэд шийдвэр гүйцэтгэгч та хэрэв үнэлгээний байгууллагын энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд хандаж болно гэж хэлсэн. Би мөн мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүнээс зөвлөгөө авахад та энэ асуудлаар шүүхийн байгууллагад хандан нэхэмжлэл гаргаж болно гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага буюу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Миний бие албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааны талаар гомдол гаргаагүй, зөвхөн эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр Р.Таас 20.723.956 төгрөг гаргуулж Мөстийн өвөр булаг ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Р.Тын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 0 тоотод байршилтай 56 м.кв талбайтай хувийн сууц болон 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18261144/01 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжпэн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18261144/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Р.Таас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг нийт 75.000.000 төгрөгөөр үнэлсэн тухайгаа бичгээр өгсөн. Тус үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 214 дүгээр шинжээч томилох тогтоолоор Дамно ХХК-аар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 24.676.147 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/16202 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 24.676.147 төгрөгийн 70 хувь болох 17.273.303 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 24.676.147 төгрөгийн 50 хувь болох 12.338.073 төгрөгөөр тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв..

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч НШШГГ холбогдуулан 0тоотод байршилтай 56 м.кв талбайтай хувийн сууц болон 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хүчингүй болгуулахаар тодруулсан боловч уг шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр хариуцагч Р.Таас зээлийн гэрээний үүрэгт болон улсын тэмдэгтийн хураамжид нийт 20.723.956 төгрөг гаргуулан Мөстийн өвөр булаг ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ /хх-33-34 дугаар тал/.

Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул албадан гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2018/05274 дүгээр захирамж гарч, 499 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна /хх-31-32 дугаар тал/ 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба нэхэмжлэлд дурдсан хувийн сууц болон газрыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилж, мөн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хураажээ /хх-35-36, 40-42 дугаар тал/.

 

Төлбөр төлөгч, авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тохиролцож тогтоож чадаагүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөндлөнгийн шинжээчийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр томилсон байна. /хх-43-45 дугаар тал/. 

Шинжээч Дамно ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан үнэлгээний тайланд 0тоотод байршилтай 56 м.кв талбайтай хувийн сууцыг 10.990.425 төгрөг, мөн хаягт байршилтай 540.5 м.кв талбайтай газрыг 13.685.722 төгрөг, нийт 24.676.147 төгрөгөөр үнэлжээ /хх-48-59 дүгээр тал/.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчнээр тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй.

Гэвч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. гэж, 9.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох шинжээч томилох тогтоол гарсаны дараа шинжээчид эрх үүргийг нь тайлбарлаж, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулсан гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

Түүнчлэн хэргийн 45-46 дугаар талд авагдсан баримтаас үзвэл шинжээч томилсон тогтоол гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарласан байгаагаас үзэхэд Дамно ХХК нь шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийх этгээд байхад түүнд урьдчилан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг танилцуулаагүй байна.

Иймд Дамно ХХК-иас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээчээс гаргасан дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 0тоотод байршилтай хувийн сууц болон газрыг нийт 24.676.147 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд анхны болон хоёр дахь албадан дуудлага явуулах ажиллагаатай холбоотой гаргасан шаардлагаасаа татгалзсан тул уг үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Таас хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, 0тоотод байршилтай хувийн сууц болон газрыг 24.676.147 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ