| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн П-ын Б-т холбогдох 2528000000029 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч П.Б нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн Ч.Б-гийн “Redmi 13” маркийн гар утсыг шунахай сэдлээр хулгайлж Ч.Б-д 479.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Бийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын хугацаанд Б-той юм ярьж нэг шил архи уусан. Тэгээд би жаахан болиод согтоод ирэхээр нь машин дотроо унтсан. Хэдэн цагийн дараа сэрэхэд миний гар утас алга болсон байсан. Хамт архи уусан Боос найзынхаа гар утсыг харсан уу гэхэд хараагүй би яаж мэддэг юм гэж хэлсэн. Манай дүү М-д ахыг чинь машинд нь унтуулчихлаа гар утас нь хажууд нь орхисон шүү гэж хэлээд явсан байсан. Удалгүй над дээр эргэж ирээд машины хаалга нээж нэг юм аваад явж байсныг манай дүү харсан байсан. Тухайн авч явсан гэх зүйл нь миний гар утас байсан байх. Redmi 13 гэх цагаан өнгийн, 2 камертай, уг камерны хажуухан талдаа бага зэргийн юманд цохиод эмтэрч, сэтэрсэн байдалтай утас байгаа. Утсан дотор миний зурагнууд байгаа. Тухайн үед Б бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Би Б гэх хүнийг миний гар утас авсан гэж бодож байна... Надад Боос нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал, хүсэлт ч байхгүй. Би Боос өөрийн Redmi 13 маркийн гар утсыг авсан. Миний утсанд ямар нэгэн гэмтэл байгаагүй учир би хохирлоо бүрэн барагдуулсан гэж бодож байна.” /хавтаст хэргийн 10-11, 14-15 дахь тал/
Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын үед манай хадам аав Б нь надад одоогоос Redmi 13 гэдэг урьд нь хүн барьж байсан цагаан өнгийн гар утас өгсөн. Аав нь хүнээс худалдаж авсан юм миний охин ав гээд өгсөн... Гар утсаа хулгайд алдсан гээд байгаа ахын зурагнууд байсан. Бас имейл хаяг нь байсан. Хүний барьж байсан хуучин утас болохоор нь нээх юм бодолгүй устгасан. Хулгайн утас гэж огтхон ч мэдээгүй.” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Б ах Б гэдэг хүнтэй хашааны гадна Приүс 20 маркийн хар өнгийн машин дотор архи ууж байсан. Тэгээд архи ууж дуусаад манайд орж ирээд ахыг чинь Пургон машинд нь унтуулчихлаа, гар утсыг нь хажууд нь тавиад үлдээлээ гэж хэлсэн. Удалгүй буцаад ирсэн. Ахын унтаж байсан Пургон машиныг нь нээгээд нэг юм авч байгаа харагдсан. Би ч нээх юм бодолгүй өнгөрсөн, дахиад явсан. Ах маргааш өглөө нь манай гэрт орж ирээд миний гар утсыг харсан уу миний утас алга гэж хэлсэн. Тэгэхээр нь би өчигдөр Б гэдэг хүн таныг унтуулж орхиод, буцаж ирээд нэг зүйл аваад явсан. Таны гар утсыг авчихсан байж магадгүй юм биш үү гэж хэлсэн. Ах бид хоёр Б гэдэг айлд очоод ахын гар утсыг харсан уу гэсэн чинь хараагүй намайг хулгай хийсэн гэж бодоод байна уу манайд тийм утас барьдаг хүн байхгүй, дандаа айфон утас барьдаг гэж хэлсэн. Тэгтэл дөрөв орчим насны жоохон хүүхэд нь аав цагаан утас авчирсан гэж хэлсэн чинь энэ дандаа худлаа ярьдаг юм гээд хүүдээ дуугүй бай гээд загнаад чимээгүй болгосон. Тэгээд бид хоёр гараад явсан. Ах дараа нь хэд хэдэн удаа гар утсаа тэр Б гэдэг хүнээс сурсан, дандаа л би яаж мэддэг юм, чи намайг хулгайч гэж бодоо юу гээд загнаад байсан.” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би ийм зүйл хийе гэж бодоогүй. Миний машин дотор үлдээсэн байсан, тэгээд би сүүлд нь машин угаалгаж байгаад олсон. Тухайн үед утсыг машинаасаа олохдоо Бгийн утас гэж мэдэж байсан. Харин өгөх боломж гарахгүй байсан юм. Би Б-гийн утасны дугаарыг мэдэхгүй бас Б гэртээ ганцаараа амьдардаг учир ажилд явсан хойгуур нь гэрт нь хүн байдаггүй. Намайг ажилд явсан хойгуур над руу залгадаг байсан. Бэр охин Г.Г-ийн утас нь эвдэрсэн байсан болохоор нь би түр барьж бай, манай найзын утас гээд өгсөн юм.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/
“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Өмц-25-20 дугаартай шинжээчийн “Redmi 13 маркийн гар утас 479,920 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/
П.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 59 дэх тал/
Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 02 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 70 дахь тал
Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний санал” 02 дугаартай санал /хавтаст хэргийн 68 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 50 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 51 дэх тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 52 дахь тал/
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 53 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 54 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч П.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж /хавтаст хэргийн 59 дэх тал/, уг хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 70 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч П.Б-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч П.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.
Шүүгдэгч П.Б нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн Ч.Бгийн “Redmi 13” маркийн гар утсыг шунахай сэдлээр хулгайлж Ч.Б-д 479.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14-15 дахь тал/, гэрч Г.Г-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, гэрч Б.М-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Өмц-25-20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-д 479,920 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, Ч.Б-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, шүүгдэгч П.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Өмц-25-20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/-ээр тогтоогдсон.
Шүүгдэгч П.Б үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...гэм буруугаа хүлээж, хохирогч Ч.Б-д учруулсан хохирлоо бүрэн төлж, барагдуулж хохиролгүй болгосон...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 59 дэх тал/-ээр шүүгдэгч П.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч П.Б нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих бүсийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээр тогтоох тухай ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч П.Б танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.
Шүүгдэгч П.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байна.
Хохирогч Ч.Б “...Би Боос өөрийн Redmi 13 маркийн гар утсыг авсан. Миний утсанд ямар нэгэн гэмтэл байгаагүй учир би хохирлоо бүрэн барагдуулсан гэж бодож байна.” /хавтаст хэргийн 14-15 дахь тал/-ээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналыг шүүхэд оруулж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч П.Б нь өөрийн хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Мөн хулгайлсан гэх утсаа хохирогчид буцаан өгч хохирол төлбөргүй болсон гэдгээ мэдүүлдэг. Хохирогч нь шүүгдэгчтэй нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүс. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй. Мөн энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа. Тиймээс цаашид гарах бүх үр дагаврыг бүгдийг нь өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж өгсөн. Энэ ялыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гурвуулаа сууж байгаад тохиролцсон учраас ялаа хүлээн зөвшөөрч байгаа. Бүрэн эдлэх боломжтой гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч П.Б-оос хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн П-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Б нь хохирогч Ч.Б-д “Redmi 13” маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ