Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/03579

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/03579

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК гаргасан,

 

Хариуцагч: В ХХК холбогдох,

 

14,950,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал Л.М, өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани 2016 оны 07 дугаар сарын сүүлээр хариуцагч В ХХК-ийн хүсэлтээр ******* жуулчны баазад арга хэмжээ зохион байгуулахад хоол, хүнсээр үйлчилж, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл өдөр 150 хүний хоол, ундыг хийж өгсөн юм.

 

Бид, гэрээний төлбөрийг 22,000,000.00 төгрөгөөр тохирч, үүнээс 7,050,000.00 төгрөгийг урьдчилгаа болгон авч, үлдэх 14,950,000.00 төгрөгийг сүүлийн өдөр өгөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөхгүй байна.

 

Би, хариуцагч В ХХК-ийн захирал Ц.Э болон менежер гэх Л.Б-тай уулзаж, тус ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Гэвч хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа энэ талаар мэдэхгүй, гэрээ, хэлэлцээр байгуулаагүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанд тусгагдсанаар хариуцагч В ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ц.Э-г бүртгэсэн, тэрээр надтай тохирч тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон. Иймд, тус компаниас 14,950,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хэдийгээр манай компани хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа ч дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулахгүй удаж байна. Хэрэгт авагдсан Л.Б гэж хүний гарын үсэгтэй манай компанийн нэртэй тамга тэмдэгтэй уг албан бичгийг бид үйлдээгүй, энэ талаар огт мэдэхгүй.

 

Хариуцагч В ХХК-ийн дүрэмд зааснаар энэхүү компани мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байтал Хөвсгөл далайд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах шаардлага гараагүй, бид, уг үйл ажиллагаа болсон талаар мэдэхгүй, анхнаасаа нэхэмжлэгч А ХХК-тай тохиролцоогүй, менежер гэх Л.Быг танихгүй, тэрээр манай компанийн тамга тэмдэгийг ашиглаж, бусдыг хууран мэхэлж байна.

 

Нэхэмжлэгч тал энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг асуудлыг тодруулж байж хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК-иас хариуцагч В ХХК-нд холбогдуулан 14,950,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гүйцэтгэх захирлын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус компанийн зүгээс хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргажээ.

 

Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч В ХХК-ийн тамга /тэмдэг/-тай цаасан дээр төлбөрийн үлдэгдэл 14,950,000.00 төгрөгийг төлнө гэсэн утгатай бичгийг зохион байгуулагч гэх Л.Б гэж хүн бичиж өгчээ /х.х-ийн 3-р хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/13413 тоот захирамжаар Л.Быг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн хэдий ч тэрээр нэхэмжлэгчийн хүсэлтэд дурьдсан хаягт оршин суудаггүй, нэхэмжлэгч тал гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2018/18741 тоот захирамжийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн баримтаар хариуцагч В ХХК нь нийгмийн даатгалын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй байх тул Л.Б гэж хүн тус компанид ажилладаг эсэх нь тогтоогдсонгүй /х.х-ийн 40-43, 76-р хуудас/.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гүйцэтгэх захирал Л.М шүүх хуралдаанд тус компани 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч В ХХК-ийн хүсэлтээр ******* жуулчны баазад зохион байгуулагдсан арга хэмжээнд 150 хүний хоол, ундыг хийж, үйлчилсэн гэж тайлбарлсан боловч талуудын хооронд энэ тухай гэрээ, хэлэлцээр байгуулагдсан бөгөөд ямар төрлийн ажил үйлчилгээг хариуцагч тал хүлээн авсан эсэх нь тодорхой бус байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар зохигчдын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх ба тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч тал ийнхүү гэрээ байгуулагдсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх үүснэ.

 

Гэтэл нэхэмжлэгч А ХХК-ийн зүгээс хариуцагч В ХХК-ийн эрх бүхий этгээдтэй дээр дурьдсан ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх тухай гэрээ байгуулаагүй, хэн гэж үүрэг гүйцэтгүүлэгчид 14,950,000.00 төгрөгийг төлөх нь тодорхойгүй компанийн тамга /тэмдэг/-тай бичгийг үндэслэн талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж, мөн 26 дугаар сарын 26.4.-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж тус тус зааснаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, түүнчлэн 83.8.-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасны дагуу А ХХК-иас хариуцагч В ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, аль эсхүл түүнээс эрх олгосон этгээдтэй гэрээ, хэлэлцээрийг байгуулах учиртай.

 

Хэдийгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанд дурьдсанаар хариуцагч В ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ц.Э бүртгэсэн байх боловч нэхэмжлэгч тал түүнтэй хоол, унд хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Гуравдагч этгээдийн зүгээс аль нэг компанийн тамга тэмдэгтэй этгээдийг тийнхүү уг компанийг төлөөлөх эрхтэй гэж үзэх нөхцөл байдалд байсан гэж тайлбарлаж буй тохиолдолд тухайн этгээдийг гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй эсэх, тус компанид ямар ажил, албан тушаал эрхэлдэг болохыг тодруулж, зохих хэмжээнд хариуцлагатай хандах ёстой. Гэтэл нэхэмжлэгч А ХХК нь зохион байгуулагч гэх Л.Быг хариуцагч В ХХК-нд ямар ажил, албан тушаал эрхэлдэг болон уг компанийг төлөөлөх эрхтэйг тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасантай нийцэхүйц нөхцөл байдалд зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан тохиолдолд хариуцагч В ХХК нь төлөөлөгчийн хийсэн үйлдлийн үр дагаврыг хүлээнэ.

 

Хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийг тус компаниас хожим хүлээн зөвшөөрсөн, аль эсхүл гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээг хүлээн авсан зэргээс бусад тохиолдолд хариуцагч В ХХК-ийн тамгатай тус албан бичиг нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хүсэл зоригийг илэрхийлэхгүй.

 

Тодруулбал, тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж, мөн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй, хэлцлийг хожим зөвшөөрөөгүй бол тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Нөгөө талаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 14,950,000.00 төгрөгийг төлнө гэсэн утгатай албан бичгийг хэн гэж үүрэг гүйцэтгүүлэгчид бичиж өгсөн нь тодорхой бус байх тул нэхэмжлэгч А ХХК-ийг үүрэг гүйцэтгүүлэгч мөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч тал ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой баримтыг хэрэгт өгөөгүй учраас ямар төрлийн гэрээний харилцаа үүссэн болохыг дүгнэх боломжгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 9 үгээр зүйлийн 9.4.3.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан хариуцагч В ХХК-нд холбогдох 14,950,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР